| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0060/э |
| Дугаар | 0053 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 0053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Год холбогдох эрүүгийн 1825009020035 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Зүйд овогт О.Г, Монгол Улсын иргэн, 1999 оны 5 сарын 7-ны өдөр Булган аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.Г нь 2018 оны 12-р дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн нутагт О.Санчирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч О.Санчир нь “гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.Санчирын ... “Гэрэлт-Од өөдөөс босож ирээд тулаад зогсоод чи яах гээд байгаан гэж хэлээд бие биенээ түлхэлцээд байсан. Тэр
үед араас нэг нь татах шиг болоод л нүүрэн тус газар цохиод хамартай хавсраад нүдний доохон хэсэгт хүчтэй цохиулсан. Тэгээд л нэг мэдэхэд нөгөө 2 үл таних залуучууд гараад явсан. Би ч мөн адил засмал зам дагуу хуучин ажлын газрын ахын хүү Баянмөнхтэй таараад Отгонбилэг рүү залгаад чамайг хайгаад Эрдэнэдаваагийнд ороод тэнд байсан 2 танихгүй залуучуудад зодуулаад гэж хэлэхэд Отгонбилэг, Эрдэнэдаваа нар ирсэн” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 10-11-р хуудас/
2. Гэрч Б.Нямбавуудоржийн ... “Санчир нөгөө талаар нь тойронгуутаа Гэрэлт-Одын нүүр рүү 2-3 удаа цохингуут Гэрэлт-Од босож ирээд Санчирын нүүр рүү 2 удаа цохиход унаад босож ирэхдээ гуйваад зуух руу нуруугаараа хальт налах шиг болсон. Би тэр дор нь Санчирыг босгоод Өсөхбаяр дээр аваачихад тэр банди Санчирыг араас чь тэвэрч авсан. Тэврээд авахад О.Санчирын хамарнаас цус гарсан миний куртик дээр цус нь дуссан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 13-14-р хуудас/
3. Насанд хүрээгүй гэрч М.Өсөхбаярын ... “Гэрэлт-Од нь баруун гараа атгаж байгаад Санчир ахын нүдний доор хамар хэсэгт 1-2 удаа цохиход Санчир ах баруун хойно нь гал түлж байсан зуухан дээр нурууны баруун хэсгээрээ баруун гарын тохойны дээхэн хэсгээрээ налаад унасан. Улмаар Санчир ах зуухан дээр унах үед хажууд нь сууж байсан. Нямбуудорж Санчир ахыг зуухнаас татах холдуулаад над дээр авч ирэхэд би Санчир ахыг зодоон хийлгэхгүйн тулд хойноос нь тэврээд авахад Нямбуудоржийг өөрийг нь зодсон хүн гэж андуурсан уу яасан Нямбуудоржийн хацар хэсэгт гараараа хальт цохисон” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 18-р хуудас/
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтийн ... “О.Санчирын биед нуруу баруун гарын тохой хэсэгт том хэмжээний 1-р зэргийн түлэгдсэн шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Санчирын мэдүүлэг, гэрч Б.Нямбавуудоржийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.Г нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Ягуйт багийн нутагт О.Санчирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зүйд овогт О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Год оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС