Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0401

 

2019 оны 07 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2019/0401                          Улаанбаатар хот

“Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0294 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0294 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/434 дүгээр захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/434 дүгээр захирамжийг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 2013, 2014, 2018 онуудад нийт 25 байршил 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь Улаанбаатар хотын 8 дүүргийн 1516,6 га талбайн 16317 нэгж талбарыг хамарч байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийт 7227 айлын орон сууц ашиглалтад орсноос 2018 оны 2030 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайг сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын хэсэгчилсэн талбайд “Б...” ХХК-ийг эхний ээлжид шалгаруулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/962 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

“Б...” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 3,5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болсон.

Иргэдийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй 2018 оны 05 дугаар сар хүрсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайд төсөл хэрэгжүүлэгч “Б...” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг дараах үндэслэлээр цуцалсан болно.

  1. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг /Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй/
  2. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг /Төслийн гол зорилго орон сууцжуулах явдал гэтэл төсөл хэрэгжүүлэх талбайд 2014-2018 он хүртэл орон сууцны бүтээн байгуулалт огт хийгдээгүй. Нийт 11.4 га талбайг төслийн зориулалтаар ашиглаагүй./
  3. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах  үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг /Тус байршлын 109 газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулахаас 31 өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулж, байгуулсан гурван талт гэрээнээс 19 гэрээ цуцлагдсан/

Ийнхүү төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дүгээр захирамжаар “Б...” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан болно.

“Б...” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/434 дүгээр захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/420 дугаар албан бичгээр, ирүүлсэн хүсэлтийн хариуг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/578 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизиийн орчим ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 27 блок 1072 айлын орон сууц, 250 хүүхдийн чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөгдсөн бөгөөд нийт 151 нэгж талбараас 1 нэгж талбарын газрыг чөлөөлсөн, барилга угсралтын ажлыг эхлээгүй байна.

Шүүхээс “... барилга орон сууцыг барихаас өмнө инженерийн дэд бүтцийг шийдвэрлээгүй, барьж байгуулаагүй атал нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэх, дуусгахыг хариуцагч шаардах боломжгүй байна” гэсэн тухайд:

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-д заасны дагуу орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 2015 онд Нийслэлийн төсвөөс 142,7 сая төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулан дараах ажлууд хийгдсэн. Үүнд:

  • Дулаан хангамжийн бие даасан шинэ эх үүсвэрийн зураг төсөл /8.25 гкал/ цаг/
  • Ус дулаан дамжуулах төв 1 ширхэг, дулаан, цэвэр, бохир усны шугамын зураг төсөл
  • 10 кв-ын 2*630 ква хаалттай дэд өртөө ХТП-4 ком, 10 кв-ын кабель шугамын зураг төсөл
  • Холбоо мэдээллийн сүлжээний сувагчлалын зураг төсөл тус тус хийгдсэн.

Монгол Улсын төсөв, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Барилга, хот байгуулалтын яамны “Улаанбаатар хотын VII, XIV, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хорооллын орон суцу, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан, цэвэр ус хангамжийн болон бохир усны шугам сүлжээний угсралтын ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • Ерөнхий ЦТП-ний угсралтын ажил
  • 1000 м3 усан сангийн цутгалтын ажил
  • 1795 метр гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил
  • 4200 метр цэвэр усны шугам сүлжээний ажил
  • 4500 метр бохир усны шугам сүлжээний ажил
  • Өргөлтийн насосны станцын барилга угсралтын ажил
  • 3 ширхэг хуваарилах байгууламжийн ажил
  • 19 ширхэг 2*630 ква-ийн хаалттай дэд өртөө, 3 ширхэг 2*100 ква-ийн хаалттай дэд өртөөний ажил
  • 22, 23 км 10 кв-ын цахилгааны кабель шугам сүлжээний ажил
  • 12,72 км тунелийн барилга угсралтын ажил тус тус хийгдэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарт тусгагдсан орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд зориулж “Б...” ХХК-тай Нийслэлийн төсвөөс 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох тухай тохиролцоо хийгдээгүй болно.

Мөн шүүхээс “... захиргааны байгууллага нэгэнт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийн хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих боломжтой байдлыг судлан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, иргэдийн тохилог, тав тухтай орон сууцанд оруулах, тэдний хүлээлтийг түргэн шуурхай шийдвэрлэх ...” гэсний тухайд:

Тус компани нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 3,5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван талт гэрээ байгуулсан 31 иргэний хүлээлт, бухимдал ихсэж, өмчөө захиран зарцуулах эрх хязгаарлагдаж байсан. Үүнээс үүдэлтэй иргэд, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн байгуулагдсан 19 гурван талт гэрээ цуцлагдсан болно.

Төсөл хэрэгжүүлэх талбайд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах орон сууцны сууриар таарсан 1 нэгж талбарын газрыг 2016 оны 04 дүгээр сард чөлөөлж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-8-414а тоотод оршин суугч иргэн Ц.О-ыг түрээсийн байранд түр суурьшуулан 2016 оны 08 дугаар сар хүртэл түрээсийн зардлыг төлөөд тус хугацаанаас хойш 2017 оны 02 дугаар сар хүртэл төлбөрийг төлөхгүй хохироосон. Мөн хугацаанаас хойш түрээсийн зардлыг олгосон боловч түрээсийн зардлыг бүрэн олгоогүй. “Б...” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцаа бариагүй, түрээсийн зардлаа хугацаанд нь төлөөгүйн улмаас иргэн Ц.О-ы гэр бүл эд хөрөнгө болон сэтгэл санааны маш их хохирол амсаж, эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн.

“Б” ХХК-ийн шүүхэд гарган өгсөн “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх хятад хэл дээрх бичиг нь гэрээний шаардлага хангаагүй /хоёр тал албан ёсоор баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дараагүй байдаг бөгөөд албан бичиг буюу тодорхойлолт аль нь болох нь тодорхойгүй/, 2016 онд уг гэрээ гэгчийг байгуулсан гэх боловч одоог хүртэл албан ёсоор орж ирсэн хөрөнгө оруулалт байхгүй, барилгын суурийн ажил 2018 оны 05 дугаар сарын эхлээгүй төдийгүй тус байгууллагын дансаар тухайн хөрөнгө оруулагч гэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанийн хөрөнгө оруулалт орж ирсэн гэх нэг ч баримтыг “Б...” ХХК нь шүүхэд гаргаж өгч чадаагүй билээ.

Иймд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын дагуу явагдсан нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0294 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Б...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг тогтоосон өөрчлөлт нэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Б...” ХХК нь “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз” орчим ГХДТ-2013/03 багцын 11,4 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/962 дугаар захирамжаар батламжилжээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дүгээр захирамжаар “төсөл хэрэгжүүлэгч нь ... гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барилга угсралтын ажил хийгээгүй, төслийн явц хангалтгүй байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар “Нийслэлийн Засаг даргын зүгээс төсөл хэрэгжих талбайн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүй тул ажил эхлүүлэх боломжгүй болсон ... дэд бүтцийн асуудлаас үүдэн ажил удааширсан байхад манай компани буруу мэтээр дүгнэсэн” гэсэн үндэслэлээр маргажээ.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.8-д “сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцна” гэж заасан. Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д “хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих” гэж заасан арга хэмжээг Засаг дарга хэрэгжүүлэхээр байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн бэлтгэлийг хариуцан гүйцэтгүүлж, нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэх нөхцөл, боломжоор хангаж ажилласан эсэх нь тодорхойгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/331 дүгээр захирамж, Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх тухай” 74 дүгээр тогтоол, үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “зураг төсөл тус тус хийгдсэн ... угсралтын ажлууд хийгдэж байна” гэж дурдсан зэргээс үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бодит нөхцөл, боломжоор хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Тухайлбал, Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр тогтоолын хавсралтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгогдсон (нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх) байршлын инженерийн шугам сүлжээний ажил, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд зориулж “Б...” ХХК-тай Нийслэлийн төсвөөс 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох тухай тохиролцоо хийгдээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгч эсхүл хариуцагчийн хэн нь хууль, журам, гэрээгээр хүлээсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй төсөл удааширч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, гаргасан Хяналтын хорооны дүгнэлт, саналыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хугацаанд дахин шинэ акт гаргах  нь зүйтэй байх тул анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг энэ үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Ингэхдээ тухайн төслийг болон гурван талт гэрээг ямар шат дарааллаар хэрэгжүүлж, биелүүлэх байсан, хэн нь ямар хугацаанд юу хийх ёстой байсан. Үүнээс хэрэгжсэн, хэрэгжээгүй ажлуудыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй.

Тухайлбал, дэд бүтэц татах ажлын хувьд хариуцагч ямар үүрэг хүлээсэн, “нэхэмжлэгчээс хариуцагчийг дэд бүтэц татаагүй учир бид газар чөлөөлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр маргасан байх тул “дэд бүтэц” тавих газрыг хэн чөлөөлөх, зардлыг хэн хариуцах (гэрээнд хэрхэн тусгагдсан), үүнд нэхэмжлэгчийн ямар үүрэг оролцоо байх талаар дүгнэсний үндсэн дээр дахин шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх арга, журмыг тодорхойлсон заалт нэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Мөн шүүх дэд бүтэц тавигдаагүй байхад нэхэмжлэгч хуулийн этгээд газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх шаардлагатай эсэх талаар дүгнэвэл зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14.2.2” гэснийг “14.4.2” гэж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан “Б...” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн орчмын ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайд төсөл хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч эсхүл хариуцагчийн хэн нь хууль, журам, гэрээгээр хүлээсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй төсөл удааширч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, гаргасан Хяналтын хорооны дүгнэлт, саналыг үндэслэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” гэсэн заалт нэмж, “3” дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ