Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2024/00006

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 148/ШТ2023/00061 дугаар шүүхийн тогтоолтой

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 9,124,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Монгол Улсын иргэн ******* миний бие 2022 оны 04 дүгээр сарын 16-ны 02:40 цагийн үед өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашинтайгаа Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Хүүхдийн соёл амралтын хүрээлэн /хүүхдийн парк/-ийн урд зам дээр явж байхад ****** улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж хурд хэтрүүлэн миний араас мөргөсний улмаас би машинтайгаа баруун талд байх байшингийн буланг мөргөж зогссон.

Тухай үед замын цагдаагийн газарт дуудлага өгсөн ба Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн албанаас хэргийн газрын үзлэг, хэмжилтийг хийж шалгаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл миний бие хохирлоо барагдуулж аваагүй хохирсоор байна.

Одоо миний автомашинд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 8.220.000 төгрөгийн эвдрэл гарсан. Үнэлгээний зардалд 494.000 төгрөгийг төлсөн. Мөн эд ангийн оношилгоог Ино марк мастер ХХК-аар хийлгэж 115.000 төгрөгийн төлбөр төлсөн. "СТМ мед" ХХК-ийн Лазер мед эмнэлэгт толгойн компьютер томографын зураг авхуулсан төлбөр 120.000 төгрөг төлсөн. Ачилтын төлбөрт 60.000 төгрөг, журмын хашааны төлбөр 20.000 төгрөгийг төлсөн. Такси төлбөрт 20.000 төгрөг төлсөн. Миний бие энэ ослоос болоод нэг өдөр ажилдаа яваагүй тул нэг өрийн цалин болох 75.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Ингээд нийт 9.124.000 төгрөгийн хохирол бодит байдлаар учирч миний бие их хэмжээгээр хохироод байна. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн албанаас тухайн үед мөргөсөн Портер машиныг унаж явсан этгээдийг хуулийн дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ба миний бие тус тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигчээс хуульд заасан үндэслэлийн дагуу гэм хорын хохирлоо барагдуулахаар арга буюу тус шүүхэд хандаж байна.

Иймд *******гаас гэм хорын хохирол болох 9,124,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Иргэн ******* миний нэр дээр тус шүүхэд Вандандорж 9,124,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Миний нэр дээр бүртгэлтэй ****** улсын дугаартай портер маркийн авто машинаа 2022 оны 04 дүгээр сарын 15-нд угааж цэвэрлэж зарахад бэлдээд өг гэж өөрийн төрсөн ахад хариуцуулан үлдээсэн юм. Гэтэл нутгийн танил ******* гэж этгээд хонох газар байхгүй машиндаа хонуулчих гэж гуйж үлдээд түлхүүрийг эзний зөвшөөрөлгүй хулгайн замаар авч тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж явж зам тээврийн осол гаргасан. ******* тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явах үеэр миний машин дахиж асаж явах боломжгүй болтлоо гэмтсэн надад их хэмжээний хохирол учруулсан мөн Вандандоржийн машинд тодорхой хэмжээний хохирол учруулсан байсан. Иймд уг зам тээврийн осол хулгайн хэргийг шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Цагдаагийн газарт дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа. Миний зүгээс ******* энэ бүх хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Монгол Улсын иргэн Буямаа овогтой ******* миний бие 2022 оны 4 дүгээр сарын 16-ны 02:40 цагийн үед ******** улсын дугаартай Хьюндай портер маркийн авто машин жолоодож осол гаргасан нь үнэн болно. Нэхэмжлэгчээс гаргасан 9,124,000 төгрөгийг миний бие төлнө. ******* нь энэ хэрэгт холбоогүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.. гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 148/ШТ2023/00061 дугаартай шүүхийн тогтоолоор:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******гээс 4,512,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000 төгрөгийн шаардлага, хариуцагч *******гийн холбогдох 4,562,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,934 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 87142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

..Анхан шатны шүүхийн тогтоолыг тус шүүхээс шуудангаар хүргүүлснийг гардаж аваад анхан шатны шүүхийн тогтоол хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс хариуцагч ******* уг тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломж олгосон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийг өөрөө *******д шилжүүлэн өгөөгүй, өөрөө томилоогүй тул гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч болох ******* нь өөрийн төрсөн ах т автомашинаа хариуцуулан өгсөн, харин нь тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх, бусдад ашиглуулахгүй байх, авто осолд оруулахгүй байх арга хэмжээ аваагүй, харин ч *******д машин дотор орж хоноглох, авто машин холбоотой асуудлыг шийдвэрлэх нөхцөл бололцоог хангаж зөвшөөрсөн байдаг. Үүнээс шалтгаалан гэм хор учирсан тул хариуцагч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3. 499.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Хариуцагч ******* нь хариуцан төлөх хохирлыг болон өөрт учирсан хохирлоо ч *******гээс иргэний хэргийн журмаар шаардан авах эрхтэй.

2.Шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ч шүүх хуралдаанд гэм хорын хохирлын шаардлагын хэмжээг гэм хор учруулсан этгээдүүдээс шударга байх үүднээс ижил тэнцүү хэмжээгээр шаардсан. Хамтран хариуцагч нараас хэн нь хэдий хэмжээний гэм хорын хохирлыг хариуцах нь тодорхой ойлгомжтой байх нь мен л шударга зарчим. Тэгтэл анхан шатны шүүхээс гэм хорыг хохирлын шаардлага ижил тэнцүү гэж тодорхойлсон гэж үзэн хамтран хариуцагчийг гэм хор хариуцах этгээд биш гэж үзэн хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын тал хэсгийг хамтад нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй буруу жишиг практик тогтоож байна.

Хохирсон иргэн шүүхийн журмаар хохирлоо барагдуулах гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ч тал хэсэг нь хэрэгсэхгүй болсныг дахин гэм буруутай этгээдээс шүүхэд хандаж шийдүүлэхээр нэхэмжлэлийг гаргах нь хууль, бодит байдал болон шүүхэд итгэх иргэдийн итгэлд хэрхэн нийцэж байгааг шүүх анхаарч хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү.

3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Гэм хорын хохирол-ыг шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа ч анхан шатны шүүхээс Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дахь хэсэгт зааснаар шийдвэр гарах байтал тогтоол гаргасан байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 148/ШТ2023/00061 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч *******гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн тогтоол зөв гарсан гэж үзэж байна. ... ******* ...эзэмшигчийн зөвшөөрөлгүй авто машин авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.7.1 дэх хэсэгт Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь гэх Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан байна. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарсан байхад өөрөө өгсөн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл *******гийн үйлдэл тухайн осол болсон үйл явдал 2 хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Энэ нөхцөл байдал нотлох баримтаас харвал хоорондын шалтгаант холбоо байхгүй байдаг. Ах т ******* авто машиныг өгсөн байдаг.

...Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар *******гийн хувьд ямар нэгэн байдлаар шалтгаант холбоо байхгүй, тухайн тээврийн хэрэгслийг өгөөгүй нь баримтаар тогтоогдсон байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодруулж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тал хувийн гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн сумын **** дүгээр баг партизаны **** дугаар гудамж *** тоотод оршин суух *******д холбогдуулан гэм хорын хохирол 9.124.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ...би гэм буруугүй учир хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруутай этгээдээр төлүүлж өгнө үү. гэж, хамтран хариуцагч *******гээс ...би осол гаргасан нь үнэн. Нэхэмжлэгчээс гаргасан 9.124.000 төгрөгийг бүрэн төлнө. ******* энэ хэрэгт холбоогүй болно гэж тайлбарлажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй зөрчил гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг засах боломжгүй байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн Шийдвэр гарах ёстой байтал шүүхийн Тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, уг шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн алдаа байх тул уг тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

4.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 148/ШТ2023/00061 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 88,742 /наян найман мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ