Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00406

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн  Өндөрхангай сумын 3 дугаар багт оршин суух, 1955 онд төрсөн, эмэгтэй, ОК55060809 регистрийн дугаартай, Тугч овогтой Чойжанцангийн Цэгмэдийн,

      Р.Батбатаартай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Цэгмэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн иргэн Чойжанцангийн Цэгмэд би тус сумын Цалуу багийн иргэн Ранжамбын Батбаатартай 1998 онд хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаандаа тус сумын Цагааннуур багийн иргэн, өөрийн охин Даваацэцэгийн Бадамжунайг үрчилж авч өсгөсөн. Миний хамтран амьдарч байсан Р.Батбаатар нь 2016 оны 3 дугаар сард нас барсан тул бидний хүү Б.Бадамжунайг халамжийн тэтгэвэрт оруулах шаардлагатай байна. Иймд Р.Батбаатар бид хоёрын хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Цэгмэд нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Xэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр Р.Батбаатар, Ч.Цэгмэд нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч тэд 1998 оноос 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч, мөн 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Даваацэцэгийн Бадамжунайг 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Г.Мариуся, С.Оюунжаргал нарын мэдүүлэг, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 46 тоот тодорхойлолт, үрчлэлтийн гэрчилгээ, нас барсний гэрчилгээ, Р.Батбаатар, Ч.Цэгмэд нарын хамтдаа авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд дээр дурдагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1956 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОК56070117, Жанцан овогтой Ранжамбын Батбаатарыг, 1955 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК55060809, Тугч овогтой Чойжанцангийн Цэгмэдтэй 1998 оноос 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэгч Ч.Цэгмэдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1956 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОК56070117, Жанцан овогтой Ранжамбын Батбаатарыг, 1955 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК55060809, Тугч овогтой Чойжанцангийн Цэгмэдтэй 1998 оноос 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.      

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ч.Цэгмэдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА