Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1372

 

 Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03802 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч МУХЯанд холбогдох,

 

2015 оны 8 сарын 10-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн  яамны сайдын үүрэг гүйцэтгэгч ХХХХХ нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн захирал Хыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн яамны сайд нь Хтай хөдөлмөрийн гэрээг байгуулан, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалaар Хөдөлмөр Эрүүл Мэнд Судлалын төвийн захирлаар томилсон. Ажиллах хугацаандаа сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй, үр дүнгийн гэрээгээ 90.1 хувь буюу А үнэлгээтэй дүгнүүлж ирсэн.

Хөдөлмөрийн харилцаа нь ажилтан ажил олгогч нарын хоорондын тохиролцоонд тулгуурлан хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж байдаг. Гэтэл тухайн албан тушаалд ажиллаж байсан ХХХХХХ нь өөрийн эрх ашиг зөрчсөн талаар гомдол гаргаагүй байхад тухайн хүний эрхийг зөрчсөн гэж ажил олгогчийн зүгээс үзэж Хөдөлмөрийн яамны сайдтай байгуулсан Хын хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хыг хөдөө томилолтоор ажиллаж байх хугацаанд намын гишүүнчлэлээр нь ялгаварлан гадуурхаж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч ХХХХХ нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаартай тушаал гаргасан байна.

Иймд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг үүрэг болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хын нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн яаманд холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 тоот тушаалаар Хөдөлмөр эрүүл мэнд, судлалын төвийн захирал Хыг тус төвийн захирлаар томилсон Б/04 тоот тушаалыг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй.

Учир нь, Хаас өмнө ажиллаж байсан захирал нь мэргэжлийн хувьд тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч нь үүнийг нягталж үзээд, мэргэжлийн хувьд тавигдах шаардлагыг хангаагүй гэдгийг нь тогтоолгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байсан тул эгүүлэн ажилд нь томилох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн нэхэмжлэгч 69.1-д заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 тоот тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Хыг Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11 585 547 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Хөдөлмөрийн яаманд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 200 319 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, шүүх хуралдаанд хариуцагч талаас хүсэлт гаргаж, хууль эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй гэрээ хийсэн, өмгөөлөгчид ар гэрийн гачигдал гарсан тул өмгөөлөгчтэй хуралд оролцох хүсэлтээ илэрхийлж, тус шүүх хуралдааныг хуулийн дагуу хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан. Өмгөөлөгчийн хүсэлтийг танилцуулсан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд өмгөөлөгчийг эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр оролцуулах зохицуулалт байгаа. Энэ заалтын дагуу хариуцагч талаас хүсэлтээ гаргаснаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хүсэлт болон гэрээгээ гаргаж өгсөн боловч шүүх өмгөөлөгчийн болон хариуцагч талын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцэх боломжийг хязгаарлаж, нэхэмжлэгч талд давуу эрхээр үйлчилсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч оролцсон байгаа. Шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч Хөдөлмөрийн яаманд холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй, тухайн албан тушаалд ажиллаж байсан ХХХХХХ нь гомдол гаргаагүй байхад түүний эрхийг зөрчсөн гэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус тул хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэнэ гэжээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзалдаа нэхэмжлэгч Хаас өмнө тухайн албан тушаалд буюу Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн захирлаар ажиллаж байсан ХХХХХХг мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй болохыг тогтоолгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус байсан тул ажилд нь эгүүлэн томилсонтой холбоотойгоор Хыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчихгүй гэжээ.

            Нэхэмжлэгч Х нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан, ажиллах хугацааны буюу  2015 оны эхний хагас жилийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт нь “91” буюу “А” үнэлгээтэй байсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-84, 21/

            Хариуцагч Хөдөлмөрийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар Хыг ажилд томилсон 2015 оны Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн захирлын албан тушаалд ХХХХХХг томилжээ.

Уг тушаалаар өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон гэх ХХХХХХгаас 2015 оны 2 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөө эс зөвшөөрч марган, ажил олгогчид болон шүүхэд гомдол, нэхэмэжлэл гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Хыг ажил албан тушаалаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөх үндэслэл үүссэн талаар хариуцагчаас тайлбар, нотлох баримт гаргаагүй байна. 

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Хаас  Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар тушаалын улмаас хөдөлмөрлөх эрхээ хууль бусаар хязгаарлагдсан гэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр  шүүхэд хандсаныг хариуцагч няцаагаагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            Иймд ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хэргийн баримтыг үндэслэн зохих журмын дагуу тооцож 11 585 547 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

            2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ хүрэлцэн ирж, өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасан боловч түүний өмгөөлөгч ХХХХХХХХээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хариуцагч талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй. Шүүх Хын нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгаж, 2016 оны 4 дүгээр сарын 13, мөн 4 дүгээр сарын 22-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр 2 удаа хойшлуулсан, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрхээ эдлэх боломжит хугацааг хангалттай олгосон байх бөгөөд эрхийг нь шүүхээс хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх талуудын мэтгэлцэх боломжийг хязгаарлаж, нэхэмжлэгч талд давуу эрх олгосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ