Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00381

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр Дуга 210/МА2024/00381

 

 

Л.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03951 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Эгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууц хүлээлгэж өгөхийг даалгах, алданги 39,032,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Т ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 87А дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Т ХХК-ийн барьж буй Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, 506 тоотод байрлах 60,05 м.кв бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцож, нийт 78,065,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

1.2. Захиалагчийн хувьд гэрээ хийсэн өдрөө гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан дансанд 78,065,000 төгрөгийг ...байрны үнэ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснээр гэрээний үүргийг биелүүлсэн. Гүйцэтгэгч нь уг орон сууцыг 2021 оны 04-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөх байсан боловч дээрх хугацаа хойшилсоор 2023 оны 1-р улиралд Улсын комисст хүлээлгэж өгсөн. Гэрээний дагуу өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байна.

1.3. Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.8-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алдангийг нэхэмжилж байна. Алдангийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 39,032,500 төгрөг болж байна.

1.4. Иймд Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, 506 тоотод байрлах 60,05 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Л.Эг тогтоож, орон сууц хүлээлгэж өгөхийг даалгаж, алдангид 39,032,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Т ХХК нь анх 2019 онд, нэхэмжлэгчийн дурдсан хаяг болох Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайна 0 гудамжинд 150 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Клэстон блансир ХХК-тай 2 ширхэг цахилгаан шат суурилуулах гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг тухайн барилгаас 2 ширхэг орон сууцаар тооцож, тухайн орон сууцны 506 болон 707 тоотыг өгөхөөр тохиролцсон байдаг.

2.2. Гэрээ байгуулснаас хойш Клэстон блансир ХХК-ийн лифтний их биеийг тухайн барилгын тухайн барилгын талбайд авчирсан тул уг лифтийг барилгад суурилуулна гэж итгээд 2 орон сууцны захиалгын гэрээг Ч.Мөнгөнцацрал, Л.Э нарт шилжүүлсэн.

Гэтэл Клэстон блансир ХХК нь Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу лифт суурилуулаагүй ба ажлын талбарт байршуулсан 1 лифтний их бие нь Клэстон блансир ХХК-ийн өмч биш болох нь тогтоогдож, тухайн лифтний жинхэнэ өмчлөгч нь лифттэй холбоотой асуудлаар манай компанид нэхэмжлэл гаргаж шийдүүлсэн байдаг.

Энэ талаар нэхэмжлэгч Л.Эд манай компанийн зүгээс та манай компаниас байр аваагүй, бартерын байр худалдаж авсан, тухай компани нь ажлаа хийж гүйцэтгээгүй тул бартерын байрыг олгох боломжгүй талаар мэдэгдэж байсан.

2.3. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т ХХК-аас иргэн Чулуунхүү овогтой Сүхбаатартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 506 тоот орон сууцыг худалдахаар тохиролцож, улмаар иргэн Ч.Сүхбаатар нь 53,000,000 төгрөгийг Т ХХК-ийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн байдаг.

2.4. Манай компанийн зүгээс иргэн Л.Эгаас орон сууцны төлбөрийг хүлээн аваагүй, бартерын төлбөр тооцоотой холбоотой тохирсон ажил бодитоор хийгдээгүй, иргэн Л.Этай байгуулсан гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, уг орон сууц нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 67 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр захиалагч Ч.Сүхбаатарын эзэмшил, ашиглалтад шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, 506 тоот хаягт байрлах, 60.05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Л.Эд орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 39,032,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 813,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 548,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Эд олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Л.Э нь гэрээ байгуулахаас 2 жилийн өмнө иргэн Ч.Сүхбаатартай №067 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдсан, Ч.Сүхбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр захиалгын гэрээний дагуу 53,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж, орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авч, амьдарч байгаа. Нэхэмжлэгч Л.Э нь Т ХХК-д төлбөр төлөөгүй, төлбөрийг өөр этгээдэд шилжүүлсэн. Маргаан бүхий орон сууц нь аль хэдийнээ гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар хариуцагч тайлбарласан байхад шүүхээс этгээдийг Ч.Сүхбаатарыг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч Л.Эгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэйгээ холбогдуулан 2021.07.02-ны өдөр байгуулсан гэх №87А дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г баримтаар гарган өгсөн байх ба тус гэрээнд Т ХХК-ийг төлөөлж менежер Б.Болортуяа гэх этгээд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан байна. Гэтэл компанийн зүгээс Б.Болортуяад Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрх олгоогүй ба эрх олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй, Б.Болортуяа гэх этгээд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй байх тул тус гэрээний дагуу ямар нэгэн үүрэг хүлээх боломжгүй юм.

4.3. Түүнчлэн хариуцагч Т ХХК нь тус шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн татгалзлыг нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой үйл баримтыг мэдэх гэрч Э.Мөнхсайханыг гэрчээр асуулгах, нэхэмжлэгч Л.Эгийн хариуцагчид төлсөн гэх мөнгийг өөрийн дансаар хүлээн авсан гэх этгээдийн хувийн мэдээллийг Хаан банкнаас гаргуулах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүхээс хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.29-ны өдрийн №183/ШШ2023/03951 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууц хүлээлгэж өгөхийг даалгах, алданги 39,032,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/018353 дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. /хх-175-176/

Хариуцагч нь ...Ч.Сүхбаатар нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж, тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа... гэсэн тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор Ч.Сүхбаатарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх эрх, ашиг нь хөндөгдөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт хариуцагч Т ХХК болон иргэн Ч.Сүхбаатар нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ авагдсан, уг гэрээний зүйл нь нэхэмжлэгч Л.Эгийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцтай давхцаж байгаа тул Ч.Сүхбаатарын эрх, ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзнэ.

 

3.2. Клэстон блансир ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан, лифтны өмчлөгч Ч.Мөнгөнцацрал нарыг гэрчээр асуух нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй юм.

 

Хариуцагч нь гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргахдаа гэрч нарын гэрийн хаяг, утасны дугаар, мөн ач холбогдол бүхий ямар үйл баримтыг тодруулах тухай тодорхой дурдсан хүсэлтийг гаргасан байхад хангахгүй орхисон нь үндэслэл муутай болжээ.

 

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,275 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР