Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00427

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2-39 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, ОЮ59040113 регистрийн дугаартай, Тайжууд овогтой Дүүдээгийн Гомбосүрэнгийн,

          Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гомбосүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Д.Гомбосүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1981 оноос 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид будагчин, шаварчнаар ажиллаж байсан. Энэ үеийн хөдөлмөрийн дэвтрээ 1994 онд ажлаас гарахдаа авахгүйгээр хаяад гарсан. Иймд хөдөлмөрийн дэвтэргүй учраас архивт хандахад миний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй. Харин тэр үед авч байсан цалингаа болон шагнал авч байсан тухай баримтуудаа шүүлгэж авсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Д.Гомбосүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 164 тоот лавлагаанд “Барилга угсралтын трест болон Барилгын биржийн 1981, 1994 оны Дүүдээ овогтой Гомбосүрэнгийн тушаалыг шүүн үзэхэд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд гараагүй, харин түүний шагнал авч байсан болон цалингийн баримт гарсныг хавсарган хүргүүлэв” гэсэн байх ба уг лавлагаанд хавсарган ирүүлсэн ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 тоот тушаалд: “... 1. Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, норм төлөвлөгөөгөө биелүүлсэн 359 ажилчдыг 69.031 төгрөгөөр шагнасугай. .... Трестийн дарга Т.Батзул” гээд уг тушаалын хавсралтад “Дүүдэй Гомбосүрэнд 25 төгрөгийн шагнал олгох” гэжээ.

            Мөн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолтод “Барилга угсралтын трест болон Барилгын биржид шаварчин, будагчнаар ажиллаж байсан Д.Гомбосүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.

            Түүнчлэн Барилга угсралтын трест нь 1992 оны 1 дүгээр сард зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Барилгын бирж байгуулагдсаныг нотлох Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Баригын биржийг зохион байгуулах тухай” тушаал, мөн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот “Биржийн зөвлөлийн гишүүнийг батлах тухай” тушаалуудын хуулбар хэрэгт авагджээ.

            Нэхэмжлэгч Д.Гомбосүрэн нь 1982 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Барилгын байнгын курсэд суралцан төгсөж, шавар будагчны 3 дугаар зэргийн үнэмлэх авсан байна.

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр У.Орлом, Г.Гангаа нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гэрч У.Орлом: “Миний бие Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 онд ажилд ороход Д.Гомбосүрэн нь түүний урьд жил ажилд орсон гээд ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажилласан. Д.Гомбосүрэн ажилдаа идэвхи зүтгэлтэй, хариуцлагатай, сайн ажилтан байсан. 1992 онд Барилга угсралтын трест нь Барилгын бирж болоход бид хамтдаа тус биржид орж, шаварчин будагчин хийсэн. Бид нэг баг, бригад болж ажиллахдаа Увс аймгийн Тахир дутуу иргэдийн барилгыг ашиглалтад оруулж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гангаа: “Д.Гомбосүрэн нь Барилга угсралтын трестэд 1981 оноос эхлэн 1994 оныг дуустал хугацаанд шаварчин, будагчин хийсэн бөгөөд би өөрөө 1981-1991 оны хооронд тус трестэд галчаар ажиллаж байсан. 1992 онд манай трест өөрчлөн зохион байгуулалтад орж, Барилгын бирж болж байсан. Бид хамтдаа олон жил ажилласан тул бие биенийхээ талаар сайн мэднэ” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 тоот шийдвэр, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 189 тоот шийдвэр тус тус хэрэгт авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Гомбосүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Гомбосүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогтой Дүүдээгийн Гомбосүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус шаварчин, будагчнаар, нийт 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Гомбосүрэнгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА