| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 124/2016/0055/з |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн Хошууд овгийн Буянцогийн Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц д холбогдох,
Гуравдагч этгээд: Иргэн О. Б,
“Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хяргас сумын Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Б , хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн иргэн Б Б миний бие 2014 оны 8-р сарын 1-нээс Хяргас сумын Нийгмийн халамжийн мэргэжилтний ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ц дарга нь тэтгэлэг тогтоолгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ингээд би аймгийн төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан, гэтэл надад бичгээр хариу өгөөгүй бөгөөд салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Л нь энэ хурлаар орсон ч нааштай хариу гарахгүй гэсэн хариуг амаар өгсөн. Д.Ц дарга нь Б.Б миний биеийг Хяргас сумын Нийгмийн халамжийн мэргэжилтний ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй атлаа миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа нь хууль бус байна. Миний ажиллаж байгаа орон тоо нь ор үндэсгүйгээр татан буугдаагүй бөгөөд одоо тухайн ажлын байран дээр О.Б хэмээх миний ажиллаж байсан ажилд үл тохирох мэргэжлийн бус хүн ажиллаж байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр очоод ажлаас халагдсан тушаалаа авъя гэхэд 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаас өөр тушаал гараагүй гэсэн хариу өгсөн. Харин 2016 оны 9-р сарын 19 нд 224 тоот мэдэгдлээр намайг 11-р сарын 03 ны өдрөөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн байдаг. Б.Б миний бие нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын дээрхи хууль бус үйлдэл нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж байна. Ажлаас чөлөөлөгдсөн бол чөлөөлөгдсөн тушаалаа өгөх талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч өгөөгүй.
Иймд Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/74 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, миний урьд эрхэлж байсан Хяргас сумын Нийгмийн халамжийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хурдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Хяргас сумын Нийгмийн халамжийн мэргэжилтнээр эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна. Би өмнө нь нийгмийн халамжийн ажилтнаар 2009-2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байсан. 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хяргас сумын нийгмийн ажилтнаар томилогдож 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж ажиллаж байгаагүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б д эрх зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Б.Б нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар Хяргас сумын Нийгмийн ажилтнаар томилогдон ажилласан. Улмаар энэхүү ажлаа гүйцэтгэж байгаад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргын Б/28 дугаар тушаалаар шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн хамт шилжүүлсэн. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/74 дүгээр тушаал нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тушаал биш, Б.Бд тэтгэлэг олгох тухай тушаал байгаа.Б.Б нь өмнө нь 2016 оны 08 дугаар сард чөлөөлөгдсөн байсан учраас бид нар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнээр томилуулж ажиллуулаагүй, тэтгэмж олгосон тушаал гаргасан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт Б.Бы нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан байгаа. Тухайн дэвтрийн бичилт дээр 2016 оны 8, 9, 10 дугаар саруудад Б.Б Хяргас сумынхаа нийгмийн халамжийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгээд цалин хөлс авч байсан. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар цалингийн хамт шилжиж ирсэн. Ингээд үргэлжлүүлээд Б.Б 3 сар тухайн ажил үүргийг гүйцэтгээд цалин аваад ажиллаад явж байгаа нь хэдийгээр хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд томилсон тушаал гараагүй ч гэсэн шилжин ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй учраас нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаанд оролцоод ажил үүргээ гүйцэтгээд явсан. Нэхэмжлэгчийг төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж төрийн жинхэнэ албан хаагч болоогүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод байгаа нь үндэслэлгүй байна. 2014 онд Б.Б Хяргас сумын Нийгмийн ажилтнаар томилогдож байхад төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу ажилд аваагүй. Энэ нь төрийн захиргааны байгууллага өөрийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй нөхцөл байдал харагдаж байна. Төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь Б.Бы буруутай үйл ажиллагаа биш юм. Харин Б.Б өөртөө зориулж шалгалт зохион байгуулах гэх байдлаар үүрэг хүлээсэн этгээд биш байна. Б.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар гурван жилийн хугацаанд хангагдаад төрийн жинхэнэ албан хаагчийн эрх үүргийг хүлээж ажилласан. Цаашдаа ч энэхүү мэргэжлээр ажиллах боломжтой албан тушаалтан гэж үзэж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/74 дугаартай тушаалаарндБ.Б тэтгэлэг олгосон гэж тайлбарладаг хэдий ч уг тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Б.Б ы хувьд төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байсан учраас уг тушаал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 хэсэгт үндэслэж гарч байгаа нь үндэслэлгүй байна. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 224 дугаартай албан бичгээр Б.Б д мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд дурдагдсан хууль зүйн үндэслэл болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай зөрчилдөж байна. Ийм учраас Б.Б ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хяргас сумын нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Б.Б нь намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдох үед Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/74 дүгээр тушаал нь Б.Б ажлаас чөлөөлсөн тушаал биш, ажлаас чөлөөлөгдсөн байсан тул тэтгэлэг олгох тухай тушаал болно. Б.Б нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хяргас сумын нийгмийн ажилтнаар сул чөлөөтэй ажлын байранд туршилтын хугацаанд түр томилогдон ажиллаж байсан байна. Б.Б ыг дараах үндэслэлээр Хяргас сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохоос татгалзсан. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчийн туршилтын хугацаа дууссан. Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдсан. Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотой сумын нийгмийн ажилтны ажлын байрны зорилт, чиг үүрэг өөрчлөгдөж хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн шинэ ажлын байр бий болж эрхлэх үйл ажиллагааны хүрээ өргөжиж, ажлын ачаалал ихэссэн. Ажлын байр шинэчлэгдсэнтэй холбоотой нийгмийн ажилтны мэргэжлээс гадна нягтлан бодогч, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжил байж болохоор ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан. Б.Б нь Хяргас сумын нийгмийн ажилтны ажлын байранд хоёр жил гаруй ажиллах хугацаандаа сонгон шалгаруулалтад орж жинхлээгүй, туршилтын хугацаа дууссан байсан тул Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.6 дахь хэсгийг үндэслэн шинэ ажлын байранд томилохоос татгалзсан болно. Хяргас сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд 2017 оны 01 дүгээр сард багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар салбар зөвлөлд хүргүүлнэ.
Иймд Б.Б хувьд энэ сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгаа гэж үзэж байна. Дээрх шалтгааны улмаас Б.Б ны нэхэмжлэлд дурдсан шаардлагыг байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр Д.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б нэхэмжлэлдээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/74 дугаартай тушаал илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хяргас сумын Нийгмийн халамжийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б.Б д тэтгэлэг олгох тухай Б/74 тушаалыг хариуцагчийн зүгээс захиргааны акт гэж үзсэн. Яагаад гэвэл, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Захиргааны байгууллага байгаа. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргасан учраас захиргааны акт. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тооцох үндэслэлүүдийг тусгаж өгсөн. Б.Бд тэтгэлэг олгосон тушаал нь илт хууль бус акт биш. Агуулгын хувьд Б.Бд тэтгэлэг олгох тухай. Хоёрт бичгээр гаргасан захиргааны актыг баталсан албан тушаалтан тодорхойгүй бол илт хууль бус гэж үзэж болно. Хоёр байгууллагын нэгдэж газар болсон учраас тухайн үеийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Хяргас сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б тэтгэлэг олгож байгаа учраас өөрийн чиг үүрэгт хамаарагдсан асуудал гэдэг нь тодорхой байна. Нөгөө талаар иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол уг актыг хүчин төгөлдөр илт хууль бус гэж тооцох байсан. Б.Б хувьд туршилтын хугацаагаар ажиллаж хугацаа дууссан зэрэг эрх зүйн үндэслэл байсан учраас ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон. Илт хууль бус акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар гарангуут биелүүлэх боломжгүй, эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Б.Б 3 сарын тэтгэлэг 1.500.844 төгрөгийг авсан. Аймгийн Нийгмийн, халамж үйлчилгээний хэлтэс 2016 оны 8 дугаар сард татан буугдаж, 2016 оны 8 дугаар сарын 17-нд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар бүх ажилтнуудыг чөлөөлж, шинээр байгуулагдаж байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн тушаал гарсан. Гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо 2016 оны 09 дүгээр сарын 01-нд батлагдсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 12-нд томилогдоод 15-нд ажлаа хүлээн авсан. Энэ хооронд бид ажлаа хийгээд цалингаа аваад явж байсан. Шинэ дарга ажлаа хүлээж авсны дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 52 орон тоотой батлагдаж ирсэн. Өмнө нь Хөдөлмөрийн хэлтэс 25, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 60, нийт 85 орон тоотой байсан. 33 хүний ажлын байр цомхотголд орсон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга ирээд ажлаа авах үедээ хүмүүсээ сонгон шалгаруулж авах боломж байгаагүй учраас 85 ажилтанд мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийн хүрээнд ажилтнуудад цалинг нь өгч ажиллуулж байсан. Б.Б ыг жирэмсэн хүний оронд түр авч ажиллуулсан. 2014 оны 08 дугаар сард манай нэг мэргэжилтэн золгүй байдлаар нас барж, оронд нь Хяргас сумын нийгмийн ажилтныг шилжүүлэн ажиллуулсан. Б.Б г урьд нь ажиллаж байсныг үндэслэж туршилтын журмаар авч ажиллуулсан. Энэ хугацаанд Б.Б г төрийн албаны шалгалтанд орж жинхэлээгүй явдал нь буцаж ажлын байран дээр ажиллах туршилтын хугацаа дууссан гэж үзсэн. Байгууллагын зүгээс тухайн үеийн удирдлага ажлын байрны захиалга яагаад зарлаагүй байсныг би сайн мэдэхгүй байна. Би Б.Б д туршилтын хугацаа дууслаа шүү, нийгмийн ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж аваарай гэж зөвлөж байсан. Б.Б д төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны хуулинд зааснаар мэргэжлээ дээшлүүлэх үүрэг нь байгаа. Нөгөө талаар Б.Б д хуулинд заасан эрх байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт орсон гэв.
Гуравдагч этгээд О.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 1994 онд төрсөн ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хяргас сумын ахлах сургуульд 2002 онд орж суралцаад 2012 онд 11 дүгээр ангийг дүүргэсэн. Улмаар 2012 оноос Улаанбаатар хот дахь "Чингис хаан дээд" сургуулийн Нягтлан бодох Бизнесийн эдийн засгийн ангийг 2016 оны 5 дугаар сард төгссөн. Нягтлан бодох, Бизнесийн эдийн засгийн ангийг Бакалвр зэрэгтэй төгссөн. Хяргас сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд орон тоо гарсан юм. Би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар өргөдөл, хүсэлтээ өгсөн байсан. Миний өргөдлийн дагуу Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Энэ ажлыг аваад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирж ажлын байрны тодорхойлолт гаргуулан авсан ба ажлын холбогдолтой хууль дүрэм заавар тушаал, шийдвэр зааварчлагыг 2 удаа ирж авсан сургалтанд 4 өдөр хамрагдсан. Тайлан тооцоо гаргах бичиг баримт бүрдүүлэх халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөнд бүртгэх, өрхийн мэдээлэл, мэдээ тайлан өгөх, шалгах, олгох зэрэг ажлын холбогдолтой программыг компютерт суулган авч бүрэн эзэмшин ажиллаж байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. Миний ажил болон надтай холбоотой иргэдээс гарсан ямар нэгэн санал гомдол байхгүй болно. Мэдээ тайланг цаг хугацаанд нь өгч байсан. Миний ээж 2016 оны 8 дугаар сард хүндээр өвчилж, хэвтэрт орж байнгын асаргаанд байдаг ямар нэгэн ой санамж байхгүй маш хүнд байдаг. Би бага насны хүүхэдтэй, жирэмсэн тул шүүх хуралд биеэр оролцож чадахгүй болно гэжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Хяргас сумын Нийгмийн ажилтан хэмээх ажлын байранд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан ба төрийн албаны мэргэшлийн шалтгалт өгч жинхэлээгүй байжээ. Уг маргаан бүхий ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн захиргааны албан тушаалын ажлын байр байна.
Увс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс хэмээн хоёр хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байсныг 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газраас холбогдох тогтоолуудыг[1] гаргаж, санхүү төсөв, бүтэц, орон тоо, эд хөрөнгийн хувьд гэхчлэнгээр нийлүүлж, мөн тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан ба түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас уг газрын бүтэц, орон тоог баталж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д: “... аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэснээр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2016 оны 9 сарын 19-ний өдрийн 224 дүгээр албан тоотоор нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдлийг[2] хүргүүлжээ.
Мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2016 оны 11 сарын 3-ны өдрийн “Б.Б д тэтгэлэг олгох тухай” Б\74 дүгээр тушаалыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гаргасан ба нэхэмжлэгч нь уг тушаалыг илт хууль бус захиргааны акт[3] гэж тодорхойлж, “миний ажлын байрны орон тоо ор үндэсгүйгээр татан буугдаагүй байхад тэтгэлэг олгох тушаалаар ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаж, урьд эрхэлж байсан ажил буюу Хяргас сумын Нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн хоёрдахь шаардлагаа “Хяргас сумын Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж өөрчилж байна.
Нэхэмжлэгч нь надад ажлаас чөлөөлсөн тушаал өгөөгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, харин тэтгэлэг олгосон, алдаа дутагдалгүй сайн ажиллаж байсан гэжээ. Тэгэхээр захиргааны актын агуулгаас харахад нэр нь “тэтгэлэг олгох тухай” гэж буй авч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Захиргааны байгууллага илт хууль бус актыг[4] гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн Газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 319 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтын 3.2, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 9 сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “төрийн жинхэнэ албан хаагч ... , тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан ба энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж Хууль тогтоох байгууллагаас баталжээ.
Хариуцагч захиргааны байгууллага нь өөрчлөн байгуулагдсан бүтцээр нийгмийн халамжийн асуудал дээр хөдөлмөрийн асуудал нэмэгдсэн үүнээс улбаалж ажлын байрны тодорхойлолт шинээр боловсруулагдсан, үйл ажиллагааны хүрээ нь өргөжиж, ажлын ачаалал ихэссэн тул нэхэмжлэгчийг томилоогүй талаар тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх эрх хуулиар үүсэхгүй байгаагаас гадна төрийн тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгааг тодорхойлох төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтанд ороогүй байна. Энэхүү сонгон шалгаруулалтын талаар захиргааны байгууллага нь нийтэд зарлаагүй байгааг тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн баримт[5] нотолж байгаа ба ийнхүү нийтэд зарласан тохиолдод нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтанд орох эрх нээлттэй юм.
Хууль дээдлэх зарчмын үүднээс тайлбарлавал, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлага, 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тусгай шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал буюу төрийн захиргааны албан тушаал хаших эрхтэй бөгөөд нэхэмжлэгчид энэ эрх хуулийн дагуу үүсээгүй байх тул түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн, ийнхүү чөлөөлсний үр дагаврыг шийдвэрлэж тэтгэлэг олгосон захиргааны актыг илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.
Иймд хоёр хэлтэс нийлж, ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулж, ажлын байрны цар хүрээ өргөжих зэргээр үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж холбогдох арга хэмжээ авсан буюу нээхмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд дахин томилохоос зайлсхийсэн нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.
Төрийн албаны үндсэн зарчмын нэг нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “төрийн алба мэргэшсэн” байх явдал юм. Маргаан бүхий ажлын байр нь төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалын ТЗ-5 зэрэглэлийн албан тушаал бөгөөд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч ажиллах хуулийн шаардлагатай байна. Нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж төрийн жинхэнэ албан хаагч биш байх бөгөөд нэ талаар талууд маргаангүй байна. Харин нэхэмжлэгч нь миний ажилын байран дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлаагүй учраас шалгалтанд ороогүй гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай хэлтсээс Хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн асуудал хариуцсан ажилтан, Баруунтуруун сумын Нийгмийн ажилтан зэрэг ажлын байран дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлуулсан, бидний зүгээс нэхэмжлэгчид өөрт нь эдгээр орон тоон дээр шалгалт өгч жинхлэх ёстойг сануулан хэлж байсан гэж тайлбарлаж байна. Шүүх нэгэнт туршилтын хугацаагаар төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгчийг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч жинхэлээгүй байгаа нь төрийн алба мэргэшсэн байх, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх төрийн албаны үндсэн зарчмууд зөрчигдсөн, энэ утгаараа захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнээд иргэн Б.Б ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсанаар мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг баримтлан иргэн Б.Б аас Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хяргас сумын Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН