Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00495

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр Дуга 210/МА2024/00495

 

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04346 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Аын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.Гд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 89,071,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.А нь М.Гтэй 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0298 бүртгэлийн дугаар Зээлийн гэрээ-г 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд, хоногийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 0342 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, гэрээгээр 13,950,000 төгрөгийг 14 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд, хоногийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0090 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, гэрээгээр 5,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай тус тус бичгээр байгуулсан ба 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр амаар тохиролцож, 6,000,000 төгрөгийг тус тус зээлсэн болно.

1.2. Хариуцагч зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг, алданги 17,700,000 төгрөг нийт 53,100,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 13,950,000 төгрөг, хүү 9,765,000 төгрөг, алданги 6,975,000 төгрөг, нийт 30,690,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, нийт 89,071,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.Ааас миний бие зээл авч, төлж байсан. 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 13,950,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус авсан.

2.2. Нэхэмжлэлд 3 зээлийн гэрээний талаар дурдсан байна. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай зээл олгосон гэж дурдсан боловч энэ гэрээгээр 30,000,000 төгрөг зээлдэж аваагүй. Дансны хуулгаар нотлогдоно.

2.3. Анх мөнгө авах үед эргэн төлөх хугацаа, хүү, алданги тооцох талаар яригдаагүй тул нэхэмжлэлд дурдаад байгаа хүү, алдангийг тооцох үндэслэлгүй. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5,000,000 төгрөг дээр хүү, алданги тооцохгүй гэсэн. Үүнд маргахгүй. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 13,950,000 төгрөгийн 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 0.1 хувийн алданги дээр маргах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус зааснаар хариуцагч М.Ггээс 63,179,315 /жаран гурван сая нэг зуун далан есөн мянга гурван зуун арван таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,891,685 /хорин таван сая найман зуун мянга ерин нэгэн мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603 305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ггээс 473,847 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчаас 89,071,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 63,179,315 төгрөгийг хангаж, төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Ингэж шийдвэрлэхдээ Үндэслэх хэсгийг 6 дахь хэсэгт Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, гэрээний хугацаа дуусгавар болж зээлдэгч өмнөх зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байхад дахин зээл олгосон нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж байсан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэн 25,845,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 12,922,500 төгрөгийг 50 хувиар бууруулахаар шийдвэрлэв гэж дурдаж, алданги болох 12,922,500 төгрөгийн 50 хувь 6,461,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

4.3. Хариуцагч тал алдангийн хэмжээ их байна гэж маргадаггүй бөгөөд алдангийн хэмжээг багасгах талаар шүүхэд хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Шүүгч өөрийн санаачилгаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна.

4.4. Түүнчлэн 12,922,500 төгрөгийн алдангийг хэрхэн анзын хэмжээ илт их байна гэж үзсэн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид нийтдээ 54,950,000 төгрөг шилжүүлээд одоо хүртэл авч чадаагүй байгаа зөрчигдсөн эрхийг анхаарч үзээгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/04346 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 69,640,565 төгрөгөөр хангуулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89,071,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Гтэй 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0298 дугаар Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Б.А нь 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр,

 

3.2. Мөн талууд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 0342 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 13,950,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0089 дугаар Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 0342 дугаар Зээлийн гэрээ-ний хугацааг 8 сараар сунгасан,

 

3.3. Түүнчлэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0090 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.А нь 5,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ./хх-5, 6-7, 9-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281.1 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4. Зохигч талууд хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 32,306,250 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 25,873,065 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, нийт 63,179,315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дүгнэлт өгөхгүй.

 

5. Нэхэмжлэгчийн ...алданги 12,922,500 төгрөгөөс 50 хувь багасгаж, 6,461,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

5.2. Анхан шатны шүүх 25,845,000 төгрөгийн алдангийн 50 хувьтай тэнцэх 12,922,500 төгрөг гэж алдангийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.3. Хариуцагчийн төлбөл зохих алдангийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан эрх хэмжээнийхээ хүрээнд 50 хувиар бууруулж, хариуцагчаас 6,461,252 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

5.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгахад хариуцагч талаас энэ талаар сөрөг нэхэмжлэл эсхүл хүсэлт гаргахыг шаардахгүй бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР