| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0052/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0052/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч С.Энхтуяа,
Иргэдийн төлөөлөгч Н.Намнансүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
Шүүгдэгч Э. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.д холбогдох 1939000000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Хийдийн 10-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э. /РД/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э. нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн 10-р гудамжны 04 тоот хашаан дотор байх байшинд иргэн И.Энхбаатарыг цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э. нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн 10-р гудамжны 04 тоот хашаан дотор байх байшинд иргэн И.Энхбаатарыг цээжин тус газар хутгалж алсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Талийгаач И.Энхбаатар нь миний төрсөн ах байгаа юм. Манайх эцэг эхээсээ долуулаа, талийгаач маань эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан, эхнэрээсээ салаад 2-3 сар болж байна, ямар шалтгаанаар яагаад салсныг мэдэхгүй байна. Болсон хэрэг явдлын хувьд бол үнэхээр харамсалтай зүйл боллоо, хүний амь нас хохироосон хүн болохоор манай эгчийн нөхөр, харин талийгаач нь миний төрсөн ах, манай гэр бүлийн хувьд яг одоогоор гомдолтой ч гэж хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 39-40 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяагийн шүүх хуралдаанд өгсөн: “...Одоо оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжлэхгүй. Э. нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бол шүүхээс оногдуулах ялыг хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлэг,
Гэрч И.Номингэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү Энхбаатар нь эхнэрээсээ салаад манайд ирж амьдраад 2 сар болж байна, их л архи уудаг хүн дээ. ...Тэгээд гэрт ирэхээр нь би Энхбаатарт хоол халааж өгсөн, ирэхдээ өөрөө согтуу ирсэн, манай хүн ч гэсэн халамцуу байсан. Манай нөхөр тэр үед гэртээ арьс элдээд сууж байсан, тэгээд л манай нөхөр Э., дүү Энхбаатар 2 хоорондоо маргалдаад байсан, би ч учрыг нь олоогүй, манай жаал ханиад хүрчихээд би адууны уушигаар шөл хийж өгөх гээд байж байтал манай нөхөр талийгаачийг “гөлөг минь чи хаагуур яваад байгаа юм бэ? Наад хоолоо идвэл ид, идэхгүй бол боль” гэж хэлсэн чинь талийгаач “наадах муу хоолыг чинь идэхгүй, нохойд гаргаад асгалаа” гэхээр би дүүгээ яах гэж тэгж байдаг юм бэ гэж загнасан. Тэгтэл талийгаач “чи муу ер нь яах гэж хуцаж байдаг юм бэ Чамайг яасан ч яадаг юм” гээд орон дээрээс босоод манай нөхрийг арьс элдээд сууж байхад нь заамдаад авсан, харин манай нөхөр “зүгээр л байгаарай, би чамайг хайрлаж явдаг шүү, чи яах гэж ингэдэг юм бэ” гээд зууралдаад ор луу очсон, би нөхрийгөө татаад салгатал нөхөр ухасхийгээд шүүгээний шургуулганаас хутга шүүрч аваад талийгаачийг орон дээр сууж байхад нь хутгалчихсан, тэгтэл талийгаач орон дээрээсээ газар дээшээ хараад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Тожилдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байхад Энхбаатар гаднаас ганцаараа согтуу орж ирсэн, орж ирээд гал тогооны өрөөнд орон дээр суугаад аав руу хараал хэлээд согтуурхаад байсан, аав Энхбаатар ахад “турж үхтлээ хаагуур явдаг юм, гэр орондоо ирж хонохгүй” гэж хэлсэн чинь Энхбаатар ах “би танай хоолыг идэхгүй, танайхаас гуйхгүй, хоолыг чинь нохойд өгнө” гэх утгатай зүйл яриад агсраад эхэлсэн. ...Тэгээд ээж намайг рашаанаар ариутгах гэсэн чинь Энхбаатар ах “Рашаанаар хэзээ хүүхэд ариутгаж байсан юм, бурханы оронд намайг шүт, би шээгээд өгвөл бараг хамаагүй дээр” гэж ээжид хэлсэн. Ттэгсэн аав уурлаад талийгаачтай муудалцсан. Би энэ үед зүүн өрөөндөө байсан, тэгээд гал тогооны өрөөнд орны тэнд аав Энхбаатар ахтай барьцалдаад зууралдаж байгаад гал тогооны шүүгээнээс хутга аваад Энхбаатар ах руу дайрсан. Аавыг хутга авахаар нь би сандраад орноосоо босоод очтол Энхбаатар ах хувцасны шүүгээ налсан, би очоод Энхбаатар ахыг түшээд автал Энхбаатар ах өөрөө цамцаа дээш нь сөхсөн, тэгсэн Энхбаатар ахын цээж зүүн дээд хэсэгт зүрхэн тус газарт нь хутганы шархтай, шархнаас их цус гарч байсан. Би Энхбаатар ахыг хэвтүүлээд ээжийн 98290367 гэсэн дугаараас аймгийн нэгдсэн эмнэлгийн 7056103 дугаар руу залгаж түргэн дуудсан. Удалгүй түргэн ирж Энхбаатар ахыг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Тожилдоржийн дахин мөрдөн байцаалтанд өгсөн: “...аав хутга авахаас өмнө талийгаач аавтай зууралдаад байсан, аавыг боогоод байсан, ээж очоод салгасан. Зууралдаж байхдаа болон өмнө хэн хэнийхээ цохиж зодсон гэдгийг нь хараагүй. Харин сүүлд харсанаар бол талийгаач аавыг цохиод авах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.01.22-ны 598 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.01.25-ны 597 дугаартай дүгнэлт /хх-ийн 90 тал/,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.01.10-ны №05 дугаартай дүгнэлт /хх-ийн 81 тал/,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.01.09-ний №40 дугаартай дүгнэлт /хх-ийн 88 тал/
Шүүгдэгч Э.ын шүүх хуралдаанд өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Э.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа нь шүүх хуралдаанд хохирол төлбөр гэж нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Э.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.ад 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс нь Э. нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэж хүсэлтийг гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхийг зайлшгүй харгалзан үзэх бөгөөд хэдийгээр бусдад төлөх төлбөргүй ч, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хэзээ ч нөхөн төлж барагдахааргүй хохирол учирсан гэж үзэж, “эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дотроо 200 грамм орчим тунгалаг өнгөтэй шингэн агууламжтай 0.75 литрийн Ерөөл архины шил, хар өнгийн бариултай бариулыг лентээр ороосон хутга, шар хул өнгийн хуйтай хутга, шар эрээн өнгийн бариултай хутга, хар ногоон өнгөтэй, энгэрийн баруун дээд хэсэгт mammut гэсэн бичигтэй, энгэртээ цахилгаантай далд хос халаастай, давуун материал бүхий цамц, дугуй захтай, энгэрийн хэсэгт үйлдвэрлэгчийн логотой энгэрийн зүүн дээд хэсэгт урагдаж цоорсон, энгэр хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон давуун материал бүхий цамц, дугуй захтай энгэрийн зүүн дээд хэсэгт урагдаж цоорсон, зүүн энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон, улаан хүрэн өнгөтэй давуун материал бүхий цамц, саарал өнгөтэй, давуун материал бүхий бэлтгэлийн өмд, хар хөх өнгөтэй, зүүн гуяны дээд хэсэгт хүний дүрс бүхий логотой, өмдний баруун тал хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон бэлтгэлийн давуун материал бүхий өмд, хар өнгөтэй хажуу талдаа 2 халаастай, хүрэн өнгийн суран тэлээтэй давуун материал бүхий өмд зэргийг шүүгдэгч болон хохирогч аль, аль талаас буцаан авах санал гараагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх эд зүйлсийг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.ын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д оногдуулсан 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.н цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дотроо 200 грамм орчим тунгалаг өнгөтэй шингэн агууламжтай 0.75 литрийн Ерөөл архины шил, хар өнгийн бариултай бариулыг лентээр ороосон хутга, шар хул өнгийн хуйтай хутга, шар эрээн өнгийн бариултай хутга, хар ногоон өнгөтэй, энгэрийн баруун дээд хэсэгт mammut гэсэн бичигтэй, энгэртээ цахилгаантай далд хос халаастай, давуун материал бүхий цамц, дугуй захтай, энгэрийн хэсэгт үйлдвэрлэгчийн логотой энгэрийн зүүн дээд хэсэгт урагдаж цоорсон, энгэр хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон давуун материал бүхий цамц, дугуй захтай энгэрийн зүүн дээд хэсэгт урагдаж цоорсон, зүүн энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон, улаан хүрэн өнгөтэй давуун материаль бүхий цамц, саарал өнгөтэй, давуун материаль бүхий бэлтгэлийн өмд, хар хөх өнгөтэй, зүүн гуяны дээд хэсэгт хүний дүрс бүхий логотой, өмдний баруун тал хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, бэлтгэлийн давуун материаль бүхий өмд, хар өнгөтэй хажуу талдаа 2 халаастай, хүрэн өнгийн суран тэлээтэй давуун материаль бүхий өмд зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ОДХҮҮ
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН