| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0040/Э |
| Дугаар | 0034 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 1825008790022 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Боржигон овогт С.Б, Монгол Улсын иргэн, 1973 оны 06 сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмчилгээ сувилгааны арга зүйч мэргэжилтэй, хувиараа үхрийн ферм ажиллуулдаг, Ам бүл 3, 2 хүүхдийн урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Шүүгдэгч Сундуйжавын Бямбажав нь 2018 оны 12 сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сум Говил багийн нутагт байрлах “Залуус шим Грави” ХХК-ний хашаанд иргэн Л.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Ууганбаярын ... “би Бямбажавын гарнаас татаад намайг луйвар хийж явахыг хэнээс сонссон юм бэ гэтэл Бямбажав миний эрүү рүү цаашаа бай гээд цохисон. Энэ үед миний үүдэн доод шүд сонин болоод байхаар хэлээрээ тэмтэрч үзтэл шүд хөдөлсөн байсан. Тэгэхээр нь яахаараа хүн цохидог юм гээд мөр лүү нь 2 удаа цохисон чинь цаашаа, надад битгий хүрээд бай гээд миний хацар луу цохисон. Миний хацар хавдсан. Энэ үед би чамайг цагдаад өгнө явуулахгүй гээд машиных нь түлхүүрийг авах гээд хаалгыг нь онгойлгох үед Бямбажав араас ирээд намайг мөрнөөс татаад газарт унагаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
2.Гэрч Ч.Анхзаяагийн ... Би 2018 оны 12 сарын 16-ны өдөр гэртээ байж байтал 18 цагийн үед манай хашаанд хүн юм буулгах гээд ирлээ гээд аав хашааны хаалга онгойлгох
гээд гарсан. Удалгүй аав орж ирээд Бямбажав юм буулгах гээд ирчихлээ гэтэл ээж хувцасаа өмсөөд гарсан. Удалгүй ээж орилох шиг болохоор нь гартал ээж Бямбажав зодчихлоо цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан. Тухайн үед ээж хацраа бариад хацар руу цохичохлоо гээд байсан. Дараа нь ээжийн хацар хавдсан, үүдэн доод шүд нь хөдөлсөн, гар, бугалга нь хөхөрсөн байсан" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
3. Гэрч Л.Чинбатын ... “манай эхнэр Ууганбаяр энэ намайг зодчихлоо гээд байсан. Би ачаа буулгах гэж ирсэн хүнийг чи яагаад хөгшин хүнийг зодсон юм бэ гэтэл ахаа би зодоогүй шүү дээ гээд байсан. Ингээд эхнэр цагдаа дуудаад тэд нар цагдаа руу явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
4.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтийн ... “Л.Ууганбаярын биед тархи доргилт, нүүр цээж, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд 3-р шүдний булгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 -р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Л.Ууганбаяр нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанын хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч С.Быг 2018 оны 12 сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сум Говил багийн нутагт байрлах “Залуус шим Грави” ХХК-ний хашаанд иргэн Л.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Л.Ууганбаярын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, гэрч Б.Батбаяр, Ё.Лхагва, Л.Чинбат нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б 2018 оны 12 сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сумын Говил багийн нутагт байрлах “Залуус шим Грави” ХХК-ний хашаанд иргэн Л.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Л.Ууганбаярт учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, С.Бын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигонхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС