Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0408

 

“Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0043 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга, Сагсай сумын 2019 онд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгох Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0043 дугаар шийдвэрээр: ”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3,27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С, Сагсай сумын Засаг дарга С.Х нарын баталгаажуулсан, ”Т Б Ц Х У” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацаагаар байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх 2 дахь нийлүүлэгчээр “Б А” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Гуравдагч этгээд “Т Б Ц Х У” ХХК-ийн төлөөлөгч О.Д давж заалдах гомдолдоо: “Сонгон шалгаруулалтад “Х Т” ХХК нь шалгарч, гэрээ байгуулах эрх олж авсан бөгөөд бүх тендерээс татгалзах үндэслэл болоогүй.

        Шүүх хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн мөтрлөө “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, үнийг урьдчилж тохиролцсон, өрсөлдөгчийг төөрөлдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон” зэрэг захиалагч тендерээс татгалзах үндэслэл бий болоогүй байна.

        Энэ тохиолдолд тендерийн баримт бичгийн шаардлагад өөрчлөлт оруулж дахин нээлттэй тендер шалгаруулалт зарлах боломжгүй.

        Ингэвэл тендерт шалгарсан “Х Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө, мөн тендер сонгон шалгаруулалтыг будлиантуулан завхруулахаас гадна хуулийг ноцтой зөрчсөн асуудал болно. Шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн.

        Тендер сонгон шалгаруулалтад 4 аж ахуйн нэгжээс өөр аж ахуйн нэгж оролцох хүсэлт ирүүлээгүй, дахин сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж олдоогүй тул урьд сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд дотроос “Т Б Ц Х У” ХХК-ийг сонгон авч “шууд гэрээ байгуулсан” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д нийцсэн.

        Анхан шатны шүүхийн баримталсан хуулийн зүйл, заалтууд оновчтой бус, маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй хуулийн зүйл заалтыг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С, Сагсай сумын Засаг дарга О.Х нарын баталгаажуулсан “Т Б Ц Х У” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаагаар байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамран ажиллах гэрээ”-г хүчингүй болгож” гэсэн хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгож, тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

        Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар байгуулагдсан Сагсай сумын 2019 оны хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгох Тендерийн үнэлгээний хороо тухайн тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлсний дагуу уг тендерт “А” ХХК, “Б А” ХХК, “Х Т” ХХК, Т Б Ц Х У” ХХК-ууд тендер ирүүлжээ.

        Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нээж, “Х Т” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах саналаа захиалагчид мэдэгдэж, ирүүлсэн бусад тендерүүдээс “Таван богд цэнгэл хайрхан” ХХК тендерийн баталгаа ирүүлээгүй, “Б А” ХХК, “А” ХХК-ууд үнийн санал буюу тендерийн маягт /ТШМ-1/-ыг ирүүлээгүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана/-д зааснаар тухайн компаниудын тендерээс тус тус татгалзжээ.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор тус тус заасан бөгөөд тендерийн баримт бичиг нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 /тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/-д заасан шаардлага, бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзэх учиртай.

        Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч нь захиалагчаас боловсруулж гаргасан тендерийн баримт бичигт заасан бүхий л нөхцөл, шаардлагын дагуу тендерийн материалыг бүрдүүлж өгөх ёстой.

        Тендерт оролцогч “Б А” ХХК үнийн санал ирүүлээгүй, “Т Б Ц Х У” ХХК тендерийн баталгаа ирүүлээгүй нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй гэж үзэх, өөрөөр хэлбэл, хариуцагч Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 /шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй/-д зааснаар тухайн компаниудын тендерээс татгалзах үндэслэл болжээ.

        Хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/98 дугаар албан бичгээр “тендерт “Х Т” ХХК шалгарсан, сумд хүнсний талон авах 121 өрх байгаа тул 2 дэлгүүр шалгарах ёстой байсан, дараагийн нийлүүлэгчийг захиалагч байгууллагын хувьд үнэлгээнд ороогүй 3 дэлгүүрээс танай байгууллага өөрөө сонгох, эсхүл дахин тендер зарлах асуудлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай” талаарх саналаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хүргүүлж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргатай хамтран “Сагсай сумд хүнсний эрхийн бичгээр хүнс бараагаа авч чадахгүй болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс ядуу айл, өрхүүдийн аж амьдралд гарах эрсдэлийг багасгах” зорилгоор “Т Б Ц Х У” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй.

        Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 /энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах/-д зааснаар урьдчилсан нөхцөл хангагдаж нээлттэй болон хязгаарлагдмал тендер явуулсны дараа бүх тендерээс татгалзах нөхцөл байдал дахин үүссэн тохиолдолд шууд гэрээ байгуулахаар байна.

        Гэтэл хариуцагч Тендерийн үнэлгээний хороо хуульд заасан дээрх үүргийг гүйцэтгээгүй атлаа дан ганц “ядуу айл, өрхүүдийн аж амьдралд гарах эрсдэлийг багасгах зорилго”-оор маргаан бүхий гэрээ байгуулсан нь үндэслэлгүй болжээ.

        Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно/, 34.1.1 /энэ хуулийн 30.4.3, 33.4-д заасан тохиолдолд/-д заасан ажиллагаа явагдаагүй байна.

        Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нар гуравдагч этгээд “Т Б Ц Х У” ХХК-тай гэрээ байгуулсан нь хуульд заасан шууд гэрээ байгуулах үндэслэл, үйл явц, дарааллыг зөрчсөн, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 /Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална/-д заасан зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

                                                ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР