Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00416

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Толь багт оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ59112111, Бурдаг овогтой Нямаагийн Үрчээгийн,

         Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Үрчээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Н.Үрчээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1959 онд төрсөн. 1977 онд Увс аймгийн Тариалан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Геологи уул уурхайн техник мэргэжлийн сургуульд хүнд механизмын засварын слессариар суралцан төгссөн. 1979 оны 9 дүгээр сараас хойш Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайн Хүдэнгийн хэсэгт дизельчинээр орж ажиллаад, 1980 оны 5 дугаар сард уг ажлаас чөлөөлөгдөөд цэргийн албанд татагдсан. 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдаж ирээд, 1983 оны 10 дугаар сараас эхлэн мөн уурхайдаа машинистаар ажиллаж эхэсэн ба 1985 оны 11 дүгээр сараас өрмийн машинистаар ажилласан. Тэгээд 1999 оны 2 дугаар сарын 25-ны өдөр уурхайгаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Надад бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч миний ажилд орж, ажлаас өөрчилж байсан тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Н.Үрчээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Геологи уул уурхайн техник мэргэжлийн сургуулийн захирал С.Лхаажаваас Нямын Үрчээд олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сургалтын төвд уулын тоног төхөөрөмжийн засварын мэргэжлээр авч суралцуулав, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сургалтын төвийг уулын тоног төхөөрөмжийн засварын слесарьч мэргэжлээр төгсөв, 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хар тарвагатай уурхайн Хүдэнгийн хэсэгт дизельчинээр авч ажиллуулав, 1980 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ардын цэргийн албанд явах болсон тул үүрэгт ажлаас нь  чөлөөлөв, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ардын цэргийн албанаас ирсэн тул уурын зуухны машинистаар авч ажиллуулав, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Уурын зуухны машинистын ажлаас чөлөөлж, өрмийн туслахаар авч ажиллуулав” гэсэн бичилтүүд хийгдсэн, бичилт болон тамга тэмдэг бүрэн дарагдсан байна.

            Мөн 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон 261311 тоот нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бичилттэй байх ба 22-23 дугаар хуудаст “Хар тарвагатай нүүрсний уурхайн өрмийн машинистын ажлаас 1999 оны 2 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөв” гэжээ.  

            Түүнчлэн 1997 оны өвөл Хар тарвагатай нүүрсний уурхайн ажлын талбайд Д.Цээтогтох, Эрдэнэ, Чулуунбаатар, Сайнбуян, Цээпэл, Энхдаш, Лхагважав, Эрдэнэ нарын хамтаар авахуулсан гэрэл зураг, цэргийн батлах, Нийгмийн даатгалын хэлтсийн 1995-1999 оны хооронд Н.Үрчээгийн шимтгэл төлөлтийн лавлагаа, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны нүүрсний үйлдвэрийн нэгдлийн харьяа Хар тарвагатайн нүүрсний уурхайн захиргааны даргын 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 76 тоот тушаал, Хартарвагатай нүүрсний уурхайн захирлын 1999 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 165 тоот “Хартарвагатай нүүрсний уурхайн баримт архивт шилжиж ирээгүй тухай” тодорхойлолт зэрэг баримууд хэрэгт авагдсан байна.

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Цээтогтох, Х.Катав нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гэрч Д.Цээтогтох: “Би 1993 онд “Хар тарвагатай” уурхайд тракторчноор анх ажилд орох үед Н.Үрчээ нь тухайн байгууллагад өрмийн машинистаар ажиллаж байсан. Түүнээс хойш 4 жил гарангийн хугацаанд хамт ажилласан байна. Би одоо ч энэ байгууллагадаа ажиллаж байгаа. Тухайн үед Н.Үрчээ гуай өөрийн хүсэлтээр ажлаас гараад мал маллаж эхэлсэн. 1997 онд бид хамтдаа авахуулсан гэрэл зураг хэрэгт авагдсан байна. Би үндсэн ажилчин болоод нэг жилийн ойн дээрээ ийм гэрэл зураг авахуулсан. Энэ зураг надад байсныг Н.Үрчээ гуайд баримт болгож өгсөн. Энэ зургийг яг ажлын талбай дээрээ авахуулсан байгаа” гэх мэдүүлэг, гэрч Х.Катав: “Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатай нүүрсний уурхайд би 1988 оноос хойш 1999 онд хүртэл хугацаанд Н.Үрчээтэй хамт ажиллаж байсан. Би уурхайн ерөнхий нягтлан бодогч, энэ хүн өрмийн машинистаар ажиллаж байсан. Н.Үрчээ нь манай тэргүүний сайн ажилчин байсан, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, аймгийн, үйлдвэрийн аварга болж байсан. Би өөрөө одоо ч гэсэн энэ байгууллагадаа ажиллаж байна. Нүүрсний уурхайд Пүрэвжав, Нямдагва, Санхүү, Сурмаажав гээд дарга нар ажиллаж байсан юм. Сүүлд Н.Үрчээ нь өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Н.Үрчээ нь намайг энэ уурхайд ажиллаж эхлэхээс өмнө олон жил тус байгууллагад эксковатор, тракторын жолооч гээд олон төрлийн ажил хийх чадвартай, олон ажил хийж байсан хүн байгаа юм” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд тус тус хэрэгт авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Үрчээгийн Увс аймгийн Тариалан сумын “Хартарвагатай” нүүрсний уурхайд 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 5  дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд дизельчнээр, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд уурын зуухны машинистаар, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1999 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд өрмийн машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Үрчээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бурдаг овогтой Нямаагийн Үрчээгийн Увс аймгийн Тариалан сумын “Хартарвагатай” нүүрсний уурхайд 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 5  дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд дизельчнээр, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд уурын зуухны машинистаар, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1999 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд өрмийн машинистаар, нийт 16 /арван зургаа/ жил 6 /зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Үрчээгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА