Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2024/00009

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00182 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, Ц.Ихбаяр /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Галтаа /цахим/, П.Сумъяа /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...Би Хөтөлийн ******* ******* үйлдвэрийн *******ийн үйлдвэрийн даргаар 2022 оны 4 сард томилогдсон. Тухайн үед ажил хүлээж авахад манай *******ийн үйлдвэр 100 хувийн хүчин чадлаар ажиллаж байсан. 39 жилийн түүхэнд байгаагүй маш том эвдрэл гэмтэл гарсан. Хувийн хэвшлээс төр лүү шилжиж байх үед үйлдвэрүүдийн техникийн бэлэн байдал маш муу байсан. Миний бие болон хамт олон тухайн ажиллах байх хугацаанд энэ хүнд үеийг даваад гарсан. 5 сараас эхэлсэн том завсар нь 6 сарын 15-ны өдөр хүртэл 45 хоногт өдөр шөнөгүй нойр хоолгүй бид нар ажиллаж байж 39 жилийн түүхэнд гараагүй энэ том эвдрэлийг засаад 7 сард 40 жилдээ байгаагүй үйлдвэрлэлийг хийсэн. 2022 онд хоногт 3450 тн цемент, сард 70,000 тн цемент, жилийн эцсээр 4300 тн цемент үйлдвэрлэсэн байдаг. Энэ нь ******* ******* ТӨХК хувийн хэвшил болон төрд байх хугацаанд хийж байгаагүй ажлыг хийсэн. Амжилттай сайн ажилласан гээд ******* захирал удаа дараа намайг шуурхай удирдлагын төвийн даргаар ажиллах хүсэлт тавьсан анх 2022 оны 10 сард өрөөндөө дуудаад санал тавихад би хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан гэж эхний хариу өгч байсан. 2022 оны 11 сарын 31-ний өдөр өрөөндөө дуудаад дахин шуурхай удирдлагын төвийн даргаар ажиллах чи энэ үйлдвэрийн хүмүүсийг удирдаад явах санал хувийн зүгээс тавьж байсан. Би хүлээж аваагүй. Би ээлжийн амралтаа 2023 оны 01 сараас эхлэн эдэлж 2023 оны 02 сарын 10-ны өдөр ажилдаа ороход шуурхай удирдлагын хэлтсийн даргаар томилсон байсан. Би амралтаа биеэр эдэлж байх хугацаандаа сошиолоор ингэж томилсныг мэдсэн. Нэгэнт энэ хүн намайг энэ мэргэжил дээр болно чадна гэж томилж байгаа бол эсэргүүцэл үзүүлэхгүй чадаад хийгээд явна гэсэн зорилготой байсан. 2023 оны 2 сарын 10-ны өдөр ажлаа аваад гүйцэтгэж байхад 2023 оны 2 сараас эхлэн гүйцэтгэх захирал болон удирдлагын болохгүй байгаа асуудлыг дотроосоо шүүмжилж эхэлсэн.

...******* гэхээс илүү төр үйлдвэрийг аваад ийм зүйл авсан юм шиг болсон. Миний бие үйлдвэрт 8, 9 дэх жилдээ ажиллаж байсан. Гүйцэтгэх захирал намайг шуурхай удирдлагын төвд чадна болно мэргэжил таарч байна гэж томилсон. Миний сонирхол нь *******ийн үйлдвэрийн даргаар ажиллах байсан. Би өмнө нь *******ийн үйлдвэрт 7 жил ажилласан үйлдвэрийн техник, мэдлэг боловсрол байсан тул ажиллах сонирхолтой байсан боловч захирлын хүсэлтээр томилсон. Хамгийн гол нь намайг чи чадна, чиний мэргэжил таарч байна удирдаад авч явж чадна гэсэн. 2022 онд Угтахбаяр маш сайн ажилласан сайн ажилласан тул намайг дэвшүүлэн зайлуулах зорилгоор тавиад сая гаргаж өгсөн зурагт байгаа бүх хүмүүс халагдсан. Тус тусдаа хүн болгон өөр сар болоогүй хугацааны дараа ажлаас чөлөөлсөн. Фото зураг дээр байгаа бүх хүн ажлаасаа халагдсан. Үндэслэл нь 4 сарын 11-ний өдөр ТӨБЗГазар очсон хүмүүс байгаа. Гэхдээ хүн болгоныг өөр өөр шалтгаанаар халсан. Зурагт байгаа бүх хүмүүс халагдсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1 ...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн *******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ТӨХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хөтөлийн ******* ******* ТӨХК-ийн хувьчлалын тапаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоолоор ******* ******* ТӨХК-ийн өмчийн хэлбэрийг өөрчлөн, хувийн өмчөөс төрийн өмчид буцаан авах шийдвэр гарсан болно.

Дээрх тогтоолоор тус ******* ******* ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын Засгийн газар бүртгэгдэж, компанийн дүрмийн 1.4 дэх хэсэгт ******* ******* ТӨХК нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага /ТӨБЗГ/ байна. гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлж байгаа билээ.

Хариуцагч ******* ******* ТӨХК-ийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ түүнчлэн Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хууль тогтоомжоор давхар зохицуулдаг ба эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг мөн л дагаж мөрдөх үүргийг хүлээсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай 49 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолын хавсралтаар Авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагаа зэрэг нийт 5 үйл ажиллагааг явуулах шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас манай компанид тодорхой чиглэл, үүрэг өгч, үүргийн биелэлтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг ирүүлсэн юм.

Тодруулбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр: .... Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж. дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна. ... 4 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварыг болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон... Дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэр бүрийг өөрийн эрхэлсэн салбар, нэгж бүрд шалган тогтоож, дүнг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү гэсэн чиглэлийг ирүүлсэн байдаг.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А-1/482 дугаар Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр: ... 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж. авлигатай тэмцэх шүгэл. Шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсоны дагуу төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийн талаарх мэдээллийг нэгтгэн хавсралт хүснэгтийн дагуу яаралтай ирүүлнэ үү. Үүнд... 3. Ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангасан эсэх гэх зэрэг мэдээллийг ирүүлэн, хэрэгжилтийг шаардсан байдаг.

Ийнхүү төрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үүрэг, чиглэлийн хүрээнд ******* ******* ТӨХК нь компанийн хэмжээнд нийт ажилтнуудын судалгааг авч, тухайн ажлын байранд тавигдах шаардлага, болзлыг хангаж байгаа эсэхийг тодруулан нягтлахад ******* нарын гурван иргэн тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болно.

Ингээд ******* ******* ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажилласан талаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/394 дугаар Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг.

Тус ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/258 дугаар тушаалаар батлагдсан Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдах тусгай шаардлага нь: Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй. Мэргэжил: Барилгын материалын технологич инженөр, Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Мэргэшил: Барилгын материалын технологич инженер. Туршлага: мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх гэсэн шаардлагыг тавьсан байдаг.

 

Гэтэл нэхэмжлэгч ******* нь 2021 онд Сити их сургууль-ийг Маркетинг мэргэжлээр, 2023 онд Сити их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар суралцан төгссөн байдаг.

Иймд ******* нь Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан Барилгын материалын технологич инженер, Бизнесийн удирдлага мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх гэсэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байсан болно.

 Иймээс Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам-ын 8 дугаар зүйлийн 8.2-д Хууль, энэ журамд нийцсэн удирдамж, чиглэлийг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төрийн өмчийн төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгоно гэсэн заалт болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9 дэх заалт, Төрийн болон орон нуттийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, ******* ******* ТӨХК- ийн Нэр дэвшүүлэх хороо-ны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9 дэх заалтыг тус тус баримтлан Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай *******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ. хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг" ойлгоно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2.-т Ажил олгогч нь Ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй гэж, 103 дугаар зүйлийн 103.3.2-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажлын байрны тодорхойлолт буюу хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ өөрөө баталж, ажилтнаас биелүүлэхийг шаардах эрхтэй гэж хуульчилсныг дурьдмаар байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ******* ******* ТӨХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/328 дугаартай тушаал нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00182 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гаргасан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Шохой ТӨХК-нд холбогдох ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох ******* ******* ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн Б/328 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00182 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал би эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ЗГХЭГ-ын албан бичгийг үндэслэн ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг доорхи үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэг. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын Хоёр дахь хэсэгт заасан Шүүр ажиллагаанд доорхи үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан.

улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;

төрийн алба, төрийн өмчийг "шимэгчид"-ээс салгах;

авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэх.

 

Нэхэмжлэгч ******* нь улс төрд нөлөө бүхий этгээд биш, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, үр бүтээлтэй ажилласан гэх үндэслэлээр дэвшүүлэн томилогдсон тул түүнийг шимэгч гэж үзэх, эсвэл нийтийн албанд танилын хүрээгээр томилогдсон гэх нотлох баримт байхгүй тул түүнийг Засгийн газрын 49 дүгээр тогтоолын дагуу Шүүр ажиллагаанд хамруулсан нь үндэслэлгүй байдаг. Хоёр. Монгол улсын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.03.17 ХЭГ/595 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжийн шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна гэж заасныг судалж үзэхэд дараахь дүгнэлтэнд хүргэж байна. Үүнд:

а/ Тус албан бичигт ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна гэж заасан нь үүрэг болгосон заалт биш тул уг албан бичгийн дагуу хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох үндэслэлгүй байна.

б/ Албан бичигт хууль тогтоомж-ын дагуу ажлаас чөлөөлөхийг чиглэл болгосон байна.

Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд *******ын ажлын туршилга нь тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолт-ын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа тул гэж ажлаас чөлөөлөх гэж хууль зүйн үндэслэлээ тодорхойлжээ. Хөдөлмөрийн харилцаанд албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бол ажилд томилохгүй тухай ойлголт байхаас биш өмнө нь томилогдсон ажилтныг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалт байхгүй тул тушаалын энэ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. гэж заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарч байна.

Иймд ХЭГ/595 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт ... хууль журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна гэж заасны дагуу ХтХ-ийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд доорхи журмыг ажил олгогч хэрэгжүүлж ажиллах ёстой байсныг зөрчсөн. Үүнд:

1. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино; гэсэн хуулийн шаардлагыг ажил олгогч хангаагүй шууд халсан.

Мөн ХтХ-ийн 43.2.9-д ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах; үүргээ ажил олгогчийн үүргийг биелүүлээгүй гэж үзнэ.

Хуульд заасны дагуу дээрх арга авч ажилласан тухай нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байна.

2.Нэхэмжлэгч *******ын ажлын туршилгатай холбоотой доорхи нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:

1.Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 21-ны өдрийн Б/553 тоот тушаал / цементийн үйлдвэрийн даргаар /

2.Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 27-ны өдрийн Б/293 тоот тушаал / цементийн үйлдвэрийн дарга түр томилох/

3.Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн Б/712 тоот тушаал / ээлжийн амралт/

4.Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 01-ий өдрийн Б/744 тоот тушаал /түр/

5.Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 25-ий өдрийн Б/85 тоот тушаал / ШУТ-ийн даргаар/

6.Нийгмийн даатгалын дэвтрээр 2011.03.01-2018.05.11-ний хооронд цементийн тээрмийн туслах машинистаар ажиллаж байсан.

7.Сити их сургуулийг 2023.01.28-ний өдрийн Бизнесийн удирдлагын магистраар, Маркетингийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн байдаг.

Дээрх нотлох баримтуудаар ******* нь ******* ******* ТӨХК-д нийт 7жил 11 сар ажилласан байх ба түүний ажилласан энэ хугацаа нь ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын туршилга-д хамаарах эсэхийг салбарын, эсвэл ******* ******* ТӨХК-ийн мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс аттестачлалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоох ёстой болохоос дунд тушаалын хэдэн дарга нар өөрийн үзэмжээр тогтоох, ийнхүү тогтоохдоо бакалавр болон дээд боловсролтой байх уг мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж дээд боловсролгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. гэж тайлбарласан байдаг.

Гэтэл хариуцагч талаас шүүх хуралдаан дээр комисс байгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн.

Гурав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг нь Хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох эрх зүйн хүчин чадалтай эрх зүйн акт биш гэж үзэх доорхи үндэслэлүүд байна. Үүнд:

1.Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн. гэж заасны дагуу Засгийн газар, ЗГХЭГ нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргахдаа УИХ-аас баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах үүрэгтэй ба энэ үүргийнхээ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны Хэг/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт ... хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна гэж заасан нь шүүр ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөл гэсэн агуулгатай байна. Өөрөөр хэлбэл ЗГХЭГ-ын чиглэл хүргүүлэх албан бичгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ёстой.

2.Ийнхүү чиглэл хүргүүлэхдээ 2023.03.17-2023.04.06-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн хуулиар тогтоосон журмын дагуу ажиллах хугацаа олгосон байдаг. Гэтэл *******ын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажил мэргэжилдээ тэнцэж байгаа эсэхийг тогтоох комисс байгуулж ажиллуулах хангалттай хугацаа байсаар байтал хариуцагч шүүх хурал дээр Комисс ажиллуулах шаардлага байгаагүй гээ тайлбарласан.

3.Түүнчлэн уг албан бичигт ..Дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэр бүрийг өөрийн эрхэлсэн салбар, байгууллага, нэгж бүрд шалган тогтоож, дүнг 2023 оны 04 сарын 10-ны дотор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү гэсэн нь уг албан бичгийн хууль тогтоомжийн шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна гэж заасантай зөрчилдөж байгаа тул энэ тохиолдолд ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалтын дагуу ажиллах нь Хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд нийцэх байтал энэ зарчмыг зөрчсөн.

 

Дөрөв. Гүйцэтгэх захирлын 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн Б/328 дугаар тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлийн талаар:

ЗГХЭХ газар нь ******* ******* ТӨХК-ийн дээд шатны байгууллага болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага биш тул шаардлага биш, чиглэл хүргүүлсэн талаар даар тодорхой дурьдсан. Хуулинд дээд шатны байгууллага шаардсан гэж заагаагүй тул ЗГХЭГ-ын чиглэл хүргүүлэх албан бичгийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан эрх бүхийн байгууллага гэдэг нь зөрчил гарсан тохиолдолд хариуцлага тооцох эрх бүхий байгууллага прокурор, цагдаа, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллагыг ойлгоно.

 

Тав. Нэхэмжлэгч *******ыг ******* ******* ТӨХК-ийн *******ийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхад нь гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 25 өдрийн Б/85 тоот тушаалаар ******* ******* ТӨХК шуурхай удирдлагын төвийн захирлаар томилж албан тушаал дэвшүүлсэн байдаг. Тухайн үед гүйцэтгэх захирал Л.******* нь өөрийн фэйсбүүк хуудсандаа 2022 онд ******* маш сайн ажилласан учраас хариуцлагатай ажилд дэвшүүлэн томилсондоо баяртай байна гэсэн агуулгатай нийтлэл тавьсан байсан үйл баримтаас харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан өөр ажилд түр ажиллуулах, 59 дүгээр зүйлд заасан сэлгэн ажиллуулах зохицуулалтын дагуу нэхэмжлэгч *******ыг ажиллуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ******* нь шинээр ажилд орж, анх удаагаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, урьд нь тус компанид ажиллаж байхад нь түүнийг өөр ажилд томилсон, ийнхүү томилоход нь түүнийг ээлжийн амралтаа биечлэн эдэлж байхад нь түүнээс санал авалгүйгээр томилсон нь тогтоогддог ба энэ талаар хариуцагч тал маргадаггүй. Иймд *******ын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.8-д зааснаар, эсвэл 59 дүгээр зүйлийн 59.4-т Сэлгэн ажиллах хугацаа дууссан, эсхүл сэлгэн ажиллаж байгаа ажилтны хувьд энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1,3-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд урьд ажиллаж байсан ажлын байранд нь эгүүлэн авна, 59.5-д Урьд ажиллаж байсан ажлын байранд авах боломжгүй бол адил чанарын өөр ажлын байранд авч ажиллуулна гэж тус тус зааснаар түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилох, эсвэл өөр ажлын байранд ажиллуулах байтал хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулсан.

Зургаа. Гүйцэтгэх захирал нь ажлын байрны тодорхойлолтыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А/258 дугаартай тушаалаар баталж, *******ыг уг ажлын байрны тодорхойлолтонд тэнцэж байна гэж үзээд 2023 оны 01 сарын 25-ий өдрийн Б/85 тоот тушаал шуурхай удирдлагын төвийн даргаар томилсон байдаг. Гэтэл 2 сарын дараа ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч талаас энэ талаар Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөх боломжтой. Иймд хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтыг *******ыг ажилд томилсны дараа өөрчилсөн байх магадлалтай тул гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэл болсон ажлын байрны тодорхойлолт эргэлзээтэй гэж маргахад шүүх ******* ажилд томилогдохдоо ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй гэж байгаа ч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 43.2.2-т ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх; гэж зааснаар уг ажлын байрны тодорхойлолт танилцуулах, баталгаажуулах үүрэг нь хариуцагчийн үүрэг бөгөөд хариуцагч үүнийгээ шүүхэд нотлох үүрэгтэй байна.

Долоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий ба хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Маш гомдолтой байгаа. Өнөөдөр ажил амьдралаараа хохироод явж байна. Товчхондоо хэлэхэд дэвшүүлэн зайлуулах томилгооны хэлбэр гэж харж байгаа. Үүнийг томоор аваад үзвэл 2022 оны 03 дугаар сараас эхлээд үйлдвэрийн удирдлагуудтай зөрчилдөж эхэлсэн. Юунаас болсон гэхээр ажлын орон тоог цомхотголоо, өмнө нь дурдсан ******* захиралтай холбоотой гишүүдэд хариуцлага тооцооч ээ гэсэн асуудлыг удаа дараа дотооддоо өгсөн боловч албан бичиг ирэхгүй учир 04 дүгээр сарын 11-ний өдөр төрийн өмч бодлого зохицуулалтын газар очиж 17 үйлдвэрийн цех хэлтсийн дарга нар, 15 инженер техникийн ажилтан нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй уулзсан байдаг. Бид нар 2023 оны 02 сараас авхуулаад үйлдвэр хүнд нөхцөлд орох гээд байна. Дампуурах гээд байна гэж үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө, нийт ажилтныхаа өмнөөс бид нар дуугарсан. Энэ маань тухайн үед буруу юм шиг мөртлөө 2024 оны 02 дугаар сарын байдлаар яг бид нарын жилийн өмнө хараад байсан зүйл биелэлээ олчихсон. 2023 оны 12 дугаар сараас авхуулаад тогныхоо мөнгийг төлж чадахгүй тогоо тасдуулчихсан. 50-60 тэрбумын маш өндөр өртэй болчихсон. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээний ийм байдалд хүрчихсэн. Халагдсан 17 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон маань үйлдвэртээ хамгийн багадаа 10 жил ихдээ 35 жил ажилласан байсан. Энэ удирдлага буруу тийшээ чиглээд байна гэдгийг бид бүхэн ярьсан. Эцэст нь 17 хүн өөр өөр асуудлаар халагдсан. 2023 оны 04 сард бид нарыг ажлаас чөлөөлсөн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ТӨХК 2022 оны 03 дугаар сараас эхлэн төрд шилжсэн. Уг шийдвэр нь Монгол улсын Засгийн газар тогтоол гаргаж төрд шилжсэн байдаг. Анх хувьчилсан өдрөөсөө хүчингүй болж, компанийн хувьд маш хүнд нөхцөл байдалтай, дансандаа 1000, 3000 төгрөгтэй, 20 гаруй тэрбумын өртэй, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй ийм нөхцөл байдалтай байсан. ******* өөрөө удирдлагын багт ажиллаж байсан. 2023 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яригдсан. Энэ дээр ******* ******* ТӨХК-н хувьд 370 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжилж хохирогчоор оролцож байгаа. Энэ асуудлуудыг ******* ******* ТӨХК-н удирдлагууд компанийг хохироосон асуудлуудыг баримттай нь асуудал шалгуулж явж байгаа асуудлууд байгаа. 17 хүн ажлаас халагдсан асуудал ярьж байна. 17 хүн шууд ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. Компанийн хууль, дүрэм, журмыг зөрчсөн тодорхой хүмүүстэй хариуцлага тооцсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж үзэл бодлоо илэрхийлсэн асуудал нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болсон байдаг. *******ыг ажлаас нь чөлөөлсөн тушаал 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гарсан. Энэ тушаал гарснаас хойш болсон асуудал гэсэн үг. Халагдсанаас хойшхи болсон үйл явцаас болж халагдсан гэж яриад байдаг. Энэ нь үндэслэлгүй. Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай тогтоол шүүр ажиллагааг баталсан. Энэ ажиллагаанд хамаарахгүй гэж өмгөөлөгч тайлбар ирүүлж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 595 дугаартай албан бичиг дээр тодорхой бичигдсэн байгаа. Албан тушаалын тодорхойлолтонд тохирохгүй томилогдсон этгээдийг чөлөөлнө. Энэ хүрээнд 3 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн. Гурвуулаа шүүхийн журмаар маргалдаад явж байгаа. Эрх бүхий байгууллага шалгасны хүрээнд компани, хөдөлмөрийн дотоод журам боон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байгууллагад хэрэгжүүлж ажлаас чөлөөлсөн. 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ажил дээрээ байгаагүй. 04 дүгээр сарын 10-ны өдөр ажлын байрандаа байсан учир хурлыг сонсох ажиллагаа хийж албан тушаалаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох эрх зүйн хүчин чадалтай эрх зүйн акт биш гэсэн үндэслэлүүдийг дурдсан. Энэ дээр шүүхээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхэд шүүхийн шийдвэр дээр хангалттай үндэслэлүүдийг дурдаж өгсөн учир тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаал бол эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр чөлөөлсөн. ******* нь *******ийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа тухайн албан тушаалд тавигдах шаардлагад тэнцээгүй байсан. Яагаад ажиллаад байсан гэхээр 2022 онд төрийн өмчит шилжсэний дараа шууд даргаар нь томилсон. 2022 оны 11 дүгээр сард гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан байдаг. Уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод ******* нь *******ийн үйлдвэрийн даргаар ажиллах боломжгүй болсон. ******* зөвшөөрөөгүй талаараа тайлбартаа дурддаг. Шуурхай удирдлагын төвийн албан тушаал даргыг томилох хүртэл түр хугацаанд гэдгийг тушаал дээр дурдаж өгсөн байгаа. Аль ч хувилбараараа ажлын байранд тавигдах шаардлагад ******* *******ийн үйлдвэрийн дарга, шуурхай удирдлагын дарга дээр ч тэнцэхгүй болсон. Энэ тухай гүйцэтгэх захирал 2022 оны 11 дүгээр сард ажлын байрны тодорхойлолтод дурдсаны дагуу мэдэгдэхэд *******т хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг ярьсан байгаа. ******* ******* ТӨХК-н нэр дэвшүүлэх хороо 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаартай гүйцэтгэх захирал ажлын байрны тодорхойлолтын тухай мэдэгдэл ирсэн. Энэ хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, дагаж мөрдөх асуудлыг зохион байгуулсан. Шуурхай удирдлагын багийн ажлын байрны тодорхойлолтод бизнесийн удирдлага мэргэжилтэй гэдэг шаардлагыг тавьсан байдаг. *******ын хувьд бизнесийн удирдлагын магистр зэргийн диплом авснаа хэлдэг. Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Б/328 дугаартай тушаал бол эрх бүхий байгууллага, Засгийн газар түүний гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас үүссэн ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй буюу мэргэжлээрээ 5 жилээс дээш жил ажиллаагүй байсан учир *******ыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтад зааснаар дотоод журам, бусад хэм хэмжээний актыг өөрөө дотооддоо мөрдүүлэх үүрэгтэй. Эрх нь хуулиараа олгогдсон байдаг. Үүнийг шүүгч нар маань анхаарч үзэх нь зүйтэй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4 дэх заалтад зааснаар эрх бүхий байгууллага шаардсан гэдэг үндэслэлээр гүйцэтгэх захирлын тушаал дээр байгаагаар шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Монгол улсын Засгийн газар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг баталсан. 49 дүгээр тогтоол нь Засгийн газраас 2023-2024 онд авилгатай тэмцэх жил болгон зарлах тухай гэж гаргасан байдаг. Нийтээр төрийн байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд энэ тогтоолыг биелүүлээд явж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, манай компанийн хувьцаа эзэмшигч буюу эрх барих хамгийн дээд энэ байгууллага юм. Тус газрын 49 дүгээр тогтоолоор ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадвар бусад шаардлагыг хангаагүй томилогдсон бол ажлаас хугацаа зааж чөлөөл гэж шаардсан байгаа. Энэ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан учраас *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд мэтгэлцэхэд энэ талаар хангалттай ярьсан. Хууль тогтоомж хоёрдмол утгагүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг маш тодорхой зааж өгсөн. Эрх бүхий байгууллага шаардсан бол гэдгийг маш сайн зааж өгсөн. Хууль хяналтын байгууллага шаардсан бол гэсэн үг өгүүлбэр байхгүй. Шүүх бол 78.1.4 дэх заалтыг зөв ойлгож, зөв хэрэглэж шийдвэрээ гаргасан гэж бодож байна. Энэ компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хууль дээр заачихсан байгаа. *******ын ярьж байгаа шиг шаардлага тавьсны төлөө, хурал цуглаанд оролцсоны төлөө, эсхүл ялгаварлан гадуурхсан зүйл огт байхгүй. Энэ албан тоот эрх бүхий байгууллага шаардсан. Уг ажиллагааг хэрэгжүүлээгүй бол гүйцэтгэх удирдлага өөрөө хариуцлага хүлээдэг дүрэм журамтай. Шүүр ажиллагааны хүрээнд албан тоот ирсэн учир компани шийдвэр гаргаж 3 албан тушаалтныг чөлөөлсөн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сумъяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэж нэхэмжлэл гаргахдаа дараах нотлох баримтуудыг өгсөн бөгөөд хавтаст хэргийн 4-39 дүгээр талд нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд байгаа. Уг нотлох баримтуудын 7,8,9 дүгээр талд *******ын шуурхай удирдлагын төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хөдөлмөрийн гэрээ нь тушаалтайгаа ажлын байрны тодорхойлолттойгоо хамт байгаа. Энэ нь ******* нь ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй биш танилцсан нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар өөрөө илтгэж байна гэж үзэж байна. *******ыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар шуурхай удирдлагын төвийн даргаар томилсон. Үүний дараа хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээндээ шуурхай удирдлагын төвийн даргын үүргийг түр хугацаагаар томилсон тушаал байна. Дараагийх нь 49 дүгээр тогтоол нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан. ******* ******* ТӨХК Засгийн газрын хэрэг эрхлэх газраас болон төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас 2 албан бичиг тус тус ирсэн. Өөрөөр хэлбэл *******ыг ажилд томилсноос хойш энэхүү шийдвэр гарч албан бичиг нь ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Ажлын байрны тодорхойлолт дээр албан тушаалд тавигдах тусгай шаардлага байгаа. Тусгай шаардлага дээр нь мэргэжлийн барилгын материалын технологич инженер, бизнесийн удирдлага, мэргэшил нь болохоор барилгын материалын технологич инженер, ажлын туршлага нь мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан, туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай байна гээд заачихсан. Тэгэхээр барилгын материалын технологич инженер биш. Хавтаст хэрэгт хавсралтаар нотлох баримт өгөгдөөгүй. Харин бизнесийн удирдлага гэж зүйл байдаг. Энэ нь 2023 оны 01 дүгээр сард төгссөн. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажиллагаагүй, мэргэжлийн туршлага байхгүй гэдэг нь тогтоогдож байна. Ийм учраас Засгийн газрын болон засгийн газрын дээд байгууллагаас ирсэн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн бөгөөд өмгөөлөгчийн хэлж байгаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад заасны дагуу уг журамдаа тэнцээгүй гэдэг үйлдлээр эсхүл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь хувьд үндэслэл тушаалд байхгүй. Нэгэнт 80.1.2 дахь заалтад заасан заалт байхгүй учир өмгөөлөгчийн хэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан 59 дүгээр зүйл огт хамаарахгүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хэлэх гэсэн юм. Иймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Галтаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын хувьд онцлогтой байгууллага байгаа. 2022 оны Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс шилжиж ирсэн. Үүнээс хойш засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоолоор төрд шилжсэнээс хойш Засгийн газар нь өөрсдөө Монгол улсыг 2023-2024 оныг авилгатай тэнцэх жил болгож тогтоож, хууль бус шаардлага, танил талаараа томилогдсон хүмүүс болох шаардлага хангахгүй хүмүүсийг салгая гэдэг санал санаачлага гаргасан. Тогтоолын хавсралтаар 5 ажиллагааг явуулъя гээд тэрний нэг нь шүүр ажиллагаа. 49 дүгээр тогтоолын 5 дахь хэсгийг дурдмаар байна. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж салбар хяналтыг Монгол улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Амарбаясгалан дурдсан байгаа юм. Энэ тогтоолын заалтын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Амарбаясгалан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бүхий л хуулийн этгээдүүдэд хүргүүлсэн юм. Үүрэг чиглэлийг уншиж танилцахад зөвхөн шаардлага хангаагүй гэхээс илүү хууль бус хүмүүсийг ажлаас чөлөөлнө гэсэн агуулга байгаа. Монгол улсын хэмжээнд гүйцэтгэх засаглалын тогтоолыг өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан гэж үзэж байна. Энэ тогтоолын үндсэн дээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад заасан үндэслэл биш үү эсхүл талуудын хоорондын түр сэлгэн ажиллуулах харилцаа үүссэн байсан юм уу гэдэг тайлбар үндэслэлгүй гэж байна. Ажлын байрны тодорхойлолтыг мэдээгүй байсан танилцуулаагүй байсан гэж тайлбараа хэллээ. Нэхэмжлэгчийн хувьд намайг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот явж маргаан гарсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажил олгогчийн зүгээс 04 дүгээр сарын 10-ны өдөр сонсох ажиллагааны баримт хэрэгт авагдсан. Тэрнээс хойш Улаанбаатар хот луу явж арга хэмжээнд орсон юм байна лээ. Тэр үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгаагүй. Өмнө нь гарчихсан байсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* Шохой ТӨХК-нд холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн Б/328 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэлээ ******* Шохой ТӨХК нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие тус компаний *******ийн үйлдвэрийн даргаар 2022 оны 4 сард томилогдон ажиллаж байсан. 2022 онд *******ийн үйлдвэр хоногт 3450 тн цемент, сард 70,000 тн цемент, жилийн эцсээр 430,000 тн цемент үйлдвэрлэсэн байдаг. Энэ нь ******* ******* ТӨХК хувийн хэвшил болон төрд байх хугацаанд хийж байгаагүй ажлыг хийсэн. Амжилттай сайн ажилласан гээд ******* дарга удаа дараа намайг шуурхай удирдлагын төвийн даргаар ажиллах хүсэлт тавьсан. Анх 2022 оны 10 сард өрөөндөө дуудаад санал тавихад би хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан, дараа нь 2022 оны 11 сарын 31-ний өдөр өрөөндөө дуудаад дахин шуурхай удирдлагын төвийн даргаар ажилла чи энэ үйлдвэрийн хүмүүсийг удирдаад явах боломжтой гэсэн санал тавьж байсан. Би хүлээж аваагүй. Ээлжийн амралтаа 2023 оны 01 сараас эхлэн эдэлж 2023 оны 02 сарын 10-ны өдөр ажилдаа ороход гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн Б/85 тоот тушаалаар ******* ******* ТӨХК Шуурхай удирдлагын төвийн захирлаар томилсон байсан. Тухайн үед гүйцэтгэх захирал Л.******* нь маш сайн ажилласан учраас хариуцлагатай ажилд дэвшүүлэн томилсон гэж тайлбарлаж энэ тухайгаа нийтэд бичиж байсан. Нэгэнт намайг удирдлага энэ ажлыг хийж чадна гэж байгаа гэдэг утгаар ажлыг хүлээн авч хийсэн. Ингээд тухайн албанд томилогдоод 2 сарын дараа гэнэт ажлаас халсан.

Ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т зааснаар эрх бүхий байгууллага шаардсан гэж ажлаас чөлөөлсөн. Мөн намайг тухайн албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэж өөрөө томилоод буцаан ажлаас халж байгаа нь хуулийн үндэслэлгүй... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба татгалзлын үндэслэлээ ...Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай 49 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолын хавсралтаар нийт 5 Ш үйл ажиллагааг явуулах шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр: .... Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна гэсэн чиглэлийн хүрээнд ******* ******* ТӨХК нь компанийн хэмжээнд нийт ажилтнуудын судалгааг авч, тухайн ажлын байранд тавигдах шаардлага, болзлыг хангаж байгаа эсэхийг тодруулан нягтлахад ******* нарын гурван иргэн тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн.

Ингээд ******* ******* ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажилласан талаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/394 дугаар Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг.

Тус ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/258 дугаар тушаалаар батлагдсан Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдах тусгай шаардлага нь: Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Мэргэжил: Барилгын материалын технологич инженер, технологич Бизнесийн удирдлага мэргэжилтэй,

Мэргэшил: Барилгын материалын инженер. Туршлага: мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх гэсэн шаардлагыг тавьсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь 2021 онд Сити их сургууль-ийг Маркетинг мэргэжлээр, 2023 онд Сити их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар суралцан төгссөн байдаг. ******* нь Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан Барилгын материалын технологич инженер, Бизнесийн удирдлага мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх гэсэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байсан тул Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, ******* ******* компанийн Нэр дэвшүүлэх хороо-ны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9 дэх заалтыг тус тус баримтлан Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай *******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон... гэж тайлбарласан.

4.Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ ... Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн болно. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэсэн бол 8-д Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг байна.

Мөн Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 8-д заасан Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлэхээс гадна 9-д заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлох үүрэгтэй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.*******т ...Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна гэжээ. Энэ чиглэлээс дүгнэлт хийхэд хууль тогтоомжийн шаардлага хангаагүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй байгаа нь тогтоогдвол ажилтанд энэ талаар анхааруулж мэргэжил, мэргэшлийн түвшин ур чадвараа дээшлүүлэх боломжит хугацаа олгох боломж байхгүй гэдгийг тодорхой чиглүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ыг уг албан тушаалд түр томилсон бөгөөд энэ хугацаанд Засгийн газрын 49 дугаартай тогтоол гарч хэрэгжиж хууль зөрчиж албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ирүүлсэн чиглэлийн 4 дэх заалтад нийцсэн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

6.Хэргийг судлан үзвэл: Хариуцагч ******* Шохой ТӨХК нь нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Хариуцагчаас Эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг гэж тодорхойлж төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар нь түүний хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн, Ш ажиллагааны хэрэгжилтийг хангах үүрэгтэй гэж тайлбарлан нэхэмжлэгч *******ын тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй томилогдсон нь хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон этгээд ... гэж тайлбарлаж энэ тайлбарыг анхан шатны шүүх үндэслэлтэй хэмээн дүгнэжээ.

7.Засгийн газар нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдах, хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангах талаар нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд хууль тогтоомжийн биелэлтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг хэлэлцэх, хууль зөрчсөн үйлдлийг мэдэгдэх эрхтэй байхаар хуульчилсан байна.

Засгийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй боловч ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн харилцаанд шууд оролцох, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардах эрхгүй.

Иймд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг нь ажилтны хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохыг шаардсан гэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн /ажил олгогчийн/ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж заасан. Энэ нь тус хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан боловч мөн хуулийн 80 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийг тусгайлан буюу нарийвчлан заасан.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлийг баримтлах учиртай.

Гэтэл хариуцагч / ажил олгогч / ******* ******* ТӨХК нь нэхэмжлэгч /ажилтан/ *******тай байгуулсан гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлаагүй нь ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ заагаагүй гэх үзэхээр байна.

8.Хариуцагчаас /ажил олгогчоос/ ******* Шохой ТӨХК-ийн ТУЗ-ийн хуралдааны тогтоолын дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А/258 дугаартай тушаалаар компанийн үндсэн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлж байгаа болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. / 1-р хх-ийн 112-116/

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 сараас тус компаний *******ийн үйлдвэр-ийн даргаар ажиллаж байх үед нь компаний удирдлагын зүгээс ажлын байрны санал гаргаж улмаар түүнийг ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн тушаалаар Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд томилжээ.

Дээрхи тушаал гарах үед тус ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж байсан байх ба *******ын хувьд Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд түүний мэргэжил боловсрол, ажлын туршлагын хувьд тавигдах шаардлага хангах эсэх талаар мэдэх боломжтой байхад тухайн албан тушаалд томилсон атлаа хэсэг хугацааны дараа тухайн ажлын байранд тавигдах мэргэшлийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа ажил олгогчийн шийдвэр нь өөр хоорондоо зөрчилтэй гэж үзэхээр байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар зохицуулсан байх ба 50 дугаар зүйлийн 50.1.5-д түр ажлын байранд ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулахаар зохицуулжээ.

Гэтэл ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн Б/85 дугаартай Шуурхай удирдлагын төвийн даргын үүргийг түр гүйцэтгүүлэхээр томилж, 2023 оны 01 сарын 25-ны өдөр ХГ/28/101 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.

Дээрхи ажил олгогчийн тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байгааг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 118-123/

9.Хэргийн үйл баримт болон авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч /ажилтан/ ******* нь ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А/258 дугаартай тушаалын хавсралтад заасан Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу мэргэшлийн хувьд тохирохгүй болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан боловч ажлын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр ажилтны хүсэлтийг авалгүйгээр ажил олгогчоос тухайн ажилд шууд томилсон атлаа зөвхөн ажилтныг компаний дүрэм журмын дагуу томилогдоогүй гэж буруутгаж байгааг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

10. Иймд нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг ******* Шохой ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд буюу түүний ажилгүй байсан 2023 оны 04 сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл буюу 4 сарын ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нэг сарын үндсэн цалин 4.000.000 төгрөгөөр тооцон 16.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч ******* Шохой ТӨХК-нд даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргах тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 237,950 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00182 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийг баримтлан ******* Шохой ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 16,000,000 төгрөгийг ******* Шохой ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 237,950 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН