Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00173

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/00173

 

 

Л.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03682 дугаар шийдвэртэй,

 

Л.Цын нэхэмжлэлтэй,

ШГгазарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00817 дугаартай шийдвэрээр Бүрэн хурд хүч ХХК, Л.Ц нараас 82,775,310 төгрөг гаргуулж, Хас банк ХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Ц, Б.Хажидсүрэн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай хххталбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ШГгазраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-аар үнэлгээ хийлгэхэд Л.Ц, Б.Хажидсүрэн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, ххх талбайтай, орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлснийг ШГгазрын 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4159/11675 дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.

1.3. Миний зүгээс тухайн үнэлгээний тайлантай танилцаж үзэхэд хотын төвд байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн манай орон сууцыг ашиглагдаад удсан, мөн засвар хийгээгүй гэх мэтээр илтэд худал тайландаа тусгаж зах зээлийн үнэлгээг зохиомлоор багасгаж тооцсон, мөн үнэлгээ хийхдээ манай орон сууцнаас талбайн хэмжээ илт багатай орон сууцуудтай харьцуулж миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна.

1.4. Мөн шинжээчээр иргэнийг томилсон нь үндэслэлгүй байна. Тодруулбал, НШШГГ нь үнэлгээний байгууллагуудтай хамтран ажиллах гэрээтэй байдаг бөгөөд хамтран ажиллах гэрээтэй байгууллагыг шинжээчээр томилоогүй байна. Үнэлгээг үнэлгээний байгууллага, үнэлгээчин хоёрын аль нь гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймд ШГгазраас Л.Ц, Б.Хажидсүрэн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай хххталбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ШГгазрын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төлбөр төлөгч Бүрэн хурд хүч ХХК, Л.Ц нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22381374/2 дугаар тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 287,636,000 төгрөгөөр үнэлсэн байна. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-159/12608, 4-159/12611, 4-159/12612 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээг үнэлгээчин хийхээр зохицуулсан тул үнэлгээ хийх эрх бүхий этгээдийг үнэлгээчнээр томилж, үнэлгээг үнэлгээчин хийсэн тул зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр ашиглалтад ороод удсан завсар хийгээгүй байртай харьцуулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

2.2. ШГгазраас орон сууцтай холбоотой ажиллагаа хийх үед гуравдагч этгээд Б.Хажидсүрэн жирэмсэн болон нялх хүүхэдтэй байсан тул ажиллагааны талаар мэдэж байсан. Төлбөр төлөгч Бүрэн хурд хүч ХХК-ийн захирал Ш.Баатархуяг нь Б.Хажидсүрэнгийн аав, төлбөр төлөгч Л.Ц нь Б.Хажидсүрэнгийн ээж ба ШГгазраас Б.Хажидсүрэнг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд мэдэгдэх хуудсыг аав, ээжээр нь дамжуулан гардуулж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Хажидсүрэнгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, ххх талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч юм.

3.2. ШГбайгууллага нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоохдоо өмчлөгч надаас үнийн санал аваагүй, үнэлгээг танилцуулаагүй. Мөн миний өмчлөлийн орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр дуудлага худалдаанд оруулсан. Миний ээж Л.Ц нь Хас банкнаас 90,000,000 төгрөгийн зээл авсан ба тэрнээс би нэг ч төгрөг аваагүй тул миний орон сууцыг зарж төлүүлнэ гэж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Л.Цын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай бүртгэлтэй, ххх 3 өрөө орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,4-д зааснаар нэхэмжлэгч Л.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03682 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03682 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай хххталбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтооход өмчлөгч болох Б.Хажидсүрэнгээс үнийн санал авах тухай мэдэгдлийг ШГгазраас Л.Ц, Ш.Баатархуяг нарт өгсөн бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр батлагдаж байх тул Б.Хажидсүрэнд үнийн санал авах мэдэгдэл хүргүүлээгүй, үнийн санал аваагүй гэх үндэслэлгүй гэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Хажидсүрэн нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох боломжтой мөн хэн нэгнээр өөрийгөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлүүлэхээр итгэмжлэл олгоогүй юм.

5.2. Мөн Л.Ц, Ш.Баатархуяг нь Б.Хажидсүрэнтэй хамт амьдардаггүй бөгөөд үнийн санал өгөх тухай мэдэгдлийг Л.Ц, Ш.Баатархуяг нараар дамжуулан хүргүүлэх эсэх талаар шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс түүнд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, мөн Б.Хажидсүрэн нь өөрийг нь төлөөлөн Л.Ц, Ш.Баатархуяг нар мэдэгдлийг гардан авах зөвшөөрөл өгөөгүй.

Иймд ШГгазраас эрх олгогдоогүй этгээдүүдэд үнийн санал өгөх мэдэгдлийг гардуулснаар Б.Хажидсүрэнд үнийн санал өгөх талаар урьдчилан мэдэгдэх, үнийн санал авах, талуудыг харилцан тохиролцуулах ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй юм.

ШГгазраас түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Хажидсүрэнгээс үнийн санал авах, тухайн үнийн саналыг төлбөр авагч талд танилцуулан тохиролцуулах ажиллагааг заавал хийж гүйцэтгэх ёстой атал энэ ажиллагааг хийж гүйцэтгэхгүйгээр шууд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг илтэд зөрчсөн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болсон.

5.3. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03682 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ШГгазраас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр С.Цэвээнролом гэх хувь иргэнийг томилсон, мөн шинжээчээр томилогдоогүй этгээд болох Баянмодот ХХК-ийн нэрээр С.Цэвээнролом үнэлгээний тайлан гаргасан нь хуульд нийцсэн гэж дүгнэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/45 тоот тушаалаар баталсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журамд нийт 13 хуулийн этгээдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр оролцуулахаар заасан бөгөөд С.Цэвээнролом нь шинжээчээр оролцох хуулийн этгээдийн жагсаалтад багтаагүй этгээд юм.

Мөн ШГгазраас С.Цэвээнроломыг шинжээчээр томилсон гэх боловч Б.Хажидсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг Баян модот ХХК гэх шинжээчээр томилогдоогүй этгээд гаргасан, уг үнэлгээний тайланг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудад танилцуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

5.4. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Хажидсүрэн нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хуулиар олгогдсон өмчлөгчийн эрх ашиг зөрчигдөж байх тул тухайн хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өөрөө нялх хүүхэдтэй тул хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй байсан.

Иймд өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар мэргэжлийн өмгөөлөгч авах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээдэд хууль зүйн туслалцаа авах боломж олгохгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг нь ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг маргааныг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, ххх талбайтай 3 өрөө орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

3.1. Шүүх ххх талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч Б.Хажидсүрэнг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдэд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар гаргах хугацааг тогтоосон атлаа 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг шүүхэд гаргах 14 хоногийн хугацаа дуусаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээр гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан байна.

 

3.2. Гуравдагч этгээд нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргахад шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/19622 дугаар захирамжаар ...гуравдагч этгээд Б.Хажидсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн үндсэн эрхийг зөрчсөн алдаа гаргажээ.

 

Анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Хажидсүрэнг гуравдагч этгээдээр татан оролцуулж, хариу тайлбар гаргах хуулийн хугацааг олгоогүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 

Иймд, гуравдагч этгээд Б.Хажидмаагийн ...өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлтэй байна.

 

4. Дээрх байдлаар шүүх гуравдагч этгээдийн шүүхэд тайлбар, нотлох баримт гаргах болон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР