| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0012/э |
| Дугаар | 0040 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дад холбогдох эрүүгийн 1825008290526 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Цахар овгийн М.Д, Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, аав, дүү нарын хамт амьдардаг, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ-гийн 4-396 тоот Н.Оюунтөгсийн монгол гэрт нэвтэрч 42 инчийн ЛСД зурагт хулгайлан 450000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ-гийн 3-12 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэтуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт хулгайлан 260 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ-гийн 2-08 тоот М.Эрдэнэ-Очирын байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт хулгайлан 260 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18-р хуудас/,
2. Хохирогч Н.Оюунтөгсийн ...“2018 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа яваад орой 18 цагийн үед гэртээ харихад манайд хулгай ороод 42 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эд зүйлээ олж авмаар байна, эсвэл хохирлоо гаргуулж авмаар байна”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
3.“Бан хас” ХХК-ний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/э-0333 дугаартай ...“42 инчийн Hair брэндийн LCD зурагт 450000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 21-25-р хуудас/
4. Гэрч Р.Дамдиндоржийн ...“Би 86013195 дугаарын утастай 20 гаран насны эрэгтэй хүүхдийг танина, гэхдээ нэрийг нь бол хэлж мэдэхгүй байна. Уг залуу 2018 оны 11 сарын 30-ны өдөр миний 99744564 дугаарын утас руу залгаад таксинд явах уу гэж хэлэн хоёр удаа үйлчлүүлсэн. 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 13 цагийн үед байх уг хүүхэд утсаар залгаад таксигаар үйлчлүүлэх хэрэгтэй байна. ПДУ-д хүрээд ир гэхээр нь яваад очтол өөдөөс зам тосож суугаад гэрээсээ бололтой зурагт тэвэрчихсэн гарч ирээд Мэнд-Амар худалдааны төвийн гадаа буугаад дотогш орж хэсэг байж байснаа над руу утсаар залгаад та 5-1 дүгээр байр, Мэнд-Амар худалдааны төвийн дундуур ороод ир гэхээр нь яваад очтол машинаас зурагтаа аваад буусан. Тэгээд тухайн өдрөө 2-3 цагийн дараа дахин над руу залгаж ПДУ-ээс Төгөл худалдааны төвийн урд хүргүүлээд буусан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/
5. Гэрч А.Цэрэнпунцагийн ...“Энэ залуу 2018 оны 11 сарын 30-ны өдөр намайг ажил дээрээ сууж байхад 42 инчийн Hair маркийн зурагтыг 200 000 төгрөгөөр тавиад явсан. Тэр өдрөө буюу оройхон хүрч ирээд 30000 төгрөг нэмж аваад явсан юм. 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 97-р хуудас/
6. Эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 104-р хуудас/
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 40-43-р хуудас/
8. Хохирогч М.Эрдэнэтуяагийн ...“2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагийн үед өөрийн төрсөн дүү Түвшинцэцэгийг гэрт ороод гал түлээд өгөөч, эгч одоо очлоо гэж хэлсэн чинь манай дүү манай гэрт очоод эгчээ танай гэрт хулгай орсон байна гэхээр нь яваад очиход манай гэрээс 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/
9. “Бан хас ХХК”-ний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/Э-0332 дугаартай дүгнэлтийн “32 инчийн LCD зурагт 260000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 44-48-р хуудас/
10. Гэрч М.Түвшинцэцэгийн ...“2018 оны 11 сарын 29-ний өдөр ээжийнхээ гэрт байж байтал 13 цагийн үед манай эгч Эрдэнэтуяа миний гар утас руу залгаад манай гэрт ороод зурагтны доод талын шуүгээнээс ахынхаа эрүүл мэндийн дэвтэрийг аваад над дээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд би ээжээс эгчийн гэрийн түлхүүрийг аваад онгойлгож ороод эгчийн хэлсэн шүүгээнээс ахын эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг аваад гарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 сарын 30-ны өдөр 13 цагийн үед эгч маань залгаад гэрт очоод гал түлчих гэж хэлсэн. Тэгээд би эгчийнд очоод гал түлэх гэсэн чинь хулгайч орсон, цонх нь онгорхой байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-р хуудас/
11. Эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 109-р хуудас/
12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 72-75-р хуудас/
13. Хохирогч М.Эрдэнэ-Очирын ..."2018 оны 09 сараас эхлэн би гэр бүлийн хүмүүсийн хамт Улаанбаатар хот руу явсан. Энэ үед манай хадмууд гэр орон эргэж тойроод байж байдаг юм. 2018 оны 11 сарын 30-ны өдөр манайд хулгайч орж 32 инчийн зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан юм. Манай гэрт хулгай орсныг манай хадам ээж Хишигбямба мэдсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 93-р хуудас/
14. “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/Э-0331 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 76-80-р хуудас/
15.Гэрч Д.Хишигбямбын ...“Манай хүргэн Эрдэнэ-Очирын гэр нь Баянцагаан баг ПДУ-ийн 2-08 тоотод байдаг. Хүргэнийх гэр бүлээрээ Улаанабаатар хотод амьдарч байгаа юм. Намайг гэрээ харж бай гэсэн юм. Би хүргэний гэрт 2018 оны 11 сарын 26-ны өдөр очиж үзэхэд гэрийн хаалга, цонх нь бүрэн бүтэн байсан. Би гал түлчихээд явсан. 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүргэний гэрт очтол үүдний жижиг цонхыг сугалж аваад гэрт нь хулгайч ороод 32 инчийн зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг нь алдагдсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 71-р хуудас/
16. Гэрч Ж.Эрдэнэсүрэнгийн ...“Энэ залуу 2018 оны 11 сарын 26-ны өдөр намайг ажил дээрээ сууж байхад 32 инчийн Sharp маркийн зурагтыг 60000 төгрөгөөр тавиад явсан юм. Маргааш нь буюу 27-ны өглөө хүрч ирээд ахаа 40000 төгрөг нэмчих гэж хэлсэн. Үдээс хойш нь 50000 төгрөг нэмж авахаар нь дахиж нэмэхгүй шүү гэж хэлээд явуулсан. Тэгээд би тухайн залуугаас энэ ямар учиртай зурагт вэ, яагаад ойр ойрхон мөнгө нэмж аваад байна вэ гэхэд миний өөрийн зурагт байгаа юм, одоо удахгүй мөнгө орж ирэх гээд байна гэсэн. Тэгээд 2018 оны 11 сарын 28-ны өдөр манай дүү Түмэннасанг ажил дээр сууж байтал Даваажамц нь хүрч ирээд бас 32 инчийн зурагт 150000 төгрөгөөр тавиад явсан байсан. Би үүнийг сүүлд мэдсэн. Бас манай дүүгээс 30000 төгрөг нэмж авсан байсан. Тэгээд 2018 оны 11 сарын 30-ны үед манай дүү миний гар утас руу залгаад нөгөө залуу чинь дахиад зурагт тавъя гээд гуйгаад байна гэхээр нь авч болохгүй гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 94-р хуудас/
17. Эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 109-р хуудас/
18. Шүүгдэгч М.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 11 сарын 26-ны өдөр 16 цагийн үед өөрийн гэр буюу ПДҮ-ийн 4-47 тоотод байж байгаад гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад явж байгаад мөнгө олмоор санагдаад байсан. Тэгэхээр нь хойд эцэг Мөнхболдын төрсөн эгч Эрдэнэ-Очирын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч ороод 32 инчийн зурагтыг нь аваад Мэнд-Амар худалдааны төвийн ломбарданд эхлээд 60 000 төгрөгөнд, дараа нь 40000 төгрөг, дараа нь 50000 төгрөг нэмж авсан юм. Нийт 150000 төгрөг барьцаанд авсан юм. Хулгай хийсэн нь миний буруу. 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад явж байтал манай гэрийн хойно байдаг гэртэй айл эзэнгүй, гаднаас нь харахад цоожтой байхаар нь хашааг нь давж ороод хашааных нь хаалгыг онгойлгоод гэр рүү нь дөхөж очиход гэрийнх нь түлхүүр бүслүүрт нь байхаар нь цоожийг нь онгойлгоод гэр рүү яваад орход хойморт 42 инчийн хар өнгийн зурагт нь аваад гарсан юм. Хаалгыг нь эргүүлээд цоожлоод түлхүүрийг нь байранд нь тавьсан Тэгээд зурагтыг нь тэвэрч явж байгаад өөрийн эзэмшлийн 86013295 дугаарын утаснаас такси гэж хадгалсан 99744564 гэсэн дугаар руу залгаад такси мөн үү? Та намайг Баянцагаан багийн ПДҮ-ээс ирээд авчих гэж хэлээд өөрийнхөө байгаа газрыг зааж өгсөн юм. Тэгээд 5-1 дүгээр буюу Мэнд-амар худалдааны төвийн зүүн талын Төрийн банкгай ломбарданд очоод 200000 төгрөгний барьцаанд тавьсан юм. Дараа нь 30000 төгрөг нэмж авсан юм. Тэгээд таксины жолооч ахад 4000 төгрөг өгөөд явуулсан. Таксины жолооч ахыг явуулаад бараан зах ороод 25000 төгрөгөөр өмд, 70000 төгрөгөөр гутал, оймс, дотуур өмд зэрэг эд зүйл авсан. Бас хоол унд авч идээд мөнгийг дуусгасан юм. Мөнгийг үрэхдээ ганцаараа үрсэн. Тэгээд шууд гэртээ хариад хувцас хунараа солиод гэрээсээ гараад город орох гэсэн чинь такси зогсохгүй байсан юм. Тэгэхээр нь нөгөө ахыг утсаар нь дуудаад Төгөл дээр хүргүүлсэн. Маргааш өдөр нь Согоот багийн Аялгуу баарны урд явган алхаж яваад цагдаад баригдсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 67-68-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг болно.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч нар “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүгдэгч М.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нарын мөнгийг төлнө” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөхөө илэрхийлж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Оюунтөгс, М.Эрдэнэтуяа, М.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг, гэрч Р.Дамдиндорж, А.Цэрэнпунцаг, М.Түвшинцэцэг, Д.Хишигбямба, Ж.Эрдэнэсүрэн нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Бан хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн ПДУ-гийн 4-396 тоот Н.Оюунтөгсийн монгол гэрт нэвтэрч 42 инчийн ЛСД зурагт хулгайлан 450000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ-гийн 3-12 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэтуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт хулгайлан 260000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн ПДУ-ийн 2-08 тоот М.Эрдэнэ-Очирын байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт хулгайлан 260000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Дын үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.
Гэми хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол нь эд зүйлээ хүлээн авснаар арилсан байна. Эд зүйлсийг барьцаалан зээл олгосон иргэд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд тэдний нэхэмжлэлийн шаардлага үндэстэй байх тул шүүгдэгч М.Даас нийт 560000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Цэрэнпунцагт 230 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэсүрэнд 330 000 төгрөг олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Даас 560000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 8б-04 тоотод оршин суух Аюурзаны Цэрэнпунцаг РД:ФА77081101, Утас:99353231/-т 230000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрдэнэсүрэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 38-07 тоотод оршин суух Жамъяанжавын Эрдэнэсүрэн /РД:ИЦ75022713, Утас:99369325/-д 330000 төгрөг тус тус олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС