| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0046/э |
| Дугаар | 0048 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 0048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Цд холбогдох эрүүгийн 1825007580518 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Хилэнц овгийн Л.Ц, Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караоке барны ажилчдын өрөөнд нэвтрэн орж Б.Ариунцэнцэгийн Samsung S-6 маркийн гар утасыг хулгайлан 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Хохирогч Б.Ариунцэцэг нь “ шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Б.Ариунцэцэгийн ...“2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед ажилчдын өрөөнд өөрийн Samsung S-6 маркийн гар утсаа цэнэглээд уг өрөөг би өөрөө цоожлоод цэвэрлэгээгээ хийх гээд доод давхарлуу буусан юм. Тэгээд би цэвэрлэгээ хийж дуусчхаад ажилчдын өрөө рүү орох гэтэл хаалга нь онгорхой миний цэнэглээд үлдээсэн байсан гар утас алга болсон байсан , 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди худалдааны төвөөс 330.000 төгрөгөөр авч байсан би өөрийн гар утасны imei кодыг мэдэхгүй. Гар утсаа алдсан өдрийн орой ажлын хяналтын камерыг шүүж үзсэн юм. Камерт бичигдсэнээр бол ажлын фосфорттой тод шар өнгийн куртиктэй 40 гаран насны дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн байсан. Тэгээд 2018 оны 10 сарын 29-ний орой тухайн хүн мөн шал согтуу манай ажлын газрын үүдэнд ирчихсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25-р хуудас/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх- ийн 7-13 дугаар хуудас/,
3.“Бан хас” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/э-0303 дугаартай үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-30 дугаар хуудас/
4. Гэрч М.Мөнхдалайгийн ... “камер шүүж үзсэн чинь дээгүүрээ тод шар өнгийн шөнө фосфортож харагддаг, ажлын куртек өмссөн 40-50 орчим насны эрэгтэй хүн үүдний дээд талын хаалгыг түлхэж онгойлгоод доод талын хаалгыг дотор талаас нь эргүүлж онгойлгоод түүний цэнэглэж байсан гар утсыг аваад гарч байсан. Камерийн цагийг сайн хараагүй, үүнээс өөр мэдэх зүйл байхгүй” ... гэх мэдүүлэг. / хх-ийн 38 дугаар хуудас/
5. Гэрч Э.Мөнхбаясахын ... “Уг өрөөний хаалга 2 хэсэг онгойдог доод талыг нь түгжээд дээд талыг нь хаагаад орхисон орхичихдог юм. Тэгээд тэр өдрийн орой камер шүүж үзэхэд дээгүүрээ тод улбар шар өнгийн шөнө гэрэлтэж харагддаг куртектай, доогуураа бор сааралдуу өмдтэй, эрэгтэй эрэгтэй хүн ганцаараа орж ирээд өрөөний хаалгыг нь гаднаас нь гараа давуулан оруулж доод хаалгыг дотор талаас нь эргүүлж онгойлгон ороод түүний гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. Ингээд энэ өдрөөс хойш 3-4 хоногийн дараа орой ажлаа тараад захирал, Ариунцэцэг бид нар гэр гэрлүүгээ явах гэж байхад нөгөө хяналтын камер дээр бичигдсэн эрэгтэй хүн яг тэр өдөр өмсөж явсан хувцастайгаа манай хажуу талын дэлгэрэх төвөөс гарч ирж байсан юм. Тэгээд бид нар шууд хараад таньсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
6. Шүүгдэгч Л.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ... “Тухайн Караокены үүдний өрөөний хаалга нь 25 хэсэг онгойдог юм байна лээ. Доод талын хаалга нь хаалттай, түгжээтэй байсан. Харин дээд хэсгийн хаалга нь онгорхой байсан. Гар утсыг тухайн өрөө рүү хаалгаар нь гараа оруулж доод талын хаалгыг нь онгойлгоод орсон юм. Тэгээд тэр өрөөний угаалтуурын хажууд тавцан дээр байсан гар утсыг авсан юм. Яг цэнэглэж байсан уу үгүй юу гэдгийг мэдэхгүй санахгүй байна. Би өөрөө согтуу явсан юм. Ар гэр рүүгээ утсаар ярих санаатай ороод тухайн үедээ авчихмаар санагдаад тэр чигтээ авдаад явсан юм. Тэгээд Баян худалдааны төвийн хажуугаар дээлтэй танихгүй явуулын хүнд 5000 төгрөгөөр зарсан юм. Зарсан мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Бусдад төлөх төлбөргүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Ариунцэцэг, гэрч М.Мөнхдалай, Э.Мөнхбаясах нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Бан хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караокены ажилчдын өрөөнд орж Б.Ариунцэцэгийн Samsung S-6 маркийн гар утасыг хулгайлан 280 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Цы үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 76 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хилэнц гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Цы цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС