Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1359

 

 Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн дагуу тоног төхөөрөмж, засварт зарцуулсан 17 357 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 293 930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч ХХХХ нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХХХХХХХХ-ийн ХХ хороо, ХХХХ

 

тоот, 92 м.кв хоосон байрыг рестораны зориулалтаар түрээслэн авч ажиллуулсан ба надад анх уг үл хөдлөх хөрөнгийн эзэн ХХХ ямар ч тавилга, эд хогшилгүй, тусгай зөвшөөрөлгүй, 1 хорооллын төгсгөл буюу олны хөдөлгөөн багатай газрыг сарын 2 500 000 төгрөг төлж, рестораны зориулалтаар ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээг байгуулахаас өмнө би цайны газар, хүнсний дэлгүүр, шөнийн клуб зэрэг үйлчилгээний объектийг бүгдийг нь хариуцан 6 жил ашигтай ажиллуулж байсан, мөн миний мэргэжил эдийн засагч, менежер тул ямар ч тохижилтгүй орон сууцны дор байрладаг байрыг тухайн үедээ өндөр ханшаар буюу 2.500 000 төгрөгөөр түрээсэлж авсан.

2013 онд 1 жилийн гэрээний хугацаа дуусаад 3 жилийн хугацаатай 3 500 000 төгрөг барьцаалаад cap бүр 3 500 000 төгрөг төлж түрээсэлсэн, түрээс өндөр байна гээд 3 000 000 төгрөг болгосон. Тэгээд ажиллуулж байгаад 2 000 000 төгрөг болгох санал тавьсан байсан. Түрээсийн төлбөрөө цувуулж төлөөд, 1 сарын түрээсийн төлбөр үлдсэн байснаа өгөх гээд ирэхэд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цоожны гол сольсон байсан. Утсаа авахгүй болохоор нь нэхэмжлэл гаргасан.

Миний 3 жил ашиглана гэж бодож хийсэн засварын хөлс, тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжилнэ. Би уг газрыг ХХХыг надаас түлхүүр авч цоожлох хүртэл гэрээгээ сунган түрээсэлж байгаа бөгөөд өөрийн зардлаар пабын зарим засварыг караоке, үүдний өрөөний тохижилтийг хийж байнгын үйлчлүүлэгчтэй болгохын тулд өөрийн зүгээс ашиггүй ажиллах сул зардал гаргах үе ч маш их байсан, мөн тохижилтондоо хамаг мөнгөө өгөөд түрээсээ хүнээс хүүтэй мөнгө зээлж өгөх үе ч байсан. Гэтэл энэ ресторанд зориулсан миний 2 жилийн хөдөлмөр энэ жилээс л ашгаа өгөх болж байхад түрээслэгч ХХХ түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй ажил хэвийн явагдаж байхад 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэнэт ирж түлхүүрээ өгчих гэж хэлээд ганцхан сарын түрээс дутуу байхад миний түлхүүрийг хураан авч ресторан, караокег хаасан. Маргааш нь ирэхэд түлхүүрийн гол ажиллах боломжгүй болсны улмаас бэлэн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, гахай, хонины мах зэрэг маш их бүтээгдэхүүн ашиглах боломжгүй үлдсэн.

Миний хувьд маш их алдагдал хүлээж байна. Учир нь, би энэ хугацаанд өөрийн ганц охин, төрсөн ээж хоёроо ч амар тайван байлгаагүй өөрийн ажилд туслуулж хүмүүст амт чанартай хоол хийж энэ газрыг ашигтай ажиллуулчих юмсан гэдэг үүднээс бүх л гэр бүл өөрийн хувийн амьдралаа ч орхин энэ 2 жил зүтгэж, унаж байсан автомашинаа зарж мөнгийг нь оруулсан. Хэрвээ би өөрийн бүх хөдөлмөрөө энэ ажилд зориулаагүй байсан бол би ядаж автомашинаа унаад, лизингийн байр авчих боломж байсан, гэтэл одоо надад эндээс нэг ч төгрөгийн ашиг гараагүй атлаа тохижилтод зориулж хүмүүсээс зээлсэн өртэй л үлдэж байна. Иймээс 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ХХХ, Х нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүргийн дагуу ХХХаас тоног төхөөрөжид зарцуулсан 12 175 000 төгрөг, гал тогоонд үлдсэн бэлэн хүнсний бүтээгдэхүүн 200 000 төгрөгөөсөө татгалзаж, засварын хөлс 5 000 000 төгрөгийг ХХаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х нь 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээгээр ХХХХХХХХ дүүргийн, ХХ хороо, ХХ дугаар байрны ХХХ тоот хаягт орших ХХХХХ рестораныг 3 жилийн хугацаатай сарын 2 500 000 төгрөгөөр биш 3 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон ажиллуулж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан шиг ямар ч тавилга, эд хогшилгүй, тусгай зөвшөөрөлгүй рестораны зориулалттай байрыг түрээслээгүй бөгөөд огт үндэслэлгүй гүтгэж байна.

Мөн хөдөлгөөн багатай газрыг түрээслээгүй бөгөөд өөрөө ирж манай рестораныг түрээслэх саналаа гаргаж, өргөдлөө өгч, цоо шинэ хийсэн, урьдаас авч ирсэн шинэ ширээ, сандал, тоног төхөөрөмж тавьж, тохижуулсан байрыг түрээсэлсэн. Гэрээний төлбөрийг 3 500 000 төгрөг, бичгээр байгуулж шинэ эд хогшлын хамт хүлээлгэн өгч, гарын үсэг зурсан гэрээ нь хүлээлгэн өгсөн шинэ эд үүнд дагалдуулаад подвалиа зүгээр өгсөн. Гэтэл подвалийг караокены зориулалтаар давхар түрээслүүлж байсан. Түрээсэлсэн этгээдээсээ 1 500 000 төгрөг cap бүр, бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдах хүртэл авч байсан боловч манай түрээсийн төлбөрийг өгч байгаагүй. Түрээсийн гэрээний 1.6-д "түрээслэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд өөрөөр заагаагүй болон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.7, 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээслэхийг хориглоно” гэж заасныг зөрчин бусдад дамжуулан түрээсэлсэн үр шимийг cap бүрийн 1 500 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Х түрээсээ хэзээ ч бүтнээр төлж байгаагүй, увуулж цувуулаад төлсөн. Сар бүрийн 15-наас хойш урд сарын төлбөрийг цувуулж төлдөг байсан. Надаас гуйхаар нь 1, 2 дугаар сарын түрээсийг 3 000 000 төгрөг болгосон. 3 сарын түрээсийг 6 сард авч байсан. 4 сарын түрээсээс 200 000 төгрөг, 5, 6 сарын түрээсийн төлбөр огт өгөөгүй. Түрээсээ авахгүйгээр үнээ буулгая гэсэн яриа гарсан,  энэ талаар байнга ярьдаг.

Аргаа бараад сүүлдээ түрээслэхээ болих уу гэхэд болъё гэсэн. Би түлхүүрээ авсан учраас цоожны голоо сольсон. Мөн 200 000 төгрөгийн хүнсний зүйл байсан гэж худлаа, түрээсийн байрыг хүлээж авдаг өдөр тогооч болон өөрийнх нь охин нь бүх юмаа хураагаад ширхэг пиво ч үлдээлгүй ээжтэйгээ ирээд аваад явсан. Түрээсийн гэрээг цуцалсны дараа нэхэмжлэгч талаас жижиг хөргөгчөө авъя гэж ирэхээр нь юмаа тоолчихоод ав гэсэн. Гэтэл тоолохгүй гээд явсан. Иймээс би тэднийхээс үлдсэн караокены машин, зурагт, гал тогооны хэрэгслийг түрээсийн төлбөрөө төлсний дараа аваарай гээд жагсаалт үйлдээд, өөрсдийн ажилчдаараа зөөлгүүлэн подваль руу цоожилчихсон. Тэгэхэд Х нь караокег төлбөртэй үлдээгээд гал тогооны хэрэгслээ аваад явна гэхэд нь дан караоке чинь төлбөр төлж хүрэхгүй, бүгдийг аваад өр цайръя гэхэд зөвшөөрөөгүй. Гэтэл биднээс ямар ч үндэслэлгүй 17 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг үндэслэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээний 1.3-т түрээсийн төлбөрийг cap бүрийн 15-ны өдөр төлнө гэж тохиролцсоныг зөрчсөн тул 3 сарын түрээсийн төлбөрт 10 500 000 төгрөг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасныг үндэслэн түрээсийн гэрээ байгуулж эд хогшлыг хүлээлгэн өгөх үед урьдаас авч ирж хүлээлгэн өгсөн абажурыг хагалж, өөрөө үнийг төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул 800 000 төгрөг, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2-д заасныг үндэслэн 2015 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн байрны СӨХ, цахилгаан, байрны төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй болохоор өмнөөс нь төлсөн төлбөрт 1 287 430 төгрөг, 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2-д заасныг үндэслэн Мэргэжлийн хяналтын газраас Хийг ажиллуулж байх үед торгуулсан 576 000 төгрөг, 318.5, 289.1.5-т зааснаар ширээ гэмтээсний 100 000 төгрөг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн түрээсийн байрандаа засвар хийхээр болоод урагшаа явж ширээ, сандал гэх мэт тавилга авч тохижуулахаар явахдаа БНХАУ-аас ХХХ би гэртээ гэрийн тавилга авч ирэхэд, хүүхдүүд голоод, Х нь надад зарчих гээд авсан 3 000 000 төгрөгийг, надад захиж авч ирүүлсэн. Зурагтын үнэ 1 500 000 төгрөг, түрээсийн байраа засаж тохижоод байрны найраа хийгээд үлдэгдэл архи дарсыг нь худалдан авсны 530 500 төгрөг, нийт 18 293 930 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 3 сарын түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажил явагдаж байхад ХХХ, ХХ нар нь өөрсдөө ирж рестораныг хаасан тул  ажил  зогссоноос  миний  буруутай ажиллагаа биш тул энэ үеийн түрээсийг би төлөхгүй. Хятад улсаас ирсэн тавилгыг ХХХ хүүхдүүд голоод байна, миний мөнгийг түгжчихлээ, чи авчихаач гэж гуйсан, уг тавилгыг бид 1 500 000 төгрөгөөр тооцож авсан тул төлнө. Зурагтыг би огт хэрэглээгүй худалдаж аваагүй, өөрөө өөрийн ресторандаа тавьсан надад хамаагүй. Абажур надад хамаагүй өөрсдөө засвар хийж байхдаа хагалсан байсан. Найр хийсэн гэх архины мөнгийг төлчихсөн өөрт нь баримт нь байгаа /харин ч 60 хүн тус бүрт закуск, 2 төрлийн 2-р хоолыг би өөрийн зардлаар гаргаж өгсөн/. 2015 оны 4 дүгээр сараас ус, цахилгаан, СӨХ, бусад зардлыг хаалга цоожлох үе хүртэл буюу 5 cap хүртэл бүтэн төлсөн баримт байгаа. Мэргэжлийн хяналтын газраас рестораныг торгохдоо үйл ажиллагаанд биш, талбай бага гэдэг үндэслэлээр торгосон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.3-т зааснаар тоног төхөөрөмжийн үнэ 5 355 000 төгрөгийг хариуцагч ХХХ-аас гаргуулан нэхэмжлэгч Х-т олгож, нэхэмжлэлээс үлдэх ХХХаас 6 820 000 төгрөг, ХХаас 5 000 000 төгрөг, нийт 11 820 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5-т зааснаар нэхэмжлэгч Х-ээс түрээсийн гэрээний үүрэгт 7 550 000 төгрөг гаргуулан, ХХХ-д олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлээс 4 813 430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч нарын буйдангийн үнэ 3 000 000 төгрөг, зурагтын үнэ 1 500 000 төгрөг, архи дарсны үнэ 530 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 244 825 төгрөг, хариуцагчаас төлсөн 249 419 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 100 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 135 750 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 438 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгээр зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг үндэслэн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээний 1.3-т түрээсийн төлбөрийг cap бүрийн 15-ны өдөр төлнө гэж тохиролцсоныг зөрчин түрээслэгч Х нь 3 сарын түрээсийн төлбөр төлөөгүй тул түрээсийн төлбөрт 10 500 000 төгрөгийг гаргах боломжтой байхад 6 650 000 төгрөг гаргаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, үлдэгдэл 3 850 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн түрээсийн байрандаа засвар хийхээр болоод урагшаа явж ширээ, сандал гэх мэт тавилга авч тохижуулахаар явахдаа БНХАУ-аас ХХХ би гэртээ гэрийн тавилга авч ирэхэд хүүхдүүд голоод, Х нь надад зарчих гээд авсан мөнгөө өгөөгүй 3 000 000 төгрөгийг уг хэрэгт хамааралтай байхад хамтад нь шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн түрээсийн байраа засаж тохижоод байрны найраа хийгээд үлдэгдэл архи дарсыг түрээслэгч Х нь худалдан авсан бөгөөд мөн л үнийг нь одоо хүртэл төлөөгүй тул 530 500 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2-д заасныг үндэслэн 2015 оны 04 дүгээр сараас хойш түрээсийн байрны, СӨХ, цахилгаан, байрны төлбөрийг төлөх түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй болохоор өмнөөс нь төлсөн төлбөрт 1 287 430 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2-д заасныг үндэслэн Мэргэжлийн хяналтын газраас Хийг ажиллуулж байх үед 576 000 төгрөгөөр торгуулсан, нийт 9 243 930 төгрөгийг гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх илт нэг талын эрх ашгийг хамгаалсан, мөн илт хайхрамжгүй хандаж уг хэргийг шийдвэрлэсэн. Үүнд: шүүхийн хэлэлцүүлэг дуусаад шүүхийн шийдвэрийг уншсаны  дараа бүгд баримттай байхад нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг яагаад хангаагүйг асуухад шүүгч “...уучлаарай 3 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн хангуулах шаардлаганд нэмэхээ мартчихжээ, гэхдээ та нар давна биз дээ” гэсэн ойлгомжгүй тайлбар хийсэн.

Миний бие 17 357 000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт тоног  уг төхөөрөмжүүдийг худалдан авсан бүх баримт болон засвар хийсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн, худалдах, худалдан авах гэрээ хийгээд үнээ тохиролцоод худалдаж авсан баримтаа би шүүхэд өгсөн боловч шүүх 60 төрлийн тоног төхөөрөмжийн 18 нь худалдан авсан баримт байсаар байтал 2 удаагийн шинжээч томилоход намайг огт байлцуулахгүй хариуцагч ганцаараа очиж дүгнэлт гаргуулсан байдаг. Би өөрөө биечлэн байна гэж хичнээн хэлдэг боловч 2 дахь удаагийн шинжээч томилуулах хүсэлтийг би гаргасан байхад хариуцагч шинжээчийн зардлыг өөрөө төлж ганцаараа байлцан дүгнэлт гаргуулсан нь миний худалдаж авсан үнээс 3 дахин бага, зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ хийсэн байдаг. Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хангалттай баримт байхгүй байхад шүүх илт нэг талыг, тодруулбал шүүхийн ажиллагаанаас эхлэн шүүхийн шийдвэр хүртэл хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэсэг болох 12 002 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХ, ХХ нарт холбогдуулан тоног төхөөрөмжийн үнэ 12 175 000 төгрөг, гал тогоонд үлдсэн бэлэн хүнсний бүтээгдэхүүний 200 000 төгрөг, түрээсийн байранд хийсэн засварын хөлс 5 000 000 төгрөг, нийт 17 375 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200 000 төгрөгөөс татгалзаж, шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч ХХХ, ХХ нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 293 930 төгрөгийг нэхэмжлэгч Хээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээний үүргийн дагуу тоног төхөөрөмжид зарцуулсан зардал болон завсарын зардалд 17 175 000 төгрөгийг ХХХаас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ түрээсийн гэрээний дагуу шаардлага гаргасан гэж тайлбарласан боловч хариуцагчаас попвалийг түрээслээгүй тул түүнд хийсэн засвар, тоног төхөөрөмжийн зардлыг хариуцах үндэслэлгүй, түрээсийн байрны түрээсийн төлбөрийн үлдэгдлээ төлбөл эд зүйлсийг нэхэмжлэгчид өгнө гэж маргажээ.

Дээрхээс үзвэл зохигчдын хооронд хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээгээр үүссэн үүргийн хэмжээ хэрхэн тодорхойлогдохыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэргийн дурдсан нөхцөл байдлуудыг тодорхой болгож, маргааны үйл баримтыг тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд түрээсэлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, зориулалт, дагалдах тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн талаар бичигдээгүй, түрээсэлсэн талбайд караокены зориулалтаар ашигласан подвал орсон эсэх нь тодорхойгүй байна. /хх-19/

Түүнчлэн нэхэмжлэгчийн ашиглаж байсан рестораны болон подвалын өмчлөгч хэн болох, гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх баримтгүй байна.

Мөн хариуцагч талаас  18 нэр төрлийн тоног төхөөрөмжийг подвалд хадгалсан, эд зүйлсээ буцаан авах боломжтой гэж тайлбарласан байхад нэхэмжлэгч үнийг гаргуулахаар  шаардсан үндэслэл тодорхойгүй байна. Өөрөө хэлбэл тоног төхөөрөмжийг биет байдлаар гаргуулах боломжгүй болон салгаж үл болох засан сайжруулалтын зардал, эсхүл эд зүйлд хариуцагчийн учруулсан хохиролд шаардаж байгаа аль нь болохыг тодруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “ХХХХХ” ресторанд нэхэмжлэгчийн хийсэн засварын ажил, өөрийн зардлаар авч тохижуулсан тоног төхөөрөмжийг тодруулахын тулд хоёр талыг байлцуулан шүүхийн үзлэг хийлгэх” тухай хүсэлтийг шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2015/23234 дүгээр захирамжаар хангаж, үзлэг хийхээр шийдвэрлэсэн боловч шүүх уг ажиллагааны явцын тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу хөтлөөгүй байна.  /хх-42/

Мөн гэрээний үүрэгтэй холбоотой тооцоог хөтөлсөн хар дэвтэрт үзлэг хийлгэх нэхэмжлэгч талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой дүгнээгүй тул зохигчдийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг үндэслэлтэй шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч талын хүсэлтээр шүүхээс томилсон шинжээчийн үнэлгээний дүгнэлтэд 18 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ тогтоосныг нэхэмжлэлээр шаардсан нийт 60 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ болон түрээсийн байрнаас салгаж үл болох  засан сайжруулалтын өртөг, үнэ цэнийг тодорхойлсон гэж үзэхгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, зохигчдын маргаж буй үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, талуудыг маргаж  буй үндэслэлээ бүрэн тодорхойлж, мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримтыг тогтоож, талуудын маргаанд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэхийг болон нэхэмжлэгч нь  хариуцагч ХХХаас түрээсийн гэрээний үүрэг гэж тоног төхөөрөмжийн үнэ, засварын зардал шаардах эрхтэй эсэх, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 206 982 төгрөг, хариуцагчаас төлсөн 168 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.  

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ