Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00325

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр Дуга 210/МА2024/00325

 

 

М.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Тын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. М.Т миний бие М ХХК-д 2008 онд тогоочоор ажиллаж эхэлсэн ба 2018 оноос Ахлах тогоочийн албан тушаалд томилогдож, М ХХК-д нийт 15 жил ажиллаж байна. Миний бие ажилдаа аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй билээ. Гэтэл 2022 оны 11 дүгээр сараас МАК евро блокны үйлдвэрийн дарга солигдсоноос хойш байнга намайг гүтгэж, Хүний нөөц, захиргаа удирдлагын газар руу албан тушаал бууруулах, ажлаас халах саналыг байнга өгч ирсэн.

1.2. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр надад ажлаас чөлөөлөх тухай тушаалыг танилцуулж, М ХХК-аас ажлаас үндэслэлгүй халсан. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6/414 дугаар тушаалд дурдсанчлан удирдлагандаа байдаг ажилтнуудад дарамт, шахалт үзүүлсэн, хууль бус шаардлага тавьсан, тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй.

1.3. М ХХК ажлаас чөлөөлөхдөө надаас ямар нэгэн тайлбар аваагүй, өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй, надад бичгээр сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй мөртлөө сахилгын зөрчил давтан гаргасан мэт хэд хэдэн зөрчилд холбогдуулан тушаал гаргасан.

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр М ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч М ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан тайлбарт компанийн маргаан таслах комиссийн гишүүд томилолтоор ажиллаж байгаатай холбоотойгоор гомдлыг шийдвэрлэх боломжгүй, гомдлыг дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлэх санал гаргасан.

1.4. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №80 тоот хурлын шийдвэрээр М ХХК-ийн ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6/414 дугаар Ажлаас халах шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж, хүчингүй болгож М.Тыг ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах бичилт нөхөн хийхийг даалгаж байна гэж шийдвэрлэсэн.

Мөн тус хороонд гаргасан гомдол, түүний шаардлагын хүрээнд гомдол гаргагч, маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу уг тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсан.

1.5. Гэвч М ХХК нь дээрх шийдвэр/тэмдэглэл гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг биелүүлээгүй, намайг урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлэн аваагүй.

Иймд М ХХК-ийн ахлах тогоочийн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. М.Т нь өөрийн удирдлагад байдаг ажилтнууд болох тогооч, угаагч, бэлтгэгч нарт удаа дараа дарамт, шахалт үзүүлсэн /үг хэлээр/, үүнээс шалтгаалан тухайн ажилтнууд манай дотоод хяналтын газарт гомдол гаргасан. Дотоод хяналтаас гомдлыг хянаад компанийн удирдлагуудад танилцуулсан. Өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж удирдлагад байдаг ажилтнуудаасаа мөнгө шаардах болон хууль бус үйлдэл хийхийг шаардсан. Энэ талаар гаргасан ажилтнуудын гомдол байдаг.

Бидний зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халж байгаа шалтгаан нь М.Т өмнө нь хэд хэдэн зөрчил гаргаж байсан ба тухайн үед компаниас сануулах арга хэмжээ авсан.

2.2. Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгохуйц ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцагч цуцлах үндэслэлүүдийг тогтоож өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2, баримтлан М.Тыг М ХХК-ийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,170,759 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Тт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч М.Тын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд дахь 26,170,759 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч М ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 288,804 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга

Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. Хариуцагчаас шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгохыг, мөн хариуцагч компани хуульчаа оролцуулан хэргийн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгч А.Гүнтэвээс өмнөх шүүх хуралдаанд дурдсан баримтуудыг гаргуулахад хугацаа шаардлагатай байгаа, шаардлагатай баримтууд нь манай хуульч Б.Төрболдод байгаа, Б.Төрболд нь томилолтоор ажиллаж байгаа тул нэгдүгээрт нотлох баримтыг бүрдүүлэх хугацааг дахин олгохыг, хоёрдугаарт хуульч Б.Төрболдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ дурдсанчлан холбогдох гэрчүүдийг асуулгах хүсэлтүүдийг гаргасан.

4.2. Нэхэмжлэгч М.Т нь манай компанийн салбар үйлдвэрт буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших МАК Евроблокийн үйлдвэрт ажилладаг байсан. М.Ттай холбоотой материалыг тус үйлдвэрээс гаргуулахад хугацаа шаардлагатай буюу үйлдвэрийн архиваас зарим нотлох баримтыг шүүж авах шаардлагатай. Энэ шалтгаанаар нотлох баримт гаргаж өгөхөд хугацаа шаардагдаж байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т Хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авхуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй, мөн нотлох баримт авсан ажилтан гэнэтийн томилолттой байсан тухайгаа хэлсэн, дээр дурдсанчлан шүүх хуралдаанаас өмнө нотлох баримт гаргаж амжаагүй буюу алслагдсан үйлдвэрт очиж баримт шүүх шаардлагатай байсан зэрэг нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах бололцоотой, хүндэтгэх үндэслэлтэй байсныг илтгэдэг.

4.3. Хариуцагч өөрийн салбар үйлдвэрийн хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Г.Анараас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж буй үндэслэл, шалтгааныг танилцуулсан, тайлбар авсан процесс, баримтуудыг тодруулахаар гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд гаргахад талууд энэ үйл баримтын талаар маргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ /9-р хуудас 3-р догол мөр/ энэ талаарх баримт авагдаагүй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээрх байдлаар шүүх хэргийн оролцогчийг шүүх хуралдаан биечлэн оролцох, татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөх, гэрч асуулгах эрхүүдийг эдлүүлээгүй гэж үзэж байна.

4.4. Шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, шийдвэртээ дурдсанчлан ажлаас халах тушаал нь хөдөлмөрийн харилцааг цуцалсан эрх зүйн акт болохынхоо хувьд үндэслэлтэй, хуулийн дагуу баталсан байхыг шаарддаг.

Ажлаас халсан тушаалд нэхэмжлэгчийг удирдлагандаа байдаг ажилтнуудад дарамт шахалт үзүүлсэн, хууль бус шаардлага тавьсан зэрэг үндэслэлийг дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ажлын байрны дарамтыг үзүүлсэн гэх гомдлыг нэхэмжлэгчийн харъяанд ажилладаг ажилтнуудаас /хэд хэдэн ажилтнаас/ гаргасан. Үүний үндэслээд хариуцагч халах тушаал гаргасан.

4.5. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ дурдсанчлан ажлын байрны дарамт учруулсан нөхцөл байдлыг тогтооход дарамтлуулсан буюу хохирогч этгээдийг энэ шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, болсон үйл баримт, нэхэмжлэгч буюу дарамталсан гэх этгээдийн гэм буруутай үйлдлийг бодитоор тогтоох зайлшгүй шаардлагатай байсан.

Хариуцагчийн хариу тайлбараа нотлох шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөхөд шаардлагатай хүсэлтүүдийг харгалзан үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн эрх зөрчигдөхөд хүргэж байна.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон шийдвэрт нөлөөлсөн гэж хариуцагч үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгоогүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэж байна. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүх иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байсан.

Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны хуралд оролцсон хэрнээ тухайн баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Хэргийн оролцогчдод 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эрх, үүргийг нь шүүхээс тайлбарлаж өгсөн.

Мөн компанийн зүгээс эрх зүйч, хуульч нь шүүх хуралдаанд оролцсон байна. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгох хүсэлтийг шүүх хүлээж авч шийдвэрлэж байдаг. Гэтэл дахин нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээж аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй.

5.2. М ХХК нь 2 итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй. Нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцсон. Одоо гомдол гаргаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчөөгүй.

5.3. Мөн гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй гэж байна. Дарамт шахалт учруулсан асуудлыг гэрчээр нотлуулах нь нотолгооны ач холбогдолгүй. Компани сахилгын зөрчил гаргасныг нотолсны дараа тушаал гаргаж, ажлаас халах ёстой. Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Анарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тушаал танилцуулсан үйл баримт дээр маргаагүй. Г.Анарт баримтуудаа байгаа гэх тайлбарыг анхан шатны шүүх дээр ч гэсэн хэлж байсан.

Хариуцагч талаас баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээ гаргаагүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Монгол алт МАК ХХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас хүний нөөцийн мэргэжилтэн Г.Анарыг гэрчээр асуулгах, нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтүүд гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэж, захирамж гаргасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгажээ./хх-64-67/

 

Хэрэгт дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж бичгийн хэлбэрээр авагдаагүй тул ямар үндэслэлээр уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримтыг дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас гаргасан ...Б.Төрболдыг биечлэн шүүх хуралдаанд оролцуулах болон Г.Анараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан... гэх агуулгатай гомдлыг үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

3.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/12862 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/14239 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас хэлэлцэж, 183/ШТ2023/00516 дугаартай тогтоол гаргасан ба тус гомдол хэлэлцсэн шүүх хурлын тэмдэглэл хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

3.3. М ХХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/414 дугаар тушаалаар М.Тыг Хөдөлмөрийн дотоод журмын 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.3, 29.1.8 дахь хэсгийг үндэслэл болгож гаргасан байхад анхан шатны шүүх гомдлоор үүсэх маргаанд чиглүүлэх үүргийн хүрээнд хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт баримтаар авагдаагүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,804 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР