Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 225

 

Л.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр, Э.Мягмардорж, П.Гансүх, хохирогч В.Н, Б.Д, Б.А , С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1775 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлалтай, Л.С-д холбогдох 2002 00011 0019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.С болон түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Л.С

Л.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.С-г “Хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-аас 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д, 22.256.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-д, 5.128.000 төгрөг гаргуулан Ш.Б-д, 8.128.000 төгрөг гаргуулан Ц.Г-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ц-д, 8.128.000 төгрөг гаргуулан Г.А-д, 11.138.000 төгрөг гаргуулан хохирогч Н.С-д, 8.028.000 төгрөг гаргуулан хохирогч У.О-д, 5.128.000 төгрөг гаргуулан хохирогч Р.У-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Р.А-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.А-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Т-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч С.О-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Батхоролд, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Э-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Н.А-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Х-д, 2.730.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ж-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.А-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Я.Г-д, 7.900.000 төгрөг гаргуулан хохирогч Я.Ц-д, 5.130.000 төгрөг гаргуулан хохирогч А.И-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ц-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч А.А-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Х-д, 11.280.000 төгрөг гаргуулан хохирогч Т.А-д, 5.128.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Ч-д, 11.188.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Л-д, 19.256.000 төгрөг гаргуулан Д.Н-д, 11.201.000 төгрөг гаргуулан хохирогч М.Н-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Л-д, 2.454.000 төгрөг гаргуулан хохирогч О.А-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д, 10.628.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Г-д, 628.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д, 20.258.000 төгрөг гаргуулан хохирогч М.М-д, 3.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-д, 8.128.000 төгрөг гаргуулан Ч.Б-д, 10.628.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д, 3.528.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 4.056.000 төгрөг гаргуулан хохирогч В.Н-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч П.Гансүх, Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.С гаргасан гомдолдоо “... Надад энэ хэргийг санаатайгаар хийе гэсэн санаа зорилго байгаагүй. ... Эрдэнэчимэг надад 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхэлж арван байранд айл орно. Байрны талаар болон миний талаар битгий хэлээрэй, ажилд садаа болохын нэмэр, чамайг сайндаа 48 цаг хорино биз гэсэн. Намайг ороход гэрч Г.Эрхэсийн хүсэлтээр Эрүүгийн цагдаагийн газрын Мөнгө угаах хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч хошууч Д.Энхнасан, ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Мөнхбаяр, санхүүгийн шинжээч мөрдөгч ахлах дэслэгч Ц.Энхмаа, мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч дэд хурандаа Одонбаатар, цагдаагийн дэд хурандаа Ү.Анхбаяр, ахлах мөрдөгч хошууч П.Нэмэхбаяр, цагдаагийн ахмад Ж.Билгүүтэй, ахмад Э.Батмөнх, ахлах дэслэгч Ж.мөнхсүлд, дэслэгч М.Төмөр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч дэслэгч Х.Халиун нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг намайг шууд хорьсон. Би иргэдийг байранд оруулахад саад болж магадгүй гэж бодоод өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн. Гэрчийн болон сэжигтний мэдүүлгийг надаас өмгөөлөгчгүй авсан. Мөрдөн байцаагч Баасанбат нь надаас 451.000.000 төгрөгийг юунд зориулснаа зохиогоод хэл тэгээд яс амаръя гэх зэргээр байцаалт авч байсан. Мөн хэзээ ч таныг даалтанд гаргахгүй гэдгээ хэлж байсан. Би 52 иргэнээс 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж 469.756.000 төгрөг авсан. Намайг үргэлжлүүлэн хорьсон учраас Б.Эрдэнэчимэгт өгсөн 415.000.000 төгрөгийг буцааж авч чадаагүй сураг тасарсан. ... Миний хэрэг дээр Нийслэлийн прокурорын 6 прокурор солигдож ажилласан. Хэрэг шүүхээр шийдэгдэхэд хэргийн ээдрээтэй байдал арилаагүй хэвээр байсан. Тухайлбал, хохирогч В.Н манай төсөлд хамрагдаж 628.000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө өгөөгүй. ... Би Н-г миний нэрээр бусдаас мөнгө ав гэж хэлээгүй. Энэ талаар мэдээгүй байсан. Иймээс Н-д төлөх 628.000 төгрөгийн хохирлыг үнэнээр тогтоож, Нд төлөхөөр тогтоосон 4.058.000 төгрөгийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоолыг өөрчилж өгнө үү. Мөн Б.Эрдэнэчимэгт өгсөн 415.000.000 төгрөгийн үнэнийг тогтоож, Б.Эрдэнэчимэгийг хариуцагчаар татаж өгнө үү. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ганболд, Алтанцэцэг, Баатархүү, Мөнгөнцэцэг нар надтай уулзаж байранд орох төсөлд хамруулж өгөөч гэж гуйсан. Би тэдний дэргэд Б.Эрдэнэчимэг рүү ярьж асуусан. 3 өрөө байр 1, 2 өрөө байр 1 байна, наад хүмүүсээ бүртгэж аваад мөнгийг нь хураачих, материалыг нь хурдан авч ирж өг гэж Эрдэнэчимэг хэлсэн. Ингээд Баатархүүгийнх 10.128.000 төгрөг, Ганболдын 8.128.000 төгрөг өгч гэрээ байгуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөн байцаагч эдгээр хохирогч нарыг дуудаж надтай хийсэн гэрээг нь авсан мөртлөө хохирогчоор тогтоогоогүй байсан. Гэтэл одоо эдгээр хохирогч нар миний өмгөөлөгч Энхбуйраар дамжуулан мөнгөө нэхээд байгаа. Надад шүүхээс 9 жилийн ял шийтгэлийг хаалттай хорих ангид шийдвэрлэсэн. Эдгээр хохирогч нар шинээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж гомдол гаргавал миний эрх зүйн орчин дордох гээд байгаа тул нэгтгэн шийдэж өгнө үү. Би 58 настай, цөсний чулуутай, нойр булчирхай өвддөг, тархины судасны нарийсалттай, бөөрөнд уйланхай үүссэн, биеийн байдал муу тул надад шийдвэрлэсэн хаалттай хорих дэглэмийг нээлттэй болгож, 9 жилийн ял шийтгэлийг минь хасч хөнгөрүүлж өгнө үү. Өөрийн үйлдсэн гэм бурууг ойлгож, гэмшиж байна. Өөрт хамааралтай хохирлыг төлнө” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 1. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын гол шинж болсон орон зай цаг, хугацаа, нөхцөл байдлын хувьд түүний үйлдсэн гэх залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлтэй огт тохирохгүй, хохирогч болоод хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Л.С нь зөвхөн 2019 оны 12 сард хохирогч гэх хүмүүсийн ихэнхээс буюу 51-60 хүний хохирлын мөнгийг авсан байдаг. Гэтэл шүүх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийсэн “... өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн шатанд гаргасан хүсэлт, дүгнэлт” үндэслэлгүй хэмээн гэмт үйлдэл, хор хохирлын хоорондох шалтгаант холбоотой байна, иймээс гэм буруутай, гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэсдэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

2. Түүний үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлхүүний субъектив талын гол шинж болсон “шунахай сэдэл санааг” яаж тогтоогоод байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хамтын ажиллагааны гэрээгээр түүний байгуулсан “Талын Монголын Цуурай Увидас” ТББ нь эмзэг, зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санаа зорилгыг хэн бий болгоо вэ, зоригжуулаа вэ, ерөнхийлөгч, түүний тамгын газрын нэр барих болсон нь түүний өөрөө хэргээ хүлээн зөвшөөрснөөр ...би худлаа ярьсан юмаа гэсэн мэдүүлэг нь ...яллагдагч, шүүгдэгчийн дээрх мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэсэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрсөн үйлдэл гэж үзэж байна. Нөгөө талаар түүнийг гэм буруутай гэж үзсэн мөртлөө өөрийн хэргээ хүлээснээр мөрдөн байцаалтын шатанд түүний бусад үйлдэл буюу өөрийн ах дүү, найз нөхөд, хамаатан саднаа хохироосон хохирол болоод хохирогчийг тогтоогоогүй байгаа нь Л.С-н санаатайгаар хууль бус үйлдэл хийсэн гэхэд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд нэг талаар өөрөө өөрийгөө залилан мэхэлсэн байх уу? Тэгэхээр Б.Эрдэнэчимэг гэгчид итгэж /бодитоор энэ хүн байна уу/ хохирогчдын мөнгөө өгсөн гэх баримт, мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх гэдэгт нийцээгүй. Иймд нэг талыг барьж нотлох баримтыг цуглуулсан, түүнд бодитой үнэлж дүгнэлт өгөөгүй гэж үзэхэд хүргэж байгаа болно. Мөн Л.С нь зохиолч бөгөөд сүүлийн үед түүх, шашин, соёлын талаар болоод залуучууд, гэр бүл, нийгмийн сайн сайхны талаар гэгээрүүлэх болоод ухааруулах уран зохиол, кино олныг туурвисан, захиалгат түүхэн бүтээл дээр ажиллаж байгаа өөрийн амьдрал ар гэрээ авч явах чадвартай, тэр ч үүднээс бусдад тус болох санаа зорилготой ТББ байгуулж хандив, тусламж хүсэж явснаас биш, дээрх хохирогчдын их хэмжээний мөнгийг өөртөө ашиглаж завшсан, наалдсан зүйлгүй залилан мэхлэх санаа зорилго байхгүй, хэрвээ төсөл биелэгдээгүй буюу гэмт хэрэгт шалгагдан цагдан хоригдоогүй байсан бол гэрээний дагуу төлбөрөө буцааж хохиролгүй болгох, бусдад өр барагдуулах, захиалгат гэрээний ажил тасалдахгүй байх зэргээр давхар давхар хохирохгүй байсан, зориуд хохирогч нарыг турхирсан гэмт үйлдэл болгосон гэж үзэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг баримтлан Л.С-д холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн бящцаалтанд буцааж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед шүүгч Д.Мөнхтуяа хурал эхлэхэд миний үйлчлүүлэгчийг та зохиолч хүн, энэ хэргийг зохиосон байна гэж шууд гэм буруутай мэтээр дайрсан. Харин давж заалдах шатны шүүхэд хэргийг шийдвэрлэх үед энэ байдлыг хэлсэн боловч энэ байдалд дүгнэлт хийгээгүйгээс гадна өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах эрхийг ноцтой зөрчсөн. Шүүх хурлын дараа шүүгчийн туслах өмгөөлөгч надад магадлалыг гардуулж өгөөгүй учир миний хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, өмгөөлөх эрхийг зөрчсөн. Гомдлын хувьд А.Энхбуйр өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт Б.Эрдэнэчимэг гэх хүнийг шалгуулах талаар удаа дараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ хэлж байсан. Учир нь, хохирогч нараас авсан мөнгийг миний үйлчлүүлэгч хувьдаа зарцуулсан зүйл огт байхгүй бөгөөд бүгдийг нь Б.Эрдэнэчимэг гэх хүнд өгсөн талаараа мэдүүлсээр ирсэн. Гэвч энэ талаар шалгаж тодруулах ажиллагаа хийгдээгүй бөгөөд миний үйлчлүүлэгч хохирогч нарын мөнгийг өөртөө огт аваагүй ийм нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү гэж хүсч байна” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Энэ гэмт хэргийн хувьд гэмт үйлдэл болон санаа зорилго тодорхой бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны үндэслэлтэй гарсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол, саналд тайлбар хэлэхэд энэ хэрэгт анхнаасаа Б.Эрдэнэчимэг гэх хүнийг холбогдуулж шалгаагүй, ийм хүн байдаг эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэргийн хувьд хохирогч нараас авсан хохирлын мөнгийг цааш хэрхэн зарцуулсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.С-д холбогдох хэргийг шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, тус хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Л.С нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 тоот байрны “Гео” төвийн 5 давхарт байрлах 507 тоотод үйл ажиллагаа явуулдаг, өөрийн үүсгэн байгуулсан “Талын Монголын цуурай увидас” нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын байранд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчийн мэдлийн зорилтот бүлэгт хамаарагддаг иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцаар хангаж, 1 өрөө орон сууцанд хамрагдах квот 4.500.000 төгрөг, 2 өрөө орон сууцны квот 7.500.000 төгрөг, 3 өрөө орон сууцны квот 10.500.000 төгрөг, нотариатын зардал 48.000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэлтийн зардалд 580.000 төгрөг тус тус төлөөд орон сууцтай болох боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн хооронд нэр бүхий 50 иргэнийг залилж, нийт 451.505.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байх ба энэ хүрээнд шүүгдэгч Л.С-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг зүйлчилжээ.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 9 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Л.С-н үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хоёр шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно. 

Хяналтын шатны шүүх нь хэрэгт авагдсан ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг шинээр тогтоох, шүүгдэгчээс өөр этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах эрхгүй тул шүүгдэгч Л.С-н “Баатархүү, Ганболд, Алтанцэцэг, Мөнгөнцэцэг нараас мөнгө авсан гэх үйлдэл оролцоог дахин шалгуулах”, “Б.Эрдэнэчимэгийг хариуцагчаар татах” гэж гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр дээрх нэр бүхий хүмүүсээс мөнгө өгсөн, авсан зэрэг нь тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд энэ хэрэгт Б.Эрдэнэчимэг гэх хүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.С нь хяналтын гомдолдоо гэрч болон сэжигтний мэдүүлгийг өмгөөлөгчгүй авсан нь түүний эрхийг зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар дурдсан ба удаа дараагийн мэдүүлгээ Л.С өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт өгсөн, мөн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу түүний мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй.

Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт хохирогч В.Н-д учирсан хохирлын хэмжээг 4.056.000 төгрөг гэж буруу тооцоолсныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх бөгөөд түүнд 628.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байх тул шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Л.С-н хяналтын журмаар гаргасан гомдлын “хохирогч В.Н-д учирсан хохирлыг зөвтгүүлэх” гэсэн хэсгийг хүлээн авч, “хорих дэглэмийг нээлттэй болгож 9 жилийн ял шийтгэлийг хасч хөнгөрүүлж өгөх”, түүний өмгөөлөгч А.Энхбуйрын “... Л.С-д холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ...”  гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1775 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “... 628.000 төгрөг гаргуулан хохирогч В.Н-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.С-н гомдлыг хэсэгчлэн хангаж, түүний өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН