Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 208/МА2024/00010

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.******* даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр 13-ны өдрийн 150/ШШ2023/00186 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар эзэмшиж байгаа талбайг чөлөөлүүлэх тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа, хариуцагч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...Сэлэнгэ аймгийн ******** сум, ***** дугаар баг, ******* ******* хотын төв гудамж ******* ****** тоот хаягт байршилтай, ******* овогтой *******гийн өмчлөлийн******* тоот үл хөдлөх хөрөнгө 643 метр квадрат талбайтай юм. Үйлчилгээний барилга дотор 4-5 өмчлөгч нар худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тусын талбай өмчилдөг. Өмчлөгч бүр өөрийн өмчлөлийн талбайгаас хэтрүүлэн өмчилж нийтийн зориулалттай үйлчилгээний зориулалттай талбай дээр лангуу засах, хана босгох, орц гарц хаах, галын аюулгүй байдлын стандарт зөрчсөн байгаа. Иймд орц гарц төлөвлөх үйл ажиллагааны журам мөрдүүлэх, үйлчилгээний байгууллагын стандарт, байгууллагын ашиглалт зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломж гаргах үүднээс өөрийн өмчлөлийн 643 метр квадрат талбайнаас дутсан талбайг хөрш өмчлөгч нараас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрийн өмчлөлийн талбайг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхээр болсон. 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн дугаар RС-72/2023 тоот Рино Констракшн ХХК-ийн 5687381 сууцны талбай, тасалгааны хэмжилт хийж хийлгэж, талбайг тооцсон тэмдэглэлээр миний өмчлөлийн 643 мкв талбайнаас 554.66 мкт талбайг миний өмчлөлд байна. Дутсан талбайг бусад 4 өмчлөгч нарт хууль бусаар эзэмшиж, эзэмшсэнээр нийтийн зориулалттай орц гарыг хааж, галын эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна. ******* *******ын өмчлөлийн тоот үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа ч миний талбайнаас хууль бусаар 11.47 мкв талбайг эзэмшиж байна. *******ын газар эзэмших эрхийн бүртгэлийн дугаар тоот нэгж талбай дугаар дээр тоот үл хөдлөх хөрөнгө байна барилга дотор 11.47 мкв талбайг илүү эзэмшиж байна. Энэ илүү эзэмшиж буй талбай нь ******* миний өмчлөлийн******* тоот 643 мкв-аас илүү хууль бусаар эзэмшиж байгаа тул *******ын 36 мкв талбайгаас илүү хууль бусаар эзэмшиж байгаа талбайг чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шүүх хэргийг хянаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус суманд үйл ажиллагаа явуулж байсан МОН ТББ ХХК 2015 оны 6-р сард Шим төвийн талбайг хэсэгчлэн хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгжид худалдсан бөгөөд би Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээyий дагуу 36 м2 талбайг худалдан авч хуулийн дагуу кадастрын мэргэжлийн байгууллагаар нэгж талбайн солбилцлыг гаргуулж, координатыг тогтоолгож хэмжилт хийлгэн Эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ авсан болно. Би ээс уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үедээ гэрчилгээгээ гаргуулах гэсэн боловч уг барилга нь МОН ТББ ХХК-ийн зээлийн барьцаанд банкинд байсан учраас гэрчилгээг барьцаа хөрөнгийг зээлээс чөлөөлөгдсөний дараа гаргуулж өгөхөөр худалдагч тал болон худалдан авагч бид харилцан тохиролцсон юм. 2020 онд иргэн ******* шим худалдааны төвийн үлдсэн хэсгийн худалдан авч зээлийн барьцаанд байсан гэрчилгээ чөлөөлөгдсөн байдаг тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулах боломжтой болсон ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах ажлыг ******* өөрөө биечлэн хөөцөлдөж гүйцээсэн. Бид нар очиж гарын үсгээ зурсан, 2021 онд эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулсан юм. Тухайн үедээ *******г өөртөө ашигтай байдлыг зориудаар бий болгох зорилгоор газрын кадастр хийлгэж газрын гэрчилгээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах асуудлыг хөөцөлдөж бидний өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг санаатай авч үлдэж, эцэст нь зарга үүсгэж байна гэж үзэж гомдолтой байна.

Би уг талбайг 2015 онд худалдан авсан ******* 2020 онд худалдан авсан тул надаас дутуу талбайгаа нөхөж гаргуулах үндэслэл байхгүй юм. Би уг талбайг , нараас худалдан авахдаа газар дээр нь хэмжилт хийлгэн мөнгө төгрөгөө төлөөд худалдан авсан, ******* ч мөн адил ийм байдлаар авсан болно. Хэрэв Шим худалдааны төвийн барааны дэлгүүрийн талбайн *******д болон надад худалдсан талбай нь давхцалтай гэж үзэж байгаа бол надаас талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь би *******гаас өмнө дэлгүүрийн талбайг газар дээр нь хэмжилт хийлгээд мөнгө төгрөгөө төлөөд худалдан авсан учир нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.

Гэтэл нэхэмжлэгч нь миний хуулийн дагуу худалдан авч, өмчилсөн талбайг өөрийн талбай гэж үзэж хууль бус эзэмшлээс 11,47 м2 талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Рино Констракшн ХХК -иар хэмжилт хийлгэсэн гэдгийг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Уг компанийг *******гийн захиалгаар түүний эрх ашигт нийцүүлсэн түүний хэлснээр хэмжилт хийсэн байх магадлалтай гэж үзэж байна. Үүнд:

1. Уг компанийг шинжээчээр томилж, үнэн зөв дүгнэлт гаргах талаар хууль сануулсан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хувиараа хэмжилт хийлгэсэн байгаа тул уг хэмжилтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47-р зүйлд заасан шинжээч томилох, дүгнэлт гаргах журам зөрчсөн гэж үзэж байна

2. Уг хэмжилтийг хийхэд намайг байлцуулаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр 13-ны өдрийн 150/ШШ2023/00186 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох хууль бусаар эзэмшиж байгаа 11.47 м2 талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

....Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1 дэх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой Иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1 д заасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, 2023 оны 07 дугаар сарын 19 ний өдрийн 150/Ш32023/00534 тоот захирамжаар зохигчдын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамж гаргасан.

Шинжээч байгууллагаар Эй Би Эн Дизайн ХХК-ийг Шүүхээс томилж захирамж гарсан. Шинжээч байгууллага нь хариуцагч *******ын яг ашиглаж байгаа талбайг нь хэмжсэн түүнийгээ 2023 оны 08 дугаар сарын дугаар 06 ний өдрийн №23/263 тоот тэмдэглэлийг шүүхэд хүргүүлсэн. Эй Би Эн Дизайн ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хэмжилт хийж тэмдэглэл үйлдэж шүүхэд хүргүүлсэн ч үл хөдлөх хөрөнгийг хэмжихдээ зөвхөн одоо ашиглаж байгаа талбайг байгаагаар нь хэмжсэн байдаг. Гэтэл талуудын маргаан хариуцагч *******ын газрын координат дээр үл хөдлөх хөрөнгийн 36 м.кв талбай байгаа эсэхийг тодруулах тухай юм. Хариуцагч нь нэхэмжлэгч *******гийн талбайгаас хууль бусаар эзэмшиж байгаа эсэх тодорхойлох зорилготой байсан.

Шүүхээр шинжээч томилчхоод дүгнэлт гаргуулж чадаагүй. Учир нь Эй Би Эн Дизайн ХХК нь шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 15 ний өдөр гаргасан нэмэлт тайлбарт дурдахдаа тус байгууллага нь газрын координат хэмждэг тусгай зөвшөөрөлгүй учир хариуцагчийн 36 м.кв газар дээр+36 м.кв үл хөдлөх хөрөнгө багтах эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Нэхэмжлэгчийн 643 м.кв талбайгаас хариуцагч эзэмшиж ашиглаж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх 47.1 талууд тогтоолгож чадаагүй байхад хэргийг хэлэлцсэн нь хууль бус юм.

1.Хариуцагч ******* *******ын 2020 оны 08 дугаар сарын 24 ний өдрийн А/122 тоот Захирамжтай N тоот нэгж талбарын дугаар дээр Ү- 1310002177 тоот үл хөдлөх хөрөнгө багтаж байгаа эсэх нь шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдоогүй.

2.Нэхэмжлэгчийн******* дугаартай 643 м.кв талбайг хэмжихдээ ЭЙ БИ ЭН ДИЗАЙН ХХК газрын дэвсгэр нэгж талбарын координатыг шалгаагүй. Мөн газрын нэгж талбарын № тоот дугаартай газрын нэгж дээр нэхэмжлэгч *******гийн координатад байгаа талбай буюу Шим худалдааны төвийн үүдний хаалганы өргөн 1м* урт 9 орчим хэмжээтэй орц гарч хэсгийн талбайг тэр чигээр нь орхигдуулан хэмжсэн зэрэг ноцтой зөрчил гарсан байхад шүүх түүнийг тодруулаагүй.

3.Нэхэмжлэгчийн Өмгөөлөгч М.Ундармаа миний бие Эй Би Эн Дизайн ХХК ний хэмжилтийг дахин тодруулах , нэмэлт шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад шүүгч хүсэлтийг хангаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27.1, 27.1.2, дахь хэсгээр газрын координат хэмждэг хуулийн этгээдээр газрыг хэмжүүлэн ЭЙ БИ ЭН ДИЗАЙН ХХК -ний хэмжсэн координат цэгийн давхцалыг хамтарсан шинжээч багийн дүгнэлтээр гаргах бүрэн боломжтой байхад шүүх хүсэлтийг хангаагүй, Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 27.1. Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ. 27.2.Нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно. гэсэн байхад нэхэмжлэгч талын нэмэлт шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй.

4.Зохигчид аль аль тал нь анх шинжээч томуулах тухай хүсэлтийг Шүүхэд гаргасан. Шүүх талуудын хүсэлтийг хангаж 2023 оны 07 дугаар сарын 19 ний өдрийн 150/Ш32023/00534 тоот Захирамж гаргасан.

5.Захирамжаар ЭЙ БИ ЭН ДИЗАЙН ХХК нийг шүүх өөрөө томилсон ч шүүгч хэргийн хэлэлцүүлэгт шинжээч байгууллагын зардлыг зохигчдын хэн төлөх эсэх талаар огт хэлэлцүүлээгүй. Шүүхийн шийдвэрт ч дурдагдаагүй байна. Шүүх шийдвэр гаргахдаа илт агуулгын алдаатай байна. Хэлэлцэх асуудлыг хэлэлцээгүй, шинжээч байгууллагын дүгнэлт тодорхойгүй, нотлогдоогүй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн шийдвэр гаргасан зэрэг нь Шүүхийн шийдвэрийн агуулга илт агуулгын алдаатай байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5 шүүхийн шинжээчийн зардал төлүүлэх зэрэг тодорхойгүй үлдээсэн нь Сэлэнгэ аймаг Сайхан сум дах сум дундын шүүхийн шүүгчийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүх байгууллага бол иргэний зөрчигдсөн эрхийг эцсийн байдлаар үнэн зөв гэдгийг тогтоох байгууллага. Шүүх Газрын тухай хуулийн /33.7.Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна гэснийг шалгаж үзээгүй. Улсын Бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 47.1, Иргэний хуулийн 106.1., 106.3 . 140., дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, холбогдох гомдлыг шалгаж үзэлгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 13 ний өдрийн 150/шш2023/00186 тоот шийдвэр гаргасан нь хэт нэг талыг баримтлан, хэргийг хянаж чадаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Ер нь 36 м.кв талбай дээр 36 м.кв үл хөдлөх багтах ямар ч боломжгүй байтал хариуцагч тал өөрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үнэн зөв эсэх, Шүүх түүний зөрчилтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоолгох бүрэн боломжтой байсан. Улсын бүртгэл эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэснийг шалгаж үзээгүй. Бүртгэл нь алдаатай учраас хариуцагч 36 м.кв талбай нь нэхэмжлэгчийн талбай руу ороод байна уу гэдгийг шүүх огт шалгаж үзээгүй. Нотлох баримтад авагдсан материалыг газрын мэдээллийн сан, үл хөдлөх хөрөнгийн хэмжсэн координатын цэгийг суулгаж нэгдсэн мэдээллийн сангаар давхцалыг шалгаж Нэхэмжлэгчийн шаардлага байгаа эсэхийг тодруулчихаар байтал Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, Шүүхийн хэлэлцүүлэгт асуудлыг дутуу орхигдуулсан зэрэг зарчмын шинжтэй агуулгыг орхигдуулсан нь Дэлгэрсайхан шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 150/ШШ2023/00186 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, татгалзлын үндэслэл, хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад хуульд зааснаар үнэлэлт дүгнэлтээ хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад бүрэн нийцсэн учраас давж заалдах гомдлыг хариуцагч, түүний өмгөөлөгч бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байсан МОН ТББ ХХК 2015 оны 6- р сард Шим худалдааны төвийн талбайг хэсэгчлэн хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгжид худалдсан бөгөөд ******* би Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэргээий дагуу 36 м2 талбайг худалдан авч хуулийн дагуу кадастрын мэргэжлийн байгууллагаар нэгж талбайн солбилцлыг гаргуулж, координатыг тогтоолгож хэмжилт хийлгэн газар эзэмших эрхээ баталгаажуулж сумын засаг даргын захирамж гаргуулан газрын гэрчилгээгээ авсан юм. Тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө нь МОНТББ ХХК-ийн зээлийн барьцаанд байсан тул Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өгөөгүй бөгөөд зээлийн барьцаанаас чөлөөлөгдөхөөр гэрчилгээ гаргуулж өгөхөөр талууд / бид нар/ тохиролцсон юм. Нэхэмжлэгч ******* нь Шим худалдааны төвийн барилгын үлдсэн талбайг 2020 онд худалдан авч зээлийн барьцаанд байсан гэрчилгээ чөлөөлөгдсөн байдаг тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулах боломжтой болсон. Тухайн үед Ковид-19 өвчний улмаас хорио тогтоосонтой холбоотой нь Дархан-Уул аймгаас ирэх боломжгүй байсан учраас нэхэмжлэгч *******гийн нөхөр т итгэмжлэл олгосон үйл баримт нь нотлон тогтоогддог ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах ажлыг ******* өөрөө биечлэн хөөцөлдөж гаргуулсан болно. Энэ байдал нь шүүх хуралд гэрчээр оролцсон МОНТББ компанийн ажилтан гийн өмнө нь иргэдэд худалдсан талбайнаас үлдсэн талбайг *******г худалдан аваарай гэсэн, *******д худалдахдаа яг хэмжилт хийгээгүй, би өөрөө *******д ирэх боломжгүй байсан тул т итгэмжлэл олгосон гэсэн мэдүүлгээр нотлон тогтоогдож байгаа юм. 2021 онд эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулахдаа *******г өөртөө ашигтай байдлыг зориудаар бий болгох зорилгоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр өөрийн талбайг өсгөж улмаар бусад өмчлөгч нарын эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах асуудлыг хөөцөлдөж өгнө гэж санаачилга гаргаад, бусдын газрын болон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг санаатай авч үлдэж, эцэст нь зарга үүсгэж байна гэж үзэж гомдолтой байна. / шүүхэд ******* миний гэрчилгээний хуулбаруудыг ******* гаргаж өгсөн байдаг/

Би уг талбайг 2015 онд худалдан авсан ******* 2020 онд худалдан авсан тул надаас дутуу талбайгаа нөхөж гаргуулах үндэслэл байхгүй юм .Би уг талбайг , нараас худалдан авахдаа газар дээр нь хэмжилт хийлгэн хэмжээг тогтоолгон мөнгө төгрөгөө төлөөд худалдан авсан . Миний худалдан авсан талбай нь *******гийн талбайтай давхцалтай байх боломжгүй, ямар ч орц гарцыг хаагаагүй , агаар сэлгэлтэнд нөлөөлөөгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Эй Би Эн Дизайн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргээс авсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, Газар олгосон Засаг даргын захирамж, газрын гэрчилгээ И-Монголия цахим сангийн www.egazar.gov.mn газрын нэгдсэн санд бүртгэгдсэн кадастрын хэмжил зүйн зураг зэргээр нотлон тоггоогдож байгаа тул дахин шинжээч томилох, кадастрийн хэмжилт хийлгэх ямарч шаардлага байхгүй бөгөөд шүүх үүнд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа ч ойлгохгүй байна. 36 м2 газар дээр ийм хэмжээний үл хөдлөх хөрөнгө байх боломжгүй гэж маргаад байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь би шинээр барилга бариагүй баригдсан барилгын талбайгаас 36 м2 талбайг л худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь шинээр барилга барьсан юм шиг буруу ойлголтоор асуудалд хандаж миний хуулийн дагуу худалдан авч, өмчилсөн талбайгаас 11, 47 м2 талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Эй Би Эн Дизайн ХХК- ийн шинжээч нар нь нэхэмжлэгч ******* , түүний өмгөөлөгч, хариуцагч намайг болон миний өмгөөлөгч нарыг бүгдийг нь байлцуулаад анх МОНТББ компани талбайг яаж хэмжиж өгсөн яг л тэр байдлаар нь газар дээр нь заалгаж талбайн хэмжээг өндөр нарийвчлалтай багажаар хэмжсэн. Тухайн үед шинжээч нь мөн *******гийн өөрийнх нь миний өмчлөлийн талбай гэж зааж өгсөн талбай, өрөө тасалгааг бүгдийг нь хэмжсэн, ямар ч талбай, өрөө, тасалгаа орхигдоогүй энэ хэмжилтээр Шим худалдааны төвийн барааны дэлгүүрийн нийт талбайн хэмжээ маш нарийвчлалтай гарсан байгаа тул ******* нь 643 м2 талбайг өмчлөх боломжгүй байдал нь ч тогтоогдсон. Энэ хэмжилтээр нэхэмжлэгч ******* нь МОНТББ компаниас өөрийнх нь нөхөрт итгэмжлэл олгосон байдлыг урвуугаар ашиглаж өөрийн талбайг үндэслэлгүй өсгөж гэрчилгээ гаргуулсан, Рино констракшн ХХК-иар кадастр хийлгэсэн байдал нь нотлон тогтоогдсон. Ийм учраас анхан шатны шүүх миний өмчлөлийн талбайнаас 11,47 м2 талбайг өөртөө шилжүүлэн авах зорилгоор нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хэрэгг цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаад үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүх анхнаасаа шүүхийн шинжээч томилохдоо газрын координат болон, талбайн координат хэмждэг эрх бүхий байгууллага томилох ёстой байсан. Бид нар шинжээч томилоогүй. ...процессын алдаа байна гэж үзэж байна. Хамгийн гол нь талуудын хэмжилт хийлгэсэн зардлыг шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх үндэслэлтэй байна. Нэмж шинжээч томилох хүсэлт хангаагүй нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой нотлох баримт гэж үзэхгүй байна гэж үзэж гомдол гаргасан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримтад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 36 мкв талбай бол миний хууль ёсоор өмчилж байгаа газар. Цаашлаад миний амьдралын эх үүсвэр, амьдралын баталгаа болох учраас анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж үзэж байна. Газар эзэмшүүлэх гэрээний 6.1 дүгээр зүйлд тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө зарагдсан тохиолдолд энэ газар тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан эзний нэр дээр автоматаар шилждэг гэдгийг хэлэх гэсэн юм гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг ******* ******* хотын төв гудамжинд байрлах Шим худалдааны төвд *******ын газар эзэмших эрхийн бүртгэлийн тоот нэгж газар дээр тоот 36 мкв талбай бүхий үл хөдлөх нь *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс 11.47 мкв талбайг илүү эзэмшиж байгаа тул чөлөөлүүлж авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь ...Уг талбайг би Тэрбиш, Байгалмаа нараас 2015 онд худалдан авсан бөгөөд уг хөрөнгийн гэрчилгээ банкны барьцаанд байсан учраас гэрчилгээгээ авч чадаагүй байсан. Харин 2021 онд уг гэрчилгээ чөлөөлөгдөх үед ******* үлдсэн талбайг худалдаж авах үедээ бидний гэрчилгээг хамт хөөцөлдөж авч өгсөн. Иймд бидний эзэмшиж байгаа талбай *******гийн худалдаж авсан талбайд орох үндэслэл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар *******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хууль бусаар эзэмшиж байгаа 11.47 м2 талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч нар зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Шүүх өөрөө шинжээч томилчхоод үнэн зөв дүгнэлт гаргуулж чадаагүй. Учир нь Эй Би Эн Дизайн ХХК нь шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэмэлт тайлбарт дурдахдаа тус байгууллага нь газрын координат хэмждэг тусгай зөвшөөрөлгүй учир хариуцагчийн 36 м.кв газар дээр 36 м.кв үл хөдлөх хөрөнгө багтах эсэхийг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн 643 м.кв талбайгаас хариуцагч эзэмшиж ашиглаж байгааг бодитой тогтоож чадаагүй байхад хэргийг хэлэлцсэн нь хууль бус юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү... гэж тайлбарласан.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд үүссэн хэргийн үйл баримт болон уг маргаан Иргэний эрх зүйн ямар харилцаанд хамаарах, нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн болох, түүний шаардах эрхийн хууль эрх зүйн үндэслэлийг тодруулаагүйн дээр маргаан бүхий Шим худалдааны төв доторх лангуу байршлууд нь газрын кадастрын зургийн дагуу хэдэн м.кв газар дээр хэдэн м.кв үл хөлдөх хөрөнгө байршиж байгаа эсэх эдгээр нь өмчлөгч бүрийн гэрчилгээнд заасан хэмжээндээ байгаа эсэхийг бүрэн тогтоолгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Эй Би Эн Дизайн ХХК ний хэмжилтийг дахин тодруулах, нэмэлт шинжээч томилж өгнө үү... гэх хүсэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл зохигчдын үйлчилгээний зориулалт бүхий талбай эзэмшдэг Шим худалдааны төвд хариуцагч *******ын өмчилж эзэмшдэг 36 м.кв талбайд хэмжилтийг Эй Би Эн Дизайн ХХК хийсэн бөгөөд ашигтай талбай нь 35.8 м.кв гэж гаргасан бөгөөд энэ компани нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23/132 тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичигтээ ....геодезийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар барилгын талбайн хэмжилт хийх биш газрын эргэлтийн цэгээр иргэн *******гийн талбай руу орсон эсхийг тогтоолгох нь зүйтэй гэж зөвлөсөн байхад Зохигчдын эзэмшиж буй газар, талбай давхцалтай байгаа эсэх, тэдгээрийн газрын гэрчилгээнд заагдсан хэмжээ, талбайн хэмжээтэй хэрхэн уялдаж байгаа эсэхийг бодитой нарийвчлан тогтоохгүйгээр маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

5.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, үйл баримтыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбаруудыг үнэн зөв эргэлзээгүйгээр нотлох хэмжээнд хүрээгүй байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр 13-ны өдрийн 150/ШШ2023/00186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ