Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 27

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Иргэн Зургаадай овогт Зоригоогийн Даваабаярын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирт холбогдох,

         Гуравдагч этгээд: Иргэн Э.Нямбаатар,

      “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “З.Даваабаярт тэтгэлэг олгох тухай” Б/73 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Баруунтуруун сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Даваабаяр, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

         Нэхэмжлэгч З.Даваабаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2014 оны 03 сарын 10-ны өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд орж Баруунтуруун сумын халамжийн байцаагчаар томилогдон ажилсан. Үүнээс өмнө Давст суманд мөн халамжийн байцаагчаар түр тушаалтай ажиллаж байсан. 2014 оны 11 дугаар сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Томилогдон ажилласан цагаас эхлэн миний бие эрхэлсэн ажлын хүрээнд болон төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ жил бүр 83-аас дээш хувиар үнэлүүлж байсан. Гэтэл 2016 оны 11 дугаар сарын 03-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/73 дугаартай тушаалыг цахим шуудангаар авсан. Үүнээс хойш 5 хоноод 2016 оны 11 сарын 08-нд Б.Бат-Очир /дотоод ажилтан/, Э.Ганзориг нар ирж миний ажил хүлээн авах гэхэд сумын иргэд болон удирдлага дургүйцсэн тул Б.Бат-Очир тэмдэглэл хөтлөөд явсан, гэтэл Улаангомоос миний ажлын программ хангамжийг хааж намайг ажил хийх боломжгүй болгосон тул 2016 оны 11 дүгээр сарын 14-нд ажлаа Э.Нямбаатарт хүлээлгэн өгсөн. Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 28-нд өргөдөл гаргаж, 2017 оны 01 сарын 27-д хариуг авсан. Төрийн албаны салбар зөвлөлөөс намайг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар чөлөөлсөн. Таны урьд эрхэлж байсан Халамжийн хэлтсийн нийгмийн ажилтны ажлын байрны чиг үүрэг Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг хэвээр хадгалагдаагүй байна гэсэн хариу ирсэн. Намайг ажлаас чөлөөлсөн гээд байгаа Б/28 тоот тушаал нь надад ирээгүй. Гэтэл миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ба урьд нь сахилгын шийтгэл хүлээж, ажлаас халагдсан надтай хамт нэг сургууль төссөн ижил мэргэжил, боловсрол бүхий хүн одоо ажиллаж байна. Миний бие ажлаас чөлөөлөгдөхдөө есөн сартай нялх хүүхэдтэй байсан. Төрийн жинхэнэ алба хаагчийн баталгаагаар хангагдсан, дээр нь ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байхад дур мэдэн ажлаас чөлөөлж намайг хохироож байгаад туйлын гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийг батлан гаргахдаа албан тушаалтан, захиргааны байгууллагаас иргэдийн эрх ашгийг хөндсөн шийдвэрийг дур мэдэн гаргахыг хязгаарласан гэж би боддог. Гэтэл намайг ажлаас чөлөөлөхдөө сонсох ажиллагаа хийгээгүй, ажлаас чөлөөлсөн тушаалаа танилцуулаагүй болно. Хэдийгээр байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн зүгээс ард иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн бодлого хэвээр байгаа. Энэ ажлыг эрхлэн хийх албан тушаалтны ажлын байр хэвээр байгаа тул намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг  хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч З.Даваабаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир намайг ажлын алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээгээгүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Би ажлаас чөлөөлөгдөх үедээ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очирт есөн сартай нярай хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан. З.Даваабаярыг ажлаас чөлөөлсөн захиргааны акт гараагүй байхад тэтгэмж олгох тухай тушаал гаргасан илт хууль бус юм. З.Даваабаярыг өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс З.Даваабаярыг Нийгмийн халамжийн хэлтсийн даргын тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна гэдэг албан бичгийг ирүүлсэн. Энэ тушаал нь З.Даваабаярыг ажлаас чөлөөлсөн биш, Нийгмийн халамжийн хэлтэс татан буугдахад ажилчдаа цалингийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байгаа. З.Даваабаярын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөв гэж бичилт хийж өгсөн. Уг тушаалын нэрнээс нь харахад ажлаас халагдсаны дараах харилцааг зохицуулж байгаа боловч хөдөлмөрийн харилцааг зогсоож, төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж, халж байгаа үйл ажиллагааг зохицуулсан тушаал биш гэв.

      Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан ба “З.Даваабаярт тэтгэлэг олгох тухай” Б/73 дугаар тушаалын утга агуулга нь тодорхой, баталсан байгууллага нь тодорхой, өөрийн чиг үүрэгт хамаарсан асуудлаар холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрсөн, үүрэг болгосон, гүйцэтгэх эзэн нь тодорхой хууль зүйн үндэслэлтэй эрх зүйн акт болно. Энэ актаар хууль бус үйлдэл, эс үйлдэхœйг гүйцэтгэхийг шаардсан, хэн нэгэн этгээдийн хууль ёсын ашиг сонирхолд халдах зэрэг хуульд заасан үндэслэл байхгүй болно. Мөн хуулийн 47.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байна. Гэтэл З.Даваабаяр нь энэ актыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг 1529844 төгрөг хүлээн авсан нь тухайн актын үйлчлэлийг хүлээн зөвшөөрч буй үйлдэл юм. З.Даваабаяр нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Баруунтуруун сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд зөвхөн халамжийн асуудал хариуцан ажиллаж байсан. Тус хэлтэс татан буугдаж Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдсан. Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор сум хариуцсан мэргэжилтний ажлын байрны нэр, зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардпага өөрчлөгдсөн. Иймд төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.Нямбаатарыг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа гэдэг утгаар уг ажлын байранд шалгаруулж авсан. Э.Нямбаатар нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байх үед 2008-2013 онуудад Баруунтуруун сум хариуцсан мэргэжилтнээр 5 жил ажилласан хөдөлмөрийн болон халамжийн асуудлаа аль альныг нь сайн мэдэх ажлын дадлага туршлага, ур чадвар зэргийг нь харгалзан үзэж ажилд томилсон гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Даваабаярт тэтгэмж олгосон захиргааны  акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлтэй байсан. Яагаад гэвэл нэхэмжлэгч тэтгэмжээ авсан учраас эрх зүйн үйлчлэлтэй акт байгаа. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Захиргааны актаар тэтгэмж олгосныг зориулалт бусаар ашиглаагүй тохиолдолд уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг нь зогсоож, дараагийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг зохицуулахын тулд шинээр үүсгэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүх ажилтныг цалингийн сангийн хамт шилжүүлсэн. Тэгээд эдгээр хүмүүст ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохоор бид нар зохицуулалт хийж мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгсний дараа холбогдох яам, газруудад нийт ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлүүлж төрийн захиргааны ажилтнуудад гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон.

        Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс татан буугдсан учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг нутгийн захиргааны байгууллага болж байгуулагдсан. Татан буугдсан хоёр хэлтэс нэгдэж 85 орон тоотой байснаас 52 ажлын орон тоотой байгуулагдсан. Урьд нь халамжийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан сумуудад ажиллаж байсан. Тус ажлын байрны нэр хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн. Зөвхөн нэр  өөрчлөгдөөгүй, ажлын байрны зорилго зорилт, чиг үүргүүдэд өөрчлөлт орсон учраас шинэ ажлын байр гэж үзэж байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байх үед 5 жил ажилласан туршлагатай Э.Нямбаатар гэдэг мэргэжилтнийг авч ажиллуулсан. Э.Нямбаатрыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа нь зогсож, тамга тэмдэг нь хураагдаж, хаалтын бланс гарсан нь тус хэлтэс татан буугдсан гэсэн үг юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ажлаас чөлөөлөх тухай тушаал гараагүй гэж хэлсэн. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдаад бүх ажилтныг ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд цалингийн сан байсан учраас 2016 оны 11 дүгээр сарыг хүртэл бүх ажилтнуудад цалин өгсөн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүх хүмүүст мэдэгдэл өгөөд ажлын байрны шаардлагыг хэн илүү хангаж ажиллаж байгааг нь сонгон авч томилсон. Томилогдоогүй үлдсэн хүмүүст гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг нь өгсөн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинээр батлагдсан бүтцээр 52 орон тоотой байхаар батлагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэв.

        Гуравдагч этгээд Э.Нямбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн З.Даваабаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/88 дугаар тушаалаар Баруунтуруун сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Би 2006 онд Тэнгэр дээд сургуулийг Нийгмийн ажилтны мэргэжлээр төгссөн. Энэ ажлыг аваад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирж ажлын байрны тодорхойлолт гаргуулан авсан ба ажлын холбогдолтой хууль дүрэм заавар тушаал, шийдвэр зааварчлагыг авч сургалтанд хамрагдсан. Би 2016 оны 11 дүгээр сараас хойш ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. Миний ажил болон надтай холбоотой иргэдээс гарсан ямар нэгэн санал гомдол байхгүй болно. Миний бие өмнө нь Баруунтуруун сумын халамжийн байцаагчаар ажиллаж байсан. 2012 онд халамжийн байцаагчийн ажлаас чөлөөлөгдөж Х.Алтангэрэлд ажлаа хүлээлгэж өгч байсан. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Иргэн З.Даваабаяр шүүхэд хандан “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “З.Даваабаярт тэтгэлэг олгох тухай” Б/73 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Баруунтуруун сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлгүй маргаан бүхий асуудлаараа Төрийн албаны зөвлөлийн тус амйаг дахь салбар зөвлөлд хандан гомдол гаргаж хариуг авснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр бүрдүүлбэр, агуулгыг хангасан байсан тул шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

         Нэхэмжлэгч нь захиргааны актыг илт хууль бус гэж акт хэмээн тодорхойлж, үүний үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байхад тэтгэлэг олгосон өөрөөр хэлбэл, өөрийнх нь харъяалагдаж байсан хэлтэс өөр хэлтэстэй нэгдэж өөрчлөн зохион байгуулагдах үед хуучин хэлтсээс чөлөөлж, шинээр байгуулагдсан газрын мэдэлд цалингийн сангийн хамт шилжүүлсэн тушаалыг ажлаас чөлөөлсөн тушаал гэж үзэж байгаа нь илт хууль бус акт болохыг түүнчлэн тухайн ажлын байранд алдаа дутагдал гаргаагүй, жил бүр үр дүнгийн гэрээгээ 83%-иас дээш дүгнүүлж ирсэн, намайг ажлаас чөлөөлөхөд есөн сартай нялх хүүхэдтэй байсан, ажлын байрны тодорхойлолт ёсоор хэрэгжүүлэх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад захиргаа дур мэдэн шийдвэр гаргасан гэж маргааны зүйлээ тодорхойлж байна.

        Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д зааснаар “З.Даваабаярт тэтгэлэг олгох тухай” Б/73 дугаар тушаалын утга агуулга нь тодорхой, баталсан байгууллага нь тодорхой, өөрийн чиг үүрэгт хамаарсан асуудлаар холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрсөн, үүрэг болгосон, гүйцэтгэх эзэн нь тодорхой хууль зүйн үндэслэлтэй эрх зүйн акт, уг актаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, хэн нэгэн этгээдийн хууль ёсын ашиг сонирхолд халдах зэрэг хуульд заасан үндэслэл байхгүй буюу захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэж, нөгөө талаас маргаан бүхий ажлын байрны нэр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдөснөөс гадна ажлын байрны зорилго зорилт, чиг үүргүүдэд болон тавигдах шаардлагад өөрчлөлт орсон учраас шинэ ажлын байр юм. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар тухайн ажлын байранд сонгон томилох эрхийнхээ хүрээнд хамгийн илүү шаардлага хангаж байгаа Э.Нямбаатарыг сонгон шалгаруулж авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

      Захиргааны актын нэр нь “тэтгэлэг олгох тухай” гэж буй авч ажилтан /нэхэмжлэгч/ З.Даваабаярын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Захиргааны байгууллага захиргааны актыг[1] гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн Газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 319 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтын 3.2, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 9 сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэжээ.

       Увс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хэмээн хоёр хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байсныг 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газраас 2016 оны 7 сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолоор[2] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтэц орон тооны дээд хязгаарыг баталж, мөн өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын[3] нэгдүгээр хавсралтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хэрэгжүүлэгч агентлагаар ажиллахаар тогтоож, мөн Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолын[4] 4-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хэрэгжүүлэгч агентлаг байхаар зааж шийдвэрлэснээр уг хоёр хэлтсийг санхүү төсөв, бүтэц, орон тоо, эд хөрөнгийн хувьд гэхчлэнгээр нэгтгэн тэдгээр байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан ба улмаар эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын[5] хавсралтаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталж, ингэхдээ сум хариуцсан мэргэжилтэн-25 байхаар тусгаж хэрэгжүүлжээ.

       Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан бөгөөд хуулийн энэ хэсэгт заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэдгийг Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д: “... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” хэмээн тайлбарласан байна. Тэгэхээр маргаан бүхий ажлын байр нь нэхэмжлэгчийн урьд хийж гүйцэтгэж байсан нийгмийн халамжийн асуудал дээр нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал нэмэгдэж, ажлын байрны нэр өөрчлөгдөж, ажлын байрны зорилтыг хэрэгжүүлэх үүднээс чиг үүрэг нь нэмэгдэн өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар[6] тогтоогдож байна.

       Хариуцагч захиргааны байгууллага хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг хөндөж, төрийн жинхэнэ албыг нөхөх, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж буй иргэнийг сонгон авахдаа хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй буруутай, түүнчлэн нэхэмжлэгчийн хашиж буй албан тушаал буюу орон тоо бүрмөсөн хасагдаагүй байхад төрийн жинхэнэ албанаас чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-ийг захиргааны актын нэг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

      Нөгөөтээгүүр хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй, түүнчлэн илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Гэтэл уг актын дагуу нэхэмжлэгч нь 1529844 төгрөгийн тэтгэлэг авсан, чөлөөлөгдсөн байсан учраас тэтгэлэг олгох, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг нь үүсгэсэн, боломж олгосон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан акт гэж тайлбарлаж байна. Зүй нь Төрийн албаны тухай 27 зүйлийн 27.2.4-д: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдаж нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан зэрэг шалтгаанууд байсан бол захиргаанд тэтгэлэг олгох сонголт хийх боломж байжээ. Гэтэл захиргааны байгууллагад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-ийг хэрэглэж шийдвэр гаргах нөхцөл байдал тогтоогдохгүй байхад буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-аар зохицуулагдсан харилцаа үйлчлэхгүй буюу уг заалтыг хэрэглэх боломжгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ болгон авч хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны заалт болох 27.2.4-ийг шууд үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй хууль бус байна.

       Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн байсан тул түүний үр дагаврыг шийдвэрлэж тэтгэлэг олгож байгаа  захиргааны акт гэж хариуцагч үзэж буй нь өөрөө илт хууль бус актын шинжийг агуулсан тодруулбал, захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалтууд нь өөр хоорондоо зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн бус чөлөөлсөн байсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж, тэтгэлэг олгож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч уг актын үндэслэл болгосон хуулийн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг шууд зогсоосон, түүний төрийн жинхэнэ албаны нөөцөд байх эрхийг хязгаарласан утга агуулгын алдаатай захиргааны илт хууль бус акт байна гэж шүүх дүгнэлээ.

         Шүүх төрийн жинхэнэ албан хаагч[7]-нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад маргаан бүхий ажлын байрыг шинэ ажлын байр гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хөндсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн хөндсөн байна гэж үзлээ.

         Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын байрны торхойлолтод заагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байгааг үл анхаарч, хуулийг буруу тайлбарлан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон хасагдсан гэсэнтэй адилтган нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь буруу гэж шүүх дүгнэснээр Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн “З.Даваабаярт тэтгэлэг олгох тухай” Б/73 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил болох Баруунтуруун сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.    

          Захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хариуцагчаас мэдэгдлийг албан ёсоор өгч, тэр хугацааны цалинг олгосон гэж байгаа боловч захиргааны актыг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож баримт цуглуулаагүйг тэмдэглэж, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар үндэслэлтэй өөрөөр хэлбэл, захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 40 дүгээр зүйлийг тус тус үл хангаж гарсныг дурдах нь зүйтэй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар[8] маргаан бүхий ажлын байр болох Баруунтуруун сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон одоо ажиллаж байгаа Э.Нямбаатарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх хүлээн авч, түүний шүүхэд урьд нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

       Шүүх маргаантай асуудалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дээр дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

       Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага боглон ТОГТООХ нь.

       1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан иргэн З.Даваабаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн “З.Даваабаярт тэтгэлэг олгох тухай” Б/73 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч З.Даваабаярыг урьд эрхэлж байсан ажилд нь буюу Баруунтуруун сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн ХХҮГ-ын санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Даваабаярт буцаан олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН