| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0126/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Д |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Молхымашан овогт С-н Нд холбогдох эрүүгийн 1809039680033 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Батлан хамгаалах их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5 эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хотхоны 101-23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:БК 00222831 / Молхымашан овогт С-н Н нь:
- 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Абуталивын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Абуталив мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим гэр рүүгээ очих гээд явж байгаад зүс таних С.Н гэдэг хүүхэдтэй тааралдсан. Тэгтэл тэр хүүхэд намайг “Чи фесбүүкээр олон үгтэй юм аа. Хүний өөдөөс юм ярилаа” гээд миний гэдэс, нуруу руу гараа зангадаад цохьсон. Бас миний нүүр рүү гараараа цохьсон. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан бас хамар гэмтсэн. Тэгээд би цагдаа дуудсан гэжээ. / хх 7-8 /
Гэрч А.Патима мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … Би 2018 оны 08 сарын 29-ний өдөр Абуталивтай хамт харих гээд явж байсан. Гэтэл Абуталивыг нэг хүүхэд дуудсан. Тэгээд би гэртээ очоод хүлээгээд ирэхгүй болохоор нь хайгаад олоогүй. Гэтэл Албуталив ирэхдээ хамарнаас нь цус гарчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн гэжээ. / хх 12 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10689 дүгээр дүгнэлтэнд:
1. Б.Абуталивын биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 13 /
Яллагдагч С.Н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...С.Абуталив намайг зохих гэхээр нь нүүрээ хаах гэж гараа өргөсөн чинь түүний хамрыг цохьсон. ...Гэнэт л түүний хамарнаас цус гарсан гэжээ. / хх 22-23 /
Шүүгдэгч Б С.Ныг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22-23 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.
Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө гэв.
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Абуталивыг фесбүүкээр олон юм бичлээ гэж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...С.Н гэдэг хүүхэдтэй тааралдсан. Тэгтэл тэр хүүхэд намайг “Чи фесбүүкээр олон үгтэй юм аа. Хүний өөдөөс юм ярилаа” гээд миний гэдэс, нуруу, нүүр рүү гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Абуталивын мэдүүлэг / хх 7-8 /, … Абуталивыг нэг хүүхэд дуудсан. Албуталив ирэхдээ хамарнаас нь цус гарчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Патимагийн мэдүүлэг / хх 12 /, ...Б.Абуталивын биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10689 дүгээр дүгнэлт / хх 13 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч С.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Н нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Н нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч С.Ныг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Молхымашан овогт С-н Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. С-н Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ