Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 150/2023/00148/И |
Дугаар | 208/МА2024/00012 |
Огноо | 2024-03-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 208/МА2024/00012
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 751 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөг, гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол 26,700,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1. ...Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөг, гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол 26,700,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* би *******тэй 2023 оны 5-р сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан Бенз GLA250 маркийн машиныг 100,000,000 төгрөгт тооцож 35 тонн арматур авахаар гэрээ байгуулан ******* нь 6-р сарын 10 өдөр гэхэд төмрийг бүрэн ачуулсан байхаар гэрээ байгуулсан. Гэтэл ******* нь надад 11 тонн төмрийг 2,700,000 төгрөгөөр бодож 1 удаа явуулсан бөгөөд дансаар 15000000, 5000000 төгрөгийг явуулсан. Энэ нь нийт 49,700,000 төгрөг болсон бөгөөд түүнээс хойш төмөр ч нийлүүлээгүй мөнгө ч өгөөгүй байна. Үүнээс үүдэн манай ажил зогсож бид маш их алдагдалд орсон. Иймээс *******ээс гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөг мөн гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол болох 26 700 000 төгрөг нийт 77,000,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
1. ... Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Миний бие ******* нь Сэлэнгэ аймаг, Хушаат сум 1 дүгээр баг задгай 3 тоотод оршин суух хаягтай. Хариуцагч ******* надаас 77,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би ийм төлбөрийг төлөх шаардлагагүй. Бэлэн 20,000,000 төгрөгийг ******* гэх хүнээр *******д дансаар өгсөн. Энэ хоёр хүн хүрч ирээд нэг машин тавиад арматур болон бэлэн мөнгө авсан. Энэ хоёр миний мөнгийг өгөөд машинаа авах биз. Машины эвдрэлийг би бүрэн засуулсан грашт байгаа. Хүн авъя гээд ч хүн авахгүй байгаа. Миний эрүүл мэндийн байдал муу тул мөнгө аваад машиныг шилжүүлэн өгөх боломжтой. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн баримтыг холбогдох мейл хаягаар явуулна гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 751 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 409,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
Давтан зөрчил гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасны дагуу Сэлэнгэ аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 14 өдрийн 751 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хууль зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн үйл баримтыг зөв үнэлж чадаагүй тухайд.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хуульчилсан байдаг.
Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид орох байсан орлого болох 26,700,000 төгрөгийг шаардсан гэтэл хохирол учирсан нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз( төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 14 өдрийн 751 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Хариуцагч нь гэрээнд заасан арматур биелүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан. Тухайлбал барилгаа хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бусдаас шаардагдах материал зээлээр авсны хүү, ажилчдын цалин хөлс гэх мэт байдлаар хохиросон тул Иргэний хуульд заасны дагуу хохирол гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү.
Мөн нэхэмжлэгч талаас хэргийн материалтай танилцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул гомдолтой байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хохтрол учирсан гэдэг боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байж хохирол нэхээд байгаа нь үндэслэлгүй юм гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 50.300.000 төгрөг, гэрээ хугацаанд биелүүлээгүй улмаас учирсан хохирол 26.700.000 төгрөг, нийт 77.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 50.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө харин хохирол 26.700.000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэг 50.300.000 төгрөгийг гаргуулж хохирол болох 26.700.000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байна.
4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй харин гэрээний үүрэг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах талаар маргасан байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн баримт ирүүлсэн байх ба хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөнөөс өөрт учирсан хохирлыг хэрхэн тооцсон талаар баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан боловч энэ нь баримтаар нотлогдсон байх ёстой.
Иргэний хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэхүү зарчим нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах түүнийгээ нотлох журмаар хэрэгждэг.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт талуудаас ирүүлсэн нотлох баримтыг нотолгооны шинж зориулалтаар мөн эрх зүйн талаас нь дүгнэж зохигчдын тэгш эрхийн зарчмыг хангаж хэргийг шийдвэрлэдэг.
Гэтэл нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь гэрээний үүрэг зөрчсөнөөс өөрт учирсан хохирол гаргуулах тухай шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүхээс түүний хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцуулаагүй нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлд Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн харьяалал зөрчсөн гэсэн хариуцагчийн гомдлын дагуу хариуцагчийн оршин суух газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэрэгийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Шүүх шилжиж ирсэн хэргийг хүлээн авч 2023 оны 11 сарын 30-ны өдөр шүүх хуралан товлох тухай захирамж гарган хэргийн оролцогчдод хурлын тов мэдэгдэж, 2023 оны 12 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар нь танилцсан тухай тэмдэглэл үйлдсэн байна.
Түүнээс хойш 2 удаа хэргийн зохигчдын хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон бөгөөд энэ хугацаанд хэргийн зохигчид болон оролцогчидоос хэрэгт шинээр ямар нэгэн баримт, хүсэлт ирүүлээгүй байх тул хэргийг 2023 оны 12 сарын 14-ны өдөр шүүх хуралдаанаар хэлцүүлсэн байна.
Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд зохигчдоос шинээр баримт хүсэлт ирүүлээгүй тул хэргийн материалтай дахин танилцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.
6. Иймд нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагийн заримыг хангаж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 751 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form