Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00409

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1570002045, регистрийн 9064958 дугаартай, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны,

        З.Нэргүйг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 122 тоот шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөгч З.Нэргүйгээс хүүхдийн тэтгэлэгийн 2.759.639  төгрөг гаргуулан хүүхдийн тэтгэлэг авагч Галдан овогтой Оюунцэцэгт олгохоор шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад тэтгэлэг төлөгч Э.Нэргүйгийн оршин суугаа газрын хаяг тодорхой бус, шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх мэдээлэл байхгүй, одоо хаана оршин суугаа болох мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү. Миний бие З.Нэргүйг хэзээ ч харж байгаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр манай байгууллагад гүйцэтгэх хуудас ирснээс хойш нэг удаа уулзаж байгаагүй. Харин нэг удаа утсаар ярьсан ба түүнээс хойш бидний утасны дугаар мэдэж авчихаад ерөөсөө холбогдохгүй болсон. Тэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ биелүүлэхгүй, нэг ч төгрөг төлөөгүй. Албан бус мэдээллээр Улаанбаатар хотод оршин сууж, хувийн барилгын компанид ажилладаг гэх боловч тухайн хаяг нь бас тодорхойгүй байгаа юм. З.Нэргүйг шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хүлээн авахаас татгалзаад байгаа юм” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь З.Нэргүйг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 122 дугаартай шийдвэрээр З.Нэргүйгээс 2 хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 310 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

           З.Нэргүйгийн иргэний үнэмлэхний лавлагаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 8-6 тоотод оршин суудаг гэсэн хаяг тэмдэглэгдсэн байх боловч Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 382 тоот тодорхойлолтоор З.Нэргүй нь дээрх хаягтаа 2011 оноос хойш оршин суугаагүй болох нь тогтоогдож байна.

            Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлд “З.Нэргүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр нэг ч удаа ирж уулзаагүй, мөн 88906494 дугаарын утас руу нь залгахад “Би самар түүхээр явж байна. Удахгүй цалин буухаар өгнө” гэсэн хариу өгснөөс хойш ямар нэгэн холбоо бариагүй” гэж тэмдэгджээ.

             Мөн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Гааль, татварын газар, Хас банкны салбар, Төрийн банкны салбар, Хаан банкны салбар, Капитал банкны салбар, Голомт банкны салбар зэрэг байгууллагуудаас З.Нэргүйтэй холбоотой лавлагаа, мэдээлэл хүссэн боловч Увс аймгийн Татварын хэлтэст бүртгэлгүй, ямар нэгэн татвар төлдөггүй, Төрийн банк, Хас банкинд нэг, нэг данстай боловч идэвхигүй, гүйлгээ хийгдэдгүй, Голомт банк, Капитал банк, Хаан банкинд тус тус харилцах данс, хадгаламж, зээлийн, хувийн данс эзэмшдэггүй болох нь тухайн байгууллагуудаас ирүүлсэн тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байна.

              Өөрөөр хэлбэл, З.Нэргүйгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд тэрээр шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, аль нэг газарт оршин суугчаар бүртгүүлээгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         Иймд 1973 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ73011214, Хошууд овогой Зунгаравын Нэргүйг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1973 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ73011214, Хошууд овогой Зунгаравын Нэргүйг эрэн сурвалжилсугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар   З.Нэргүйг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

            4. Шийдвэрийн нэг хувийг Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА