Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00420

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Увс аймаг, Зүүнговь сумын 5 дугаар баг, Зэлийн голын 1-11 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ70091004, Тайжууд овогтой Хундагын Анхбаярт холбогдох,

        2030004347 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.704.713,41 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.941.141,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588.228,34 төгрөг, нийт 17.234.083,44 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны  4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, Ж.Азбаяр нар  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь Х.Анхбаяртай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2030004347 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14.950.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,0 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 22 айлын орон сууцны 06 тоотод байрлах, 36 м.кв талбай бүхий, 000234236 гэрчилгээний дугаартай, Ү-1520004371 улсын бүртгэлийн дугаартай Х.Анхбаярын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 1.245.286,59 төгрөг, зээлийн хүү 2.510.654,33 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл 13.704.713,41 төгрөг, зээлийн хүү 2.941.141,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588.228,34 төгрөг, нийт 17.234.083,44 төгрөгийг хариуцагч Х.Анхбаяраас гаргуулан өгнө үү. Мөн түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Х.Анхбаярт холбогдуулан, 2030004347 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.704.713,41 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.941.141,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588.228,34 төгрөг, нийт 17.234.083,44 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэн Х.Анхбаяр нь Капитал банкнаас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14.950.000 төгрөгийг сарын 2 хувийн, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 22 айлын орон сууцны 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520004371, гэрчилгээний 000234236 дугаартай, 36 м.кв талбай бүхий орон сууц барьцаалсан байна.

         Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

         Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Анхбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 13.704.713,41 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.941.141,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588.228,34 төгрөг, нийт 17.234.083,44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.

          Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Х.Анхбаярын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 22 айлын орон сууцны 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520004371, гэрчилгээний 000234236 дугаартай, 36 м.кв талбай бүхий хувийн орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

        Харин нэхэмжлэгч “бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 2030000733 тоот зээлийн болон барьцааны гэрээ, мөн “Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл” гэх баримтуудаас үзэхэд зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц барьцаалсан байх ба нэхэмжлэгчээс уг барьцааны эд хөрөнгөөс гадна “бусад эд хөрөнгөөр” үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна.

           Нөгөө талаар, нэхэмжлэгч Капитал банк, хариуцагч Х.Анхбаяр нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахдаа банкны зүгээс түүнийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах боломжтой үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалан авсан нь дээрх гэрээнүүдээс тогтоогдож байгаа бөгөөд гэрээгээр тохиролцоогүй, Х.Анхбаярын зээлийн барьцаанд барьцаалаагүй “бусад эд хөрөнгө”-өөс шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

         Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан бөгөөд уг шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэв.   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Анхбаяраас 244.120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

       Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Анхбаяраас 17.234.084 /арван долоон сая хоёр зуун гучин дөрвөн мянга наян дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

      2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Х.Анхбаярын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 22 айлын орон сууцны 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520004371, гэрчилгээний 000234236 дугаартай, 36 м.кв талбай бүхий орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас “Бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244.120 /хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Анхбаяраас 244.120 /хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун хорь/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА