Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2024/00013

 

 

 

*******ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/89 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсад ажилласан байдал тогтоолгох тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Миний бие нь ******* онд ******** аймгийн ************суманд төрсөн. Орхон сумын 10 жилийн дунд сургуулийн төгсөөд 1983 оны 09 сарын 01-ны өдөр Орхон сангийн аж ахуйн 3-р бригадад тракторчинаар ажиллаж байгаад 1984 оны 6 сард цэргийн алба татагдан 1987 оны 07 сарын 15-нд халагдан ирээд тухайн бригадад 1995 он хүртэл тракторчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон сангийн аж ахуйд орсон тушаал зэрэг нь тус сангийн аж ахуйн архив шатах үед үрэгдэж алга болсон. Харин сумын архивт сангийн аж ахуйн санхүүгийн баримт үлдсэн юм билээ. Сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/89 дугаартай шийдвэрээр:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6- д заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сэлэнгэ аймгийн Орхон сангийн аж ахуйн үр тарианы 3-р бригадад тракторчнаар 11 жил 04 сарын хугацаагаар ажиллаж байсан болохыг тогтоож,

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Миний бие ******* нь 2008-04-04-нд Сайхан сумын сум дундын шүүхэд ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Сайхан сумын сум дундын шүүхийн 2008-4-4-ны 03/89 дугаартай шийдвэрээр миний ажиллаж байсан жилийг тогтоохдоо цэргийн алба хаасан жилийг ажиллаж байсан жилтэй хамтруулан гаргасан тул Сэлэнгэ аймаг Сайхан сумын сум дундын 3-р шүүхийн 2008-4-4-ны 3/89 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж залруулга хийж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тэтгэвэрт орох гээд ажилласан жилээ тогтоолгох гэхэд бичиг баримтаа гээсэн байсан. Би тухайн үед хуралд орж чадаагүй. Шүүх хурал миний ажилласан жилийг цэргийн жилтэй минь хамт гаргачихсан байсан. Тухайн үед тэрийг ойлгоогүй. Тэтгэвэрт гарах гэтэл зөрчилтэй гэж гарч ирээд байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Хүсэлт гаргагч ******* нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч улмаар түүний хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч ******* давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ ...цэргийн алба хаасан хугацааг ажилласан байдалд оруулж шийдвэрлэсэн нь эрх зүйн байдал дордуулж байх тул өөрчилж хасч тогтоож өгнө үү гэж тайлбарласан байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

3.Хүсэлт гаргагч шүүхэд хүсэлт гаргах болсон үндэслэлээ ...миний бие 1983 оны 09 сарын 01-ний өдөр Орхон сангийн аж ахуйн 3-р бригадад тракторчинаар ажиллаж байгаад 1984 оны 6 сард цэргийн албанд татагдан 1987 оны 07 сарын 15-нд халагдан ирээд тухайн бригадад 1995 он хүртэл тракторчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон сангийн аж ахуйд ажилд орсон тушаал зэрэг нь тус сангийн аж ахуйн архив шатах үед үрэгдэж алга болсон. Харин сумын архивт сангийн аж ахуйн санхүүгийн баримт үлдсэн юм билээ. Сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэж хүссэн байхад анхан шатны шүүхээс хүсэлт гаргагчаас ирүүлсэн нотлох баримтуудад үндэслэн түүний цэргийн алба хаасан хугацаа болох 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр халагдан ирж буцаж ажилдаа орсон байхад дээрх хугацааг нэмж улсад нийт 11 жил 04 сар тракторчноор ажилласан гэж тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

4. Шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоохдоо хүсэлт гаргагчаас ирүүлсэн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч *******ийн цалингийн түүвэр, Сэлэнгэ аймаг дахь Орхоны хонь үржүүлэх сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 149 тоот тушаалын хуулбар, түүний хавсралт, мөн сангийн аж ахуйн 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 265 тоот тушаалын хуулбар, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон ХК-ийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 127 тоот тушаалын хуулбар, түүний хавсралт зэргээр түүний ажилласан байдал, цэргийн алба хаасан хугацаа нотлогдсон гэж үзнэ.

5. Иймд хүсэлт гаргагч *******ийг Сэлэнгэ аймаг дахь Орхоны хонь үржүүлэх сангийн аж ахуйд тракторчноор 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон ХК-д тракторчноор 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь дээрхи баримтуудаар тогтоогдсон гэж үзэн түүний давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/89 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дүгээр заалтыг:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6- д зааснаар ******* овогт ******* ******* Сэлэнгэ аймаг дахь Орхоны хонь үржүүлэх сангийн аж ахуйд тракторчноор 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон ХК-д тракторчноор 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдолд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

 

Bottom of Form