Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 0021

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Алтанзул   

            Улсын яллагч Б.Бүжинлхам    

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Баярмагнай

            Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чд холбогдох 1825007110508 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн 1990 оны 03 сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Авто тээврийн байгууллагад засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 03 сарын 12-ны өдрийн 09-р шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1а, 9.2 дахь заалт тус тус зөрчин Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант, Их залуу, Шанд багийн дундуур явсан авто зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 72-13 ОРХ Улсын дугаартай “ТОҮОТА РRIUS” маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч 5 настай Б.Дашдоржийг мөргөж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 5-11-р хуудас/

2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 10-15-р хуудас/

 

3. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас /

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Баярмагнай ...“Тухайн хэрэг гарсан өдөр миний бие хөдөөнөөс ирчихсэн байсан юм. Оройн хоолоо идэх гээд сууж байхад том хүү Амар-Амгалан бага дүү Дашдоржийн хамт дэлгүүр орохоор явсан юм. Дүү Дашдорж нь зайрмаг авч идье гээд байсан юм. Тэгэхлээр нь би мөнгө өгөөд ахтайгаа яваад ир гэж хэлээд мөн кола ундаа захисан юм. Цаг оройн 20 цаг л дөхөж байсан санагдаж байна. Манайх Рашаант багийн Цагаан уул дэлгүүрээс 100 м орчим л зайтай байх. Манайх дэлгүүрийн засмал замын баруун талын зүүн тийш харсан эхний хаалганд байдаг юм. Тэгээд хоёр хүү гэрээс гараад 10 минут ч бололгүй манай том хүү Амар-Амгалан миний гар утас руу танихгүй дугаараас залгаж дүү маань машинд дайруулчихлаа гэж ярьсан юм. Тэгээд би өөрийнхөө машиныг асааж аваад эхнэрийн хамт очсон юм. Би хувьдаа Портер машинтай юм. Яваад очиход миний бага хүү Дашдорж зам дээр ухаангүй хэвтэж байсан. Ах нь хажууд нь уйлчихсан зогсож байсан. Хүү маань дээшээ харчихсан, хөл нь урагш, толгой нь хойш харсан байдалтай байсан. 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 23-ны өдрийг хүртэл гэмтлийн тасагт хэвтсэн. Хүүгийн маань толгойн яс цуурсан, эгэм хугарсан байсан. Одоогоор биеийн байдал гайгүй байна. Гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Миний хүүг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлж байгаа, баримтууд нь өөрсдөд нь байгаа байх. Нэхэмжлэлтэй холбоотой баримтаа гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-23-р хуудас/

5. Насанд хүрээгүй гэрч Б.Амар-Амгалангийн ...“Тэр өдөр дүү Дашдоржийн хамт гэрээсээ гараад эхлээд Рашаант багт байдаг Цагаан уул дэлгүүрээс 1 ширхэг Кола ундаа, 1 ширхэг Панта ундаа авсан юм. Тэгээд Цагаан уул дэлгүүрээс зайрмаг авах гэсэн чинь манай дүү Дашдорж урд гудамжинд нь байдаг Буянбарс дэлгүүрээс айсмаркын зайрмаг авна гээд бид хоёр Буянт барс дэлгүүрт орсон юм. Тэгээд дэлгүүрээс зайрмаг аваад гарсан юм. Тэгээд гордоос ирж байсан дээшээ өгсөж явж байсан автобусыг өнгөрөөд зам дээр өөр машин байхгүй болохоор нь дүү бид хоёр замаар баруун тийшээ хөндлөн гарахаар явсан юм. Ингэсэн чинь замын дээд талаас хурц гэрэлтэй машин хурдтай ороод ирсэн юм. Тэгээд манай дүүг толиороо мөргөөд унагаасан юм. Тэгээд би дүүгээ гараасаа алдсан юм. Тэгээд дүү маань ухаан алдаад уначихсан юм. Тэгсэн чинь машины жолооч нь шууд бууж ирээгүй, нэлээн удаж байгаад бууж ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/

6. Гэрч М.Болорчимэгийн ...“Осол болсны дараа нөхөр бид хоёр машинаасаа буугаад хүүхдийн хажууд очсныхоо дараа би нөхөртөө “би машин барьсан” гээд хэлчих үү гэсэн чинь өөрөө л мэд гэсэн юм. Тэгэхлээр нь би машинаа барьж явсан гээд хэлчихсэн юм. Миний бусад ярьсан зүйл бүгдэрээ үнэн. 3үүн гар талын толь орчмоор мөргөсөн байх. Эрүүл байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 62-66-р хуудас/

7. Гэрч Ц.Адъяахүүгийн ... “Тэгээд намайг баруун гар талынхаа толинд харж байхад ахтайгаа хөтлөлцөөд явж байсан дүү нь ахынхаа гараас мултраад баруун тийш зам хөндлөн гүйсэн юм. Тэгээд 1-2 алхаад л хойноос ирж байсан машины зүүн гар талын урд талын хэсэг буюу тольны орчимд шүргүүлсэн юм. Яг урдуур нь бол ороогүй юм. Тэгээд пит хийсэн чимээ гараад газарт унасан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 71 -73-р хуудас /

8. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтийн ... “Тоёота приус маркийн 7213 орх улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Ч нь МУ-ын ЗХД-ийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. 2.1а тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 6 настай Б.Дашдорж, 12 настай Б.Амар-амгалан нарын эцэг эх, асран хамгаалагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдпын тухай хуулийн 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; Явган зорчигч 6 настай Б.Дашдорж, 12 настай Б.Амар-амгалан нар нь МУ-н ЗХД-ийн 3.4.Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Материалд авагдсан осолын газрын үзлэг, ослын схем зураг, Фото зураг зэргээс үзэхэд тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Тоёота приус маркийн 7213орх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч /КЮ90030517/ бичиг баримттай Д.Чгийн лавлагааг Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн хайлт лавлагаанаас шүүж үзэхэд 2018 оны 05 сарын 12-ны өдрөөс 2019 оны 05 сарын 12-ны өдрийн хүртэл 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байна. Уг осол жолооч Д.Ч нь МУ-ын ЗХД-ийн 1.5, 2.1 а, 9.2 дахь заалт, Явган зорчигч 6 настай Б.Дашдорж, 12 настай Б.Амар-Амгалан нарын эцэг эх, асран хамгаалагч нь МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь заалт, явган зорчигч 6 настай Б.Дашдорж, 12 настай Б.Амар-Амгалан нар МУ-ын ЗХД-ийн 3.4 дахь заалтыг зөрчиж явсанаас осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 46-р хуудас/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 704 дугаартай дүгнэлтийн ... “Б.Дашдоржийн биед духны ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун эгэмний ясны далд хугарал, баруун нүдний ухархайн дээд хананы хугарал нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохих, цохигдох хүчний, олон удаагийн үйлчлэлээр үүссэн байхаар байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Духны ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун эгэмний ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамарагдана" гэсэн дүгнэлт. /хх-ийн 31- 32-р хуудас/

10. Шүүгдэгч Д.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би тогтоолтой танилцсан. Гаргах санал хүсэлт байхгүй. Би өөрийн гэм бурууг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг болсноос хойш өөрийнхөө гэм бурууг ойлгоод хохирогч хүүд тодорхой хэмжээний мөнгөн тусламж эм, тарианы мөнгө өгсөн. Мөн сэтгэл санааг нь дэмжиж уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 140-141-р хуудас / болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Баярмагнай мэдүүлэхдээ “Зам дээр осол болоод Чойжилсүрэнгээр эмчилгээний зардал мөнгийг гаргуулсан. Цаашид энэ ослын талаар эмчилгээ хийлгэхэд гарах зардлаа гаргуулна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Чойжилсүрэн нь 2018 оны 10 дугаар 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, авто машин жолоодож байх үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол урчуулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлийн техникийн байдал шалгасан тэмдэглэл, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, хохирогч гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр давхар давхар нотлогдон тогтоогдож байх тул Чойжилсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 болон 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд өнөөдрийн байдлаар 2 184 283 төгрөгийг төлсөн. Цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой байна. Шүүгдэгч Чойжилсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 болон 2.3-т зааснаар шүүгдэгч Чойжилсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2019 оны 05 дугаар сараас буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэсэн үеэс нь 2 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулах, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2 184 000 төгрөг төлөгдсөн. Хохирогч цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэнэ гэдэг. Шүүгдэгч цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргаагүй байна” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1а, 9.2 дахь заалт тус тус зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант, Их залуу Шанд багийн дундуур явсан авто зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 72-13 ОРХ Улсын дугаартай “ТОҮОТА РRIUS” маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч 5 настай Б.Дашдоржийг мөргөж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Д.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, Д.Чгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид хүүхдээ эмчлүүлэх зардлаа гаргуулна гэж мэдүүлсэн хохирогчид учирсан гэмтэл хүнд гэмтэл бөгөөд бүрэн эдгэрээгүй байгаа зэргийг харгалзан хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гурвансайхан ургийн овогт Д.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохын тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС