Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00417

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багт оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, ОЛ76011075 регистрийн дугаартай, Бархад овогтой Түнсээгийн Баяраагийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 12-16 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, ОЛ78110279 регистрийн дугаартай, Харагчууд овогтой Цэвээний Даваасүрэнд холбогдох,

        Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу зээлийн үндсэн төлбөр 3.000.000 төгрөг, 1 сарын хүү 450.000 төгрөг, алданги 5.835.000 төгрөг, нийт 9.285.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Т.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Даваасүрэнтэй зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай, 1 сарын 5% хүүтэй, 3.000.000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр Ц.Даваасүрэн нь 2015 оны 4 дүгээр сарын 10-нд уг зээлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан өгөхөөр тохирсон юм. Гэтэл Ц.Даваасүрэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээлсэн мөнгө, хүүг одоог хүртэл өгөхгүй байгаа бөгөөд мөнгөө авах гэхээр “Одоогоор мөнгө алга, дараа өгье” гэж хэлсээр өдийг хүрсэн. Иймд Ц.Даваасүрэнгээс 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 3.000.000 төгрөг, 3 сарын хүү 450.000 төгрөг, алданги 5.835.000 төгрөг, бүгд 9.285.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчаас 9.285.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Талууд энэхүү гэрээнд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байгаа болно. Нэхэмжлэгч Т.Баяраа нь 9.285.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаасаа 4.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Даваасүрэнгээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01ний өдөр гэхэд 2.000.000 төгрөг аваад үлдэх 5.285.000 төгрөг авахгүйгээр тохиролцож байна. Хариуцагч Ц.Даваасүрэн нь нэхэмжлэгч Т.Баяраад 4.000.000 төгрөгийг 2 хувааж буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд үлдэх 2.000.000 төгрөгийг тус тус өгөхөөр эвлэрч байна” гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Баяраа нь хариуцагч Ц.Даваасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүцэтгэл буюу зээлийн үндсэн төлбөр 3.000.000 төгрөг, 1 сарын хүү 450.000 төгрөг, алданги 5.835.000 төгрөг, нийт 9.285.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

                       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Ц.Даваасүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Баяраад төлөхөөр, мөн нэхэмжлэгч Т.Баяраа нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.285.000 төгрөгийг хасахаар зохигчид эвлэрсэн болох нь тэдний шүүхэд бичгээр өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

                       Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.510 төгрөгөөс 124.035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 4.000.000 төгрөгт ногдох 78.950 төгрөгийн тал хувь буюу 39.475 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Ц.Даваасүрэнгээс 39.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Баяраад олгох нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,  123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баяраа нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.285.000 /таван сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг хасч, хариуцагч Ц.Даваасүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжлэгч Т.Баяраад төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163.510 /нэг зуун жаран гурван мянга таван зуун арав/ төгрөгөөс 124.035 /нэг зуун хорин дөрвөн мянга гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39.475 /гучин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Ц.Даваасүрэнгээс 39.475 /гучин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Баяраад олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА