Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0026

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Р.Мягмардорж

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 1825005200351 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Гүн ургийн овогт Б.Т, Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Сэхүүн чоно” компаний захирал, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн урьд 2003 онд Орхон аймгийн сум дундын шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, / регистрийн дугаар

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Орхон аймаг Жаргалант сумын наадмын талбайн хажууд Р Мягмардоржийн нүүрэн тус газарт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Р.Мягмардоржийн ... “2018 оны 07 сарын 21-ний орой 19 цагийн үед байх би цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Орхон аймгийн Жаргалант сумын Наадмын талбайн хажууд нутгийн танил Очирболдтой юм яриад зогсож байтал зүс таних таних Тэгшээ гэдэг залуу бид хоёрын хажууд ирсэн. Тэгээд надтай юм ярьж байсан. Очирболдтой маргалдах гээд байх шиг байсан. Тэгэхлээр нь би Тэгшээг чи настай хүнтэй маргаад яахав боль гэж хэлсэн. Гэтэл Тэгшээ гэх залуу чамайг эрэмдэг болгоод өгнө шүү гэж надруу заналхийлсэн. Тэгээд шууд үргэлжлүүлээд миний зүүн нүдрүү Тэгшээ гэх залуу их хүчтэй цохиод авсан. Тухайн үед би юугаар цохьсон гэдгийг нь анзаарч хараагүй. Би Тэгшээд цохиупаад шууд газар тонгойн суусан. Миний хамарнаас их цус гарсан Тухайн үед Жаргалант сумын наадам болж байсан юм. Талбайн хажуугаар байсан хүмүүс боль, боль гээд Тэгшээг надаас холдуулсан юм.Тэгээд Тэгшээ яваад өгсөн. Би Тэгшээгийн араас чи хүн гэндүүлж цохьдог муухай залуу юм даа гэж хашгирсан. Тэгээд тэр даруйдаа миний зүүн нүд юм харахгүй хавдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...3үгээр байсан нүдийг маань хэвийн бус болгосон учир би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг / х/х-ийн 14-17-р хуудас/

 

2.  Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 549 дугаартай дугнэлтийн ...“Р.Мягмардоржийн биед зүүн нүдний ухархайн ясны дотор ба доод хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салсад цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний ухайрхайн ясны дотор ба доод хананы хугарал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салсад цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Хамрын таславчны муруйлт гэмтлийг хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн нүдний ухайрхайн ясны дотор ба доод хананы хугарал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салсад цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтлүүд байна. Хамрын таславчийн муруйлт нь шинэ гэмтэл гэж үзэхэд эргэлзээтэй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30-31-р хуудас/

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 617 дугаартай дугнэлтийн “Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 549 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Р.Мягмардоржийн биед зүүн ухархайн доод хана, дотор хананы хугарал, торлогийн дор цус харвалт, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, гэмтлийн гаралтай зүүн нүдний хүүхэн харааны өргөсөл зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гавал тархины компьютерт томографикийн шинжилгээ болон 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нүдний эмчийн үзлэг, 218 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн нүдний эмчийн үзлэгээр тогтоогдож байна. Хүүхэн харааны өргөслийн улмаас үүссэн зүүн нүдний харааны бууралтыг тодорхой хугацааны дараа харааны бууралт хэрхэн өөрчлөгдөх байдлаас шалтгаалан гэмтлийн зэргийг тогтооно. Учирсан гэмтэл нь нүдний хараанд нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг мөн одоогоор тогтоох боломжгүй байна. Гоо сайханд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх 147-148-р хуудас/,

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 669 дугаартай дугнэлтийн “Р.Мягмардоржийн зүүн нүдний харааны бууралт 2018 оны 09 дүгээр сарын 06 болон 26-ны өдрүүдэд өөр өөр байгаа, нүдний эмч нүдний компьютерт томографикийн шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн зэргээс дүгнэлт гаргах боломжгүй байна” гэсэн /хх 56 хуудас/,

            5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 10 сарын 13-ны өдрийн 1104 дугаартай дүгнэлтийн ...“Р.Мягмардоржийн биед зүүн нүдний ухархайн дотор ба доод ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салсад цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл байна. Гэмтэл тус бүрийг салган гэмтлийн зэрэг тогтоовол гэмтэл тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гоо сайхан алдагдах эсэх шүүх эмнэлгийн бус хуулийн ойлголт болно. Орхон аймгийн ШША-ны 549 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Зүүн нүдний торлогт цус харвалт үүссэн нь тогтоогдохгүй байна. Мөн зүүн нүдний хүүхэн харааны өргөсөл, шар толбоны эмгэгшил, харааны 50% бууралт нь гэмтэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт. /х/х 62-64 хуудас/

 

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 1251 дугаартай дүгнэлтийн ... “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 549 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1104 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Р.Мягмардоржийн биед зүүн нүдний ухархайн дотор ба доод ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн зулайн хуйхны цус хуралт, зөөлөн, эдийн няцрал, зүүн нүдний хүүхэн харааны өргөсөл, зүүн нүдний ухархайн ханыг нөхөх хагалгаа хийгдсэн байдал бүхий гэмтэл учирчээ. Энэ нь Р.Мягмардоржид хийсэн шинжээч эмч нарын дүгнэлт болон эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна. Р.Мягмардоржид хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 18-нд Окулопластик эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр баруун нүдний хараа 10 хэвийн, зүүн нүдний хараа 0,5 болж буурсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.1-т зааснаар хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 % нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Р.Мягмардоржийн зүүн нүдний ухархайн дотор болон доод ханыг нөхөх хагалгааны шархны ариун байдал алдагдсанаас үрэвсэж идээлсэн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 157-159-р хуудас /

 

7 Гэрч Ч.Очирболдын ...“Тухайн үед наадам дуусаад гарч явсан. Гэтэл наадмын талбайн гарах хаалган дээр миний таньдаг Бямбацогт таарахаар нь морь чинь түрүүлсэнд баяр хүргэе гээд гар барьчихаад цааш эргэтэл Мягмардорж надтай таарсан. Мягмардорж миний урд явж байсан. Гэтэл Бямбацогтын морины эзэн Тэгшбаяр цаана нь зогсож харагдсан. Ингээд Мягмардорж миний урд явж байгаад Тэгшбаяртай чи хөгшин хүмүүстэй юу ярих гээд байгаан бэ гэхээр нь би араас нь очсон чинь Мягмардорж гараа өргөчихсөн Тэгшбаярыг яах гээд байгаан бэ гэхээр нь би араас нь очоод танихгүй хүнтэй юу ярих гээд байгаан бэ гээд татах үед Тэгшбаяр Мягмардоржийг нүүр лүү нь гараараа цохих шиг болсон. Гэтэл Мягмардорж нүүрээ дараад доошоо суусан. Мягмардоржийн хамраас цус гараад байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 18-20-р хуудас /

 

8. Гэрч Х.Бямбацогтын ... “Би тухайн үед Тэгшбаяртай хамт явж байсан. Очирболд ах Тэгшбаярыг хараад энэ юун залуу юм бэ гээд байсан. Тэгсэн Тэгшбаяр Очирболд ахыг та согтуу байна, настай хүн байж цаашаа яв гэж хэлсэн. Гэтэл Очирболд ах хамт явсан Мягмардорж ах дээр очоод Тэгшбаярыг заагаад юм яриад байсан. Мягмардорж ах Тэгшбаярт хандан мангар бацаан минь тахир дутуу болгоно шүү гээд байсан Тэгж байгаад Мягмардорж ах Тэгшбаярыг зүүн гараараа цохих гээд гараа далайсан. Энэ үед Тэгшбаяр арагш ухарч бултсан. Тэгээд зөрүүлээд Тэгшбаяр Мягмардорж ахын зүүн нүд орчимд нь баруун гараараа нэг удаа цохисон Мягмардорж ах Тэгшбаярт цохиулаад зүүн нүдээ дараад газар тонгойж суусан Хамраас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би Тэгшбаярыг Мягмардорж ахаас салган наадмын талбайгаас холдуулсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 21-23-р хуудас/

 

9. Гэрч П.Нямдоржийн ...“Тэр хоёр юм ярьж зогсож байгаад 2-уулаа чангараад эхэлсэн. Гэтэл Мягмардорж Тэгшбаярыг хөл гарыг чинь хугална шүү мангар бацаан минь гэтэл Тэгшбаяр хөгшин төгцөг минь надад гай болно шүү гээд маргалдсан. Энэ үед Мягмардорж гараараа сугадаад авах шиг болсон. Тухайн үед тэр хоёрын дундуур хүн ороод би сайн харж чадаагүй. Нэг мэдсэн Тэгшбаяр Мягмардоржийг цохичихсон байсан” гэсэн мэдүүлэг. /х-х-ийн 26-р хуудас /

 

10. Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Надад сонсгож байгаа ялыг би ойлгож хүлээн зөвшөөрч байна. Миний зүс таних Мягмардорж ах чам шиг юмыг эрэмдэг болгоод өгнө шүү. Хөл гарыг чинь тас цохиод өгнө шүү гээд надтай маргаад байсан. Тэгэхээр нь би надад гай болно. Настай хүн намбатай бай гэж хэлсэн. Тэгсэн Мягмардорж ах хоёулаа эр хүн шиг үзье гээд миний баруун гарнаас бариад авахаар нь би цочсондоо баруун гараа татаж аваад Мягмардоржийг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёрыг хүмүүс салгасан...Би хүний биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Бодит гарсан зардлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг /х/х-ийн 72-76-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Р.Мягмардорж мэдүүлэхдээ “2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Жаргалант сумын баяр наадамд болоод баярлаж байсан. Зарим хүмүүсийн морь мал түрүүлж сайхан байсан. Манай галын морь түрүүлсэн. Автомашинаар байлуулаад бид нар тэрийг авах гээд баяр хөөртэй цуглараад байж байсан. Цоллогоо эхлээгүй байсан. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг зөрүүтэй байсан. Зарим нэг хүмүүсийг оролцуулаад хэрэггүй байх гэж бодоод оролцуулаагүй. Очирболд гэдэг нөхөр над дээр ирээд наана цаана гээд ярьж байтал Тэгшбаяр ирээд муудалцсан. Тэгшбаяр миний чихэнд эрэмдэг болгоно шүү гэж хэлсэн. Би хүнийг эрэмдэг болгодог хэн бэ гээд жоохон ам зөрөлдсөн. Гэнэт тас гээд явсан. Би доошоо суусан. Дараа нь би хэлсэн чи эр хүн шиг байж чадсангүй гэж. Би далдагнаж байгаа цохиулсан бол гонгиноод явахгүй. Би гэнэдүүлж байгаад цохиулсан. Би дүү хүүд маш их гомдсон. Би 20 насаар ах юм байна лээ. Тухайн үед бөөлжөөд толгой тархи эргээд хэцүү байсан. Ямар ч мэс заслаар эдгэрэх боломжгүй гэсэн. Цаашдаа ч улам муудна гэж байгаа. Монголд энэ хагалгааг цөөхөн хэдэн эмнэлэг хийдэг юм байна лээ. Хэрвээ та удсан бол та хараагүй болох байсан гэж хэлсэн. Амьдралынхаа үлдсэн хугацааг хараад явах юмсан гэж бодсон. Зардал мөнгө өөрөөсөө харамлаагүй. Зарим нэг зардлыг нэхэмжлэлдээ оруулаагүй. 7 сая гаран төгрөгний хохирол гарсан. Энэ нь миний нүдний гэмтэлтэй холбоотой зардал. Дүүг ухамсраараа ойлгоод уучлалт гуйгаад ирэх болов уу гэж харсан ирээгүй. Өмнөх шүүх хуралд уучлалт гуйж байна лээ. Би бүх насаараа эрэмдэг болж байгаадаа харамсалтай байна. Миний зүүн нүдний хүүхэн хараа томорсон. Энэ нь ямар ч мэс ажилбараар эдгэрэх боломжгүй гэсэн. Цаашид эмчилгээнд явна. Гэрчүүдийг худал мэдүүлэг өгүүлэх шаардлага байсан уу, энэ хүнийг өөрийгөө хамгаалах гэсэн асуудал байж болох юм. Үнэн зөв шударга байх ёстой. Энэ хүүг цааш нь явуулах гэсэндээ биш. Залуу хүн ухамсартай, ухаантай байгаасай гэдэг үүднээс хандсан. Ямар нэгэн байдлыг хүндрүүлэх талаас нь хандаагүй. Бодит зардлын баримтыг гаргаж өгсөн байгаа. Хуулийн дагуу шийдэх байх” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн хэрэгт төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутагт Мягмардоржийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Б.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогч өнөөдрийн байдлаар 7.585.082 төгрөгний нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Шүүхээс Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1350 нэгж буюу 1350000  төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс нотлох баримтын дагуу хохирлыг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр урьд Мягмардоржтай муудалцсан асуудалд өс санаж, Очирболдтой маргалдсан үедээ дэмий, хэрэггүй хэлж хэлсэн шаардлагыг үл тоон түүний эрх чөлөөнд халдаж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Зүүн нүдний доод хананы хугарал, зүүн нүдний ухархайн торлогт цус харвалт, нүдний зовхи, алимны салстанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчны муруйлт үүссэн байна. Энэ үзлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Эдгээр гэмтэл нэг цаг хугацаанд, нэг удаагийн цохилтоор үүссэн байх боломжтой гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Энэ гэмтлийн улмаас харааны бууралт үүссэн. Энэ харааны бууралтыг мэс заслын аргаар эмчлэх боломжгүй байдал үүсч байгаа. Цаашид нүдний эмчийн хяналтанд явж байх шаардлагатай үр дагавар үүссэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдагдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна. Шүүхээс 6.599.418 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж байна. Энэ мөнгийг хохирогч цаашид эмчилгээндээ зарцуулна. Шүүгдэгч хохирлыг төлөх нь зүйтэй гэж хэлэхээр байна. Энэ 6 сарын хугацаанд Тэгшбаяраас хохирол төлөх санаачлага гаргаагүй. Өнөөдрийн шүүх хуралд би залуу хүн гэж ярьж байна. Залуу хүн тусмаа ахмад хүнээ хүндэлж ухамсартай хандах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хүнд эрүүл мэндэд учирсан үр дагавар цаашид арилахгүй, үргэлжлээд явах явна. Ухамсартайгаар хандаа чээ гэж хүсмээр байна

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирогч Р.Мягмардоржид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Гэрчийн мэдүүлгийг харахад тухайн нөхцөл байдлыг харуулсан байдаг. Гэм буруугийн үйлдэл бол тодорхой. Хэргийн хувьд гэмт хэрэг үүсгэх болсон шалтгаан хохирогч өөрөө цохих гээд довтолсон. Энэ довтолгооноос өөрийгөө болон ойр дотны хүнээс гэмт халдлагаас хамгаалах үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж эрүүгийн хуулинд заасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг тооцож үзэхэд Санхүүгийн хуулинд зааснаар анхан шатны баримтны огноо нь балартсан байгаа. Энэ баримтыг бүгдийг бодож үзэхэд 6.722.361 төгрөгийн нэмээд хасахад нойллож байх ёстой гэтэл нэг сая гаран төрөгний зөрүү гардаг. Нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг хасахад 3.176.150 төгрөгний хохирол төлөх ёстой гэж гарч байгаа. Гэхдээ шүүх хангах байх. Эрүүгийн хуулийн тайлбарт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг тодорхойлж тайлбарласан байгаа. Эрүүл мэнд гэж юу гэхэд өвчин эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгоно гэж заасан байгаа. Хүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулах  гэдгийг эрүүл мэндийн хохирол гэнэ. Хөнгөн хохирол гэдэг нь эрүүл мэндийн төв байгууллага болон хууль зүйн төв байгууллагын хамтарсан тушаалаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох зааварт зааснаар хөнгөн зэргийг тогтооно гэж байгаа. Хохирлыг мөн адил үнэт зүйл гэж тогтоосон. Е-баримт гэж юу вэ. Е-баримт нь өөрөө гэж гүйлгээ хийгдсэн ажил үйлчилгээ цаг хугацаа, татвар төлсөн хувийг заахаас гадна. Татварын албанаас нэгдсэн дугаар авсаныг е-баримт гэж хэлнэ гэсэн байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргах хангалттай нотлох баримтанд тулгуурлана гэж байгаа. Манай хүний үйлдэл бол тодорхой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тулгуурлан эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тодорхойлдог. Хамгийн гол нь эрүүгийн хуулийн хэр хэмжээгээр зорилт, зарчим нь миний санал болгоод байгаа санааг мөн адил хуулинд заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцогдох үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцох, гэмт хэрэг үйлдэх үе шат, гэмт хэрэг үүсгэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх субъективыг шинжийг тодорхойлсон нь гэмт хэрэг тэдгээрт тохирох ялын төрөл хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцүүлнэ гэж заасан байгаа. Гэрч тодорхой мэдүүлсэн байгаа. Хохирогч өөрөө занал хийлээд хөл гарыг чинь тахир дутуу болгоно гэсэн гээд мэдүүлсэн байгаа. Үйлчлүүлэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн өөрийн нь буруу хохирлын баримтаа гаргаж өгөөгүй. Бид хавтаст хэрэгт авагдсан баримтыг бас судлах шаардлагатай байсан. Шүүхээс тогтоосон дүнг төлнө. Хохирогч бас ахмад хүний хувьд юманд хүлээцтэй хандах шаардлага байсан байх. Прокуророос өндөр торгуулийн ял оногдуулж байна. Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.Мягмардоржийн мэдүүлэг, гэрч Ч.Очирболд, Х.Бямбацогт, П.Нямдорж нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 549 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 617 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 669 дугаартай дугнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1104 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1251 дугаартай дүгнэлт, Б.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Орхон аймаг Жаргалант сумын наадмын талбайн хажууд Р Мягмардоржийн нүүрэн тус газарт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Тт торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Р.Мягмардорж нь гэм хорын хохиролд нийт 7425960 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч “гэм хорын хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө” гэж мэдүүлсэн түүний өмгөөлөгч “гэм хорын хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй 3176150 төгрөгийн баримт байна. Эдгээрийг хасч тооцож өгнө үү” гэж мэтгэлцсэн байна.

 

Шүүх хавтаст хэрэгт хавсаргасан гэм хорын хохирлын баримтуудыг шинжлэн судлаад хавтаст хэргийн 104, 106, 120, 123, 130, 131, 132, 133 дугаар хуудсанд авагдсан шатахууны болон эм тарианы зардалын баримтууд нь он сар болон үнийн дүн тодорхойгүй, гэм хорын хохиролд хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул хэлэлцэлгүй орхиж бусад баримтууд нь хохирогчийн эмчилгээний зардал болон эмчилгээ оношлогоо хийлгэх явцад хэрэглэсэн шатахууны зардалд хамаарах бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. Нотлох баримтын шаардага хангасан, гэм хорын хохиролд хамааралтай гэж үзсэн баримтуудыг тооцож үзвэл 6599418 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Таас гаргуулах үндэстэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүн ургийн овогт Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Таас 6599418 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 2-12 тоотод оршин суух хохирогч /РД:ФА66101174/ Р.Мягмардоржид олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС