Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0048/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Отгонзаяа,

Улсын яллагч:                                                 Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Э.Уянга, Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                                          Г., Т. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г., Т. нарт холбогдох 1739002180001 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хурх тосгонд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо Аманхуур хотхоны 34-132 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаанд хянан харгалзаж байсан, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан гэх Г. /РД: /

 

Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн  Угтаалцайдам суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 3-1816 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж эцэг, эхийн хяналтад өгч байсан гэх Т. /РД: /

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т., Г. нар нь хамтран 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А55 дугаар байрны 46 тоотод оршин суух иргэн М.Лхажавын гэрийн цоожинд түлхүүр тааруулан орон байранд нэвтэрч Батноров хийцийн их гарын мөнгөн тоноглолтой эмээл, Гантулга дарханы хийсэн ихийн их гарын луун хээтэй мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн чимэгтэй хазаар, 2 мөнгөн хударга, мөнгөн цээживч, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хормойн боолт, суран бугуйл зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч иргэн М.Лхажавт 29.710.000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Г. нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд иргэн Б.Алтанцэцэгийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар 11.600.000 төгрөг, 1000 доллар буюу /2.464.000 төгрөг/ нийт 14.064.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т., Г. нар нь хамтран 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А55 дугаар байрны 46 тоотод оршин суух иргэн М.Лхажавын гэрийн цоожинд түлхүүр тааруулан орон байранд нэвтэрч Батноров хийцийн их гарын мөнгөн тоноглолтой эмээл, Гантулга дарханы хийсэн ихийн их гарын луун хээтэй мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн чимэгтэй хазаар, 2 мөнгөн хударга, мөнгөн цээживч, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хормойн боолт, суран бугуйл зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч иргэн М.Лхажавт 29.710.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлтэй холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-14 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 4-6 тал/,

Хохирогч М.Лхажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г. миний эмээлийг ломбарданд тавьж байсан гэж худлаа ярьж байна, огт тийм зүйл байхгүй, би барьцаа битгий хэл банкнаас ч зээл авдаггүй хүн... би алдсан зүйлсээ ихэнхийг нь буцааж авсан... Одоо Гантулга дарханы хийцийн луун хээтэй, мөнгөн чимэгтэй эмээлний бүүргэнд өлгөөтэй байсан мөнгөн хазаар, ...мөн манай хүүгийн мөнгөн аяга 2 олдоогүй байна... Би хохирлоо аваагүй тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 тал/,

Насанд хүрээгүй гэрч Л.Сумьяабазарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр өдөр Дорнод аймаг руу тэмцээнд явах гэж байсан. Тэгээд гэрээсээ гараад явж байтал Г. ах над руу утсаар залгаад “ах нь Эрээнээс сая орж ирлээ, танайхаар ороод эмээтэй уулзаад гарья” гэж хэлсэн. Тэр үед надад гэрийн түлхүүр байсан болохоор Г. ахад гэрийн түлхүүр аваачиж өгсөн. Би төв спорт хорооны урд талд уулзаж өгсөн. Тэр үед Г. Золжаргал эгчийн машинтай нь явж байсан. Машиныг нь зүс таних Т. ах жолоодож байсан. ...эгч давтлагатай гэж байсан юм, тэгээд эмээг босож хаалга нээж чадахгүй байх гээд түлхүүрээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Насанд хүрээгүй гэрч М.Түмэн-Өлзийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эхээр би хичээлээ тараад 13-14 цагийн үед гэртээ ирсэн юм. Эргээд давтлагатай гарах гэж байхад Г. ах ганцаараа орж ирсэн. ...Би гараад орцны гадаа зогсож байхад Г. ах араас гарч ирээд машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Т.ийн мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлсэн: “...Би Г. гэдэг ахын машиныг барьдаг юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын дундуур Хэнтий аймаг руу Г. ах ажлаар ирсэн. Хэнтий аймагт ирээд эмээтэйгээ уулзаад явья гээд Хэрлэн хорооллын баруун талын 10 давхар байрны 9 давхарт байдаг айл руу орсон. Би Г. ахтай хамт тэр айл руу нь орсон. Тэр айл руу ороход 3 өрөөтэй айл байсан, том өрөөний урд хэсэгт мөнгөн чимэгтэй 2 эмээл байрлуулсан байсныг нь харсан юм. Эмээл хараад хулгайлна гэдэг бодол төрсөн. Тэгтэл Г. ах гадагшаа гараад машинаас эмээд авсан юмыг аваад ир гээд намайг гаргасан. Гарахдаа гал тогооны текний тэнд өлгөөтэй байсан түлхүүрийг нууцаар аваад гарсан. Тэгээд шууд Г. ахын машинтай нь “Эвт” худалдааны төв рүү түлхүүрийг нь хувилуулахаар явсан, тэнд очоод түлхүүрийг нь 5000 төгрөгөөр хувилуулж аваад буцаж ирээд машинаас юмыг нь аваад оруулж өгсөн. Ингэхдээ түлхүүрийг нь буцаагаад байранд нь өлгөөд гараад явсан. Гадаа машиндаа сууж байтал Г. ах гарч ирээд бид 2 хот руу гарсан. Энэ явдлаас хойш бараг 1 сар гаруйн дараа байх 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр нөгөө эмээлийг хулгайлахаар Г. ахын 80-87 УБП дугаартай “Тоёота Алион” маркийн машинтай нь Улаанбаатар хотоос ганцаараа шөнө 01 цагийн үед гарсан. Би машиныг аваад явж байгаагаа Г. ахад хэлэхгүй, нууцаар авч явсан. Хотоос гараад зогсолтгүй давхисаар байгаад өглөө 08 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн Чингис хотод ирсэн. Ирээд шууд Хэрлэн хороолол руу очиж гадна зогсоол дээр орой болохыг хүлээж өдөржингөө зогссон. Тэгээд 22 цагийн үед хүн байгаа эсэхийг нь мэдэх гээд нөгөө айл руу очиж хаалгыг тогшсон. Хаалгыг нь тогшиж байтал хажуу талынх нь айлаас 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд хаалгаа онгойлгоод намайг харсан. Тэгэхээр нь би гараад явсан, нөгөө айл хаалгаа нээгээгүй, буцаж гараад цонхыг нь харахад гэрэлгүй байсан. Эргээд машиндаа сууж байгаад шөнө 12 цаг өнгөрөөгөөд 01 цаг болж байх үед нөгөө айл руу хувилуулж авсан түлхүүрээрээ хаалгыг нь нээж орсон. Намайг гэрт ороход ямар нэгэн хүн байгаагүй, урьд нь ирэхдээ харж байсан нөгөө 2 эмээл байрандаа байж байсан. Ороод би шууд нөгөө эмээлийг бэлдсэн шуудайндаа хийгээд шууд тэр айлаас гарсан. Гарахдаа хаалгыг түгжээгүй, шууд хаагаад орхисон. 2 эмээл нилээн хүнд байсан. Гараад хулгайлсан эмээлээ машиндаа хийгээд шууд Улаанбаатар хот руу гарсан. Хотод өглөөгүүр 10 цагийн үед очсон, замд ямар нэгэн байдлаар цагдаад шалгуулаагүй, цагдаа таараагүй. Хотод очоод оройхон хулгайлсан 2 эмээлээ Мөнхбаяр гэдэг танил ахындаа аваачиж орхисон. ...Мөнхбаяр ах юун эмээл энэ тэр гээд баахан асууж шалгаасан. Би Мөнхбаяр ахад миний эмээл байгаа юм, хүнээс авсан, жоохон асуудалтай байгаа, хэд хоногоос авья гээд гуйж байгаад үлдээсэн... ...Уг нь Мөнхбаяр ах авч үлдэхгүй гээд байсан юм. Би гуйсаар байгаад үлдээсэн. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа Г. ах миний гар утсыг оролдож байхдаа нөгөө 2 эмээлийн зургийг олоод харчихсан, эмээл хулгайлж ирсэн өдрөөс хойш Г. ах надад “манай хэд эмээлээ алдчихсан байна” гэж ярьж байсан. Тэгээд зураг харж мэдээд, би Г. ахад болсон асуудлыг бүгдийг нь хэлээд Мөнхбаяр ахынх руу очиж эмээлийг Г. ахад өгсөн...”

Т.ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Тэр хүүхдээс гэрийн түлхүүр авчихаад нөгөө айл руу ирэх замдаа Эвт худалдааны төвөөр орсон. Надад авсан нөгөө түлхүүрээ өгөөд хувилуулаад ир гэж хэлсэн. Тэр үед бол би хулгай хийх талаар огт мэдээгүй байсан. Г. ахын хэлснийх нь дагуу түлхүүрийг нь 5000 төгрөгөөр хувилуулаад буцаагаад 2 хувь түлхүүр өгсөн. ...Энэ явдлаас хойш 1 сар орчмын дараа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой Г. ах намайг утсаар дуудаж уулзах хэрэг байна гэсэн. Би тэр үед “Их Монгол” хороололд байдаг ахындаа эмнэлэг дээр ажиллаж байсан юм. Удалгүй Г. ах ирсэн. Тэгээд гадаа машин дотор нь уулзсан, Г. тухайн үед аймаг руу яваад ир гээд нөгөө хувилсан түлхүүрийг надад өгсөн. Яах гэж байгаа талаар нь асуухад нөгөө Хэрлэн хороололд очдог байрны 9 давхарт лифтнээс буугаад баруун тийшээ харахаар өөдөөс чинь харсан хаалга байгаа, тэр айл руу ороод 2 эмээл байгаа тэрийг аваад ир гэж хэлсэн. Г. ахаас юун эмээл яах гэж байгааг нь асуухад “нааш авч ирэх хэрэгтэй байна, гэрт нь сургуулийн насны эмэгтэй хүүхэд байж магадгүй, хэрвээ байвал хаалга андуурчихсан байна гээд буцаад гараад явчих” гэж хэлсэн. Тэгээд надад 2 сая төгрөг өгнө гэж хэлсэн, би хулгай хийлгэх гэж байгааг нь ойлгосон. ...Урьд гэрчээр өгсөн мэдүүлэгт өөрөө санаачилж хулгай хийсэн гэж хэлсэн учир нь Г. ах яаж ийж байгаад аргална, ялгүй салгана гээд намайг гуйгаад байсан юм. Би ч эмээлийг нь буцаагаад өгчихсөн болохоор учиргүй яландаа тулчихгүй байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

Гэрч Г.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр Т. манайд мөнгөн чимэгтэй 2 эмээл, хударга, суран бугуйл зэрэг эд зүйлс авч ирсэн. ...Т. хэд хоногоос ирж авна гээд л үлдээгээд явсан, би тухайн үед хөдөө гадаанаас л ирсэн юм байх гэж бодсон. Үүнээс 2-3 хоногийн дараа нэг танихгүй нуруулаг залуутай ирээд эмээлээ буцаагаад аваад явсан. Харин явахдаа суран бугуйл болон миний хударга гэж нэрлээд байгаа мөнгөн хэрэглэлээ үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Г.ийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 сард Т.ийн хамт Хэнтий аймагт ажлаар ирсэн. ...эмээг эргэх гээд... аймгийн төв спорт заалны гадаа Т.ийн хамт очиж Сумьяабазараас гэрийнх нь түлхүүрийг авсан. ...Эвт худалдааны төвөөр орж хоол идэх зуураа Т.д өгч түлхүүрийг хувилуулж авсан. Тэгээд тэндээсээ Лхажав ахын гэр рүү очсон. ...Би ороод эмээтэй уулзчихаад эмээд бэлдсэн байсан жаахан юмаа өгчихөөд гарсан, түлхүүрээ гарахдаа үлдээгээд гарсан. Лхажав ахынхаас гараад хот руу гарсан. ...Үүнээс бараг сарын дараа 2017 оны 11 сарын эхээр хүүхдийн сургууль амарчихсан байх үеэр Т.ийн хамт би Хэнтий аймагт Дорнод аймгаас ирсэн нэг хүнтэй уулзахаар ирсэн юм. Яг тэр үед надад 2-3 хоногийн мөнгөний хэрэгцээ байсан юм. ...Тэгээд түлхүүр нь надад байсан болохоор... ...эмээлийг нь орж авсан. ...Би өвс аваад хятадуудад үнэ нэмж зарвал ашиг олохоор юм байна гэж бодсон. Тэгээд мөнгө хурдан олох боломж нь Лхажав ахын эмээлийг ломбарданд тавих байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 тал/

Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан /2хх-ийн 55 тал/

Шүүх хуралдаанд Г.ийн шүүгдэгчээр өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сард Хэнтий аймагт ажлаар явж байгаад Лхажавынхаар орж эмээгээ эргээд явсан. 2017 оны 11 дүгээр сарын эхээр тухайн үед Хятадуудад өвс бэлтгэн нийлүүлдэг байсан юм. Тэгээд Дорнод аймагт их хэмжээний өвс байна гэхээр нь очсон. Тэгээд Дорнод аймгаас ирээд мөнгөний хэрэг гараад Лхажав ахынхаар очсон чинь хүн байгаагүй амраад бүгд хөдөө явчихсан байсан. ...Гэрт нь ороод гарахдаа эмээлийг нь авч гараад ломбарданд тавьсан. Хүний юм хэлэхгүйгээр авсан нь миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Т., Г. нар нь хамтран 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А55 дугаар байрны 46 тоотод оршин суух иргэн М.Лхажавын гэрийн цоожинд түлхүүр тааруулан орон байранд нэвтэрч Батноров хийцийн их гарын мөнгөн тоноглолтой эмээл, Гантулга дарханы хийсэн ихийн их гарын луун хээтэй мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн чимэгтэй хазаар, 2 мөнгөн хударга, мөнгөн цээживч, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хормойн боолт, суран бугуйл зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч иргэн М.Лхажавт 29.710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүд, Т.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Г., Т. нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны үед шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг ач холбогдолтой, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэрэг мөн байна.

 

Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Т., Г. нар нь мэдүүлэхдээ, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нь өмгөөлөл явуулахдаа Г., Т. нарыг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй, Т. нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, тухайн үед хулгай хийх талаар мэдээгүй, хулгайн эмээл гэдгийг мэдээгүй. Анх Т.ийг гэрчээр болон сэжигтнээр мэдүүлэг өгөхөд Г. нь  ялгүй гаргана, чи хийсэн гээд хэлчих гэж хэлсэн учраас Т. хулгай хийсэн хэмээн мэдүүлсэн гэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Т.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч  нь өөрийн гэм бурууг хүлээх, хэргийн талаар үнэн зөв ярих үүрэг хүлээхгүй бөгөөд хэргийн бусад байдал, дэс дараалал, шалтгаант холбоо зэргийг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хавтаст хэргийн 20-23 дугаар талд авагдсан хохирогч М.Лхажавын мэдүүлэг, 24-25 дугаар талд авагдсан гэрч Б.Отгонхишигийн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “мөрдөгч мэдүүлгийн эхэнд ...түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн ...тухай тэмдэглэлд тусгана...” гэж заасныг зөрчсөн, хх-ийн 20-21 дүгээр талд байх мэдүүлгийг хохирогч М.Лхажаваас шөнийн 00:55 минутанд эхлүүлж, 01:47 минутанд дуусгасан, 24-25 талд байх мэдүүлгийг гэрч Б.Отгонхишигээс мөн шөнийн цагаар авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэснийг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгаас гаргасан нотлох баримтаас хасуулах саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Бусад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, гэрч Г.Мөнхбаяр, Нармандах, Батболд нарын мэдүүлгүүд нь  хуульд заасан журмыг зөрчөөгүй, хууль ёсны арга хэрэгслээр авагдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгаас гаргасан нотлох баримтаас хасуулах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Г. нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд иргэн Б.Алтанцэцэгийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар 11.600.000 төгрөг, 1000 доллар буюу /2.464.000 төгрөг/ нийт 14.064.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 199-201 тал/,

Хохирогч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 сарын 02-ны өдөр хятадуудтай наймаа хийж байгаа 20 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гээд надаас 1.600.000 төгрөг, 1000 доллар бэлнээр авсан. ...Дараа мөн 2017 оны 10 сарын 07-ны өдөр мөнгө дутчихлаа гээд 3.000.000 төгрөг зээлсэн, би энэ мөнгийг Т.ийн өөрийнх нь ХААН банкны данс руу хийсэн. ...2017 оны 11 дүгээр сарын эхээр ...Г., Т. хоёр манайд ...2 ширхэг мөнгөн чимэгтэй эмээлтэй ирсэн.  Тэгсэн Г. хүнд 80 сая төгрөг зээлдүүлчихсэн чинь мөнгөө өгдөггүй, тэгээд барьцаанд энэ хоёр эмээлийг аваад ирлээ. ...Тэр болтол надад энэ 2 эмээлийг хадгалах найдвартай газар байхгүй байна, танайд түр байлгаж байя гэж хэлээд үлдээсэн... 2017  оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Г. нь над руу утсаар яриад надаас авлагатай хүмүүс намайг байхгүй хойгуур гэрт ирээд эхнэр хүүхэд айлгаж байгаад машин тэргийг нь аваад явчихлаа, миний 2 эмээл танд байгаа юм чинь надад урьд зээлсэн дээрээ 7.000.000 төгрөг зээлээч, нөгөө эмээлийн эзэн мөнгөө өгөхөөр нь буцааж өгнө гэж гуйсан. Би ч тэр үед надад эмээл нь барьцаанд байсан болохоор итгээд тэр өдрөө Г., Т. нартай уулзаж ... 7.000.000 төгрөг Г.т бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 204-209 тал/,

Т.ийн гэрчээр өгсөн: “...2017 оны 10, 11 дүгээр сард байх ...Г. ах намайг Алтанцэцэгийг нэг газар хүргэж өгөөд мөнгө аваад ирээрэй гэж хэлээд явуулсан. ...Алтанцэцэг тэр үед намайг хүлээж байгаарай гэж хэлээд нэг тийшээ яваад ирэхдээ 1000 доллар, бас 300.000 төгрөгтэй хамт бэлнээр өгсөн. Би энэ мөнгийг тэр өдөртөө Г.т аваачиж өгсөн. Мөн хэд хоногийн дараа Г. ах Алтанцэцэгтэй утсаар ярьж мөнгө авахаар болсон. Тэгээд миний ХААН банкны 5943046298 дугаарын дансаар 3.000.000 төгрөг шилжүүлж авсан. ...Би мөнгийг өөрийнхөө данснаас Г. ахын данс руу өдөрт нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 212 тал/,

Гэрч Л.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г. өр ширтэй байсан гэдгийг мэдэхгүй, өр гэх юм байх ёсгүй. Тэр Алтанцэцэг гэх хүнээс мөнгө авсныг мэдээгүй, гэр орондоо мөнгө авч ирж хэрэглээгүй. ...Алтанцэцэг гэх хүүхэнтэй хайр сэтгэлийн холбоотой явах үедээ үрж хэрэглэсэн ч юм уу, эсвэл үнэхээр 7 сая төгрөг авсан ч юм уу бүү мэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 тал/,

Г.ийн яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн: “...Алтанцэцэгээс 3 сая төгрөг Т.ийн дансаар авч байсан. Мөн 1000 доллар авч байсан. Авсан гэдэг нь эргүүлж буцааж өгөхөөргүй авсан. ...эмээлийг Алтанцэцэгт барьцаанд тавьсан асуудал байхгүй, ...би Алтанцэцэгээс 7 сая төгрөг аваагүй... Алтанцэцэг намайг дуудаж хоолонд оруулдаг, буудалд ордог, ер нь санхүүгийн хувьд намайг дэмждэг байсан, өөрөө сайн дураараа мөнгө өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 228-230 тал/,

Гэрч А.Шинэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Г.тай 2017 оны 10, 11 дүгээр сард өвс худалдаж авах ажлаар хамтран ажиллаж байсан. Г. надтай хамтран ажиллаж байх үедээ өөрийнхөө найз охин болох Алтанцэцэг гэх хүнээс 3 сая төгрөг авч ажилдаа хөрөнгө оруулалт хийж байсан. Би тухайн үед тэр мөнгийг Г.ийн найз хүүхэн болох Алтанцэцэг гэх эмэгтэйг манай ажилд дэмжлэг болгож өгсөн болов уу гэж бодсон. Бид хоёр анх удаа хамтран ажиллаад хоёр талаасаа 3 сая төгрөг, нийт 6 сая төгрөг нийлүүлээд өвс худалдан авахаар явсан боловч тэр ажил маань бүтэлгүйтэж бид хоёр шатсан. ...Бид хоёр анх удаа хамтран ажилласан болохоор туршлага дутаж уг нийлүүлсэн мөнгөөрөө 1 тонн өвс худалдаж аваад тэрийгээ буруу хадгалж, өвс хөгцөрж мууддаг болохыг мэдэхгүйн улмаас бид хоёрын авсан өвч муудаж нэг ёсондоо ямар ч хэрэггүй болсон. ...Г.ийн найз хүүхэн болох Алтанцэцэгийг бид хоёрын ажилд хөрөнгө оруулсан гэж бодсон болохоос Г.т зээлсэн гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47 тал/,

Гэрч Б.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г. бид хоёр багын найзууд, Алтанцэцэгтэй анх 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бид нар уулзаж байхад Г.ийн найз хүүхэн гэж бид нартай танилцаж хамт явсан. ...Алтанцэцэг нь Г.тай дотно харьцаатай хамт амьдарч байсан болохоор бид нарт Г.ийн найз хүүхэн гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэрнээс хойш 2, 3 удаа бид нар хамт шоудаж байсан. Гадуур наргиж цэнгэх бүрт Алтанцэцэг бүх тооцоог хийчихдэг нилээг мөнгөлөг бүсгүй байсан. Мөн Г.ийг хэд, хэдэн удаа Маршал Таунд байдаг Алтанцэцэгийн гэрээс очиж авч байсан. ...Намайг хөдөө Биндэрт байхад над руу утсаар их ярьдаг байсан. Алтанцэцэг утсаар ярихдаа би Г.т маш их хайртай, гэр бүл болж хамт амьдрах бодолтой байгаагаа ярьдаг байсан. ...Тэгээд Г.тай гэртээ хамт байгаагаа надад байнга ярьж, Г.ийг их хайрладаг, одоо ирнэ, сая байж байгаад гарлаа гэх мэтчилэн өдөр тутмын зүйлээ, Г.тай хамт байсан мөчүүдээ хамаагүй, илэн далангуй ярьдаг байсан. ...Ер нь Алтанцэцэг бид нарт мөнгийг бол цацдаг байсан. Би хувьдаа манай найз Г.т их л хайртай юм байна даа гэж боддог байсан. Г. Алтанцэцэгээс мөнгө зээлсэн гэж огт ярьж байгаагүй, дандаа л дайлсан, өгсөн гэдэг зүйл хэлж байсан. Алтанцэцэг тухайн үед Г.т хайртай, хамтран амьдрагч шиг байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 49 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г. нь Б.Алтанцэцэгийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, Б.Алтанцэцэгийг ямар байдлаар төөрөгдөлд оруулсан нь тодорхойгүй, өртэй хүн нь мөнгө өгөхгүй болохоор 2 эмээлийг нь аваад ирсэн, тэр хүнийг мөнгө өгөхөөр эмээлээ авна, түр танайд найдвартай газар хадгалж байя, 2 эмээл барьцаанд тавьж мөнгө зээлсэн зэргээр хохирогч мэдүүлдэг боловч энэ нь гэрч Шинэбаяр, Төрболд нарын мэдүүлэг болон хэргийн бусад байдал, нотлох баримтаар нотлогддоггүй;

Ямар бодит байдлыг нуух гэж, ямар зохиомол байдлыг зориуд бий болгосон нь тодорхойгүй, хэргийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, аймгийн Прокурорын газраас Г.т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.ийн хувьд урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 03 жил 01 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан бөгөөд уг тэнсэнтэй хугацаанд хулгайн гэмт хэрэг үйлджээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу танхайрах гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд тухайлан танхайрах гэмт хэрэг гэж заагаагүй, ялтай байдал зэрэг ойлголт нь байхгүй болсон тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.ийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн хуульд заасан доод хэмжээнээс доош татаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхийг зайлшгүй харгалзан үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Г., Т. нарын үйлдэлд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,  шүүгдэгч Т. нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул хорих ялыг хуульд заасан доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлэн оногдуулах журмыг хэрэглэх нь “эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй учир шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г. нь хохирогч Лхажавыг таньдаг, эхнэрийнх нь хамаатан болох нь хавтаст хэргээр нотлогддог бөгөөд хохирогчийн эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг урьдаас мэдсэн, мэдэх боломжтой байсан нь түүнд шунахайн сэдэлт төрүүлж, гэмт хэрэг үйлдэгдсэн, хулгайн гэмт хэргийг санаачилсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г., Т. нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогч М.Лхажавт мөнгөн хазаар, мөнгө аяганы үнэ болох 1.235.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шатанд гаргаж өгсөн банкны баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г., Т. нарын цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г. Т. нарыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хорих ял, шүүгдэгч Т.д 02 /хоёр/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хорих ял, шүүгдэгч Т.д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Т. нарын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА