Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2024/00007

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 149/ШШ2023/00747 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ********* ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн Шуудан ******* ******* /захирал *******/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн Шуудан ******* газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Туяа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...Мөнхтуяа овогтой Эрдэнэчимэг миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд дарга ******* нь өдөр бүр ажлын байрны дарамтыг үзүүлдэг. Мөн ажлаас хална гэж 2022 оны 09 сараас эхлэн дарамталж байсан.

Ингээд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсан зайл гэж хөөсөн би 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 30 өдөр хүртэл ажил дээрээ байсан. Намайг ажил хүлээлцэх ямар ч боломжоор хангаагүй нохой шиг хөөсөн би ажлаас халагдсан тушаалаа 29-ний өдөр кассын өрөөний ширээн дээрээсээ авсан.

 Би өнөөдрийг хүртэл цалин амралтын мөнгө нэг ч төгрөг аваагүй. Иймд намайг ажлаас халагдсан ажлыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ... *******ийг 2022 оны 08 дугаар сарын 01-нд Сэлэнгэ ******* ******* ******* ******* ажилтангаар ажилд авсан. Хөдөлмөрийн харилцаа эхлүүлсэн удирдлага нь миний бие. *******ийн гаргасан тушаал хүчингүй гэхэд өрөөсгөл. Надаас үл хамаарч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 70 дугаартай тэмдэглэл, ******* ******* хувьцаат компанийн хүний нөөцийн захирал ******* албан даалгаврын хүрээнд гарж буй ийм тушаал. *******ийг анх ажилд орсон цагаас эхлээд би дарга шүү гэх харилцаа үүсгэж байгаагүй. ...*******ийг ажилд ороод сарын дараа 2022 оны 09 дүгээр сард албан томилолтоор Мандал суманд явж байхад *******тэй холбоотой гадаад *******гийн технологийн зөрчил гарсан байдаг.

...2023 оны 01 дүгээр сард *******т би сахилгын шийтгэл оногдуулж байсан. Зан харилцаа, ******* соёл арай болохгүй байна. Манай үйлчилгээ ийм зарчимтай, ийм журамтай явагддаг. Энэ болгоныг хангаж ажиллаач ээ гэж сахилгын шийтгэл оногдуулж байсан. Тэр сахилгын шийтгэлд ******* нэг удаа гомдол гаргаж байгаагүй. Ажлын байрны дарамт байсан бол үнэхээр зайл гэдэг байсан бол 30 хоног дотор шүүхэд гомдол гаргаад тэр сахилгын шийтгэлд маргалдаад явах боломж байсан.

Сүүлд нь бүхэл бүтэн төв компаниас ажлын хэсэг гарчихсан байхад шөнийн 11-12 цаг хүртэл тэр ажлыг тооцож, өглөг авлагаа жигдрүүлээд явах боломж байсан. Жишээ нь Баянгол суманд 1.800.000 төгрөгийн авлага гарсан байдаг. Энэ асуудлаа шийдээч гэхэд Баянгол сумын *******ч маань хүрч ирээд тэр асуудлаа шийдээд бичиг захидал явуулсан тооцоо нийлсэн, дараа сар луугаа шилжүүлсэн гэх тооцоогоо бодоод тэр хүнд нэг ч төгрөгийн зөрүү гараагүй. *******т би анхнаасаа нөхрийнх нь хажууд хэлж байсан. Нэг ч ном дутааж болохгүй, хар дэвтэр хөтлөөд яваарай гэж хэлж байсан. Гэтэл нягтлан, нярваараа тооцоогоо хийлгэдэг. Урд нь ******** *******д тооцоо хийгээгүйгээс болж 3-4 хүн өр авлага гаргасан асуудал байдаг. Миний хувьд ороод тэр байдлыг нэг номерт харсан. Сар болгон тоолно. Нягтланг завгүй байсан ч *******ийг би тоолчихъё бага асуудал дээр нь шийдье гээд 2022 оны 08 дугаар сарын 01-нээс эхэлж 2023 оны 01 сарыг дуустал би өөрөө тоолж байсан. 2 сараас эхлээд надаар тоолуулаагүй. Би нягтлантай тоолчихсон. Би касстай тоолчихсон тийм тайлбар тавьж байсан. Халагдах үеийн 2,000,000 гаруй төгрөгийн авлага үүссэн байдаг. Надаас үл хамаарч хуулийн байгууллага, мэдээж хувьцаат компани, ашиг орлогоо боддог компани. Энэ компани энэ зүйл дээр асуудал байна гээд үзчихсэн албан тоот хүргүүлж байгаа учраас тэр компанийг төлөөлөөд байж байгаа хүний хувьд надад зөрөөд тушаал гаргахгүй байх боломж байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 149/ШШ2023/00747 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ******* ******* ХК-ны Сэлэнгэ аймгийн Шуудан ******* ******* /дарга *******/-т холбогдуулан гаргасан ******* ******* ХК-ны Сэлэнгэ аймгийн Шуудан ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гэрч *******г оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Давтан зөрчил гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Туяа миний биө Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 148/ШШ2023/00747 дугаар шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч *******ийн гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч гомдолдоо сахилгын зөрчлийг давтан гаргаагүй гэж дурджээ. Хавтаст хэргийн 223 дугаар хуудаст авагдсан Сэлэнгэ аймгийн *******гийн ******* газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******т сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан болох нь хавтаст хэргийн 222 дугаар хуудаст авагдсан ******* ******* ХК-ийн дотоод аудитын хэлтсийн даргын албан бичиг, хавтаст хэргийн 216 дугаар хуудаст авагдсан ****** ******* ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Б.******* 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/325 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Сумъяагийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар мэдэгдэл болон бусад нотлох баримтаар нотлогддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэж заасан нарийвчилсан зохицуулалтад Сэлэнгэ аймгийн *******гийн ******* газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *******ийг ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр тушаал нь нийцэж байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч ******* гомдолдоо хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч ******* гомдолдоо шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг ноцтой зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байх бөгөөд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү хэргийг буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 148/ШШ2023/00747 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ба зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2.Нэхэмжлэгч ******* нь Монгол ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн Шуудан ******* *******т ******* ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Монгол ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн Шуудан ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогч *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэснийг эс зөвшөөрч ******* нь шүүхэд гомдол гаргажээ.

3.Анхан шатны шүүхээс түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж гомдлын үндэслэлээ хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хэмээн тайлбарлажээ.

4.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар:

Гомдол гаргагч ******* нь Сэлэнгэ аймгийн Шуудан ******* *******т ******* ажилтнаар ажиллаж байсан бөгөөд албаны ёс зүйн хэм хэмжээ, харилцааны болон ******* соёл, дэг журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Шуудан ******* газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 18 -ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар түүнд сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн О.Золзаяа нь ******* ажилтан *******т холбогдуулан тухайн байгууллагаар үйлчлүүлэхээр ороод гарах үед гар утсаараа миний зургийг авч, бичлэг хийж хувийн эрхэнд халдсан гэсэн гомдлыг байгууллагын удирдлагад ирүүлсэн байх ба энэхүү гомдлыг нь Цагдаагийн байгууллагаар шалгуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас тус иргэний гомдол мэдээллийг шалгаж прокуророос ******* ажилтан *******ийн иргэний өөрийн нь зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хууль бусаар мөрдөж мөшгөх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр иргэн О.Золзаяагийн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрхи үйл баримттай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдэл, Монгол ******* ХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн газрын даргаас ******* ажилтан хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үйлдэлд зохих арга хэмжээ авах тухай албан бичгийг Сэлэнгэ аймгийн Шуудан ******* *******т тус тус ирүүлжээ.

Гомдол гаргагч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дэг журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хөдөлмөрийн сахилын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн хугацаа өнгөрөөгүй байхад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дахин Хөдөлмөрийн гэрээ болон ******** ******* ХК-ийн дотоод журамд заасан ажилтан үйлчлүүлэгч иргэний зөвшөөрөлгүй зургийг нь авч бичлэг хийж ******* болон ёс зүйн зөрчил гаргасан байна.

Түүний энэхүү зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэж үзэн Сэлэнгэ аймгийн Шуудан ******* газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар *******ийг ажлаас чөлөөлжээ.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

5.Гомдол гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан давтан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэдэг нь зөрчил тус бүр тогтоогдсон байх ба тус бүрт нь заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй бөгөөд харин сахилгын зөрчил хоорондын хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.8-д зааснаар шийтгэл хүлээсэн бол нэг жилийн хугацаа, шийтгэл ногдуулаагүй бол зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сарын хугацаа хэтрээгүй байх ойлголт юм.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сануулах сахилгын шийтгэл авагдсанаас хойш 4 сарын дараа 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу урьд шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан нь түүнийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл болно.

Ажилтан хөдөлмөрлөж байх явцдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон ажлын байрны онцлогоос шалтгаалан тодорхой дэг журмыг баримтлах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчсөн үйлдэл болон ёс зүйн алдаа зэрэг нь сахилгын зөрчил болдог.

Гомдол гаргагч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шуудан ******* газраар үйлчлүүлж буй иргэний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг авч, бичлэг хийсэн үйлдэл нь тухайн байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн зөрчилд хамаарах тул ажил олгогчоос түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ******* нь ******* ажилтнаар ажиллаж байхдаа ******* хүлээн авах, хүлээлгэж өгөх, *******гийн төлбөрийг хүлээн авч байгууллагын дансанд тушаах, эсхүл кассад хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас байгууллагын дотоод аудитын дүгнэлтээр 2.052.722 төгрөгийн орлого тушаагаагүй ажлын хариуцлага алдсан тухайн үйлдэлд нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан, энэ нь

хөдөлмөрийн ноцтой зөрчил гэсэн тайлбар нь тухайн маргаанд хамааралгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь Байгууллагын дотоод аудитын дүгнэлт нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан бөгөөд *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа буюу түүний гомдлыг шүүх хүлээн авч ажиллагаа хийгдэх явцад үүссэн нөхцөл байдал байх ба ажил олгогч нь дээрхи үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

6.Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 149/ШШ2023/00747 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ******** ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн Шуудан ******* *******т холбогдуулан гаргасан ******* ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн Шуудан ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж, өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН