Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/0186

 

Иргэн П.Болормаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч П.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар магадлалтай, П.Болормаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201700514 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрыг 60 жилийн хугацаатай эзэмшдэг. Энэ газартаа 2000-2006 онд амьдарч байгаад гэр бүлийн шалтгаанаар Улаанбаатар хот уруу түр хугацаагаар шилжихдээ хадам ах А.Мөнхтуяаг хашаандаа буулгасан. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар захирамжаар миний эзэмшлийн 800 м.кв газрыг А.Мөнхтуяад шилжүүлэн, улмаар Ховд аймгийн Засаг дарга 2013  оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийг шилжүүлэх шаардлагыг зохицуулсан ба энд зааснаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, шилжүүлэн авч байгаа этгээд нь эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо баримтыг гаргахаар байна. П.Болормаа өөрийн эзэмшлийн газраа шилжүүлэх гэрээ хийгээгүй, шилжүүлэхийг зөвшөөрч өргөдөл гаргаагүй, энэ талаарх баримт байхгүй байхад түүний эзэмшлийг газрыг А.Мөнхтуяад шилжүүлсэн нь хууль бус юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд газар өмчлүүлэхэд баримтлах зарчмыг тодорхойлсон ба үүний 5.15.1-д “иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” зарчмыг баримтлахаар байна. Гэтэл А.Мөнхтуяагийн газар эзэмших эрх нь хууль бусаар үүссэн, тухайн газар анхнаасаа П.Болормаагийн эзэмшиж байсан газар тул түүнд тухайн газрыг өмчлүүлэх үндэслэл бүрдээгүй байсан. Иймд, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 136 дугаар захирамжийн,  Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/25 дугаар захирамжийн А.Мөнхтуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн П.Болормаа, түүний хадам ах А.Мөнхтуяа нарын хоорондын газрын маргаан нь иргэд хоорондын маргаан бөгөөд энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд Засаг дарга миний зүгээс 2015 оны А/25 дугаар захирамжийн А.Мөнхтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар П.Болормаа нь Алагтолгой багийн 1-ын 48 тоот хашааны газрыг эзэмшүүлж, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201700514 дугаартай газар эзэмших гэрээ гэрчилгээг олгосон байна. Жаргалант сумын Засаг даргад 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаарт 8 хуудас баримт материалыг бүрдүүлэн өгч 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар захирамжаар П.Болормаагийн 800 м.кв газрын эзэмших эрхийг А.Мөнхтуяад шилжүүлсэн. П.Болормаа нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ өөрөө гаргаж өгсөн байх бөгөөд тэрээр яг өөрөө гараар бичсэн эсэхийг тодруулах боломжгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байхгүй байна” гэжээ. 

Гуравдагч этгээд А.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Манай бэр дүү П.Болормаа ийм нэхэмжлэл гаргах санаа зорилго байхгүй бөгөөд үүнийг өөрөө хүсэж гаргаагүй гэдэгт итгэлтэй байна. Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот хаягт орших хашааг газрын хамт хүнээс авах ёстой байсан өрөндөө авсан бөгөөд манайхтай хамт, манай дүүгийнх уг хашаанд амьдарч байгаад Улаанбаатар хот уруу нүүсэн. Би эхнэр авалгүй хожуу гэрлэсэн учраас уг хашааны газраас өөр надад өмч хөрөнгө гэхээр зүйл байхгүй бөгөөд үүнийг ч манай бэр П.Болормаа  мэдэж байгаа. Уг газрыг П.Болормаа өөрөө надтай хамт явж бүх бичиг баримтыг бүрдүүлж, надад шилжүүлж өгсөн. Гэтэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх этгээдээс нэхэмжлэл гарган, П.Болормаа өөрөө огт оролцохгүйгээр ийм тайлбар гаргаад явж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.  Иймд, П.Болормааг өөрийн биеэр дуудан тайлбар авч, үнэнийг тогтоож өгнө үү” гэжээ.

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 38.3, 38.4 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 136 дугаар захирамжийн,  Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/25 дугаар захирамжийн А.Мөнхтуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “П.Болормаа нь өөрийн эзэмшлийн газрыг А.Мөнхтуяад үндэслэлгүйгээр шилжүүлж эзэмшүүлсэн, өмчлүүлсэн Засаг даргын захирамжуудыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж буюу П.Болормаад анх газар эзэмшүүлсэн захирамжийг хэрэгт нотлох баримтаар аваагүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж заасан. Хэрэгт П.Болормаагийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авагдсан бөгөөд үүгээр түүний газар эзэмших эрх нотлогдож байхад үүнийг давж заалдах шатны шүүх үнэлэлгүйгээр заавал 1996 оны захирамжийг хэрэгт авахыг шаардаж байгаа нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Магадлалд “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газрыг анх эзэмших эрх хэнд үүссэн талаар маргасан” гэж дурдсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.  Гуравдагч этгээдийн “П.Болормаа надтай хамт явж газар эзэмших эрхээ шилжүүлсэн” гэсэн тайлбар нь П.Болормаагийн гарын үсгийг шинжилсэн шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байхад давж заалдах шатны шүүх үүнийг дахин нотлуулахыг шаардсан нь үндэслэлгүй. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдэлд байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх төрийн өмчийн хөрөнгийг 2001 онд хууль бусаар эзэмшиж, А.Мөнхтуяад худалдсан гэх н.Отгонбаярыг гэрчээр байцаалгах шалтгаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь ЗХХШтХ-ийн 88.1.4-т заасантай нийцэхгүй байна. Учир нь, тухайн газрыг н.Отгонбаяр, А.Мөнхтуяа нарт тухайн газрыг анхнаасаа эзэмшүүлж, өмчлүүлсэн зүйл байдаггүй, харин П.Болормаад анх эзэмших эрх үүссэн байдаг бөгөөд энэ талаар нотолсон газар эзэмших эрхийн гэрчилгээ байхад үүнийг үнэлэхгүй байгаа үндэслэлээ мөн давж заалдах шатны шүүх тайлбарлаагүй орхигдуулсан юм. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримттай холбоогүй, өмгөөллийн гэрээнд гарын үсэг зурсан хэвтэй шинжлэн П.Болормаагийн нөхөр Мөнхдаваа зурсан гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангахаас татгалзсан хүсэлтийн талаарх захирамж зэрэг асуудлыг шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэх үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т нийцэхгүй. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүх “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201700514 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг тус сумын Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрыг хууль бусаар иргэн А.Мөнхтуяад  шилжүүлэн эзэмшүүлж, өмчлүүлсний улмаас газар эзэмших эрх зөрчигдсөн” гэсэн П.Болормаагийн нэхэмжлэлийн үндэслэл, “маргаан бүхий газрыг анх 1999 онд Н.Отгонбаяраас өрөнд тооцон авсан бөгөөд өөрийн дүү А.Мөнхдавааг хашаандаа түр буулгахад түүний эхнэр П.Болормаа газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулсан байсныг бид хамт очиж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан” гэсэн гуравдагч этгээд А.Мөнхтуяагийн тайлбарыг нягтлан шалгаж, тухайн газрыг эзэмших эрх анх хэнд үүссэн, П.Болормаагийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхийг шалган тогтоогоогүй, тухайн үйл баримттай хамааралтай нотлох баримт цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

Учир нь, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль бус байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байхыг шаардана.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн байдал тогтоогдоогүй байхад шүүх Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамж, тус аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дүгээр захирамжийн А.Мөнхтуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасантай нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4, 88.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                        Х.БАТСҮРЭН