Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/0035

 

Х.М-ын нэхэмжлэлтэй

 

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Х.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар магадлалтай, Х.М-ын нэхэмжлэлтэй, МХЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журамд сахилгын шийтгэлийг тухайн зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, эсвэл илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэж заасан тул 2014 оны 12 сард МХЕГ-аас хийсэн үнэлгээгээр анх илэрсэн асуудалд 2015 оны 3 сард сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм. Хугацаа хэтрээгүй байсан ч хоол хүнсний хамгийн эрсдэлтэй объектуудыг түүвэрлэн шалгаж, үнэлгээ өгөн түүнийгээ тайлан илтгэлд тусгасан явдал нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх мэргэжлийн хяналтын байгууллагын шинэ чиг хандлагад нийцэж байгаа асуудал болно.

Удирдах дээд байгууллагын шийдвэрийн дагуу зарим нэгэн орон тоо сулаас болон тус газрын геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагч С.Дуламсүрэн төлөвлөгдсөн 19 обьектоос 13-ыг нь шалгаагүй байгаа нь жилийн эцсийн үнэлгээгээр илэрсэн атал удирдах дээд байгууллагын шийдвэрээр сул орон тоонд хүн авч ажиллуулаагүй асуудлыг надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон.

Хяналт шалгалтын мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг улирал, хагас бүтэн жилээр чанартай сайн гүйцэтгэж байсан бөгөөд 2014 оны жилийн эцэст 38 оноо буюу 95 хувьтай үнэлэгдсэн.

Байгууллагын 2014 оны 5, 8, 9, 10, 11, 12 сарын санхүүгийн баримтыг хулгайд алдсанаас байгууллагын төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийх боломжгүй болгосон бөгөөд хэн нэгний буруутай үйлдэл гэдгийг холбогдох хууль хяналтын ямар ч байгууллага, албан тушаалтан илрүүлэн тогтоогоогүй байхад энэ асуудлаар сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Энэ тухай  МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудад 2015 оны 01 дүгээр сард мэдэгдэж байсан тул мөн л зөрчил гэж үзсэн ч сахилгын шийтгэл ногдуулах боломжтой хугацаа өнгөрсөн байсан.

МХЕГ-ын даргын 2014 оны 87 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг надад албан ёсоор гардуулж өгөөгүй, сахилгын шийтгэл ногдуулахын өмнө урьдчилан танилцуулж, тайлбар авах ажиллагаа хийгдээгүй учир сахилгын шийтгэл хүлээж байсан, түүний дагуу цалингаа суутгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Албан тушаалын цалингаа бүрэн тооцуулж авч байсан гэдэг нь 2014 оны хагас болон бүтэн жилийн санхүүгийн тайланд тодорхой тусгагдсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээрх тайлангуудыг цаг хугацаанд нь аван хянан шалгаж байсан учир зөрчил гэж үзсэн ч илэрснээс хойш 1 сарын хугацаа хэтэрсэн.

Мөн тушаалд дурдагдсан боловч МХЕГ-ын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн шийдвэрт дурдагдаагүй бүтэц орон тооноос 8 орон тоо дутуу ажилласан гэдэг асуудлыг зөрчил гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд Монгол Улс 2014 онд Засгийн газрын хэмжээндээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлого баримтлан ажиллаж холбогдох тушаал шийдвэрүүдийг гаргаж байсан ба Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Сангийн  сайдын 2014 оны 122 дугаар тушаал зэргийг удирдлага болгон аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад чиглэл өгсөн. МХЕГ-ын 2014 оны 3/1670 тоот албан бичигт сул орон тоонд ажилтан авч ажиллуулахыг хориглосон байх тул удирдах дээд байгууллагын цаг үетэй холбогдуулан гаргасан хууль ёсны тушаал шийдвэрийн биелэлтийг ханган ажиллаж байсан.

Иймд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэрийг гаргаж өгнө  үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.М нь МХЕГ-ын даргын 2013 оны 221 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг  орлон  гүйцэтгэгчээр, мөн оны 324 дүгээр тушаалаар тус газрын даргаар томилогдсон.

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт дэд бүтцийн хяналтын чиглэлээр улсын хэмжээнд хамгийн бага буюу 47.3 %, Хоол хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагын түвшингийн үзүүлэлт улсын хэмжээнд хамгийн доогуур буюу 50%-иас бага үнэлэгдсэн. Мөн хяналт шалгалтын мэдээллийн санг тогтоосон хугацаанд ирүүлэх ажлыг шаардлагын түвшинд хийгээгүй нь тогтоогдсон.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, МХЕГ-ын даргын 2014 оны 313 дугаар тушаалаар баталсан орон тоог бүрэн ашиглах арга хэмжээ аваагүй, улсын   байцаагчийн 8 сул орон тоотой ажилласан. Сул орон тоог нөхөх арга хэмжээг аваагүй нь барилгын техник, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, мал эмнэлэг, байгаль  орчин, газрын  харилцаа, геодези зураг зүй, хэмжил зүй, мэдээлэл холбооны чиглэлээр хийгдэх хяналт шалгалтын ажлыг орхигдуулах, бүрэн зогсоход хүргэсэн.

Байгууллагын 2014 оны 5, 8, 9, 10, 11, 12 сарын санхүүгийн баримтыг хулгайд алдсанаас төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийх боломжгүй болгож, төсвийн шууд захирагчийн хувьд ноцтой алдаа гаргасан. Х.М-ад Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн "Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ; 28.2.1-д аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд" гэсэн заалтыг үндэслэн хариуцлага тооцохыг шаардсан.

Х.М-ад удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг үл биелүүлж, албан үүргээ биелүүлээгүй тул МХЕГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд дээрх тушаалын хэрэгжилтийг хангуулаагүй гэх зөрчлүүдийг гаргасан нь нотлогдсон тул газрын даргын 2015 оны 123 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээрх зөрчлүүд нь өнөөдрийг хүртэл арилаагүй, зөрчлүүдийг илрүүлснээс хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн албаны салбар зөвлөл Х.М-ын "Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан" гэх гомдлыг шалган 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар албан бичгээр газрын даргын 2015 оны 123 дугаар тушаал хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэсэн хариуг хүргүүлсэн байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг баримтлан МХЕГ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.М-ыг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажилгүй байсан хугацааны цалин 4.183.214.14 /Дөрвөн сая нэг зуун сая гурван мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.М-ад олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ын “МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ажлаас халах 123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байгаад МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гуйцэтгэгчийн 2015 оны 123 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх илтэд хуулийг гуйвуулан, хууль буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалаар ноогдуулсан цалингийн арга хэмжээ авах тухай тушаалын хэрэгжилтийг хангаагүй ба энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн үндэслэлийг дурдсан байдаг. Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах түүнд төрийн дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргах журмын 7, Төрийн албаны тухай хуулийн 26.1.4, МУ-ын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тайлбар зэрэг эрх зүйн бүх зохицуулалтад төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.

Үнэхээр би тухайн үед буюу 2014 оны 02 дугаар сард сахилгын шийтгэл ноогдуулах зөрчил гаргаад түүнд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зохих журмын дагуу процесс явуулаад сахилгын шийтгэл ноогдуулсан байлаа гэхэд тзрхүү 87 дугаар тушаал нь 2014 оны 02 сараас эхлэн 3 сарын хугацаанд цалинг нь 20% бууруулах түүний хэрэгжилтэд Тамгын газрын орлогч дарга хяналт тавих тухай байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэр дээрх асуудлыг ажлаас халах хэмжээний зөрчил биш гэж үзсэн нь үндэслэлтэй, үүнийг давж заалдах шатны шүүх огт хараагүй ба түүнд няцаалт өгөөгүй.

Улсын байцаагчийн 8 сул орон тоотой байгаа ба энэ нь сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл мөн гэж давж заалдах шатны шүүх үзсэн. МУ-ын Засгийн газраас 2014 оны 05 дугаар сарын 010-нд төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай 147 дугаар тогтоол гарч түүнийг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах тухай Мэргэжлийн хялатын ерөнхий газрын 2014 оны 3/16/70 тоот албан бичгээр үүрэг өгсөн бөгөөд миний бие тэрхүү үүргийг хэрэгжүүлэн ажиллаж үүний үр дүнд байгууллагын цалингийн сан 17 170 000 төгрөгөөр хэмнэгдэж Улсын төсөвт эргүүлэн төвлөрүүлсэн. Аль ч байгууллагын аль нэгэн орон тоо сул байна гэдэг удирдлагыг нь ажлаас халах үндэслэл болох боломжгүй ба оны эхнээс зарим орон тоо сул байсан, тэр шийдвэрээс хойш хүн ажилд авсан гэх зэрэг тайлбарыг намайг буруутгах үндэслэл болгосон. Оны эхэнд сул байсан 4 орон тооноос 2 нь бүтэн жил гаруй захиргааны хэргийн шүүхээр хянагдаад 2015 оны 1 дүгээр улиралд 3 шатны шүүхээс Мөнхбат даргын гаргасан шийдвэр зөв гэж шийдвэрлэгдсэн. 2 орон тоо орон нутагт тухайн мэргэжлийн хүн ховор учраас аль 2013 оноос одоо болтол нөхөгдөөгүй.

Анхан шатны шүүхээс цалингаа суутгуулаагүй, орон тоо сул байгаа нь буруутай гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсээр атал үүнд ямар ч тайлбар няцаалт өгөөгүй. Нэхэмжлэгчийг буруутай гэж нотлоогүй байж хугацаа нь хэтрээгүй байна гэж үзэж, ингэхдээ хуулийг буруу хэрэглэж хугацааг буруу тооцож шийдвэрлэсэн байдаг. Иймд буруутай гэж нотлоогүй байж хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцон, шүүх ажиллагааны журам зөрчин эрх зүйн зохицуулалт, хуулийн заалтыг буруу тайлбарласан зөрчилтэй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, нотлох баримтыг буруу үнэлсэн, маргаанд хамааралтай Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Х.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-т заасантай нийцжээ.

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалаар Х.М-ад “төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулан, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлаас халсан байна.

Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон, маргаан бүхий захиргааны актад дурдсан зарим зөрчилд “... шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ..., мөн ... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй ...” хэмээн хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд хэргийн оролцогчид маргаагүй байх тул хяналтын шатны шүүх энэ асуудлаар дүгнэх шаардлагагүй. 

Харин нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгчид 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан МХЕГ-ын даргын 2014 оны 87 дугаар тушаалыг Х.М- нь “... тушаалын эх хувийг надад гардуулж өгөөгүй, ... шуудангаар илгээгээгүй ..., сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчлийг гаргаж байгаагүй ..., сахилгын шийтгэл ногдуулахын өмнө урьдчилан танилцуулж, тайлбар аваагүй ...” хэмээн биелүүлээгүй байна.

Х.М- нь уг тушаалын талаар мэдсэн боловч, биелүүлээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, тушаалыг эс зөвшөөрч гомдол, нэхэмжлэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан журмын дагуу гаргаж байгаагүй тул тушаалыг биелүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4 дэх хэсгүүдэд зааснаар Х.М- нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үр дагавар үүсгэхийг уг хуулийн 26 дугаар зүйлд заажээ.  

Иймд “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны байгууллагын шийдвэр дээрх хуульд нийцжээ.  

Үүнээс гадна Х.М- нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4-т “ Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг үндэслэн “... тушаал нь 2014 оны 2, 3, 4 дүгээр саруудад л хэрэгжих тушаал гэж ойлгогдохоор, ... шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн ...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, нэхэмжлэгч Х.М-ад сахилгын шийтгэл ногдуулсан 2014 оны 87 дугаар тушаал нь түүнийг ажлаас халах шийдвэр гарах хүртэл биелэгдээгүй байхад цалинг 3 сараар бууруулахаар заасан хугацаагаар тушаалын биелэлтийг  хязгаарлах боломжгүй юм.

Тодруулбал, аливаа захиргааны актыг эс зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй бол холбогдох этгээд түүнийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байх нь “хууль дээдлэх” эрх зүйт төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй болно.

Иймээс Х.М-ын “... дээд шатны албан тушаалтны ... шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь МХЕГ-ын 2014 оны 313 дугаар тушаалаар батлагдсан орон тоог хангаж ажиллаагүйгээ зөвхөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолтой холбон тайлбарласан нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх хангалттай үндэслэл болохгүйг, мөн “... тодорхой чиглэлээр хийгдэх хяналт шалгалтын ажлууд хийгдээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн хяналт шалгалтын үндсэн зарчим алдагдсан ...” талаар магадлалд тодорхой дүгнэсэн, үүнийг хяналтын шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна. 

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Х.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                          Л.АТАРЦЭЦЭГ