Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00425

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, ОЭ64082002 регистрийн дугаартай, Ончууд овогтой Доноровын Оюунчимэгийн,

         Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1981 оноос эхлэн малчин болж 1989 оны 12 дугаар сар хүртэл мал маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагтай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Сагил сумын “Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний “Ялалт”  нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан Доноров овогтой Оюунчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Цээбумба, Д.Дэмбэрэл нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба гэрч Б.Цээбумба: “Д.Оюунчимэг нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1981 оноос эхлэн бог мал маллаж эхэлсэн. Тэрээр өөрийн эцэг эхийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд манайхтай нэг баг, бригад болж мал малладаг байсан. Би Ялалт нэгдэлд 1964-1993 оны хооронд малчин хийж байсан. 1991 онд Ялалт нэгдэл хувьчлагдаж Ялалт компани болж байсан. Д.Оюунчимэг нь нөхөр Ч.Бадамсүрэнгийнхээ хамтаар одоо ч мал маллаж амьдарч байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Дэмбэрэл: “Би Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн Өндөр мод бригадад 1958 оноос эхлэн 1992 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан. Д.Оюунчимэг нь 1981 оноос эхлэн Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд нэгдэл тарж, хувьчлагдах хүртэл хугацаанд малчнаар ажилласан. Тэрээр одоо ч нөхөр Ч.Бадамсүрэнгийн хамтаар мал маллаж амьдарч байна. Ялалт нэгдлийн даргаар Содномжамц, Сайжрах, Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус хэрэгт авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Оюунчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ончууд овогтой Доноровын Оюунчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар, нийт 9 /ес/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА