| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0049/э |
| Дугаар | 0055 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жд холбогдох эрүүгийн 1825006970550 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Харуул овгийн А.Ж, Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгонд төрсөн,42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А Жаргалсайхан нь 2018 оны 10 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-26 дугаар байрны 2 дугаар орцны 1-р давхрын шатны доод талд байрлах өрөөнөөс буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч сүүдрэвч, аяны ор зэрэг эд зүйп хулгайлж 361 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч А.Ж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл
оногдуулж өгнө үү. Ханыг цөмөлж авсан зүйлээ Төгөл дэлгүүрийн урд зарсан. Хохирыг төлсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Д.Уранчимэгийн ... “2018 оны 10 сарын 09-ний өглөө 07 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд гэрээсээ гарах гэж байхад манай орцны 1-р давхарын шатны доод талд байдаг өрөөний ханыг цөмөлсөн байсан. Тэгэхээр цөмөрсөн хэсгээр харахад аяны асар, 2 хүний эвхдэг ор зэрэг алдагдсан байсан. Тэгэхээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн өрөөг манайх СӨХ-тэй ярилцаж байгаад хүмүүс хог хаяад байна гэхээр нь өрөө болгож тохижуулж эд зүйл хадгалдаг байсан. 2017 оны 07-р сард Улаанбаатар хотоос аяны асарыг 250 000 төгрөгөөр, орыг 200 000 төгрөгөөр авч байсан. Эдгээр эд зүйлийг аваад нэг л удаа зуны амралтаар ашиглаж байсан. Би алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна. Мөн анх шинжээчийн дүгнэлт гаргуулахад оспо хавтанг үнэлүүлээгүй байсан бөгөөд манайх 4 ширхэг оспо хавтанг шинээр хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/
2. Гэрч М.Энхболдын ... “Тухайн байрны 1 дүгээр давхарын шатны доод хэсэгт байрны оршин суугч нар хогоо хаяад байхаар нь СӨХ-өөс уг зайг модоор битүүлсэн. Манай байр нь тагт байхгүй болохоор СӨХ-ийн дарга Равдан гэх хүнтэй уулзаж байгаад эд зүйлээ доор нь хийж байя гэж зөвшөөрөл авч модооо битүүлсэн хэсэгт хаалга гарган 2018 оны 07 сарын эхээр эд зүйлээ хийж эхэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
3. Гэрч З.Равдангийн ... “Би “Эрдэнэт 99” СӨХ-ийн даргаар 1999 оноос хойш ажиллаж байна. Тухайн шатны доор оршин суугчид хог хаяад хогийн цэг болгож байгаа учир иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн тухайн шатны доод хэсгийг бөглүүлсэн. 2018 оны 08-р сард байх оршин суух, Энхбаяр надтай уулзаад шатны доод талыг хүүхдийн дугуй бусад эд зүйлээ хадгалж байх зориулалтаар ашиглаж болох талаар асууж, хаалга хийж бэхлээд эд зүйлээ хадгалах болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
4. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №18/301 дугаартай дүгнэлтийн ... “сүүдрэвч 171 000 төгрөг, аяны 2 хүний ор 190 000 төгрөг. Нийт 361 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 22-26-р хуудас/
5. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 2018/Э-0356 дугаартай дүгнэлтийн “1,50*1,80 хэмжээтэй ОСП хавтан нэг бүр 33 000 төгрөг 2 ширхэг 66000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 31-32-р хуудас/
6. Шүүгдэгч А.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ... “Би тогтоолтой танилцсан. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчийн хохирлыг төлнө. Тухайн орцны шатны доод талд байх тухайн газар хаалганыхаа хажуу талд нимгэн панер хадчихсэн байсан. Тэгэхээр нь би панерыг нь хуу татаад дотогш ороход эвхдэг ор, хөх өнгийн майхан байхаар нь аваад гарсан. Тэгээд би төгөл худалдааны төвийн гадна явж байгаад танихгүй хүнд майханыг нь 50 000 төгрөгөөр, орыг нь 30 000-40 000 төгрөгийн хооронд зарсан. Зарсан мөнгөөрөө Булган аймгийн Уньт сум руу замын зардал хийж ажилруугаа явсан. Надад мөнгөний хэрэг болоод л хулгай хийсэн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-48-р хуудас/
7. А.Жы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-09-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа “шүүгдэгч Жаргалсайханы үйлдлийг орон байр агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шатны хонгилын хэсгийг хаалга хийж бэхэлснээр тусгайлан хамгаалсан агуулах болох уу гэдэг нь эргэлзээтэй. Мөн ханын хавтанг хажуу талаас нь сөхөж эд зүйл авсан. Харин нэвтэрч орсон зүйл байхгүй. Эдгээрийг шүүх харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Уранчимэг, гэрч М.Энхболд, З.Равдан нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А Жаргалсайхан нь 2018 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-26 дугаар байрны 2 дугаар орцны 1-р давхрын шатны доод талд байрлах өрөөний ханын хавтанг эвдэж дотроос нь сүүдрэвч, аяны ор зэрэг эд зүйл хулгайлж 361000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Жы үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ “шүүгдэгчийг орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэх эргэлзээтэй учир зүйлчлэлийг хөнгөрүүлж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нь бусдын эд зүйлээ хадгалахаар тусгайлан бэлтгэж, хаалга цоож хийсэн өрөөний ханын хавтанг эвдэж дотор нь байсан эд зүйлийг авсан байх тул түүнийг орон байр, агуулахад нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 баривчлагдсаныг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харуул овогт А.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жы баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС