Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс: 180/2019/0066/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                       М.Долгоржав,

Улсын яллагч                                                    Я.Сансар,

Хохирогч                                                               Ц.Гантөмөр,

Шүүгдэгч                                                            А. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.д холбогдох эрүүгийн 1839006300029 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгатын 5-75 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.7.07-ны өдрийн №113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2018.1.3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан гэх А. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А. нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, “Замчдын овоо” гэх газар “Дае воо” маркийн 28-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Портер маркийн 59-92 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Гантөмөр нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Гантөмөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А. нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, “Замчдын овоо” гэх газар “Дае воо” маркийн 28-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Ц.Гантөмөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:  

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19 тал/,

Хохирогч Ц.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...Багануураас 1 тонн гаруй хэмжээтэй нүүрс ачаад буцаад замд Цэнхэрмандал сумын нутаг Замчдын овооны баруун хойд талд явж байхад өөдөөс хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл явж би гэрлийн гялбаанд орсон. Гэрлийн гялбаанаас гарсан тэгтэл урд зам дээр дөрвөлжин хар зүйл зогсож байсан. Би тормозоо гишгэсэн, машин тормозтой чигээрээ гулгаж урд талд байсан дөрвөлжин хар зүйлийг мөргөсөн. ...Осол гарсны дараа харахад би машины чиргүүл мөргөж зогссон байсан, урд талд нь том машин зогсож байсан. Тэр машины жолооч миний машины хаалгыг лоомоор хөшиж намайг машинаас гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.11.16-ны өдрийн №13441 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 тал/,

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн: “...Даевоо маркийн 28-62 УБҮ улсын дугаартай автомашины жолооч А. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Портер маркийн 59-92 УНЦ улсын дугаартай авто машины жолооч Ц.Гантөмөр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/,

А.ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...28-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би худалдаж авч байгаа, гэхдээ мөнгийг нь бүрэн төлж барагдуулаагүй. ...30 сая төгрөгийг өгсөн, 16 сая төгрөг дутуу байгаа, ...үлдэгдэл мөнгөө төлөөгүй учраас тээврийн хэрэгсэл Ганбаатарын Баттогтох гэх хүний эзэмшилд байгаа. ...миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй, харин ард чирэгдэж явсан 92-72 ТЧ дугаартай чиргүүүлд эвдрэл гэмтэл учирсан. Энэ чиргүүл бол миний эзэмшлийн чиргүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,

Шүүгдэгч А.ын шүүх хуралдаанд өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.ын дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд А.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Гантөмөр нь шүүх хуралдаанд “...А. нь надад 2.600.000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч А. нь би гэм буруугаа хүлээж хохирлоо бүрэн барагдуулсан, мөн зээлтэй тул торгуулийн ялыг багаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч А.ын үйлдсэн хэргийн шинж, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй, прокурорын саналыг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. нь түүнд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А. нь түүнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Ц.МӨНХТУЛГА