| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0048/э |
| Дугаар | 0043 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1925000340016 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот “Эмээлт” гэх газарт байрлах махны үйлдвэрт мах чанагч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 8-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт Д.Батсайханыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Д.Батсайхан ... “Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагт Говил багаас зохион байгуулсан “Эгшиглэн” соёлын төвд болсон шинэ жилийн арга хэмжээнд ганцаараа очсон. Тэнд байх хугацаандаа би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд ганцаараа “Эгшиглэн” соёлын төвөөс гараад хамаатны ах болох Нэргүйгийнд очиход гэрт нь хүн байхгүй байсан болохоор нь гэр рүүгээ явж байхдаа найз Бат-Эрдэнэтэй тааралдаад явж байхад Бат-Өлзийгийн хүү болох Энх-Амгалан “юу яриад яваа юм бэ” гээд Бат- Эрдэнийн цээжин нь гараараа нэг удаа цохиод газар унагаагаад эргэж хараад намайг барьж аваад хавсарч унагаагаад учир зүггүй нүүр рүү хөлөөрөө нилээд олон удаа өшиглөсөн. Толгой нүүр хэсэг рүү их өшиглөөд би 2 гараараа толгой нүүрээ хаасан. Тийм учир миний гар хугарсан байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-р хуудас/
2. Хохирогч Д.Батсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 8-11-р хуудас/
3. Гэрч Д.Оюундалай ... “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр санагдаж байна. Манай төрсөн дүү Батсайхан нь 12-01 цагийн хооронд хувцас нь бөөн шороо болсон, нүүр нь битүү цус болоод хавдсан, хөмсөгөөс нь цус гарсан хоёр гар нь битүү хавдсан байдалтай, нэг гартаа хүргэхгүй орилоод байсан. Батсайхан нь “намайг Өлзийгийн хүү Амгаа зодсон” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
4.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтийн ... “Д.Батсайханы биед зүүн шууны богтосны ясны далд хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/
5. Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... “2018 оны 12 сарын 29-ний өдөр 20 цагийн үед манай хүргэн ах болон Энхдөлийн төрсөн өдөр байсан болохоор Говилийн эцэсийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Ерөөл архи аваад хүргэн ах Энхдөлийн гэрт очиход Энхдөл ах хоёр охины хамт байж байсан ба Энхдөл ах бид хоёр миний авчирсан архийг хувааж уугаад би нилээн согтоод хүргэн ах намайг хоноод яв гэсэн боловч би ганцаараа гэр рүүгээ гараад явсан. Батсайхан ахыг сайн мэдэхгүй, гэхдээ зүс таньдаг, би эрүүл байсан бол Батсайхан ахыг зодохгүй байсан учир Батсайхан ахтай мэнд устай ямар нэгэн өш санасан зүйл байхгүй. Батсайхан ах хорхойд хоргүй хүн байгаа юм. Би Батсайхан ахыг зодсондоо харамсаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Би согтуудаа л ийм хэрэг хийсэн. Тэрнээс Батсайхан ахыг зодоод байх шалтгаан надад байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.
Хохирогч Д.Батсайхан “гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Батсайханы мэдүүлэг, гэрч Д.Оюундалайгийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт Д.Батсайханыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овогт Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС