Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00400

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 26 өдөр Дуга 210/МА2024/00400

 

 

Д.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04136 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК, Т банк ХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Гурван булаг сод ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хороололын 117-р байр, 1-р орц, 11 давхар 46 тоотод байрлах, 33,4 м.кв, 1 өрөө орон сууцыг төлбөрөө бүрэн төлж барагдуулан худалдан авч, уг орон сууцанд Д.Б нь 2017 оноос хойш одоог хүртэл амьдарч байна.

1.2. Худалдан авсан уг орон сууц нь А ХХК болон Гурван булаг сод ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №203 дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгын 4-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ-ээр авсан хөрөнгө юм.

1.3. А ХХК-д бичгээр болон өөрийн биеэр очиж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хүсэлт удаа дараа өгсөн боловч орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг одоог хүртэл гаргуулж өгөхгүй гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна.

Иймээс Баянзүрх дүүргийн 36 /26/ дугаар хороо, Саруул хороололын 117-р байр-о 1-р орц, 11 давхар 46 тоотод байрлах 33,4 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг А ХХК, Т банк ХК нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. А ХХК нь Гурван булаг Сод ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №203 гэрээг байгуулан Саруул хороолол-ын 117 дугаар байрны 1-р орц, 11 давхар 46 тоотод байрлах 33,4 м.кв 1 өрөө орон сууцны захиалагч болсон.

2.2. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгын №203/02 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулснаар 117 дугаар байрны 1 дүгээр орц, 11 давхар 46 тоотод байрлах 33,4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Д.Б худалдан авч төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан.

Манай компани тодорхой шалтгааны улмаас орон cyyцны өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл гаргаж өгөөгүй нь үнэн бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч Т банк ХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Т банк ХК болон А ХХК хооронд байгуулагдсан 2016 оны зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд бүртгэлтэй байдаг. Т банк ХХК нь А ХХК-д холбогдуулаад 2016 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

3.2. А ХХК, Д.Б нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнэтэй биш Б.Баярбилэгтэй нэмэлт гэрээ байгуулсан нь дүр үзүүлсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ юм.

Т банк ХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 26 /35 дуаар хороо/, /13311/ Хүннү гудамж, Саруул хорооллын 117/717/дугаар байр 1 дүгээр орц 11 давхарт байрлах, 33.4 м.кв талбай бүхий, 46 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 1 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмлөгчөөр нэхэмжлэгч Д Баттулгыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Баттулгын нэр дээр гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг А ХХК-д даалгаж Т банк ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /542,050+70,200+70,200/ 682,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 612,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч А ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин хариуцагч Т банк ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК нь Гурван булаг сод ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 203 тоот гэрээний захиалагч тал нь Д.Б болж, гэрээтэй холбоотой эрх үүрэг нь Д.Бд шилжсэн.

4.2. А ХХК нь Т банк ХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, маргааны зүйл болох Y-2204066077 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан. Анхан шатны шүүхээс хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч уг орон сууц нь одоо Т банк ХК-ийн барьцаанд байгаа тул манай компани шүүхийн шийдвэрийн биелүүлэх боломжгүй байдал үүсэж байгаа болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04136 тоот шийдвэрийн зарим хэсгийг буюу Т банк ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагч А ХХК-ийн гаргасан гомдлыг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч мөнгөө төлж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн.

Т банк ХК болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй гэж үзсэн. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь А ХХК, Т банк ХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч Т банк ХК эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Д.Б болон Гурван булаг сод ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр Гурван булаг сод ХХК нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хотхоны 5-р байр, 1-р орц, 11 давхар, 46 тоот, 33,4 м.кв, 1 орон сууцыг шилжүүлэх, нэхэмжлэгч Д.Б нь гэрээний үүрэгт нийт 50,100,000 төгрөгийн төлөхөөр харилцан тохиролцон; /1хх 5-7/

 

3.2. Гурван булаг сод ХХК болон А ХХК нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр № 203 дугаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгын 4-р ээлжийн орон сууц захиалгын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн № 203/01 тоот гэрээнд оруулах өөрчлөлт гэрээ байгуулж, гэрээгээр А ХХК нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хотхон орон сууцны хорооллын В блокын 5-р байр, 1-р орц, 11 давхар, 46 тоот орон сууцыг 2016 оны 2-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь орон сууцны үнэ 76,820,000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх тус тус тохиролцсон;

 

3.3. Д.Б болон Гурван булаг сод ХХК, А ХХК нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №203/02 дугаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгын 4-р ээлжийн орон сууц захиалгын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн № 203/01 тоот гэрээнд оруулах өөрчлөлт гэрээг байгуулж, гэрээгээр үндсэн гэрээний захиалагчийн эрх, үүрэг, хариуцлага Д.Бд шилжсэн; /хх 8-15, 49-53/

 

3.4. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн ба 2017 онд байр ашиглалтад орсноор А ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн;

 

3.5. Т банк ХК болон Алтай групп ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 34180129938 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хотхоны 5-р байр, 1-р орц, 11 давхар, 46 тоот, 33,4 м.кв, 1 орон сууцыг барьцаалсан байна.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

5. Анхан шатны шүүх Баянзүрх дүүрэг, 26 /36 дугаар хороо/, /13311/ Хүннү гудамж, Саруул хорооллын 117/717/ дугаар байр, 1 дүгээр орц, 11 давхарт байрлах, 33.4 м.кв талбай бүхий, 46 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 1 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Баттулгыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Баттулгын нэр дээр гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг А ХХК-д даалгаж, Т банк ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй атлаа Т банк ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх Т банк ХК-ийг нэхэмжлэгч талаас хамтран хариуцагчаар тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай шаардлагыг Т банк ХК-д мөн адил холбогдуулан гаргасан боловч Т банк ХК нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, Д.Б болон Т банк ХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул Т банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэсэн зөв болжээ.

 

Хариуцагч А ХХК нь ...Т банк ХК-ийн барьцаанд байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэх боловч А ХХК нь Т банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэх замаар гэрээний зүйлийг барьцаанаас чөлөөлүүлэх хууль зүйн боломжтой ба маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаагүй тул шүүх барьцааны зүйлтэй холбоотой дүгнэлт хийгээгүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР