| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2022/04043/И |
| Дугаар | 210/МА2024/00195 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/00195
2024 оны 01 сарын 24 өдөр Дуга 210/МА2024/00195
Б.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03142 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Тын нэхэмжлэлтэй
Хариуцагч: У.Год холбогдох,
24 ширхэг агуулахыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, 24 ширхэг агуулахын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баднайнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжав, Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.Т миний бие Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Сонбай ХХК-ийн арын гудамжид байрлах, нэгж талбарын 1330800915 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор барих зориулалтаар эзэмшдэг бөгөөд анх уг газрынхаа бичиг баримтыг 2011 онд өөрийн охин Т.Байгалын нэр дээр гаргуулан авч байсан, үүний дараа өөрийн нэр дээр 2018 онд шилжүүлэн авсан.
1.2. Манай эхнэр У.Цэцгээгийн төрсөн ах У.Гоос агуулах барих зорилгоор 37,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгөн хөрөнгөөр 24 ширхэг агуулахыг 2008-2009 оны хооронд барьсан. У.Гоос авсан зээлийг нэг дор буцаан төлөх боломжгүй тул 24 ширхэг агуулахыг худалдаа эрхлэгч нарт түрээслүүлж, түрээсийн орлогоос cap бүрийн мөнгийг төлөхөөр тохиролцсоныг У.Г зөвшөөрсөн.
1.4. У.Гоос авсан 37,000,000 төгрөгийн зээлийг 2012 оны 03 дугаар сараас эхлэн мөн оныг дуустал нийт 8,500,000 төгрөгийг cap бүр цувуулан төлсөн, мөн 2013 онд cap бүр 1,000,000-1,500,000 төгрөгөөр цувуулан нийт 15,500,000 төгрөгийг төлсөн. 2014 онд мөн 7,500,000 төгрөг буюу нийт 31,500,000 төгрөгийг түүнд буцаан төлсөн.
Дээрх байдлаар түүнээс авсан мөнгийг 50,000,000 төгрөг болгон буцаан төлөхөөр cap бүр төлөлт хийж байсан боловч үер болж зээлийг дахин төлж чадахгүй хэмжээнд хүрсэн тул хэсэг хугацаанд 24 ширхэг агуулахын түрээсийн ашгийн талыг нь У.Год өгч түүнийг өр төлбөрийг хаахаар болсон. Үүнээс хойш 12 ширхэг агуулахын түрээсийн мөнгийг У.Г авч ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 130,000,000 гаруй төгрөгийг авсан байна.
1.5. Дээрх агуулахуудад миний бие үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар эрх бүхий байгууллагад хандахад хаяг авах ёстой гэсэн шаардлага тавьсан ба хаяг авахаар холбогдох байгууллагад хандахад доороо шугамтай тул хаяг олгох боломжгүй гэсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй.
1.6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Сонбай ХХК-ийн арын гудамжид байрлах, миний өмчлөлийн 24 ширхэг агуулахыг У.Г хууль бусаар эзэмшиж байх тул түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. У.Г миний бие болон миний эхнэр н.Оюунтуяа бид хоёр 2006 оноос гэр бүл болон айлын хажуу өрөө хөлслөн амьдарч эхэлсэн бөгөөд өөрсдийн хуримтлуулсан мөнгөөр орон сууц худалдаж авахаар төлөвлөж байсан боловч ирээдүйд тогтвортой орлого олж байх өмч хөрөнгөтэй больё гэж зөвлөлдөн шийдэж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьянжүгийн гудамж 1 гудамж, 59 тоотод тус бүр нь 15.20 м.кв талбай бүхий 12 том агуулах, тус бүр нь 10,08 м.кв талбай бүхий 12 жижиг агуулах, 3.77 м.кв талбай бүхий 1 харуулын өрөө (нийт 307,13 м.кв талбай), түүнийг дагуулан 140,79 м.кв талбай бүхий цементэн хучилттай талбайг 2008 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан.
2.2. У.Г миний бие 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрийн Хаан банкин дахь 5030172194 тоот данснаас зарцуулалт хийж байгаад эхнэр бид хоёр дундын (Хаан банкны 5032333232 тоот данс) данснаасаа бэлнээр мөнгө аван тухайн объектын материалаа өөрөө явж цуглуулсан ба тухайн обьектыг барьж байгуулахад ажлын хөлс нь ороод нийт 41,200,000 төгрөг зарцуулсан.
2.3. Манай эхнэр тухайн үед санхүүгийн зохицуулах хороонд ажилладаг байсан тул хувийн бизнесээ эрхлэн явуулах боломжгүй. Тухайн үед төрсөн дүү У.Цэцгээ нь ажил орлогогүй, нөхөр нь тогтвортой ажилгүй, 2 охин нь дунд сургуулиа төгсөөд оюутан болсон тул сургалтын төлбөрийг төлж чадахгүй байхад нь дүүгийнхээ амьдрал ахуйд нь тус нэмэр болох үүднээс төрсөн дүү найдвартай гэж үзэн эхнэр бид хоёр У.Цэцгээг ажилд авч объектынхоо үйл ажиллагааг хариуцуулсан.
2.4. 2021 оны 5 дугаар сараас эхлэн зуны турш агуулахууддаа засвар хийлгэж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр агуулахын манаач над руу утасдаж хоёр гурван залуу ирж энэ агуулахын доорх газрыг зарна гээд үзээд явлаа гэсэн. Тэгээд миний бие дүү У.Цэцгээ рүү утсаар залган юу болоод байна манаач ингэж ярьж байна гэж хэлтэл У.Цэцгээ энэ газар чинь манай гэр бүлийн хөрөнгө болсон танд хамаагүй бид газраа зарна. Та наад шавар амбааруудаа нураагаад аваад яваарай түрээсийнхээ мөнгөөр агуулах барьсан мөнгөө олчихсон биз дээ гэж хэлсэн.
Манай эхнэр бид 2 Үнэгүй.мн зарын сайтаас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай агуулахын доорх газрыг төв зам дагуу газар гэж үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар заруулахаар зар тавьсан байсныг олж мэдсэн. Миний бие өөрийн төрсөн дүү У.Цэцгээд 37,000,000 төгрөг зээлж байгаагүй. гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. У.Г миний бие 2008 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьяүнжигийн 1 гудамж, 59 тоотод өөрийн хөрөнгөөр тус бүр нь 15.20 м.кв талбай бүхий 12 том агуулах, тус бүр 10.08 м.кв талбай бүхий 12 жижиг агуулах буюу нийт 24 ширхэг агуулах, 3.77 м.кв талбай бүхий 1 харуулын байр (нийт 307.13 м.кв талбай), түүнийг дагуулан 140.79 м.кв бүхий цементэн хучилттай талбайг барьж байгуулсан.
3.2. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газрын гэрчилгээ гарсан талаар unegui.mn сайтаас олж мэдсэн. Намайг мэдэх хүртэл миний дүү У.Цэцгээ газрын гэрчилгээ гараагүй байгаа, хөөцөлдөж байна удахгүй гарна гэж надад хэлдэг байсан.
Үүнийг мэдсэнээс хойш цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүх, нийслэлийн болон дүүргийн газрын албанд хандсан. Гэтэл 2011 онд У.Цэцгээ өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн охин Т.Байгалын нэр дээр гэрчилгээг гаргуулсан, үүний дараа 2018 онд өөрийн нөхөр Б.Тын нэр дээр шилжүүлсэн үйлдлээ нууж байсан.
Тухайн газар босгосон объектын хууль ёсны шударга эзэмшигч нь би байхад У.Цэцгээ нь өөрийн мэтээр ойлгуулан төрийн байгууллагад хуурамч бичиг, баримт бүрдүүлж хууран мэхлэх замаар газрыг өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хууль бус байх тул захиргааны хэргийн шүүхэд хандсан.
3.3. Хэд хэдэн удаа У.Цэцгээ нь зарах оролдлого хийж байгаа боловч өнөөдрийг хүртэл дээрх обьектын шударга эзэмшигч нь би тул зарж чадахгүй нөхцөл байдалд хүрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь намайг шударга эзэмшигч гэдгийг нотолж байна. Миний зүгээс Баянзүрх дүүргийн шүүхэд энэхүү асуудлаар 3 удаа хандаж байсан бөгөөд хэргийг хүлээн аваагүй юм.
Иймд миний төрсөн дүү намайг төөрөлдүүлэх замаар миний хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих оролдлого хийж байгаа энэ үйлдэл нь хуульд нийцэхгүй байх тул хуулийн байгууллага шударгаар шийдэн шударга эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Хариуцагч У.Г нь албадан чөлөөлүүлэхээр шаардсан 24 ширхэг агуулахыг өөрийн эзэмшил болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Б.Т миний эхнэр болох У.Цэцгээ нь 2000 оны үед төрсөн эгч У.Цэндсүрэн болон төрсөн дүү У.Мягмарсүрэн нартай хамтран Улаанбаатар хотын БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт барилга барихаар болсон юм.
Дээрх барилгыг барихын тулд өөрийн нэр дээрх 3 өрөө орон сууцаа барьцаалж, зээл авч хөрөнгө оруулж, өөрийн үүсгэн байгуулсан Сонбай ХХК-ийг эгч У.Цэндсүрэнгийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Мөн дээрх барилга барих бүх үйл ажиллагаанд манай эхнэр оролцон ажиллаж, мөнгөний хэрэгцээтэй мөнгөний хэрэгцээтэй зээл авах зэргээр барилга дуусах хүртэл ажиллаж, 2007 онд ашиглалтад орсон. Уг барилгад барилгын материалын лангуу түрээслүүлэн ажиллуулах болсон ба үүнийг манай эхнэр У.Цэцгээгийн төрсөн эгч Сонбай ХХК-ийн хувьцаа эзэмшигч У.Цэндсүрэн ажиллуулдаг.
4.2. Тухайн барилгын хойд талд байрших газрыг нэр дээрээ авч барилга барьж өөрийн гэсэн өмчтэй бол гэсэн яриа гарч уг газрыг манай гэр бүл авахаар 2007 оноос хойш хүсэлтээ өгч хөөцөлдөж эхэлсэн, үүнийг У.Цэндсүрэн /том эгч/, У.Мягмарсүрэн /дүү/ нар дэмжиж байсан. Иймээс эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байсан ч бид авахаар тохирсон байсан тул газрыг манайх гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Нийслэлийн газрын албанд Б.Т миний бие өөрөө бүх хууль журмын дагуу хүсэлтээ гаргаж, дээрх газрыг эзэмших эрхийг охин Т.Байгалын нэр дээр 2011 онд авч, 2018 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
Энэ үед хүргэн Отгонтөгс/дүү Мягмарсүрэнгийн нөхөр/ нь миний эхнэр У.Цэцгээд хэлэхдээ газар дээрээ агуулах баривал барилгын материалын лангуу түрээслэгч нарт агуулах түрээсэлж ашиг олох боломжтой гэж зөвлөснөөр мөнгөний хэрэгцээ үүсч У.Гтой холбогдон агуулах барих 37,000,000 төгрөгийг зээлж авахаар болж, агуулахаа барьсан.
4.3. Агуулах миний эзэмшил болох нь өнгөрсөн бүх хугацаанд агуулахын ашиглалтын зардлыг дааж манаачийн цалин хөлсийг төлж байснаас харагдах бөгөөд У.Гын зүгээс ямар ч оролцоо байгаагүй, зөвхөн зээлүүлсэн мөнгөө cap бүр дансаар авдаг байсан.Дээрх бүх хугацаанд миний эзэмшлийн агуулахуудын бүх үйл ажиллагааг бид хариуцан ажиллуулж, цахилгааны төлбөр, манаачийн цалинг хариуцдаг байсан. Бид агуулахыг барихад авсан 37,000,000 төгрөгийг У.Год 10 жилийн турш эргүүлэн төлж барагдуулсан гэж үзэж байна.
4.2. Миний бие өөрийн газар дээрээ өөр зориулалтаар барилга барихаар бүх зөвшөөрөл болон зураг төслөө бэлэн болгож, хөрөнгө оруулалт хайж эхэлсэн ба 2021 оны сүүлд бид хайсан хөрөнгө оруулагчаа олж эхний ээлжид газраа чөлөөлөх талаар ярилцаж, энэ тухайгаа У.Год агуулах түрээсэлсэн хүмүүстээ бараагаа ав гэж хэлэхийг мэдэгдэхэд тэрээр агуулахыг өөрөө буулгаж материалыг нь авна гэсэн. Үүнийг ч бид тухайн үед зөвшөөрсөн юм.
Гэтэл түрээслэгчдийг чөлөөлж агуулахыг буулгаж авна гэж байсан У.Г гэнэт шүүх цагдаагаар явж эхэлсэн бөгөөд өөрийгөө газрын эзэн байх ёстой мэтээр үндэслэлгүй худал зүйл ярьж эхэлсэн. Миний эхнэр У.Цэцгээ нь 13 жилийн турш агуулахын үйл ажиллагааг хариуцан ажиллуулж ирснийг тэр хавийн олон жил түрээсэлсэн түрээслэгч, ажилчид бүгд мэднэ. Ингэхдээ хэн нэгний дор цалин авч ажиллаж байгаагүй. Мөн бид энэ хугацаанд маш ихээр хохирсон тул хохирлоо тооцож үзээд нэхэмжлэх болно.
Иймд хариуцагчийн гаргасан 24 агуулахын эзэмшигч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч У.Гын эзэмшлээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сонбай ХХК-ийн ард гудамжид байрлах нэгж талбарын 1330800915 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газар дээр баригдсан 12 жижиг, 12 том буюу нийт 24 ширхэг агуулахыг албадан чөлөөлж, хариуцагч У.Гын гаргасан 24 ширхэг агуулахын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,868 төгрөгөөс 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 272,668 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч У.Гоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Тд тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, өөр хуулийг буюу хуулийг буруу хэрэглэж, шүүхийн шийдвэрийг буруу бичиж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнд
6.1. Анхан шатны шүүх Иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа маргаанд нэхэмжлэгч Б.Тын нэр дээр газар эзэмших эрхийн нэгж талбарын 1330800915, 0000091381 дугаар бүхий гэрчилгээ гарсан, харин тухайн газар дээрх 24 агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байхад шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
У.Гоос нэхэмжлэгч нар 37,000,000 төгрөгийг зээлж, нэг дор буцаан төлөх боломжгүй, харин барьсан 24 агуулахаа худалдаа эрхлэгч нарт түрээслүүлэн cap бүрийн орлогоос мөнгийг буцаан төлөхөөр тохирсон, зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн тул 12 агуулахын түрээсийг авч байхыг зөвшөөрч, У.Год эзэмшүүлсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарласан.
6.2. Хэрэв зээлсэн гэх 37,000,000 төгрөгийг төлөх чадваргүй болсон бол яагаад 2011 оноос 2022 оныг хүртэл тасралтгүй 130,000,000 төгрөгийг У.Цэцгээгээс У.Год шилжүүлсэн байх вэ, мөн түүнчлэн 12 агуулахын түрээсийг авч бай гэх хугацаа нь өөрөө 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж У.Г нь 24 ширхэг агуулахыг бидэнд мэдэгдэлгүй бусдад түрээслүүлэн ашиг олсоор байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ 24 ширхэг агуулахыг, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт 12 ширхэг агуулахыг гэж агуулахын тоог зөрүүтэй тайлбар гаргасан байхад шүүх 24 агуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлгүй. 6.3. Түүнчлэн тухайн 24 ширхэг агуулахын тоо бүрийг, байршил, одоо хэн хэний эзэмшилд байгаа зэрэг бүх баримтыг судлаагүй, хариуцагч талаас нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэх ажиллагааг шүүх бүрдүүлээгүй, хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг хийгээгүй.
6.4. Хариуцагч У.Г нь агуулахын өмчлөлд маргаж, сөрөг нэхэмжлэл хүртэл гаргаж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар 24 агуулахын өмчлөх эрхийн асуудал зөрчигдөж, улмаар өнөөдрийг хүртэл эзэмших эрхтэй болохыг 24 агуулахыг түрээслэгч нар хүлээн зөвшөөрч, түрээсийн гэрээ байгуулж, түрээсэлсээр ирсэн, анх агуулахыг барих бүх зардлыг У.Г гаргасан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, 2008 оноос 2022 он хүртэл нийт 130,000,000 төгрөгийг дүү У.Цэцгээгээс У.Гын дансанд шилжүүлж байсан үйл баримтууд байхад зөвхөн газрын өмчлөгч гэсэн утгаар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гол үндэслэлээ шүүх Б.Т 24 ширхэг агуулахыг барихад өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна гэжээ.
Гэтэл Нэхэмжлэгч нь 24 ширхэг агуулахын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй асуудлыг өөрийн санаачилгаар тогтоож, М.Т У.Гоос 37,000,000 төгрөг зээлсэн гэж бичээд байхад өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв үнэлээгүй нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийг зөрчсөн.
6.5. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, А гудамж хаягт байрлах нэгж талбарын 1330800915 дугаар бүхий Б.Тын нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн A/163 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар олгогдсон 0000091381 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2 өөр гэрчилгээ байгаа, нэг нь 788 м2, нөгөө нь анх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сонбай барилгын зүүн хойд талд байрлах нэгж талбарын 6004/5012 дугаар бүхий 789 м.кв газрыг Т.Байгаль 2018 онд эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 789 м2 хэмжээгээр гэрчилгээ хэрэгт авагдсан. Өнөөдөр Б.Тын нэр дээрх 788, 789 м2 газрын аль нь маргаантай байгаа нь эргэлзээтэй, нэг газар уу эсхүл энэ 2 өөр газар уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн 2 гэрчилгээгээр тогтоогдож байхад нотлох баримтуудыг нэг мөр үнэлээгүй.
Тухайн газрын хэмжээ зөрүүтэй байгаа, газрын маргаантай асуудал байгаа тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн газрын маргаан шийдэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлж өгөх хүсэлт, нотлох баримтууд бүрдүүлэх хүсэлтийг тус тус хангаагүй, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад хүлээн авахаас татгалзсан.
Нэгэнт зохигчид 24 ширхэг агуулахын газрын гэрчилгээ гараагүй байхад буюу 2008 онд барьсан үйл баримтад маргадаггүй, энэ нь газрын гэрчилгээ анх 2011 онд олгогдохоос өмнө болсон үйл баримт тул тухайн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан үл хөдлөх хөрөнгийн маргаан юм.
6.6. Түүнчлэн уг хэрэгт Баянзүрх дүүргийн 14-р хороо, Сонбай ХХК-ийн ард гудамжид байх 24 ширхэг агуулахын өмчлөлийн маргаан хэлэлцэгдсэн бөгөөд уг агуулах байрлаж байгаа Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах газар Б.Тынх болох нь тогтоогдож байна гэж шүүгч үзжээ. Гэтэл уг газрын маргаан мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг газрын маргаантай асуудлыг эхлэн шийдвэрлэхээс өмнө дээр нь баригдсан агуулахын өмчлөлийн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж манай хариуцагч талаас хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлэх хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийн хамтаар гаргаж өгсөн. Уг хүсэлтийг хүлээж авсан шүүгч Б.Гончигсумлаа тус 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш3223/04849 дугаар захирамжаар ... уг хүсэлтийг хүсэлт шийдвэрлэх шатанд бус шүүх хурлаар хянан хэлэлцэж шийдвэрлэвэл зохих тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна уг хүсэлтийг шийдвэрлээгүй, энэ удаагийн шүүх хуралдаан хойшилж байгаа учраас шүүх хуралдаан дээр хэлэлцэхээр хойшлуулж байна гэж үндэслэлээ өөрөө тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж заасан гэтэл шүүгч Б.Гончигсумлаа хүсэлтийг даруй шийдвэрлэлгүй шүүх хуралдаанаар хүсэлтийг шийдвэрлэнэ хэмээн хүсэлт шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан.
Ингээд уг хэргийн шүүх хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр товлогдон шийдвэрлэгдсэн боловч өмнө гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрхэх талаар шүүгч шийдвэрлэлгүй хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
6.7. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс У.Цэцгээг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн 183/Ш32023/00600 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэтэл уг захирамжийн биелэлт хангагдаагүй буюу У.Цэцгээг гэрчээр огт асуугаагүй хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь ... гэрчийн мэдүүлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна. Мөн зүйлийн 43.3-т Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заажээ.
Иймд гэрчээр оролцох үүрэгтэй этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ёстой байх тул дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй.
6.8 Шүүхээс хариуцагчаас гаргасан баримтуудыг шийдвэрт буруу дурдсан буюу өөрийнхөө эсрэг баримтууд гаргаж өгсөн мэтээр бичиж ноцтой алдаа гаргасан байна. Уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32023/09072 дугаар захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нарын хэлээгүй үгийг хэлсэн болгож сольж бичсэн алдаа гаргасан ба тухайн захирамжид гомдол гаргаж, мөн Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаснаар шүүгч дээрх захирамжид өөрчлөлт оруулан зөвтгөж байсан.
Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч гаргаж өгөөгүй, хариуцагчийн эсрэг ашиглахаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудыг хариуцагч гаргаж өгсөн мэтээр бичжээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэрийн 13-14-р хуудаст Р.Чогсомын тодорхойлолт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагын хуулбар, Баянзүрх дүүргийн 14-р хорооны Засаг даргын албан тоот, нэхэмжлэлийн нэмэлт тайлбар, Сонбай ХХК тодорхойлолт, н.Мөнхзулын иргэний үнэмлэхийн зураг, мэдэгдэлтэй уншиж танилцсан баримт, Б.Т, У.Цэцгээ нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Д.Отгонсүрэнгийн тодорхойлолт, М.Цасчихэрийн гаргасан тооцоо, У.Цэцгээгийн дансны хуулга зэргийг ирүүлжээ гэж дурджээ. Түүнчлэн шийдвэрийн 16 дугаар хуудаст нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа М.Тын агуулахыг шаардах эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоолох ёстой гэж тайлбарлаж байна гэж хэлээгүй үгийг хэлсэн мэтээр буруу бичсэн байна. Л.Энхбаясгалан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч биш харин хариуцагчийн өмгөөлөгч.
Ийнхүү шийдвэрээ буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй гэж үзэж байна.
6.9. Шүүх хэргийг үнэлэхдээ М.Т нь 24 ширхэг агуулахыг барихад өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна гэж үзсэн. Гэтэл хариуцагч У.Г нь уг агуулахыг барихын тулд мөн хөрөнгө гаргасан бөгөөд үүнийг У.Г болон эхнэр Б.Оюунтуяа нарын дансны хуулга, тайлбар зэргээр тогтоогддог. Гэтэл үүнийг үнэлж дүгнээгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг дүгнэхдээ 24 ширхэг агуулахын хууль ёсны өмчлөгч нь М.Т байх бөгөөд У.Гыг эзэмших талаар зөвшөөрөл олгоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэжээ. Шүүх уг дүгнэлтийг хийхдээ агуулахын хууль ёсны өмчлөгч нь яагаад Б.Т болох тухай, агуулахын хууль ёсны өмчлөгч нь яагаад У.Г биш болох тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Уг хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар уг агуулахууд баригдаж байх үеийг мэдэх гэрч н.Ариунаа, гэрч Б.Оюунтуяа нараас мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч шүүгч шаардлагагүй гэж үзэж ямар шалтгаанаар гэрч оролцуулахгүй хүсэлт хангаагүй болохоо тайлбарлаагүй бүрэн бус баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь тухайн хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэхэд саад учруулсан гэж үзэж байна.
6.10. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийн эхнэр болох У.Цэцгээд тухайн объектын гэрчилгээг аваарай гэж 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч баримтаар тогтоогдоогүй байна гэжээ. Гэтэл хэргийн материалд У.Цэцгээд дансаар шилжүүлж өгсөн мөнгөний баримтууд авагдсан байх ба үүнийг үнэлээгүй.
Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчид агуулах барихад нь зориулж 37,000,000 төгрөг зээлдүүлсэн гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм бол агуулахыг хариуцаж байсан нэхэмжлэгчийн эхнэр У.Цэцгээ нь яагаад уг агуулахуудын түрээсийн орлогын тодорхой хувийг түрээслүүлж ашиг орлого олсноос хойш маргаан гарах хүртэлх хугацаанд байнга тогтвортойгоор нийт 137,000,000 төгрөг У.Год шилжүүлж өгөөд байгаа юм гэдгийг шүүх огт дүгнээгүй. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн 183/ШШ2023/03142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож буцааж өгнө үү.
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:
Хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй гэж байна. Хүсэлтийг хэргийг шийдвэрлэхдээ шийднэ гээд хойшлуулсан байсан. Шүүхийн шийдвэрт энэ талаарх үндэслэлээ заасан байгаа учраас хүсэлтийг шийдсэн гэж үзнэ. Тиймээс энэ талаар хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй. У.Г нь өөрийн агуулах гэж маргаж байгаа боловч агуулахыг барих үеийн мөнгө төгрөгийг гаргаж ажилчдыг цалинжуулсан гэх тайлбараа нотолсон дансны хуулгыг гаргаж өгдөггүй. Сүүлд агуулахыг хууль бусаар эзэмшсэнээс хойшхи дансны хуулгыг гаргаж өгсөн.
7.2. Харин нэхэмжлэгчийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог. Тухайлбал тухайн үеийн хорооны тодорхойлолтууд, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн акт, энэ хөрөнгөд тоот дугаар өгөх боломжгүй байгаа тухай гэх мэт удаа дараа төрийн байгууллагуудтай харилцаж байсан албан бичгүүдээр Б.Тын агуулах болох нь нотлогдож байна.
7.3. Техникийн шинжтэй алдаа гаргасан гэж байна. Шүүхийн шийдвэрт ганц хоёр үг, үсгийн алдаа гаргасан байдаг. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөх, хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх хэмжээний алдаа биш. Үүнийг давж заалдах шатны шүүх дурдаад засаад явах боломжтой гэж харж байна. Өмнөх хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхисон зүйл байхгүй, шүүх тухай бүрт шийдээд явж байгаа. У.Цэцгээгийн хувьд Үндсэн хуульд заасан гэр бүл, төрөл төрөгсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн учраас энэ талаарх дүгнэлтийг шүүх шийдвэртээ дурдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч У.Год холбогдуулан 24 ширхэг агуулахыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 24 ширхэг агуулахын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагчаас Я.Ариунааг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/07164 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ./2хх-222/
Шүүх тухайн хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагчаас гэрч Я.Ариунаа нь хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг мэдэж байгаа талаар тодруулаагүй атлаа хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/00600 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, У.Цэцгээгээс гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн байна.
У.Цэцгээ нь гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэх агуулгатай баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримт нь гэрч У.Цэцгээгийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх нь тодорхой бус байх тул гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Гэрчээр шүүхэд дуудагдсан этгээд нь Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан аль эрхээ эдлэхээ өөрөө биечлэн ирж хүсэл зоригоо илэрхийлэх ёстой.
5. Маргааны зүйл болох 24 ширхэг агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг талууд өөрийн өмчлөлийн зүйл гэж маргадаг боловч маргааны зүйлтэй холбоотой хэргийн нөхцөл байдлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд сэргээн тогтоох, хянан шийдвэрлэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлтийг өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР