Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00348

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр Дуга 210/МА2024/00348

 

 

Н.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/05483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШГ газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/19183 дугаар захирамжаар иргэн надаас 370,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болох Н.Б гийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, ххх тоотод байрлах, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь 145-160 сая төгрөгийн үнэлгээтэй байхад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хххх ХХК-ийн 125,736,660 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах үнэлгээнээс доогуур байна.

1.3. Мөн Н. Э , Н.М нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, ххх тоот 64,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 242,127,318 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг ххх ХХК нь харьцуулсан хөрөнгийн үнэлгээг хийхдээ ххх хотхон дотроо байрлах орон сууц болон төв замын эсрэг талд байрлах Элизабет хотхоны 1 давхрын үйлчилгээний талбайтай харьцуулсан нь бодит үнэлгээг гаргаж чадаагүй.

1.4. Түүнчлэн эрхийн бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, хххх талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 18,704,243 төгрөгөөр тус тус хөрөнгийн үнэлгээг ххх ХХК нь гаргасан. Тухайн хорооллын авто зогсоол нь 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхад хэт доогуур үнэлсэн байна.

1.5. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь дээрх үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгааг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд НШГ газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/Ш32021/19183 дугаар захирамжаар Н.Д, Л. Э нараас 370,000,000 төгрөгийг гаргуулж, БСБ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22260545 дугаар тогтоолоор үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Б гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-ххх дугаарт бүртгэлтэй, ххх тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Н. Э , Н.М нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-ххх дугаарт бүртгэлтэй ххх тоот 64,8 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-ххх дугаарт бүртгэлтэй, ххх тоот 10,2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус газрын 2022 оны 4-162/8012, 4-162/8013 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22260545/02, 22260545/03 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23260545/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22260545/05, 22260545/06, 22260545/07 дугаартай тогтоолоор тус тус хураасан.

2.2. Төлбөр төлөгч, өмчлөгч нараас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн нийт үнэлгээг 350,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч БСБ финанс ББСБ ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 8/293, 7/286, 7/287 тоот тогтоолуудаар ххх ХХК-ийн Ч. Ж, ххх ХХК-ний Ц.Т , хххх ХХК-ний Г.О нарыг шинжээчээр тус тус томилсон.

Шинжээч нар нь ххх тоот 64,8 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 242,127,318 төгрөгөөр, ххх тоот 10,2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 18,704,243 төгрөгөөр, ххх тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 125,736,660 төгрөгөөр тус тус үнэлсэнийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4- 164/15524, 4-164/15525, 4-164/15523, 4-164/15526 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт танилцуулсан.

2.3. Анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ххх тоот 64,8 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 169,489,123 төгрөгөөр, ххх тоот 10,2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 13,092,970 төгрөгөөр, ххх тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 88,015,662 төгрөгөөр оруулах тухай 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/13, 10/14, 10/12 дугаар тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4-164/17448, 4-164/17449, 4-164/17447, 4-164/17450 дугаар мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт танилцуулж, тэмдэглэл үйлдсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирээгүй. Харин ххх тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 94,020,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-164/18858, 4-164/18857, 4-164/18856 4-164/18894 дугаар мэдэгдлүүдээр тус тус төлбөр төлөгч, авагч, өмчлөгч мэдэгдсэн.

2.4. Ингээд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 121,063,659 төгрөгөөр, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 9,352,121 төгрөгөөр 2023 оны 10 дугаар сарын 27-ны хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/23289 тоот захирамжаар уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШГ газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт НШГ газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа хийж, ххх ХХК, ххх ХХК, хххх ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.2. Учир нь зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болох Н.Б гийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, ххх тоотод байрлах, 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 125,736,660 төгрөгөөр, Н. Э , Н.М нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй ххх тоот 64,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 242,127,318 төгрөгөөр, эрхийн бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй ххх тоот 10,2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 18,704,243 төгрөгөөр тус тус үнэлсэн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, бодит үнэлгээг гаргаж чадаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/05483 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н.Д нь НШГ газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2021/19183 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Н.Д, Л. Э нараас 370,000,000 төгрөг гаргуулж, БСБ финанс ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Н.Б гийн өмчлөлийн ххх тоотод байрлах, 35 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, Л. Э , Н.М нарын өмчлөлийн ххх тоотод байрлах, 64,8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л. Э ийн өмчлөлийн ххх тоотод байрлах, 10,2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22260545/02, 22260545/03 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23260545/03 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22260545/05, 22260545/06, 22260545/07 дугаартай тогтоолуудаар хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ.

 

5. Төлбөр төлөгч Н.Д, Л. Э нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийн албадан дуудлага худалдаанд оруулах нийт доод үнийг 1,048,100,000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн НШГ газраас 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 8/293 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор ххх ХХК-ийн үнэлгээчин Ч. Жг шинжээчээр томилж, шинжээчээс ххх тоот 64.8 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 08 дугаар сарын байдлаар 242,127,318 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7/286 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор ххх ХХК-ийг Ц.Т ийг шинжээчээр томилжээ. Шинжээчээс ххх тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 18,704,243 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7/287 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хххх ХХК-ийг үнэлгээчин Г.О ыг шинжээчээр томилж, шинжээчээс ххх тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 125,736,660 төгрөг гэж тус тус тогтоожээ. /1хх-111, 135, 161/

 

5.1. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг НШГ газраас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4-164/15525, 4-164/15524, 4-164/15523 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч Н.Д, Н. Э , өмчлөгч Н.Б , Н.М т нарт хүлээлгэн өгсөн, мэдэгдэлд Н.Дгийн гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна./1хх-196-198/

Хөрөнгийг үнэлгээ тогтоох ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус заасан журмыг зөрчөөгүй, хуульд нийцүүлэн явуулсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6. Нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан байх ба 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээ тогтоох ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй үндэслэлд хамаарч байгааг нэмж дүгнэнэ.

 

7. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/05483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР