| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0314/э |
| Дугаар | 0030 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ерөөлтмаа
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Гэрч Н.Сундуй
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овгийн Ж.Эт холбогдох 1825004560391 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Элжигэн овгийн Ж.Э, Монгол Улсын иргэн, 1974 оны 7 сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хүнсний дэлгүүрийн баруун талын засмал зам дээр 63-75 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэх үйлдэл хийж М.Ууганбаярын жолоодож явсан DAYUN маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн ард зорчиж явсан Б.Чүлтэмжамцын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 10-16-р хуудас/
3. Жолоочийн согтууралыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-19-р хуудас/
4. Хохирогч Б.Чүлтэмжамцын ... “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 00 цаг дөхөж байх үед Булган аймгаас орж ирдэг замын ойролцоох замд Хабитатын орчимд явж байтал миний зүс таних Ууганбаяр гэх залуу мотоцикльтой явж байсан. Тэгээд би ахыгаа дөхүүлээд өгөх үү гэхэд Ууганбаяр тэгье гэсэн. Надад нэг шил архи өвөрт явж байсан. Тэр архиа бид хоёр Хабитатын гудамж руу орж хувааж уучихаад би гэрлүүгээ хүргүүлэх гээд Их залуу багийн Их замуу самбараар ертөнцийн зүгээр хойшоо эргэж Хангай хүнсний дэлгүүрийн хажуугаар гараад явж байтал Хангай дэлгүүрийн хажуугийн засмал зам дээр зогсож байсан хар өнгийн машин гэнэт эргэж улмаар Ууганбаяр бид хоёрыг мотоцикльтэй явж байхад мөргөсөн. Улмаар бид хоёр замын хажууд шидэгдсэн. Би босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Тэр үед би Ууганбаяраа миний дүү зүгээр үү гэж асуусан. Би бас босож чадахгүй байна гэхдээ зүгээрээ гэсэн. Тэр үед тус хар өнгийн машинаас хар өнгийн эрэгтэй эмэгтэй хоёр хүн бууж ирээд зугтаах уу гэсэн зүйлийг ярьж байсан. Тэр эмэгтэй эрэгтэй хоёр хүн согтуу байсан. Хар өнгийн машины жолооч бид хоёрын хажууд зогсож байсан. Цагдааг хэн дуудсан талаар мэдээгүй, нэг мэдсэн чинь цагдаа ирсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20- 15-р хуудас/
5. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 02 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн ... “Шинжээчийн 2018-07-02-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Хохирогч Б.Чүлтэмжамцын биед зүүн дунд чөмөгний ясны ил хугарал, тархины эдийн няцрал, зүүн гуя, цээж, хэвлий, баруун шилбэ, тавхайд зөөлөн эдэд цус хуралт, духанд зулгаралт зэрэг гэмтэл учирсан байна. Хохирогч Б.Чүлтэмжамцын биед зүүн дунд чөмөгний ясны ил хугарал гэмтэл үүссэн байжээ. Хохирогч Б.Чүлтэмжамцын биед учирсан зүүн дунд чөмөгний ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 3.20.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 148-р хуудас/
6. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтийн ... “63-75 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 7.16 Буцаж эргэхийг хориглох тохиолдол: д/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар, е/ чиглэлийн тэврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр” гэсэн заалтуудыг тус тус зөчсөн байх үндэслэлтэй байна. 3842 ТӨЗ улсын дугаартай DAYUN маркийн мотоцикль жолоодож явсан жолооч М.Ууганбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мөн дүрмийн 2.7 а/ ‘Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх бөгөөд энэ нь осол гарахад шууд нөлөөлөх үндэслэл болохгүй. Жолооч Ж.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 7.16 е/ заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 42-43-р хуудас/
7. 2018 оны 08 сарын 17-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн ... “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Зам”-д тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Уг хэрэг осол болсон зорчих хэсгийн схем гар зургийг үйлдсэн цагдаагийн хошууч С.Хундагын схем гар зураг дээр автобусны зогсоол бүхий талбай гэж тэмдэглэсэн байна. Иймд уг зорчих хэсэг дээр гүйцэж түрүүлэх үйлдпийг зөвшөөрнө. Харин буцаж эргэх үйлдлийг хориглосон байдаг. Иймд буцаж эргэх үйлдпийг хориглоно. 63-75 ОРХ улсын дугаартай МITSUBISHI CANTER маркийн авто машиныг жолоодож явсан Ж.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.16-д/ зааснаар “Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар, мөн 7.16-ийн е/-д зааснаар “чиглэлийн тэврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр буцаж эргэхийг хориглоно” гэснийг, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөчсөн байх үндэслэлтэй байна. DAYUN маркийн мотоцикль жолоодож явсан жолооч М.Ууганбаяр нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Уг осол хэргийн схем гар зураг дээр тормозны ямар нэгэн ул мөр байгаагүй учраас зогсоох арга хэмжээ авсан эсэх нь тогтоогдохгүй байна. М.Ууганбаяр нь осол болох үед 2.20 хувийн согтолттой байсан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/-д зааснаар “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 63-75 ОРХ улсын дугаартай МITSUBISHI САNТЕР маркийн авто машиныг .жолоодож явсан Ж.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.16- д/ зааснаар “Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар, мөн 7.16-ийн е/-д зааснаар “чиглэлийн тэврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр буцаж эргэхийг хориглоно” гэснийг, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 48-50-р хуудас/
8. Гэрч М.Ууганбаярын ... “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багт Бадарч гэх ахтайгаа архи ууж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад өөрийнхөө улаан өнгийн DAYUN маркийн мотоцикльтой Дэнж багаас гараад Дэнжийн дунд замаар явж байгаад Булган явдаг замаар Город чиглэлтэй явж байтал зам дагуу явж байсан эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсох үед нэг хүн ахыгаа дөхүүлээд өгөөч гэхээр нь за хаашаа явах гэж байгаа вэ? гэхэд халуун усны хажууханд очино гэж хэлсэн. Тэгээд намайг ахтайгаа ганц юм уух уу надад ганц юм байна гэж хэлсэн. Тэгээд би тэгье гэж хэлсэн. Айлын хашааны хажууд уусан. Тэгээд нөгөө ахыгаа хүргэж өгөхөөр Урд Хабитатын замаар уруудаж ирээд Их залуу багийн хажуугийн Хангай хүнсний дэлгүүрийн хажуугийн засмал замын уулзвараар эргэтэл Хангай хүнсний дэлгүүрийн хажууд ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байрлалтай хар өнгийн машин зогсож байсан. Тухайн машины хөдөлгүүр асаалттай байсан. Яг тухайн машины хажуугаар гарах гэтэл дохио өгөлгүй гэнэт эргэсэн. Тэр үед тус машинтай мөргөлдсөн. Би замын хажууд хэвтэж байсан. Миний хажууд сууж явсан хүний хөл нь хугарсан байсан. Нөгөө машинд жолоотойгоо гурвуулаа явж байсан. Жолооч нь нөгөө 2 хүнээ яв яв гээд байсан. Тэгээд надтай мөргөлдсөн машины жолооч цагдаа болон эмнэлэг дуудсан. Би согтуу явж байсан нь үнэн гэхдээ нөгөө машин гэрэл дохио өгөөгүй шууд эргэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бүх боломжоороо 3 сая төгрөгийн хохирол төлсөн. Ажилгүй, орлогогүй учир одоо төлөх боломж муу байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ерөөлтмаа мэдүүлэхдээ “2018 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлэгээс утасдаж эмнэлэг дээр яаралтай ир гэсэн. Би гэртээ бага насны хүүхдүүд хараад байж байсан болохоор бэрийгээ явуулсан. Маргааш өглөө нь 09 цаг болж байхад эмнэлэг дээр очсон. Намайг очиход манай нөхөр орь дуу тавиад хөл нь боолттой маш хүнд байдалтай байсан. Зүүн дунд чөмөгний хугаралтай, хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэсэн. Тэгээд чиг барьж боосон. Тэгээд ямар хөдөлгөөнгүй байгаа болохоор ил хугарлын махнууд нь үхжилт явагдаад яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гээд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эхний дунд чөмөр хадах хагалгаанд орсон. Дараагийн хагалгаа 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд орсон. Нийт 4 удаа хагалгаанд орсон. Тэгээд эмнэлгээс гараад 10 гаран хоноод буцаад л эмнэлэгт хэвтдэг. Хамгийн сүүлийн хагалгаанд ороод 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмч нарын хэлснээр ясны ил хугарлын шалтгаанаас болж ясанд бохирдол ороод ясны эдээд үрэвсэл үүссэн байна. Наад талын хугацаа нь 2 жилийн эмчилгээтэй гэж хэлсэн. Дахиж үрэвсүүлэхгүй, дааруулахгүй, дархлааг сайн байлгах шаардлагатай гэж зөвөлгөө өгсөн. Дунд чөмөгдөнд эрхий хурууний чинээ төмөр хийсэн байгаа. Тэр төмрийг авах боломжгүй. Яс нь бороолоогүй учраас гэсэн. Байнга үнэтэй тариа хийлгэдэг. Үргэлж эм тариа хэрэглээд ходоод нь маш их өвддөг болсон. Харшил их өгдөг болсон. Шүүгдэгчээс мөнгөн тусламж хүсч байгаа. Эхний ээлжинд 500 000 төгрөгөөр 2 удаа өгсөн. Анхны шүүх хурал болохын өмнөх өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Мөнгөн тусламж үзүүлээч гэхэд “би ажилгүй хүн, мөнгө байхгүй, өгөх юм байхгүй, би яршиг тэр яландаа л явна биз” гэдэг. Шүүгдэгчээс 9 312 450 төгрөгийг нэхэмжилж байна. Эрдэнэбаатарын өгсөн 3 000 000 төгрөгийг хасаад 6 312 450 төгрөгийг нэхэмжилж, нэн яаралтай Эрдэнэбаатараас авч нөхрийгөө хөлтэй болгож авмаар байна” гэв.
Гэрч Н.Сундуй мэдүүлэхдээ “Б.Чүлтэмжамцад хөлийн дунд чөмөг ил хугарсан гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн. Ясны ил хугарал нь ясны идээт үрэвсэл өвчний шалтгаан болдог. Энэ нь өвчин нь 70 орчим хувьтай эдгэрдэг, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэдэг өвчин юм. Энэ хүний хувьд эмчилгээ, сувилгаа сайн учир одоогоор эдгэрэх боломжтой байгаа. Миний хувьд хагалгаанд оролцсон боловч эмчлэгч эмч нь биш. Ямар эм тариа хэрэглэсэн талаар эмчлэгч эмчээс нь асуусан бол хариулах байх. Гаднаас эм тариа хэрэглэх тохиолдол их байдаг. Өвчтөн хүссэн тохиолдолд гаднаас хэрэглэсэн эм тариаг өвчтний түүх дээр бичиж байгаа. Ер нь бол хийсэн эмчилгээ бичигдэх ёстой. Ясны идээт үрэвсэлийн үед өндөр үнэтэй антибиотик их хэмжээгээр хэрэглэдэг. Мөн ариун байлгахын тулд өдөр тутам боолт сольдог учир боолтын материал их хэмжээгээр хэрэглэдэг” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Чүлтэмжамцын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, уг 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналыг тус тус гаргаж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг мэдүүлэхдээ “Ж.Эыг гэм буруутайд тооцох үндэслэл байна. Улсын яллагчтай санал нэг байна. Хавтаст хэрэгт авагдсан гэм хорын хохирлын баримтуудыг нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Эрдэнэбаатарыг хохирогчийн биед ямар гэмтэл учруулаад ямар үр дагаварт хүрсэн бэ гэдгийг өнөөдрийг хүртэл ойлгохгүй явж байна. Эмчилгээний зардлыг төлөхгүй гэсэн санаа бодлоор хандаж ирсэн гэж үзэж байгаа. Учирсан гэмтэл нь хөлийг нь тайрах хэмжээний байсан. Харин яаралтай тусламж авч өдий зэрэгтээ явж байгаа гэдгийг гэрч хэлж өгсөн. Энэ зүгээр ч нэг гэмтэл биш асар хүнд гэмтэл. Энэ олон хагалгаанд орсон хүний дархлалын системд өөрчлөлт орж дархлаа буурч витаминууд авч хэрэглэсэн. Өвчин зовлонтой байгаа хүмүүс нохойн баасыг хүртэл сайн гэвэл аваад хэрэглэх хүртэл хэмжээнд байдаг. Төмөрчулуун өмгөөлөгч хүүхдийн эм, хэрэгтэй, хэрэггүй эм тариа хэрэглэж байна гэж ярьж байна. Өнөөдөр хохирогчийн хэрэглэсэн бүх эм, тариа, витамин, ороох, боох материал бүгдийг нэхэмжилсэн. Энэ бүгд үнэн, худал хуурмаг юм хэн ч гаргаж өгөөгүй. Ямар сайндаа хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан гэж группд орсон. Өдий насны 2 хүн хамт амьдраад эмнэлэгт хэвтэхэд хоол цай зөөх хүн байхгүй. Дарханд ажилладаг хүүгээ дуудаж хоол цайгаа зөөлгөж байна. Энэ болгонд шатахуун хэрэглэж байгаа. Эмнэлэгт хэвтээд үхлийн эрмэг дээр байхад эмч, сувилагч ийм эм, тариа тийм юм аваад ир гэхэд дуугүй л яваад авчирна шүү дээ. Баримтаа өг гээд зогсож байхгүй. Хавтас хэрэгт авагдсан зарим нотлох баримт олон хүн хавтаст хэргийг байнга эргүүлж, тойруулж үзсээр байгаад элэгдсэн байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Төмөрчулуун өмгөөлөгч эмчийн бичиггүй эм, тариа бусад зардлын үнийг төлөхгүй гэж байна. Харин өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлээгүй байгаа. Хуулинд байхгүй гэж байна. Харин хуулинд бас төлөхгүй гэж байдаггүй юм шүү. Эднийх гэр хорооллын захад амьдардаг айл. Байнга хоол цайг зөөж байгаа. Бүтэн 6 сарын үргэлжилсэн шатахууны баримт байгаа. Иймд гэм хорын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун дүгнэлтдээ “Хохирогчийн өмгөөлөгчийн хөлсний тухай юм ярих юм. Би энэ тухай яриагүй. Хамгийн гол нь өөрийнхөө хүний өмгөөлж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Хүн хохирч болно. Энэ хүн зүгээр явж байгаад хөлөө хугалуулаагүй. Архи уугаад мотоцикльд сууж яваад энэ хүнтэй мөргөлдсөн. Энэ нь хохирогчийн ч буруутай үйлдэл байгаа. Одоо ийм аваар гарах юм байна. Эрдэнэбаатараар ингээд төлүүлье гээд бодоод яваагүй л байх. Гэхдээ хавтаст хэрэгт 1,2 дугаар саруудын баримт байгаа. Өмгөөлөгч нь үүнийг тулгах байх. Хүүхдийн эм тариаг албан ёсоор юунд хэрэглэдэг юм гэж эмийн сангаас асуусан гэтэл энэ хүүхдийн эм гэж надад хэлсэн. Мөн жагсаалт, бараа зэргийг танай хүн тайлбарлаж чадаагүй. Мөн аваар болохоос өмнөх баримтууд байгаа. Энэ муу амьтан руу битий дайраад бай. Над руу дайр. Энэ шүүхээс гарсан хохирлыг төлнө гэж байгаа. Хамгийн гол нь үнэн бодитой байх ёстой. Эм гэдэг чинь зүгээр зоргоороо уудаг юм биш заавал эмчийн зөвшөөрөл бичигтэй байх ёстой. Гэрч хүртэл мэдүүлж байна. Заавал бичигтэй байх ёстой гэж. Энэ бол үнэхээр болгоомжгүй байдлаас ийм байдалд хүрсэн. Согтуу 2 хүн замын хөдөлгөөнд оролцоогүй бол ийм явдал болохгүй л байсан. Энэ хүн ч бас амьдралтай. Хохирлыг чадлаараа төлөөд явж байгаа. 3000000 төгрөг төлсөн. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хүнсний дэлгүүрийн баруун талын засмал зам дээр 63-75 ОРХ улсын дугаартай “МITSUBISHI CANTER” тээврийн хэрэгсэл жолоодож яваад чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэх үйлдэл хийж М.Ууганбаярын жолоодож явсан DAYUN маркийн мотоцикльтой мөргөлдөн мотоциклийн ард зорчиж явсан Б.Чүлтэмжамцын эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний ясны ил хугарал, тархины эдийн няцрал, зүүн гуя, цээж, хэвлий, баруун шилбэ, тавхайд зөөлөн эдэд цус хуралт, духанд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Эын үйлдлийн улмаас осол гарсан болох нь зам тээврийн осолд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, хохирогч Б.Чүлтэмжамцын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас Ж.Эыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг сайн дураар төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хохирогч Б.Чүлтэмжамц болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гэм хорын хохирол 9 312 450 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэм хорын хохиролтой холбоотой хохирогчоос ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлаад хавтаст хэргийн 127, 145, 150, 156, 169, 170, 178, 179, 181, 187, 223, 227, 235, 239, 240, 242 дугаар хуудаст авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд ирүүлсэн дугаарлаагүй баримтуудаас “маналжалбуу” гэх эмийн сангаас эд зүйл авсан гэх баримт зэрэг нь он сар, үнийн дүн тодорхойгүй байх тул шүүх хохирлын нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэлгүй орхилоо. Бусад баримтуудын хувьд хохирогчийн эмчилгээ, сувилгаа, шатахууны зардлын баримтууд байх бөгөөд гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах үндэстэй байна. Эдгээр баримтуудын үнийн дүн нийт 8154430 төгрөг бөгөөд үүнээс шүүгдэгчийн төлсөн 3 сая төгрөгийг хасч шүүгдэгч Ж.Эаас 5154430 төгрөг гаргуулж хохирогч Б.Чүлтэмжамцад олгохоор шийдвэрлэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Б.Чүлтэмжамцын бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч хохирогчийн мэдүүлэгээр энэ тогтоогдож байх тул хохирогч цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсвэл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Эт анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжигэн овгийн Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас 5154430 /таван сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун гуч/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 25-05 тоотод оршин суух Банзрагчийн Чүлтэмжамцад олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсвэл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Эт анхааруулсугай.
6.Энэ хэрэгт хураагдаж ирсэн Ж.Эын жолоодох эрхийн №1040834 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч хохирогч нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохын тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС