Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00430

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр Дуга 210/МА2024/00430

 

 

Д.Жы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03875 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Жы нэхэмжлэлтэй

Хариуцагч: БТБт холбогдох,

 

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/01 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, Б.Энхсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шийдвэрээр хариуцагч Т ХХК-ний хувьцаа эзэмшигчээс 1,373,471,880.66 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгө болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч Т ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т ХХК болон 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ж нарын нэгж талбарын ХХХ дугаарт бүртгэлтэй газар, гүний худгийн байр, өндөр хүчдэлийн трансформатор, манаачийн байр, эрхийн улсын бүртгэлийн ххх, ххх, ххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ хийгдсэн байдаг.

1.3. БТБгазраас дээрх хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу 50 хувиар тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн албан мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн.

1.4. БТБгазраас ирүүлсэн мэдэгдэлд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 752,677,981 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахаар болсон байна.

1.5. Гэтэл Т ХХК нь БТБт холбогдуулан Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 3 шатны шүүхээр тус маргааныг шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн тогтоол гарснаас хойш нийт 7 сарын дараа албадан дуудлага худалдаанд оруулж байгаа явдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасныг зөрчсөн байна.

1.6. Ингээд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар ахлах гүйцэтгэгчид гомдол гаргасан ба хүлээн авахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргасан боловч хүлээн аваагүй.

1.7. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан дуудлага худалдаа явуулахаас өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн байна.

1.8. Иймд төлбөр төлөгч Т ХХК-ийн төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийг 50 хувиар тооцон нийт 752,677,981 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 05/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

1.9. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар үнэлсэн үнэлгээгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн анх үнэлсэн үнэлгээ гарсанаас хойш 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Үүнтэй холбоотой зах зээлийн ханш өөрчлөгдөж, барилгын материалын үнэ, байр орон сууц, өргөн хэрэглээний бараа хашаа байшин, машин техник төхөөрөмж зэрэг хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд зах зээл дээр 2-3 дахин нэмэгдсэн зэргээс шалтгаалж дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 384 тоот шийдвэрээр Т ХХК-аас 1,373,471,880 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үүсгэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ххх үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрх, гүний худгийн байр, ххх дуусаагүй барилга, ххх үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ххх гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт, ххх орон сууцыг битүүмжлэн хураан авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож, талуудад хуулийн хугацаанд танилцуулсан.

2.3. Үнэлгээ тогтоолгосон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх хөрөнгүүдийг худалдан борлуулах ажиллагааны явцад төлбөр төлөгч Т ХХК, Д.Ж нараас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган, улмаар гурван шатны шүүхээр орж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул үнэлгээ тогтоосон барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах ажиллагааг үргэлжлүүлж анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна.

2.4. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69, 72, 75 дугаар зүйлд заасныг үндэслэн барьцаа хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оруулахаар нийтэд зарласан боловч төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Жаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дахин гаргаж, улмаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

2.5. Ингээд 3 шатны шүүхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллааг үргэлжлүүлэх явцад дахин үндэслэлгүйгээр албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасны дагуу Д.Ж нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны өр барагдуулах газарт холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 05/01 тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Жы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05-р сарын 18-ний өдрийн 8711 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаж Иргэний хэрэг үүсгэсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 05/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.2. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 181/ШШ2023/03875 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан боловч гомдолдоо үндэслэл дурдаагүй байх тул тайлбар байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Ж нь БТБт холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 05/01 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн дахин үнэлгээ тогтоолгох хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шийдвэрээр Т ХХК-аас 1,373,471,880.66 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ххх дугаарт бүртгэлтэй, ххх орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү бүртгэлтэй ххх гражийн зориулалттай барилга, Эрхийн улсын бүртгэлийн ү бүртгэлтэй, ххх үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Эрхийн улсын бүртгэлийн ү бүртгэлтэй, ххх 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ххх нэгж талбарын дугаартай, ххх үйлдвэрлэлийн зориулалттай газар, ххх автомашины гражийн зориулалттай, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна./1хх-114-121/

 

Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ГХ2019/00593 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19280888/05, 19280888/17, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19280888/09, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19280888/11 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19280888/12, 19280888/13, 19280888/14, 19280888/18, 19280888/19, 19280888/20 дугаар тогтоолуудаа хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ./1хх-156-184/

 

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/29 дугаар тогтоолоор шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилж, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 1,405,894,062 төгрөг гэж үнэлжээ. /1хх 186-187, 188-190/

 

Дээрх үнэлгээний үнэлгээг эс зөвшөөрч гаргасан төлбөр төлөгч Т ХХК, Д.Ж нарын гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00621 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1113 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2188 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00966 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн./1хх-202-215, 219-221/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан тул хариуцагч байгууллагаас явуулсан шинжээч томилсон, үнэлгээ тогтоолгосон ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэхгүй.

 

6. Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/6, 11/7-8 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон талаар төлбөр төлөгч Т ХХК, Д.Ж нарт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/3559, 3/3762, 3/3764 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /1хх-226-230/

 

Анхны дуудлага худалдааг эс зөвшөөрч төлбөр төлөгч Д.Жы гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/00475 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/00984 дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/00863 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ./1хх-240-246/

 

7. Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/01 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт зохион байгуулах талаар төлбөр төлөгч Т ХХК, Д.Ж нарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/1580, 3/1581 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /1хх-249-250/

 

Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлд тус тус нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлэх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/1580, 3/1581 мэдэгдлээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 05/01 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Т ХХК, Д.Ж нарт баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн зөв дүгнэжээ. /1хх-217-220/

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж зааснаар нэхэмжлэгч нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн зах зээлийн үнэ болох 1,405,894,062 төгрөгийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон байдлыг баримтаар нотлоогүй.

Түүнчлэн, хариуцагч байгууллагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулаагүй эс үйлдэхүй хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат бүрт гомдол гаргаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрчээ.

Иймд, анхан шатны шүүх анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн тул дахин үнэлгээ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байх боловч тус гомдолд ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хуульд заасан ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаа талаар дурдаагүй тул гомдолд дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР