Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 0054

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Ө.Есүхэй    

            Улсын яллагч Б.Жавхлантуяа     

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

            Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 1825004220343 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б.М,

            .

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2018 оны 06 сарын 15-ны өдөр автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу. тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч Т.Анужингийн амь насыг хохироосон, О.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “тухайн өдөр цуг ажилладаг хүнтэйгээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Бүрэнбүстээс тэр хүний машиныг жолоодож Хабитатын орчим явж байгаад осолд орсон. Гэм буруугаа хүлээж, маш их харамсаж байна. Хохирогч нарын хохирлыг боломжоороо бүгдийг нь барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.  Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт... /хх-ийн 3-4-р хуудас/,

2. Драйгер үлээлгэсэн баримт /Б.М 2,0%/... /хх-ийн 7-9-р хуудас/

3. Хохирогч О.Хандсүрэнгийн... “манай ээж намайг хоол ид гэж дуудаад тэгээд би хадам ээж Пүрэвжаргалын гэр буюу урд Хабитатын 134 тоотоос 15 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд гудамжаар яваад зам хөндлөн гараад замын ертөнцийн зүгээр зүүн гар талд хүүхдээ баруун гар талдаа хөтлөөд зогсож байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд миний утас дуугараад байсан, миний хүүхэд олдохгүй байсан. Тэгээд тэр хавьд байгаа хүмүүст миний хүүхэд хаана байна олоод өгөөч гэж хэлж байсан. Тэгтэл машин доороос миний хүүхдийг олсон, тэгээд тэрнээс хойш хэсэг хугацаанд юу болсон талаар санахгүй байж байгаад ухаан санаа ороод харахад машины хамар нь онгойсон байсан. Тэгээд хоёр машин мөргөлдсөн байна гэж ойлгосон. Яах арга байхгүй охин Анужинг хөтлөөд замын зүүн талд гараад машин зогсоох санаатай гарсан байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд машины баруун талд ухаан орсон. Тэгээд охиноо хайж эхэлсэн. Тэгтэл миний охин машин доороос гарч ирсэн. Баруун, зүүн хоёр талын дал өвдөөд, тэгээд хүзүү хөшөөд, нурууны голоор өвдөөд байна. Бас зүүн талын гуя шилбэний хэсэгт хөхөрсөн, бас алхаад явахаар доош суух гээд өвдөөд байна, нурууны хэсэг тэр чигээрээ шалбархай байна. Голдуу биеийн зүүн талын хэсэг гэмтсэн байна. Миний хувьд рентген зураг авхуулах гэхэд жирэмсэн учир болохгүй гээд байна. Харин толгойн томографийн зураг авахуулж болно гэсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-29-р хуудас/

4. Хохирогч С.Түвшинжаргалын... “2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэ багийн шинэ зам дээр хоёр авто машин мөргөлдөн зам тээврийн осол гарсан. Энэ үед манай охин 3 настай Т. Анужин нас барсан. Мөн эхнэр О.Хандсүрэн эрүүл мэндээрээ хохирсон. Эхнэр О.Хандсүрэн нь 4 сартай бие давхар байгаа, тийм учраас энэ хэрэг дээр хохирогчоор оролцож байна. Миний хувьд энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш ажлаа хийж чадаагүй ба энэ хугацааны ажлын цалин, мөн ажлын цалингаас гадуур авто машины өнгөлгөө, бусад засвар хийн өдөрт сулаар 30-40 мянган төгрөг олдог байсан. Мөн талийгаач охины оршуулгын зардалд 10 гаран сая төгрөг зарцуулагдсан байгаа, энэ мөнгийг баримт гарган өгсөний үндсэн дээр нэхэмжилнэ. Мөн энэ ослын улмаас баримттай, баримтгүй урсгал зардал их гарч байна, энэ бүгдийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Эхнэр О.Хандсүрэн өөрийн биед учирсан гэмтлээс болон ослын үйл явцыг нүдээрээ харж байсны улмаас сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаа. Эхнэр О.Хандсүрэн 4 сартай жирэмсэн байгаа ба хүүхдийн эрүүл мэнд тонус ихтэй байна гэж эмч нар хэлж байсан, энэ нь зам тээврийн ослын улмаас цочролд орж биеийн булчин чангаран энэ нь урагт нөлөө үзүүлж, бас зан ааш нь хүртэл өөрчлөгдсөн. Энэ бүгдээс гарах зардлыг нэхэмжилнэ. Тэгээд эхнэрийн сэтгэл санааны, сэтгэл заслын эмчилгээ хийлгэнэ, энэ үед гарах зардал бас нэхэмжлэгдэнэ. Бидний зүгээс бол маш их гомдолтай байна, 3 настай охины амийг хөнөөсөн хүмүүст их гомдолтой байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 31-35-р хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.Отгонзаяагийн... “2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг өнгөч байсан, би Дэнж багийн Увс нуур дэлгүүр ороод тэгээд Эрдэнэ багийн шинэ төв замаар Дэнжээс Хабитат чиглэлд явж байсан. Тэгтэл урдаас цагаан өнгийн суудлын тэрэг тойрог зам дээр урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд миний жолоодож явсан 64-32 ОРО улсын дугаартай манай албаны пронтер маркийн машиныг жолоочийн хажуу талын зорчигч талаар мөргөсөн. Тэгээд тухайн үед ухаан балартаад болсон зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан би хөдөлгөөнд оролцоод өөрийн явах эгнээндээ явж байсан. Тэгтэл өөдөөс буюу Хабитат чиглэлээс их хурдтай хоёр тийшээ бөндөгнөсөн явж байгаа харагдсан машин нүд ирмэхийн зуур орж ирээд мөргөсөн”... гэх мэдүүлэг.

5.Гэрч Б.Дэрэмийн ... “2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Мөнх-Эрдэнэ, Цогтбаатар ах нарын хамт ажлаасаа буусан. Тэгтэл Бүрэнбүстэд хамт ажиллаж байсан өрмийн машинист тэтгэвэртээ гарсан гээд тэр ах дээр бид гурав очсон. Тэгээд Бүрэнбүстээс яг хэдэн цагийн үед хөдөлсөн талаар мэдэхгүй байна, ямарч байсан Мөнх-Эрдэнэ машин бариад жолоочийн хажуу талын урд суудал дээр Цогтбаатар ах суусан, би жолоочийн чанх ар талын суудал дээр суусан. Тэгээд явж байхад Мөнх-Эрдэнэ донсолгоо гаргахгүй хурдтай яваад байсан. Тэгэхээр нь би, чи жаахан зөөлөн яв аа ямар аймаар донсолгож явдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд би арын суудал дээр бүсээ зүүсэн. Бид гурав Булган аймгаас ирдэг төв зам руу ороод Орхон аймаг руу орж ирээд Дэнж рүү салдаг шинэ замаар урагшаа Дэнж тал руу эргэсэн. Тэгээд явж байгаад урагшаагаа харахад урдаас машин харагдсан. Тэгэхээр нь би, хөөе урдаас чинь машин гэж хэлсэн, тэгээд л яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Тэгээд нэг мэдэхэд бүснээсээ дүүжлэгдсэн уруу харсан хэвтэж байгаад сэрсэн. Тэгтэл машины гадаа хүмүүс шуугилдаад байсан. Би бүсээ тайлж чадаагүй, юу болов оо гэж бодоод байж байх үед жаахан хүүхэд байх ёстой хааччихваа гэж байсан. Тэгээд би бүсээ тайлах гээд оролдож байх үед хүүхэд машин доор дарагдсан байна гэж нэг хүн орилсон. Тэгэхээр нь би юун хүүхэд билээ, яахаараа дарагддаг билээ гэж бодоод бүсээ тайлаад хурдан машинаас гарсан. Машиныг хүмүүс түлхсэн. Тэр үед нь би цуг түлхэн машиныг босголцсон. Жолооч тал руу түлхээд босгосон. Тэгтэл машин доор жаахан хүүхэд хэвтэж байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан юм уу, эмнэлэг дуудсан юм уу гэж хашгирч байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн байсан”... гэх мэдүүлэг. /хх--ийн 53-54-р хуудас/

6. Гэрч М.Цогтбаатарын ... “2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өглөө ажлаа тараад гэртээ байх үед Мөнх-Эрдэнэ над руу залгаад Бүрэнбүстэд Нямаа ахыг тэтгэвэрт суусан гээд гаргаж өгөх гэж байна гээд залгасан. Тэгээд намайг хүрээд ир гээд өөрийн эзэмшлийн 43-09 ОРХ улсын дугаартай тоёота клугер маркийн машинтай Дэнж багийн эцэс дээр очин Мөнх-Эрдэнэ, Дэрэм нарыг авсан. Тэгээд би машинаа бариад Бүрэнбүстийн амралтан дээр очсон. Бид гурав тэнд байж байгаад город төв рүү орохоор болсон. Тэгээд Мөнх-Эрдэнэ миний машиныг унаж үзье гээд наашаа барьж орж ирсэн, бид гурав амралтаас шууд хөдлөөд Булганы зам руу нийлээд Дэнж рүү салдаг шинэ зам руу нийлсэн. Тэгээд явж байгаад 2, 3 машин гүйцэд түрүүлэн явж байгаад нэг мэдэхэд аваарт орсон байсан. Бүрэнбүстэд очоод тэнд байсан 6 хүнтэй нийлэн 2 шил архи хувааж уусан. Тэгээд л наашаа хөдөлсөн. Ямарч байсан зам руу салаад 2 машин гүйцэж түрүүлээд 3 дахь машин гүйцэд түрүүлсэн, тэгэхээр нь би хурдаа жаахан хас гэж хэлсэн. Тэгээд 3 дахь машин гүйцэж түрүүлэх үед урдаас машин ирээд мөргөлдсөн. Миний машин баруун талаараа жолоочийн тал руу бөөрөөрөө унасан байсан. Би дээшээ босоод хүнээр татуулан гарсан. Би машинаас гарах үед ээж нь хүүхэд алга байна гээд орилоод байсан. Тэгээд харахад хүүхэд машины жолооч талын ар баганаасаа арай жаахан хойд хэсэгт дарагдсан хөл нь харагдаж байсан. Бид нар цааш нь түлхээд дугуйн дээр нь босгосон”... гэх мэдүүлэг. /хх-ийн 55-р хуудас/

7. Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтийн ... “43-09 ОРО улсын дугаартай Тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б. Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 64-32 ОРО улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэг хэрэгслийг жолоодож явсан Б. Отгонзаяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн явган зорчигч Т.Анужин /амь нас нь хохирсон/, О.Хандсүрэн нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 43-09 ОРО улсын дугаартай тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь хэдэн км/цагийн хурдтай явсан эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь 1100-3421 тоот материалын ослын схем зураг, хэргийн газрын үзлэг дээр тухайн автомашины тоормосны мөрний тухай тэмдэглэгдээгүй тул хурдыг тогтоох боломжгүй. 43-09 ОРО улсын дугаартай тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б. Мөнх-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2, 9.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй. Тухайн зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна”... гэх дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/

8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн ... “Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын бүх хэсгийн ясны бутарсан, цөмөрсөн, салсан хугарал, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт. Зүүн уушигны доод дэлбэнгийн цусархаг няцрал, нүүр, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь АВ/1Ү/ бүлгийн цустай болно. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, гавлын бүх хэсгийн ясны бутарсан, цөмөрсөн, салсан хугарал, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт болно. Хэргийн газрын үзлэг хийхээс өмнө нас бараад 2 цаг болоогүй байна”... гэх дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/

9. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 467 дугаартай дүгнэлийн ... “О.Хандсүрэнгийн биед сээрний 8-р нугаламын их биений шахагдсан хугарал, сээрний 7-р нугаламын дээд ирмэгийн сэлтэрсэн хугарал, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Сээрний нугаламуудын гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааргдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт. /хх-ийн 82-р хуудас/

10. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 502 дугаартай нэмэлт дүгнэлтийн ... “О.Хандсүрэнгийн биед урд гаргасан 467 тоот дүгнэдтэнд дурьдагдсан гэмтлээс гадна нэмж гэмтэл тогтоогдлоо. О.Хандсүрэнгийн биед нэмж сээр нурууны Тh6 мөн Тh8 нугаламуудын арын сэртэнгийн хугарал, сээр нурууны Тh7 болон Тh10 нугаламуудын шинэ дарагдсан хугарал, сээр нурууны Тh4, Тh5 мөн Тh9 нугаламуудын шинэ няцрал, сээр нурууны Тh1 болон Тh2 нугаламуудын арын хөндлөн сэртэнгийн босоо хугарал тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 92-р хуудас/

11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 132 дугаартай дүгнэлтийн Б.Мөнх-Эрдэний биенээс авсан цусанд этилийн спирт 3,0 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана”... гэх дүгнэлт /хх-ийн 119-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан нотлох  баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон байна гэсэн дүгнэлт хийж байна. Хохирол төлбөрийн хувьд энэ хугацаанд төлж барагдуулсан учраас энэ шүүх хуралдаанаас хохирол төлбөрийн асуудал төлөөгүй гэх байдал байхгүй байна. Шүүгдэгч Б.Мөнх-эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1 дэх тээврийн хэрэгсэлийн жолоодох эрхийг 7 жил хасах, 4 жил хорих ял оногдуулах, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,6-р зүйлд зааснаар нээттэй хорих байгуулагад ялыг эдлүүлэх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Б.Мд холбогдох хэрэгт хэргийн зүйчлэлийн тал дээр прокуротой мэтгэлцэх зүйл байхгүй, гэм буруугийн асуудлыг шийдэхдээ хохирлын асуудлыг шийдэх ёстой, хохирол төлөгдсөн учир төлөх төлбөргүй гэж мөн Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг боловч Цогтбаатар нэхэмжлэхгүй гэсэн учраас тогтоолд дурьдахгүй орхиж өгнө үү . Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа чин санаанаасаа гэмшиж ухамсарлаж байгаа, хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан үзнэ үү. Ял шийтгэлийн хувьд жолооны эр хасах ялыг 5 жилээр тогтоолгох, хорих ялын хувьд Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3-т заасныг баримтлан 1 жил нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3-т заасныг тодруулбал энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж байгаа учраас 1 жил нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. ” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 сарын 15-ны өдөр согтуугаар автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж явган зорчигч Т.Анужингийн амь насыг хохироосон, О.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу. тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтэд шүүгдэгч Б.Мэс гэм хорын хохирлоо гаргуулан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж дурьдсан байх тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, нөхөн төлөгдөх боломжгүй ноцтой хохирол учирсан боловч шүүгдэгч нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэргийн хамт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний №557486 дугаартай жолооны үнэмлэхийг хураан ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний №557486 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохын тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС