Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02191

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр Дуга210/МА2023/02191

 

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04834 дугаар шийдвэртэй,

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

ДХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, М ХХК, М.Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,113,068,834.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Есүжин, Э.Ариунсайхан, хариуцагч ДХХК, Б.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруултөгөлдөр, хариуцагч Мэйнстрийт акюзишнс ХХК, М.Т нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ДХХК, Мэйнстрийт акюзишнс ХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, М.Т нар нь О ББСБ ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,400,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаатай зээлсэн. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан зээлийг хүүг сарын 2,7 хувийн хүүтэй болгон бууруулж, гэрээний хугацааг 365 хоног болгож шинэчлэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ130108000299 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Мэйнстрийт акюзишнс ХХК/-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203009698 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 38 тоот хаягт байрлах, 1260 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай объект, уг хаягт байрлах Э-2203001586 дугаарт бүртгэгдсэн 1460700153 нэгж талбарын дугаартай 750 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, QTZ80, QTZ63 маркийн цамхагт крануудыг БГ130108000299, БГ130108000299-1 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

Зээлийн гэрээний 2.5-д Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол Хавсралт-1-д заасан хуваарийн дагуу төлнө, 2.9-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрзн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө, 4.2.1-д Зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг cap бүр Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

1.2. Гэтэл зээлдэгч ДХХК, Мэйнстрийт акюзишнс ХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, М.Т нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээлийн үлдэгдэл 1,399,999,999.38 төгрөг, хүү 340,579,177.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,895,911 төгрөг буюу нийт 1,756,475,088.26 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын үйлчилгээний төлбөрт 42,000 төгрөгийн зардал гарсан.

Иймд зээлдэгч ДХХК, Мэйнстрийт акюзишнс ХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, М.Т нараас нийт 1,756,517,088.26 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.

1.3. Хариуцагч нар нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш огт төлөлт хийгээгүй байна. 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 1,963,691,517.07 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.Үүнд: үндсэн зээл 1,399,999,999.38 төгрөг, хүү 515,805,478.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,844,038.95 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 207,174,428.81 төгрөгөөр ихэсгэж байна. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 1,963,691,517.07 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү.

1.4. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 2,113,068,834.16 төгрөгийн төлбөр үүссэн байна.Үүнд:үндсэн зээл 1,399,999,999.38 төгрөг, хүү 640,079,450.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,947,384.04 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 149,377,317.09 төгрөгөөр ихэсгэж байна. Хариуцагч ДХХК, Мэйнстрийт акюзишнс ХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, М.Т нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,113,068,834.16 төгрөгийг тус тус тэнцүү хэмжээгээр гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т.Наран-Эрдэнийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ДХХК нь О ББСБ ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ20/252 дугаар зээлийн гэрээ байгуулж, 1,400,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд миний бие энэ гэрээнд гарын үсэг зураагүй тул эргүүлэн төлөх үүрэг хүлээх ёсгүй.

Миний бие уг гэрээг байгуулсан ДХХК-д хувьцаа эзэмшиж байгаагүй ба энэ зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй. Энэ үйл баримтыг зээлийн гэрээнд оролцсон буюу гарын үсэг зурсан этгээдүүдээс харж болно. Тийм учраас надаас зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт шаардсаныг ойлгохгүй байна.

2.2. Харин нэхэмжлэлд дурдагдсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэх тал болгож, надаар гарын үсэг зуруулсан. Гэвч нэхэмжлэгч Очир ндраа ОМЗ ББСБ ХХК нь уг гэрээнд заасан зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,400,000,000 төгрөгийг бидэнд шилжүүлээгүй.

2.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл. журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэгэнт зээлийн мөнгөн хөрөнгийг бидэнд шилжүүлээгүй тул зохигч нарын хооронд байгуулагдсан 2022 оны зээлийн гэрээг бодитоор байгуулагдсан хэлцэл гэж үзэх боломжгүй бөгөөд зээл аваагүй, авч ашиглаагүй надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор ДХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг надад хэлж байсан. Нэгэнт тухайн гэрээг хүчин төгөлдөр эсэх асуудлаар иргэний хэрэг үүссэн байх учраас тухайн хэргээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж би ойлгож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Т.Н миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

3. Хариуцагч ДХХК, А.Б, Б.Бб, Б.Бо нарын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Талуудын хооронд 2020 онд зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу компанид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн. Үүний дагуу зээлийн харилцаа үүсээд явж байсан. Харин 2022 оны зээлийн гэрээний дагуу бид мөнгө аваагүй, захиран зарцуулаагүй. Талуудын хооронд 2020 оны зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоо бол байгаа.

Харин 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр бид мөнгө аваагүй бөгөөд үүнийг баримтаар нотолсон. Гэрээнд банкны дансанд зээлийг шилжүүлэх талаар заасан. Улмаар уг дансанд мөнгө ороогүй баримтыг хуулгаар гаргаж өгсөн байдаг. Хариуцагч Т.Н бол 2020 оны гэрээний оролцогч биш. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 18-ны гэрээнд оролцогч болсон байдаг. Гэтэл мөнгө аваагүй байж төлбөр төлөх болж байгаа нь үндэслэлгүй. Бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул энэ талаар тайлбар гаргаж байна. 2022 оны зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээл шилжүүлээгүй. Нэхэмжлэгчээс зээл шилжүүлсэн баримтыг гаргаж өг гэхээр 2020 оны баримтыг л гаргадаг.

3.2. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй гэдэг. Бид зээл олгох тусгай зөвшөөрлийн талаар маргаагүй. Зээл олгосон үйл баримтыг нотлогдохгүй байгаа бөгөөд өөр дээрээ байгаа дансанд шилжүүлж өгөх талаарх албан тоотыг гаргаж өгсөн байдаг. Тусгай зөвшөөрөл дээр байгаа цахим төлбөр тооцоо хийх эрхийн хувьд цахим төлбөр тооцооны хуулийн 4-т зааснаар банк дахь дансыг ашиглаж гүйлгээ хийхийг хэлнэ гэж хэлсэн. Зээл олгосон бол банкаар дамжих ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.8-д төлбөр тооцоо хийх эрхтэй этгээд гэж хэнийг хэлэхийг заасан. 1,4 тэрбумыг шилжүүлж байгаа бол яагаад төлбөрийн баримт үйлдэхгүй байгаа юм. Зээл олгосноо нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.5-д төлбөрийн дансны талаар зохицуулсан байдаг. Албан тоотоор зээл олгосон гээд захиран зарцуулаад байгаа нь үндэслэлгүй.

3.3. Хэрэв гэрээний хугацааг сунгасан бол өөр гэрээ байх ёстой. Зээлийн хүү багассан гэх боловч 2022 оны зээлийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ юм. Хуулиар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээдэг. Мөнгө шилжүүлээгүй байж зээлийн гэрээний үүрэг шаардахгүй юм. Шинэ зээл гэж 2022 оны гэрээгээр шаардаж байгаа боловч 2020 оноос эхэлсэн дансны хуулга гэж гаргаж өгсөн нь ойлгомжгүй юм.

Цахимаар зээл олгох төлбөр тооцоо хийсэн юм бол энэ талаар хүсэлт, төлбөрийн даалгавар гэх мэт баримтаа гаргах ёстой. Харилцах данс нээсэн эсэх талаар баримтаа гаргачих гэсэн бөгөөд бид данс нээлгэх хүсэлт гаргаж байгаагүй. Зээлийн гэрээний 2.7-д зээл хүлээн авах дансыг заасан байдаг. Дансны хуулганаас харахад зээл шилжүүлсэн, зээл олгосон баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж баримтаа өгөх үүрэгтэй байдаг гэжээ.

 

4. Хариуцагч, хариуцагч Мэйнстрийт акюзишнс ХХК-ийн төлөөлөгч М.Тулгын татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Бусад хариуцагч нарын тайлбарыг дэмжиж байна. 2020 онд анх зээлийн харилцаа үүссэн. Энэ гэрээний дагуу зээлдэгч нар нь төлбөр төлсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч талаас гаргасан хуулгаар нотлогдоно. Гэтэл 2022 онд гэрээ байгуулаад өмнөх зээлийг төлүүлэх зорилгоор 1,4 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийг дансанд олгож, буцаагаад таталт хийчихсэн байдаг. Үүнээс үзэхэд зээлийг авч ашиглаагүй байгаа нь нотлогдож байна. Банк, эрх бүхий хуулийн 19.5-д зааснаар зээл олгогдоогүй, шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй үндэслэлтэй.

2022 оны 04 дүгээр сарын 18-ны гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр 1,4 тэрбум төгрөгийн зээлийг дахин авахыг болон гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар эргэлзээтэй бөгөөд нэгэнт талууд маргаагүй, маргах боломжгүй юм. Хуулбар баримтыг гэрчлүүлж оруулснаар шаардлага хангасан баримт болоод байгаа юм.

4.2. Иймд уг баримт нь шийдвэрийн үндэслэл болохгүй. Учир нь зээл авах талаар шийдвэр гараагүй байна. Зээлийн гэрээнд хувьцаа эзэмшигчийн хувиар гарын үсэг зураад байгаа юм уу эсхүл зээлдэгчээр оролцож байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Миний ойлгож байгаагаар бол иргэний хувиар оролцоод байна. Уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус талаар шүүх дүгнэлт хийх учиртай.

4.3. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2 удаа нэмэгдүүлсэн бөгөөд үүнийг хангах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн ТУЗ-н тогтоолоор гүйцэтгэх захирлын эрхийг шилжүүлсэн байдаг. н.Болор нь итгэмжлэл олгохдоо хугацаа заагаагүй тул 1 жилийн хугацаанд хүчинтэй. Улмаар хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр шаардлагыг нэмэгдүүлсэн тул үндэслэлгүй.

Тодруулбал, н.Болорт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаар түүний төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хугацаа дуусна. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаад нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Зээлийн гэрээг цуцалж байгаа бол Иргэний хуульд заасан гэрээг цуцлах журамд нийцэж байгаа эсэхийг шүүх дүгнэх учиртай. Гэрээг цуцлах талаар дахин мэдэгдээгүй бол цуцлах эрхээ алдана. Мэдэгдлийг ДХХК-д өгдөг боловч хариуцагч Мэйнстрийт акюзишнс ХХК болон М.Тд мэдэгдэж байгаа юм. Нэхэмжлэл гаргахдаа М.Тулгыг хариуцагч гэдэг боловч гэрээг цуцлахдаа мэдэгдээгүй, мэдэгдэл өгөөгүй байж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мэдэгдэлгүй гэрээг цуцалсан тул үүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох талаар хуульд заасан байдаг. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

4.4. Гэрээнд мөн адил хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаатай уялдуулан тохиролцсон байдаг. Гэрээг цуцалсан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцоогүй. 2022 оны зээлийг аваагүй. 2020 оны гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдсөн. Нэхэмжлэгч нь хуульд нийцүүлэн нэхэмжлэл гаргах ёстой. Өрийн удирдлагын тухай хууль нь энэ хэрэгт хамааралгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч н.Бямбасүрэн нь зээл олгоод автоматаар татагдсан гэсэн бол төлөөлөгч Есү-Үжин нь өмнөх зээлийг хаахаар гэрээ хийсэн гэж байна. Үүнээс үзэхэд бодитойгоор зээл олгогдоогүй байна. Зээлийн төлөлтийг татан авахад хариуцагч нараас зөвшөөрөл авсан юм уу, мэдэгдсэн баримт байгаа юм уу. Өөрийн эрх мэдэлд байдаг дансанд хийгээд татаж авсан байна. Гэрээг цуцалсан ч гэсэн хүү нэхнэ гэж байна. Гэтэл гэрээгээр энэ талаар тохиролцоогүй. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг гаргаагүй гэж байгаа ба энэ талаар сөрөг гаргах бол үр дагавар шаарддаг юм. Дээд шүүхийн 2023 оны тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т тайлбарласан бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй тул шүүх уг хуулийг хэрэглэх боломжгүй. Газрыг барьцаалсан гэрээ хүчинтэй болоогүй байна гэв.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ДХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, Мэйнстрийт акюзишнс ХХК, М.Т нарт холбогдох 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 2,113,068,834.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,109,394.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04834 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийнхээ хүрээнд энэхүү гомдлыг гаргаж байна.

ДХХК, Мэйнстрийт акюзишнс ХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, М.Т нар нь О ББСБ ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ130108000299 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,400,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулан барьцаалсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

6.2. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Үүнд,

- Талууд 2020 болон 2022 онд зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан.

Гэтэл анхан шатны шүүх 2020 оны гэрээг дүгнээгүй, мөн 2022 оны гэрээ хүчингүй, мөн барьцааны гэрээ хүчингүй гэж илт хуульд нийцэхгүй шийдвэр гаргаж, манай байгууллагыг 2,1 тэрбум орчим төгрөгөөр хохироож, үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байдалд оруулж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргахад 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23689 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулиар олгосон нэхэмжлэлийн шаардлагыг нотлох боломжийг хязгаарласан.

Зээл олгосон үйл баримтыг нь манайд цахим хэлбэрээр байгаа тул тухайн үед Монголбанкинд илгээсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл уг хүсэлтийг хангаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д зээл бодитоор олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

- 2022 оны зээлийн гэрээ байгуулах хүсэлт, зээл шилжүүлсэн баримтыг тус тус цахим хэлбэрээр манай байгууллагад хадгалагдаж байгаа, цаасан суурьтай баримт нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд эхээрээ архивлагдаж байгааг гаргуулах хүсэлт гаргасан.

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь мөн зээл олгосон тухай баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа. Харин Монголбанкинд цаасан хэлбэрээр байгаа тухай тайлбарлаж, дээрх хүсэлтийг гаргахад үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

6.3. Хариуцагчаас гаргасан зээл олгосон баримтыг гаргуулах тухай хүсэлтийг нотолгооны хуваарилалтаар нэхэмжлэгч нотолно гэж дүгнэсэн атлаа уг үйл баримтыг шууд нотлох агуулгатай хүсэлтийг хангаагүй.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан хүсэлтийг дэмжсэн агуулгатай тайлбарыг гаргасан уг баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтыг гаргуулах нэгдмэл хүсэл зоригтой байсан нь талууд хүсэлт гаргаж байгаатай адилтгах боломжтой. Гэтэл шүүх хангаагүй.

Шүүх хэргийн оролцогчдоос гаргасан хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа нотлоогүй байна гэж нэхэмжлэгч байгууллагыг хохироож байгаад гомдолтой байна.

6.4. Нэхэмжлэгч талаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийг гаргахад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24442 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ...Хариуцагч нь төлбөрийн чадваргүй болох, хөрөнгө нуун дарагдуулах магадлалтай, эсхүл шүүхийн шийдвэрийг түргэн шуурхай гүйцэтгүүлэх зэрэг нөхцөлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авдаг, ...хэргийг шүүх хуралдаан зарлагдсан тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг давхар авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл тухайн арга хэмжээг авах ач холбогдолгүй болсон байна. гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нэхэмжлэгчийн хүсэлтээр уг арга хэмжээг авна гэж зохицуулсан. Түүнээс төлбөрийн чадваргүй болох, хөрөнгө нуун дарагдуулах магадлалтай, эсхүл шүүхийн шийдвэрийг түргэн шуурхай гүйцэтгүүлэх зэрэг нөхцөлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авдаг, ...хэргийг шүүх хуралдаан зарлагдсан тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг давхар авах шаардлагагүй гэх агуулга байдаггүй.

Өмнө нь уг хүсэлтийг гаргахад шаардлагатай гэж үзэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан атлаа сүүлд шаардлагагүй гэж дүгнэж байгаа нь шүүгч дотоод итгэл үнэмшил нь өөрчлөгдсөн болохыг нотолж байна.

Гомдол шийдвэрлэсэн тогтоолд дурдсан хэнээс юу шаардаж байгаагаа тодруулан дахин гаргахад логикийн зөрчилтэй шийдвэр гаргасан.

6.5. Хариуцагч зээл бодитой олгогдоогүй гэж тайлбарлаж байгаа боловч 2022 оны зээлийн гэрээний үүргийг тодорхой хэмжээнд, бодитоор, харьцангуй байдлаар гүйцэтгэж зээлийн төлбөр төлсөн нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар тогтоогддог. Үүнээс үзвэл гэрээ бодитой байгуулагдсан буюу уг гэрээний үүргийг биелүүлэх, 2020 болон 2022 оны зээлийн гэрээний уялдаа холбоог ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, хүсэл зоригийн үндсэн дээр 2022 оны гэрээний үүргийг хүлээсэн гэж үзнэ.

6.6. Нэхэмжлэгч нь цаашид 2022 оны зээлийн гэрээгээр шаардах эрхгүй, мөн барьцааны гэрээ хүчингүй гэх дүгнэлтийг хийсэн. Ямар хуулийн зохицуулалтаар хүчингүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Бид цаашид зээлийн гэрээний үүргийг яах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. 2023 оны 2 дугаар сард нэхэмжлэл гаргасан байхад энэ хугацаанд 1 удаа шүүх хуралдаан хийж, талуудын гаргасан бүх хүсэлтийг татгалзаж, 2 дахь хурлаар шууд шийдвэрлэсэн. Мөн 2 дахь хурал дээр гаргасан хүсэлтийг бас татгалзсан. Шүүхийн зээлийн маргаан шийдвэрлэх жишигт өмнөх зээлийн үүрэг, сүүлийн гэрээний зээлийн үүрэг зэрэгт нэг мөр дүгнэлт хийж шийдвэрлэж, олон дахин процесс үүсгэхгүй нэг мөр шуурхай шийдвэрлэдэг. Гэтэл шүүх маш ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг баримталсан байна.

Нөгөө талаар 2020 болон 2022 оны зээлийн гэрээг тус тусад нь дүгнэж шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд барьцааны зүйл чөлөөлөгдөх, улмаар 2020 оны зээлийн гэрээг дүгнүүлэх үед 2022 оны зээлийн гэрээний шийдвэрийн эрх зүйн үр дагавар сөргөөр нөлөөлж барьцааны зүйл үгүй болж гэрээний үүргийг хангуулах боломжгүй болох, 2022 оны гэрээг шийдсэн шийдвэрийн үйл баримтад захирагдах зэрэг нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчих үр дагавар үүсэх тул зээлийн маргааныг бүхэлд нь дүгнэж шийдвэрлэх нь маргааныг үнэн зөв, үндэслэлтэй, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэх ач холбогдолтой байна.

6.7. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн яриагүй зүйлийг ярьсан мэтээр тэмдэглэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Зээлийг хариуцагчид олгосон, хариуцагч өөрийн хүсэл зоригоор захиран зарцуулсан байхад шүүх зээлдүүлэгч өөрөө зээл хаасан мэтээр удаа дараагийн тэмдэглэлд тусгасан нь өөрийн шийдвэрийг баталгаажуулах зорилготой байна.

Давж заалдах гомдол гаргах өдрийг хүртэл анхан шатны шүүхийн эш татсан тэмдэглэлтэй танилцаж чадаагүй, тэмдэглэл гараагүй байсан.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч ДХХК, Б.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н нараас гаргасан тайлбарын агуулга:

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж заасан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой татгалзлаа илэрхийлэх гэсэн юм.

2020, 2022 оны гэрээг хамтад шаардаж байгаа эсэх, үүнтэй холбоотой татгалзлын үндэслэлээ тайлбарлая гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр талд тусгагдсан.

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020, 2022 оны гэрээ тусдаа гэрээ, өөр харилцаа гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ийм тайлбар өгсөн нь авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан учраас 2022 оны зээлийн гэрээгээр ямар нэгэн төлбөр авч ашиглаагүй гэх татгалзлаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотой 2022 оны зээлийн гэрээгээр 1,400,000,000 төгрөг авснаа илэрхийлсэн. Энэ зээлийн гэрээ дуусгавар болоогүй, энэ гэрээнд зааснаар талууд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар гэрээ дүгнэх ёстой зүйл байгаа гэдгийг хариуцагч нарын зүгээс илэрхийлсэн. 2,100,000,000 төгрөг эсхүл 1,400,000,000 төгрөгийн зээл аваагүй гэж маргаагүй.

7.2. Шүүхээс нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д энэ гэрээ 2020 оны зээлийн гэрээг дүгнээгүй, 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээтэй холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж тусгасан. Энэ зээлийн гэрээний дагуу талууд эвийн журмаар эсхүл шүүхийн журмаар шийдвэрлүүлэх ажил байгаа. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийнг 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч талаас 2022 онд зээлийн гэрээ байгуулсан бол энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч зээлийн гэрээтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй учраас бидний гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох баримтуудыг гаргаж өгөх хугацаа байсан.

7.3. 2022 оны зээлийн гэрээний дагуу бид зээлийг бодитой авах хүсэл зориг байсан. Тухайн зээлийн мөнгийг дансанд шилжүүлээд, захиран зарцуулах эрх олгосон бол бид үүнтэй маргахгүй. Бидний зүгээс 2022 оны гэрээний 2.1.7-т заасан ДХХК-ийн данс руу мөнгө ороогүй талаарх баримтыг гаргаж өгсөн. 2020 зээлийн гэрээний 2.4-т заасан бэлнээр болон бэлэн бусаар О ББСБ ХХК-ийн Хаан банк ХК дахь данс руу зээлийг хаасан нэг ч төгрөгийн гүйлгээ хийгээгүй. Гэрээний асуудал ярьж байгаа бол дансны хуулганд дүгнэлт хийх ёстой. 2020 оны зээлийн гэрээ хаагдсан бол 2020 оны зээлийн гэрээний 2.4-т байгаа зээл хаах данс буюу зээлийн төлөлт хийх дансанд орж баталгаажих ёстой. Бэлнээр мөнгө тушаасан бол энэ талаарх баримт байх ёстой. 2022 оны зээлийн гэрээний дагуу зээл олгож байгаа бол зээлийн гэрээний 2.1.7-д заасан зээл авахыг зөвшөөрч байгаа дансанд мөнгийг шилжүүлээд зээлийг захиран зарцуулах буюу ашиглуулах ёстой байсан. 2020 оны зээлийн гэрээг шүүхээс дүгнээгүй. Үүнтэй холбоотой тайлбарыг хэлээгүй.

7.4. Зохигч нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Бид 2020 оны зээлийн гэрээг ашигласан гэх тайлбарыг хэлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийг ашиглах хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл 2020 оны зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран хэдий хугацааны хүү бодогдох вэ, энэ зээл хэзээ дуусгавар болох вэ гэдэг нь гэрээгээр зохицуулагдана. 2022 оны зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч Мэйнстрийт акюзишнс ХХК, М.Т нараас гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч талаас хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч зээл олгосноо нотлох үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч өөрийнхөө байгуулсан гэрээг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан өөрөө олж авах боломжгүй нөхцөл байдал бүрдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийг шүүх хангаагүй нь анхан шатны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

8.2. Нэхэмжлэгч тал яриагүй зүйлийг ярьсан мэтээр тэмдэглэлд тусгасан гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан.

Шүүх хуралдааны тэмдэглэлд яриагүй зүйлийг тусгасан бол 3 хоногийн дотор тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. 2 дахь шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн гэдгийг ойлгосонгүй. Хариуцагч нарын зүгээс шүүхэд хүндэтгэлтэй хандаж, хэргийг хурдан шийдвэрлэсэн нь шүүхийн буруу биш.

8.3. Мөн хэргийг нэг мөр шийдвэрлээгүй гэсэн байна. Барьцааны гэрээгээр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг нэг барьцааны гэрээгээр барьцаалсан. Энэ гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч газар нь бүртгэгдээгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заасан.

Үл хөдлөх эд хөрөнгө болон газар бүртгэгдсэн байхад шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой юм уу гэдэг зүйл яригдана. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ заасан гэж тус тус заасан.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэчихвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дуудлага худалдаа зохион байгуулна. Дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээд газрыг авлаа гэж бодоход тухайн газар нь хариуцагчийн эзэмшлийн газар хэвээр байна. Барьцаа хөрөнгийн хувьд бодит байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй, нөгөө талаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигчийн эрх зөрчигдөнө.

8.4. Хариуцагч Мэйнстрийт акюзишнс ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас өөрсдийнхөө байгуулсан гэрээг Монголбанкнаас шүүхийн журмаар гаргуулах гэсэн хүсэлт нь ойлгомжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч ДХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, М ХХК, М.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,113,068,834.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ20/252 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр О ББСБ ХХК нь 1,400,000,000 төгрөгийг жилийн 38,4 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаатай зээлдүүлж, ДХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, М ХХК, М.Т нар нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх 13-17/

 

3.б. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ130108000299 дугаар Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 1,400,000,000 төгрөгийг жилийн 32.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, ДХХК, А.Б, Б.Бб, Б.Бо, Т.Н, М ХХК, М.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлөхөөр тохиролцсон ба мөн өдөр БГ130108000299, БГ130108000299-1 дугаар Барьцааны гэрээ-үүдийг байгуулж, тус гэрээгээр Мэйнстрийт акюзишнс ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203009698 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 38 тоот хаягт байрлах, 1206 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай объект, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 38 тоот хаягт байрлах, Э-2203001586 дугаарт бүртгэгдсэн 1460700153 нэгж талбарын дугаартай 750 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, QTZ80, QTZ63 маркийн цамхагт крануудыг барьцаалсан байна./хх 18-26/

 

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

4.а. Анхан шатны шүүх талуудын хооронд 2020 онд болон 2022 онд тус тус зээлийн гэрээ байгуулсан үйл баримтыг дүгнэсэн атлаа уг зээлийн гэрээ нь хоорондоо шалтгаант холбоотой эсэх, 2020 оны зээлийн харилцаа дуусгавар болсон эсэх, 2020 оны зээлийн гэрээнээс хойш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хэдэн төгрөг төлсөн эсэх үйл баримтыг тогтоохгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч нь талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ20/252 дугаар Зээлийн гэрээ байгуулагдсан энэ гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдөөгүй талаар үйл баримтыг үгүйсгэж маргаагүй атлаа 2022 оны зээлийн гэрээгээр 2020 оны зээлийн гэрээгээр олгосон зээлийг хаасан гэж тайлбарласан байхад дээрх зээлтэй холбоотой баримтыг нэгтгэн дүгнэхгүйгээр 2020 оны зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

 

4.б. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргааныг нэг мөр шийдвэрлэхийн тулд 2020 оны зээлийн гэрээтэй холбоотой үйл баримтыг тогтоож, мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

 

Шүүх, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, талуудыг мэтгэлцүүлэн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцнэ.

5. Дээрх ажиллагааг авж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04834 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,109,394 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР