Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0046

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

 

Иргэдийн төлөөлөгч Н.Гэрэлмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг     

Улсын яллагч Б.Жавхлантуяа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат  

Хохирогч Б.Мядорж, Ж.Хишигсүрэн, Б.Сүрэнжав

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1825000000496 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Намжид овгийн Б.М, Монгол Улсын иргэн,  1996 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварын ашиглалт мэргэжилтэй, “НИК” ХХК-ний Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 сарын 17-18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11 дүгээр гудамжны 12 тоот хашаанд нагац ах Б.Хишигбадамыг хутгалж санаатай алсан, Б.Сүрэнжав, Б.Мядорж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “...Тэгээд ахтайгаа барьцалдаж авсан. Ээж дүү 2 бид хоёрыг салгасан. Өөрийнхөө уурыг барьж чадалгүй хутга барьсан. Тэгээд гүйж гарахад хүн таарахаар замаасаа зайлуулах гээд түлхсэн. Тэгээд цаашаа очоод Сүрэнжав ах дээр очсон. Сүрэнжав ах намайг унагасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо болтол ах дүү нарынхаа царайг харж чадахгүй байгаа. Эмээ болон талийгаачийн ах дүү нараас уучлалт гуйж чадаагүй. Би хийсэн хэргээ хүлээж хариуцлагаа хүлээх болно. Энэ бүгдэд ганцхан миний буруу байгаа .”

Хохирогч Ж.Хишигсүрэн мэдүүлэхдээ “Хүү маань ийм хэрэгт холбогдоод байгаад харамсалтай байна. Энэ хүүгээ л маш их өрөвдөж байна. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хар багаасаа над дээр өссөн хүүхэд. Хүүгийн минь ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Сүрэнжав мэдүүлэхдээ “Тэр өдөр цалин буугаад эгчдээ ганц пиво авч өгсөн. Тэгээд Мөнхдөл орж ирсэн. Одоо надад гомдол саналгүй байна. Миний буруу бас байгаа.” гэв.

Хохирогч Б.Мядорж мэдүүлэхдээ “Тухайн өдөр гэрт жоохон зодоон болсон. Гадаа гараад тамхи татаад зогсож байгаад ороход нь Сүрэнжав ах Мөнхдөлийг дарж унагахад би гарт нь байсан хутгыг хоромхон зуур булааж авсан. Хутгыг булааж авахдаа би өөртөө гэмтэл учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Дүүгийн минь ялыг хөнгөрүүлж өгнө үү .” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 2-26-р хуудас/

 

2. Цогцсонд үзлэг хийсэн … “цээжний зүүн талд зүүн хөхнөөс гадагш 1,5 см зайд хөхний харалдаа босоо байрлалтай, 3,2 см урт, 2,3 см ангайсан, өөхнүүд нь ил гарсан шархтай, шархнаас цус урсаж гарна. Шархыг зоож шалгахад гаднаас дотогш чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрсэн 5 дугаар хавирганд босоо хугарал үүсгэсэн шарх байна’’ гэсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 27-28-р хуудас/

 

3. Амь хохирогч Б.Хишигбадамын өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 29-33/

 

4. Хохирогч Ж.Хишигсүрэнгийн ...“Тэр шөнө хэн нь билээ нэг нь над руу эхэлж залгасанаа дуугараагүй, хэсэг хугацааны дараа дахин залгасанаа “ээж гэсэн үг хэлчихээд утсаа салгачихсан. Тэгтэл хүү Бадамсүрэн гэрт орж ирээд Хишигбадам ах болохоо байчихсан гэнэ ээ гэж хэлээд, гэр лүү нь очтол хүү маань нас барчихсан байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнхдөл нь миний зээ хүү. Залуугаараа ингээд явж байгаад харамсаж байна. Миний хувьд гомдол санал гэхээр зүйл байхгүй. Хэрэгт нэхэмжлэлийн баримт гаргаж өгөхгүй. Оршуулгын зардалд зээ хүү Мөнхдөлийн аав Бат-Эрдэнэ, ээж Наранчимэг нарын зүгээс их тусламж дэмжлэг үзүүлсэн. Хуульд яаж заасан байдаг юм, түүгээр нь л хариуцлага хүлээх байх даа” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 127-128/

 

5. Хохирогч Б.Мядоржийн ... “Сүүлд авсан архи, пивийг уунгаа хоорондоо яриад сууж байтал гаднаас Наранчимэг эгчийн хүү Мөнхдөл орж ирсэн. Сүрэнжав ах Мөнхдөлийг архи уулаа, дүүгээ усанд оруулахгүй яасан юм бэ гэж зэргээр загнасан. Тэгтэл Мөнхдөл өөдөөс нь хэрэлдэж улмаар хоорондоо барьцалдаж авсан. Гэтэл Мөнхдөл Сүрэнжав ахын нүүр лүү цохиод авахаар дундуур нь орж салгасан. Наранчимэг эгч Сүрэнжав ахыг гэрээс аваад гарсан. Энэ үед Цолмон эгч бид хоёр Мөнхдөлийг тайвшруулах гээд түүнтэй хэсэг юм яриад сууж байгаад би тамхи татахаар гэрээс гарсан. Гадаа Сүрэнжав, Наранчимэг хоёр хоорондоо юм яриад зогсож байсан. Тамхи татаад зогсож байтал талийгаач Хишигбадам ах юу болоод байгаа юм гээд орж ирээд шууд байшингийн хаалга татсанаа “өө энэ чинь хутгатай байна ш дээ” гээд эргээд гүйсэн. Энэ үед цаанаас нь Мөнхдөл гарч ирсэн. Сүрэнжав ах ч шууд Мөнхдөлийг газар дарж унагасан. Би түүний хутгыг салгаж авах гэж ноцолдож байхдаа зүүн гуяндаа хутгаар хатгуулсан. Сүрэнжав ах Мөнхдөлийг газар дараад хэвтэж байтал Наранчимэг эгч цус гараад байна гээд орилохоор нь хартал Хишигбадам ах газар хэвтэж байсан. Xишигбадам ах дээр явж очтол ямарч ухаангүй гэхдээ амьсгалж байсан. Тэгж байтал гэнэт бадайрч нойтон оргиод явчихсан чинь юу билээ гээд үзтэл хутгалуулсан гэдгээ мэдсэн. Энэ үед цагдаа нар хүрч ирсэн. Цагдаа нарын араас түргэний машин хүрээд ирсэн”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 141-142-р хуудас/

 

6.Хохирогч Б.Сүрэнжавын ... “нэг мэдэхэд л Мөнхдөл ороод Мядоржтой барьцалдаад байгаа юм уу гэмээр харагдсан. Тэр хоёртой Наранчимэг эгч, Мөнх-Ундрах хоёр бас байсан. Энэ үед би эхнэртэйгээ гарсан санагдаад байна, гадаа тамхи татаад зогсож байтал Мөнхдөл гэрээс гараад над руу гүйгээд ирэхээр нь би түүнийг газар дарж унагасан. Энэ үед юмаар цохих шиг болоход “шар, шар” гэх чимээ гарсан. Би Мөнхдөлийг унагачихаад босоод иртэл эхнэр Сүрэнжаваа, чиний толгойноос цус гарч байна ш дээ гэж хэлэхээр нь бариад үзтэл үнэхээр цус гарч байсан. Тухайн үед дотор муухай оргиж хэсэг хугацаанд балартаж доош сууж байтал Сүрэнжав ахаа тэнд Хишигбадам ах хэвтэж байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг.

 

9. Гэрч Д.Уртнасангийн ...“Тэр өдрийн өглөө 08 цаг 40 минутийн үед ажилдаа явсан. Тэр өдөр 22 дугаар цэцэрлэг дээр жижүүрийн ажилтай байсан. Өдөр нь 2-3 удаа ярьсан. Хамгийн сүүлд 01 цаг 23 минутын үед талийгаач над руу залгаад “Яргуйт руу явахаас, Нараа эгч дуудаад байна гэхээр нь ажилтай байж яах гээд байгаа юм гэхэд тэр хэд уучихсан юм шиг байна, би гудамж руу нь орж байна эргээд залгая” гэж хэлээд “юу болоод байгаа юм бэ та нар” гэж цаашаагаа хэн нэгэн хүнд хэлээд утсаа салгасан. Дахиж холбоо бариагүй. Утас руу нь олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Өглөө 08 цагийн үед Түвшин гэж ээжийнх нь төрсөн дүү гэх эрэгтэй хүн над руу залгаж болсон асуудлыг хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 177-р хуудас/

 

10. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн 91 дугаартай дүгнэлтийн ...“Талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс гэмтээн зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвтэрсэн, хатгагдсан шарх, цээж ба үнхэлцэгийн хөндий дэх сул цус, цээжний зүүн талын 5-р хавирганы хугарал, зүүн гарын тохойнд шарх зэрэг гэмтлүүд үүсчээ. Учирсан гэмтлүүд нь үзүүр, иртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг авахдаа ямарч байрлалд байх боломжтой. Үхлийн шалтгаан нь цээжний хөндийд нэвтэрч зүрхний үнхэлцэг хальсыг гэмтээн зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвтэрсэн, хатгагдсан шарх, цээж ба үнхэлцэгийн хөндий дэх сул цус юм. Уг гэмтлийг авсан хүн гэмтэл авсан даруйдаа шууд нас барна. Хэргийн газар хийгдсэн цогцосны байдлаас үзэхэд зөөвөрлөгдсөн гэх шинж тэмдэг илэрсэнгүй. Талийгаачийн ходоодонд мах гурил мэт шаргал өнгийн зунгааралдсан агууламжтай. Талийгаачаас авсан цусанд 2,35 промилль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. Давсагт 10 мл шээс байсан тул мансууруулах бодис үзэхэд хүрэлцэхгүй тул дээж аваагүй ба цусанд мансууруулах бодис үзэх боломжгүй байна”... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 192-197-р хуудас/

 

11.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 817 дугаартай дүгнэлтийн ... “Б.Сүрэнжавын биед хуйханд 2 тооны зүсэгдсэн шарх, 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийг босоо, суугаа байрлалд авах боломжтой”... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 202-203-р хуудас/

 

12. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 806 дугаартай дүгнэлтийн ...“Б.Мядоржийн биед зүүн гуяны гадна хэсэгт хатгагдсан шарх, хоёр нүд, зүүн гуянд цус хуралт, хоёр хацарт зулгаралт үүсчээ. Зүүн гуяны гадна хэсэгт хатгагдсан шарх нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь магадлуулагчийг хэвтээ, суугаа, босоо ямар ч байрлалд байхад нь үүсгэгдэх боломжтой. Зүүн гуяны гадна хэсэгт хатгагдсан шарх, хоёр нүдний урд булан, зүүн гуянд цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хоёр хацарт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 207-208-р хуудас/

 

13.Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтийн ...“Б.М нь сэтгэцийн хувьд эрүүл, урьд нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвдөж байгаагүй, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаггүй. Хэрэг үйлдэх үедээ магадлуулагчийн хэлсэнээр хөнгөн зэргийн согтолттой байсан. Энэ нь Б.Мийн өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодоход нөлөөлөхгүй. Хэрэг хариуцах чадвартай, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй”... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 228-230-р хуудас/

 

14. Яллагдагч Б.Мийн ... “2018        оны     11 сарын 17-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад гэрээс гарсан.  Гэрт унтаж байхад нагац ах Сүрэнжав, бэр эгч Цолмон нар ирсэн, тэр хоёрыг ирэх үед ээж маань дүүг цэцэрлэгээс авахаар явсан байсан. Тэгээд би босч явлаа гэдгээ хэлчихээд гэрээс гарсан ээжтэйгээ гудамжинд таарч ажлаа дуусгаад ирнэ гэж хэлээд явсан. Тэр өдөр манай байгууллага РС Маll дэлгүүр дээр арга хэмжээтэй байсан юм, тэр арга хэмжээндээ 20 цаг хүртэл оролцож байгаад тарсан. Тэгээд дэлгүүрээс гарч явж байгаад багын найз Отгонбаатар /утас:94966061/-тай уулзаж “Энержи" нэртэй Эврика төвийн урд байдаг газарт орж хүний 3 шил пиво уусан. Тэнд юм ярьж сууж байгаад орой 23 цаг  болж байхад гараад гэр, гэрлүүгээ харихаар төв Хаан банкны үүднээс салсан. Тэндээс би такси бариад шууд гэртээ очсон. Гэрт ороход гал тогооны өрөөнд Сүрэнжав, Цолмон, Мядорж, ээж Наранчимэг нар архи, пиво уугаад сууж байсан. Дүү Мөнх-Ундрах өрөөнд зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд би ах эгч нартайгаа юм яриад сууж байтал Сурэнжав ах над руу уурлаж чи муу чацага юу гээд байгаа юм чам шиг гөлөг юм ярихгүй шүү, муу Эрдэнээгийн гөлөг минь гэхээр нь би уурандаа түүний  нүүр рүү цохисон. Тэгтэл хажуунаас Мядорж ах намайг барьж авсан мөн энэ үед Сүрэнжав ах намайг барьж аваад бид гурав зууралдсан чигтээ хойшоо орлуу унасан. ээж хүрч ирээд Сүрэнжав ахыг гэрээс аваад гарсан. Энэ хооронд Мядорж, хоёр намайг тайвшруулж байхад гэнэт миний уур хүрч гал тогооны өрөөний хутга, халбага сэрээ хийдэг шургуулганаас хар өнгийн иштэй хутгыг аваад үүд рүү рүү дөнгөж очих үед урдаас нэг хүн хаалга нээсэн. Тэрхэн үедээ хэн байгааг хараагүй цааш нь түлхэчихээд хажуугаар нь гарч Сүрэнжав ах дээр очтол хажуунаас

 

Мядорж ах ирж тэр хоёр намайг газар унагаж хоорондоо ноцолдсон. Миний хутгатай арыг нэг нь барьчихсан байсан. Энэ үед Сүрэнжав ах миний хоолой дээр дарж намайг алдуулсан. Хэсэг хугацааны дараа сэртэл эмнэлэгийн машин ирчихсэн байсан бөгөөд намайг дугуйтай тэргэн дээр хэвтүүлээд эмнэлэгийн машинд суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр нотлох баримт ирүүлэгүй болно.

Шүүх хуралдааны хэлэлүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнхдөл нь 2018 оны 11 сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11 дүгээр гудамжны 12 тоот хашаанд нагац ах Б.Хишигбадамыг хутгалж амь насыг нь хохироосон, мөн Б.Сүрэнжав, Б.Мядорж нарыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Тогтоогдсон үйл баримтын талаар шүүх хуралдаанд оролцогчид мэтгэлцээгүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа дүгнэлтдээ Шүүхээс “.Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-д заасныг журамлан торгуулийн ялыг хорих ялд шилжүүлж, 1 сар 10 хоногийн хорих ялыг тус тус оногдуулж, нийт 9 жил 1 сар, 10 хоногийг хорих ялыг оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг устгах, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат дүгнэлтдээ “Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. 9 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүхээс ял хариуцлагыг оногдуулахдаа анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Энэ хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Мөнхдөл өөрийн найз нартайгаа пиво уугаад гэртээ ороход ах, эгч, ээж нар нь архи дарс хэрэглэн гэртээ байсан. Үл ялиг зүйлээс болж ах Сүрэнжавтайгаа муудалцсан. Сүрэнжав ах нь хайч барьж авсаны эсрэг өөрийн уур хилэнг барьж чадалгүй хутга барьж гарч гүйх явцдаа ах Хишигбадамын амь насыг хохироосон байгаа. Ах Хишигбадамын амь насыг хохирооё гэсэн санаа бодол байгаагүй. Ах дүү хамаатан саданыхан дундаа ах Хишигбадамтай хамгийн ойр дотно, хамгийн ихээр хайрладаг байсан. Гэтэл ахыгаа өөртэй нь уулзах гэж очиж байна гэдгийг мэдээгүй байдаг. Яагаад үүнийг давтан яриад байдаг вэ гэхэд энэ гэмт хэрэг тохиолдолдын шинжтэй гэмт хэрэг. Мөн хохирогч Сүрэнжавын хууль бус үйлдэл үүнд нөлөөлсөн байдаг. Яахын аргагүй Мөнхдөлийн хувьд тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн гэмт  хэрэг. Тухайн нөхцөл байдлыг зөвөөр ойлгох бүрэн чадваргүйгээсээ болж хэрэгт холбогдсон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг

тодорхой заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь Мөнхдөлийн хувьд үгүйсгэгддэг. 2018 онд ял шийтгэл хүлээсэн байдаг. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэргийн нэг хохирогч болох Сүрэнжавын зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж өгнө үү. Хэдийгээр согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж байдаг ч тухай хэрэг учралд өөрийнх нь архи, дарс уусан байдал нөлөөлөөгүй ахтайгаа муудалцсан байдал нөлөөлж энэ хэргийг үйлдсэн байдаг. Шүүгдэгч өөрөө хэлдэг. Энэ хэрэгт өөр хэн ч буруугүй зөвхөн би буруутай. Хийсэн хэргийн хариуцлагыг хүлээнэ гэдэг. Цагдан хоригдож байх хугацаандаа ч өөрөө маш их гэмшиж, харамсаж байдаг. Иймд шүүх Мөнхдөлд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа энэ хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дэглэмийн хувьд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү .” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад шүүх дараах хууль зүйн дүгнэлт хийлээ. Үүнд: 1. Шүүгдэгч Д.Мөнхдөл нь 2018 оны 11 сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 11 дүгээр гудамжны 12 тоот хашаанд нагац ах Б.Хишигбадамыг хутгалсан үйлдэл нь гэм буруугийн хувьд шууд санаатай үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Дээрхи гэмт үйлдлийнхээ үед Б.Сүрэнжав, Б.Мядорж нарыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Мөнхдөлийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэргүүдэд нь хуульд заасан торгох, хорих ялуудыг оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу  уг ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 87 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.

 

Хохирогч Б.Сүрэнжав, Б.Сүрэнжав, Б.Мядорж нар нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжээгүй учир шүүгдэгч нь бусдад төлбөргүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Хишигбадамын нас барах үедээ өмсөж явсан малгайтай хар өнгийн богино өвлийн куртик, энгэр задгай саарал өнгийн хар судалтай урт ханцуйтай цамц, саарал өнгийн урт ханцуйтай цамц, цагаан цайвар өнгийн футволк, бор өнгийн тэлээтэй шаргал өнгийн өмд, саарал өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс, бор саарал өнгийн үдээстэй гутал, хэргийн газрын үзлэгээр хураасан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Нийслэл пивоны сав 3 ширхэг, Хараа архины шил 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Намжид овгийн Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 40 хоногоор тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 9 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч Б.Хишигбадамын нас барах үедээ өмсөж явсан малгайтай хар өнгийн богино өвлийн куртик, энгэр задгай саарал өнгийн хар судалтай урт ханцуйтай цамц, саарал өнгийн урт ханцуйтай цамц, цагаан цайвар өнгийн футволк, бор өнгийн тэлээтэй шаргал өнгийн өмд, саарал өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс, бор саарал өнгийн үдээстэй гутал, хэргийн газрын үзлэгээр хураасан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Нийслэл пивоны сав 3 ширхэг, Хараа архины шил 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ц.АЛТАНГАДАС

                               

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ