Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00428

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, ОГ58010112 регистрийн дугаартай, Яргай овогтой Жодовын Баттогтохын,

          Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1958 онд төрсөн. Би 1974 оны 8 дугаар сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын “Сандалай”  нэгдэлд мал маллаж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр баримтууд гэрийн хамт шатаж үрэгдсэн юм. Дахин нөхөж авч амжаагүй байтал нэгдэл тарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул архивын лавлагааг үндэслэн 10 жил 4 сарыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Баттогтох нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: “Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан Жодов овогтой Баттогтохын 1979 оны 8 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.

            Мөн 1987 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Завхан сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Талархал”-д “Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн Ж.Баттогтох та эвлэлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг чанартай биелүүлж, нөхдөө хошуучлан манлайлсан явдалд талархал дэвшүүлж, МАХН-ын 19 дүгээр их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсдээ шинэ шинэ амжилтыг хүсэн ерөөж талархалын хуудас, үнэ бүхий зүйлээр шагнан дурсгав” гэжээ.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.Цэрэн, Т.Жумдаан нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба гэрч Я.Цэрэн: “Би Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн Хяргас нуур бригадад 1970 оноос 1993 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан. Ж.Баттогтох нь бага наснаасаа эхлэн өөрийн эцэг, эхийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд тэрээр нэгдэл хувьчлагдах хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан хүн юм. Түүний аав Ц.Жодовынх манайхтай айл саахалт байж, хамтдаа мал маллаж байсан тул бид бие биенийхээ талаар сайн мэднэ. Сандалай нэгдлийн даргаар н.Хүрэлбаатар, н.Самдан, М.Галбадрах гэсэн хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Жумдаан: “Ж.Баттогтох нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд бага наснаасаа буюу өөрийн эцэг, эхийн хамтаар мал маллаж байсан ба 1979-1990 оны хооронд тус нэгдэлд малчнаар ажилласан. Би өөрөө тус нэгдэлд 1969-1990 оны хооронд малчнаар ажилласан. Ж.Баттогтохын аав Ц.Жодовынхтой айл саахалт байж, нэг бригадад мал маллаж байсан тул бид бие биенийхээ талаар сайн мэднэ. Сандалай нэгдлийн даргаар н.Хүрэлбаатар, н.Самдан, М.Галбадрах гэсэн хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Я.Цэрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 142 тоот шийдвэр, Увс аймгийн Архивын тасгийн 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Т.Жумдааны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тус тус хэрэгт авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Баттогтохын 1979 оны 8 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баттогтохын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Яргай овогтой Жодовын Баттогтохын 1979 оны 8 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар, нийт 10 /арав/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баттогтохын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА