Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 223

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би Жи Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мөнх-Эрдэнэ холбогдох ярианы төлбөр алданги 69,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 817579 тоот гэрээ байгуулан 98061125 дараа дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2014 оны 4, 5,6,7,11 дүгээр саруудын ярианы төлбөр болох 96.226 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч М.Мөнх-Эрдэнээс төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн ярианы төлбөр 96,226 төгрөгөөс 50,000 төгрөгийн барьцааг хасч, гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т заасны дагуу 703 хоногийн алданги 23,113 төгрөг, нийт 69,339 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд М.Мөнх-Эрдэнээс ярианы төлбөр болон алданги нийт 69,339 /Жаран есөн мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, компанийн хохиролгүй болгож өгнө үү.гэжээ

Хариуцагч М.Мөнх-Эрдэнэ шүүхэд нэхэмжлэгч Жи Мобайл ХХК –ний нэхэмжилсэн 69,339 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаарх төлбөр тушаасан баримтыг шүүхэд  ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нь  нэхэмжлэгч Жи мобайл ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж 98061125 дугаарыг эзэмшсэн байх бөгөөд тэрээр ярианы төлбөр, алданги болох 69,339 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 69,339 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мөнх-Эрдэнэд холбогдох ярианы төлбөр, алданги 69,339 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нь 69,339 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4, 550 төгрөгийн 50 хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Мөнх-Эрдэнээс 4,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.    

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД