| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0057/Э |
| Дугаар | 0049 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 0049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ут холбогдох эрүүгийн 1825009010040 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Боржигон овогт О.У, Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, нөхөр хүүхдүүдийн хамт
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.У нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Худалдааны гудамжинд Л.Амгалангийн толгой тус газарт цохиж, түлхэж унаган хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүүлэгт шүүгдэгч О.У мэдүүлэхдээ “Амгалангийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө бурууг ойлгож байна. Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Л.Амгалан нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Л.Амгалангийн ... “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Худалдааны гудамжинд зогсдог. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед би ажил дээр ирээд байж байсан чинь миний хувцас өлгөдөг байж байгаад алга болсон төмөр байж байсан. Тэгсэн Очироо ахын дүү нь лангуун дээр ирсэн бөгөөд би очоод энэ манай төмөр байна. Чи Очироо ах руугаа залгаж хэлээрэй гэж хэлсэн. Хэсэг байж байсан чинь Очироо ахын эхнэр Уранчимэг ирсэн бөгөөд над руу хөөе чи яахаараа наад төмрөө авдаг юм гэсэн. Тэгэхээр нь би эргэж хараад өө ямар аймаар юм бэ зодчихвоо гэж хэлсэн. Тэгсэн Уранчимэг эгч төмрөө авна гээд төмөр авах гэхээр нь би үгүй ээ, энэ манай төмөр гээд төмрөөс барьсан чинь миний гарыг тавиулах гээд гарын хуруунуудыг нэг нэгээр хөшиж тавиулсан. Тэгээд би наад төмрийг чинь худалдаж авсан гэхээр нь би та хэдээр худалдаж авсан юм бэ би мөнгийг нь өгье гэсэн чинь авахгүй төмрөө авна гээд байсан. Тэгээд миний толгойн зүүн хэсэгт хоёр удаа цохиж аваад намайг түлхсэн бөгөөд би газар толгойгоороо савж унасан. Тухайн үед толгой өвдөөд их эвгүй болсон бөгөөд босоод ирсэн чинь намайг дахин түлхэж унагаасан. Энэ үед бөгсөөрөө газарт унасан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирэх хооронд Уранчимэг эгч надтай хэрүүл хийгээд л байсан. Тэгээд цагдаа ирсэн бөгөөд намайг өргөдөл бичээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн тэнд зогсдог Зүрхээ гэж эгч хар төмөрнөөс болж өргөдөл бичиж өгч яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ өргөдөл бичиж өгөөгүй. Тэгсэн яваандаа миний толгой их өвдөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчид үзүүлсэн чинь тархи доргисон байна, зураг авахуул гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй’’ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6, 10-11 -р хуудас/
2.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтийн ... “Л.Амгалангийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. / хх-ийн 21-р хуудас/
3.Гэрч О.Амармэндийн ... “эгч тэр эмэгтэй хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд нөгөө төмөр авсан эмэгтэй эгчийн нүүрийг самардаж маажих гээд байхаар нь манай эгч нөгөө эмэгтэйг цааш нь түлхсэн чинь нөгөө эмэгтэй хойшоо саваад унасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
4. Гэрч Б.Батжаргалын ... “Уранчимэг уулзах гээд явсан бөгөөд би бараа гаргаад үлдсэн. Тэгсэн чинь хоорондоо хэрэлдээд чанга чанга яриад байхаар нь би очсон. Уранчимэг нөгөө төмөр авсан гэх хүүхэнтэй барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь би боль гээд найз Уранчимэгийг салгаж авсан. Тэгсэн нөгөө хүүхэн чи зодож чадахгүй л дээ гээд хор шарыг малтаад байсан. Тэгсэн манай найз уурлаад түлхсэн чинь арагшаа саваад унасан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн бөгөөд нөгөө хүүхэн чи цагдаа ирэхэд гөлөг болж байгаа биз дээ гэж байсан бөгөөд манай найз Уранчимэг нөгөө хүүхнийг дахиад түлхсэн чинь газар унасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
5.Гэрч З.Ганчимэгийн ... “Уранчимэг ажил дээрээ ирээд Амгалан гэж охинтой маргалдаад байсан. Тэгээд маргалдаад салахгүй болохоос нь очсон чинь хоёулаа маргалдаад байж байсан бөгөөд төмөр минийх, чинийх, худалдаж авсан, хулгай хийсэн гээд маргаад байсан. Тэгээд Амгалан намайг газар унагаачихлаа цагдаа дууд гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-р хуудас/
6.Гэрч Г.Ганзоригийн ...“очиход бие рүү, махлагдуу хүүхэн, намхан туранхайвтар хоёр хүүхэн маргалдаад зогсож байсан бөгөөд өндөр биетэй хүүхэн нь энэ намайг хулгайч гэлээ би энэ төмрийг худалдаж авсан гээд орилж байсан. Намхан хүүхэн нь энэ миний толгой руу цохиж намайг түлхэж унагасан миний толгой өвдөж байна би гомдолтой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 17- р хуудас /
7.Шүүгдэгч О.Уийн ...“Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийг хүлээн зөвшөөрч байна. Амгалан та худлаа хусчихаад тэгж байгаа биз дээ гээд маргаж ирсэн. Тэгээд төмрөө өгнө, өгөхгүй гээд булаацалдсан бөгөөд намайг янз бүрийн үгээр хэлээд байхаар нь түлхсэн чинь газар саваад унасан. Тэгээд маргаад байж байсан чинь цагдаа ирсэн. Амгалан намайг цагдаа хараад гөлөг боллоо гээд байхаар нь дахиад түлхсэн чинь бөгсөн хэсгээрээ газар унасан. Хоёр удаа түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 29-30-р хуудас / болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Амгалангийн мэдүүлэг, гэрч О.Амармэнд, Б.Батжаргал, Б.Батжаргал, З.Ганчимэг, Г.Ганзориг нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.У нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Худалдааны гудамжинд Л.Амгалангийн толгой тус газарт цохиж, түлхэж унаган биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ут яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС