| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0067/Э |
| Дугаар | 0059 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 0059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1925000470069 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Баатад овогт Мягмарсүрэнгийн Мөнхбат, Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн 16-9 тоотод Н.Амгаланбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бмэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос уучлал гуйсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч Н.Амгаланбаяр нь “гомдолгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Н.Амгаланбаярын... “2019 оны 01 сарын 07-ны өдөр өөрийн найз Аптанхуягтай хамт гэртээ 2 шил 0,750 грамийн Ерөөл архи хувааж ууссан. Би тухайн үед манай эхнэр гэртээ ирээгүй байсан учраас би эхнэр Мөнхзул руу удаа дараа утсаар яриад хэзээ ирэх гэж байна гэж асуусан. Тэгтэл Мөнхзул надад хэлэхдээ найзуудтайгаа хамт бааранд байна гэж хэлэхээр нь би эхнэр Мөнхзулыг хурдан ир гэж уурласан. Тэгтэл эхнэр удалгүй гаднаас орж ирэхээр нь хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэж хэлээд эхнэртэй маргалдсанаа санаж байна Нэг мэдсэн чинь миний нүүр лүү хүн цохиж байхад ухаан ороод хартал эхнэрийн дүү болох Мөнхбат миний урд зогсож байсан. Тэгтэл манайд 2 цагдаа орж ирээд намайг аваад нэгдсэн эмнэлэг орж хүлээн авах тасагт үзүүлэх гэтэл согтуу хүн үзэхгүй гээд явуулахаар нь би өөрийн хүргэн Дарамсэнгийн хамт Медипас эмнэлэг дээр очиж нүдээ үзүүлтэл баруун нүдний дотор талын хананы яс хугаралтай, тархи цус хуралттай, хийтэй байна гэж хэлсэн болохоор бид нар маргааш нь буюу 2019 оны 01-р сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын үндсний төвийн гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нүдний хагалгаанд ороод ирсэн. ..Тухайн үед миний баруун талын нүд хөхөрч хавдсан, нүд болон хамарнаас цус гарсан байсан. Одоо биеийн байдал зүгээр байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт 20 хоног хэвтэн эмчлүүлж мөн нүдний ухархайн хагалгаанд орсон байгаа. Эмийн сангаас өвчин намдаах эм тариа авч хэрэглэсэн байгаа. Би тухайн үед өөрөө нилээн согтолттой байсан ба эхнэр Мөнхзултай маргалдаж байгаад үснээс нь зулгаасан юм байна лээ, тэр үед эхнэр Мөнхзулын төрсөн дүү Мөнхбат орж ирж таараад намайг салгах гээд цохитол би газар уначихсан, тэгтэл шууд хөлөөрөө нүүрэн тус газар нэг удаа өшиглөчихсөн юм. Мөнхбат өөрийн эгч Мөнхзулыг өмөөрөөд намайг цохисон”... гэх мэдүүлэг. /хх- ийн 12-14-р хуудас/
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 128 дугаартай дүгнэлтийн ... “Н.Амгаланбаярын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 18-р хуудас/ ,
3.Гэрч М.Мөнхзулын... “Мөнхбатын утас руу залгаж тусламж гуйхад Мөнхбат удаагүй манай гэрт орж ирэх үед Амгаланбаяр намайг үсдээд чирч байсан. Амгаланбаяр надад хандаж би чамд өөрийнхөө цусыг идүүлнэ, чи заавал ид гичий минь гээд байсан. Энэ байдлыг Мөнхбат хараад уурлаж Амгаланбаярыг надаас салгаад газар унагааж нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Яг өшиглөхдөө Амгаланбаярын нүд хэсэг рүү нь өшиглөсөн. Мөнхбат өөрөө цагдаад дуудлага өгсөн”... гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24-р хуудас/
4. Гэрч Н.Алтанхуягийн... “2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн үед над руу манай найз Амгаланбаяр утсаар яриад би гэртээ хоол хийчихлээ, чи хүрээд ир гэхээр нь би яваад очтол Амгаланбаяр гэртээ нэг найз нь эхнэр хүүхдүүдтэйгээ ирчихсэн 1 шил 0,750 граммийн архи задалчихсан сууж байсан. Би хоол унд идчихээд тэр архинаас нь уугаад сууж байхад Амгаланбаяр эхнэр Мөнхзул руу байн байн утсаар залгаж хаана явж байгаа юм, хурдан пизда минь, янхан минь гээд уурлаад байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор орон дээр унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Амгаланбаяр намайг босоод ир гээд байх шиг байхаар нь босоод иртэл шууд миний нүүрэн тус газар гараараа цохиж аваад чи тэр янханыгаа олж ир, би та гурвыг өнөөдөр ална гээд нөгөө гараараа эхнэр Мөнхзулын үсийг гартаа ороочихсон газар унагаагаад гуталтай хөлөө нүүрэн дээр нь тавьчихсан харагдаж байсан. Би тухайн үед юу болж байгаагаа ойлгохгүй нүүрээ дараад босож ирээд найз Амгаланбаярыг салгах гэтэл намайг цааш нь түлхэж унагаагаад өөртөө ойртуулахгүй байхаар нь би Мөнхзулд хандаж чи ядаж ах дүү нар луу нь залгаад хүрээд ир гээд хэлчих гэж хэлэхэд Мөнхзул үсээ зулгаалгуулсан чигтээ өөрийнхөө утсаар Амгаланбаярын ах дүү нар луу нь залгасан боловч хэн нь ч утсаа аваагүй. Тэгэхээр нь цагдаа дууд гээд Мөнхзулд хэлсэн. Тэгтэл удалгүй гаднаас Мөнхзулын төрсөн дүү Мөнхбат орж ирэхэд Амгаланбаяр Мөнхзулыг үсдсэн чигээрээ зогсож байсан. Тэгтэл Мөнхбат Амгаланбаярт хандаж чи яагаад дандаа миний эгчийг ингэж дарамталдаг юм бэ гээд очоод салгах гэтэл Амгаланбаяр Мөнхбатын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авахаар нь Мөнхбат Амгаланбаярыг цааш нь түлхсэн. Тэгээд Амгаланбаяр тонгойгоод босох гэж байхад нь Мөнхбат хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа хөлөөрөө өшиглөчихсөн”... гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/
5.Гэрч Г.Баярбаясгалангийн ... “2019 оны 01 сарын 07-ны өдөр Мөнхзул бид хоёр город орж найз хүүхнээ эргэчихээд гэрт нь юм яриад сууж байхад Мөнхзулын нөхөр Амгаланбаяр утсаар хэд хэдэн удаа залгаж хаана байна, хэзээ ирэх гэж байна гээд залгаад байсан. Сүүлдээ Мөнхзул Амгаа залгаад байна, би гэр лүүгээ харихгүй бол болохгүй байна гэж хэлээд түрүүлээд явсан. Би Мөнхзулыг явсаны дараа 20-30 минутын дараа Мөнхзулын гэрт очтол ийм үйл явдал болчихсон байсан. Амгаланбаяр эхнэр Мөнхзулыг үснээс нь зулгаагаад газар чирээд гуталтай хөлөөрөө нүүрэн дээр нь тавьчихсан байхаар нь Мөнхзул төрсөн дүү Мөнхбатыг дуудтал Мөнхбат эгчийгээ өмөөрөөд Амгаланбаярын нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд гэмтэл учруулсан гэж ярьж байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн29-30/болон ял ший тгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Амгаланбаярын мэдүүлэг, гэрч М.Мөнхзул, Н.Алтанхуяг, Г.Баярбаясгалан нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч М.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 16-09 тоотод Н.Амгаланбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Мөнхбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхбатыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Баатад овогт Мягмарсүрэнгийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбатад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС